04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

“Учиртай гурван толгой” дуурийн анхны зарын хуудас

 

   Та бүхэн энэхүү кирилл – орос бичгээр дурайх зар бичгийн хуудсыг харж байна.
    Лалын шажинтны хээ хуарын билэгдэл болох цэцэг, навчин дүрсэн чимэглэлт /уг шашин амьд амьтныг дүрслэхийг цээрлэдэг, тэр тусмаа хүний дүр дүрслэлийг/ хэвтээ баганаар дээд, доод талыг нь хашсан хүрээний дээд дотор талд оросоор “СРЕДИ ПЕЧАЛЬНЫХ ГОР” хэмээсэн тод, том бүдүүн үсгээр хашилтанд голлуулан бичсэн уг зохиолын нэр нүднээ тусна.

    Үүнийг монголоор “УЙ ГАШУУТ УУЛСЫН ДУНД”  хэмээн махчилан буулгаж болмоор.

    Энэхүү заранд буй зохиолын нэрний дор “ОПЕРА В 4-х ДЕЙСТВИЯХ В 5 КАРТИНАХ” гэж байна. Энэ нь “Дөрвөн бүлэг таван үзэгдэлт дуурь” гэсэн хэрэг болой.

    Зарын дээд баруун тийш шахсан өнцөгт цувраа гурван мөр бичиг байна. Түүний эхэнд “Либретто оперы – А. Р. Рабиновича” гэсэн нь “Дуурийн цомнол - туурвил нь А. Р. Рабиновичынх ” гэсэн утгатай. Харин “Текст и стихи Дамдин-Суруна” гэдэг нь “Бичвэр ба шүлгийг Дамдинсүрэн” гэж буй аж. Дамдинсүрэн гэж аль Дамдинсүрэн бэ? гэх асуулт гарч болох авч, мэдээжээр Ардын уран зохиолч, их номч Цэндийн Дамдинсүрэн (1908 - 1986) болох нь ойлгомжтой буй за.

Эл цувраа гурван мөрийн сүүлчийнх нь “Музыка композитора Б. Смирнова” гэсэн байгаа нь “Хөгжмийн зохиолч Б. Смирновын хөгжим” гэж орчуулагдана. Энэ мөрт Смирновын овгийн үсгийг үзэг юмуу эсвэл бэхээр гараар зассан тэмдэглэл ажиглагдана. Зарыг хэвлэхдээ Смирновын овгийн үсгийг “В” хэмээн алдаатай барласан тул түүнийг “Б” болгохын тул үсгийн орой талаас арагш баруун тийш ялимгүй дээш өлийсөн зураадас татжээ. Оросын хөгжмийн зохиолч, ардын хөгжим судлаач  Борис Феодорович Смирнов (1912 - 1971) нь Ленинградын Консерваторийг хөгжмийн зохиолчийн мэргэжлээр дөнгөж төгсөөд, манай Төв Театрын мэргэжилтэн - сургагч - багшаар 1940 – 1946 онуудад ажиллаж байсан билээ.

    Энэхүү зарлалын бараг төв хэсэгт “ДЕЙСТВУЮЩИЕ ЛИЦА:” гэсэн тодорхойлох хоёр цэг тавьсан дэд гарчиг байна. Энэ нь “ГАРАХ ДҮРҮҮД:” гэсэн утгыг илтгэнэ. Ингээд цааш дүрүүдийг 7 хүртэл дугаарлан жагсаажээ.

Үүнд:
1.    Нансалма – нар. арт. респ. (орденоносец) Ичин-Хорло
_ “_    (орденоносец) Эрэнцин-Норбо гэсэн нь “Нансалмаад – БНМАУ – ын Ардын жүжигчин (Одон Тэмдэгт) Ичинхорлоо болон (Одон Тэмдэгт) Рэнцэнноров нар дуулна” гэсэн утгатай.
2.    Юндун (вожак охотников) – засл. арт. (орденоносец) Цирен-Дендуб. Гэсэн хоёрдугаар дүрд “Юндэн (анчдын ахлагч) – Гавьяат жүжигчин (Одон Тэмдэгт) Цэрэндэндэв” гэсэн байна.
3.    Харлама (богатая девушка) – арт. Ханда – Сурун. Гэдэг нь “Хоролмаа (баян бүсгүй) – жүжигчин Хандсүрэн” гэж байна.
4.    Балган (знатный хан) – арт. Лубсан и Даши-Пунцык. Гэсэн нь “Балган (угсаат ноён) – жүжигчин Лувсан болон Дашпунцаг”.
5.    Ханские прислужники – засл. арт. (орденоносец) Джадамба
_ “ _     _”_                          арт. Цэндэху - гэдэг нь бол “Ноёны албатууд – Гавьяат жүжигчин (Одон Тэмдэгт) Жадамбаа болон жүжигчин Цэндээхүү” гэж.
6.    Купец заморский – арт. Джигмитдоржи гэж буй нь “Далайн чанадын худалдаачин – жүжигчин Жигмиддорж” гэж байгаа аж.
7.    Певец – нар. арт. МНР (орденоносец) Доржи-Дагва гэсэн долоо гэж сүүлчийн дугаарласан мөрөнд “Дуучин (Найрын дуучин Б.Б) - БНМАУ – ын Ардын жүжигчин (Одон Тэмдэгт) Дорждагва” хэмээн тус тус “Учиртай гурван толгой” дуурийн дүрүүдийг жагсаан бичжээ.
Энэхүү дуурийн үйл явдлын гол дүрүүд нь юу болох тэдгээрт хэн гэдэг жүжигчин дуучин гарч дуулах хийгээд цол гуншингийнх нь дараа залгуулаад олны хэсгийн дүрүүд хийгээд энэхүү дуурийн жүжгийг бүтээхэд хэн хэн ямар үүрэгтэй оролцсон ба уг жүжиг болон манай Одон Тэмдэгт Улсын Төв Театрт ямар алба үүрэг гүйцэтгэдэг зэргийг эцэст нь овог нэртэй нь нэг бүрчлэн жагсаан бичжээ. Үүнийг сийрүүлбэл:
“…Охотники, слуги хана; жены, приживалки и гости.” – “Анчид, ноёны барлагууд; эхнэрүүд, ноёны гэр бараадагчид болон гийчид”.
“Постановка худож. руков. театра А. Р. Рабиновича ” – “Найруулан тавьсан театрын уран сайхны удирдагч А. Р. Рабинович”.
“Худож. оформление гл. художника Н. Н. Бельского” - “Уран сайхны чимэглэлийг ерөнхий зураач Н. Н. Бельский”.
“Композитор Б. Ф. Смирнов” – “Хөгжмийн зохиолч Б. Ф. Смирнов”
“Гл. дирижер – Дамдин-Сурун” - “Ерөнхий удирдаач (Билэгийн Б.Б) Дамдинсүрэн”.
“Декорации, костюмы, бутафория, парики собственных мастерских театра” – “Тайз засал, хувцас, жижиг хэрэглэл, хиймэл үс зэрэг нь театрын өөрийн урлангийнх болно”.
    “Зав. постановочной частью – Гава” – “Найруулан тавих хэсгийн ахлагч - Гаваа”.
    “Директор Ламажаб” – “(Одон Тэмдэгт Улсын Төв Театрын Б.Б) Дарга Ламжав”.

    Та бүхний өмнө дэлгэн буй энэхүү зарын хуудсанд оросоор бичсэн бүх үгсийг өнөөгийн монгол – кирилл бичигт хөрвүүлэн буулгавал иймэрхүү байх болов уу.

    Уг зарын хуудасны фото хуулбарыг манай ууган хөгжмийн судлаачдын нэгэн болох Дарамын Батсүрэн (1938 - 1996) агсаны гэрийн архиваас бэлэвсэн эхнэр М. Энхбаярынх нь зөвшөөрсөнөөр 2000 оны өвөл энэхүү бичвэрийн эзэн авсан болно.

    Энэхүү зарын жинхэнэ эх нь ОХУ – ын нийслэл Москва хотын М. Глинкийн нэрэмжит Хөгжмийн Соёлын Улсын Төв Музейд (Государственный центральный музей музыкальной культуры им. М. И. Глинки) хадгалагдан байх учиртай. Магадгүй манай зарим ахмад уран бүтээлч, цуглуулагчдын хувийн сан хөмрөгт ч байж болох.

    Хөгжим судлаач Д. Батсүрэн гуай 1980 оны эхээр Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны томилолтоор Москва хотод дээр нэр дурьдсан музейн архивт ажилласан. Энэхүү ажлынхаа тайлан болгож, 1982 онд “Үнэн” сонин болон “Соёл” сэтгүүлд Б. Смирновын өвийн тухай тун дэлгэрэнгүй, нухацтай өгүүллүүд нийтлүүлсэн нь бий. Д. Батсүрэн гуай чухам энэ томилолтынхоо үед дээрх зарын хуудасны фото хуулбарыг хийлгэж авсан байх магадтай. Энэхүү музейн архивт хөгжим судлаач Ж. Энэбиш гуай мөн зочилсон билээ.

Эл бичвэрийн эзэн 1996 оны хавар тус музейн архивт хөгжмийн зохиолч Б. Смирновын хөгжмийн ноотны гар бичмэлүүдтэй танилцах явцдаа “Партитура” (Найрал хөгжмийн хуваарилалт) гэж дээд мөрөнд нь бичээд дараагийн мөрөнд “opera” (Дуурь) гэж италиар дурайлгасан, тэгээд “3 печальных бугорка” (Харуусалт гурван довцог), “три головы” (Гурван толгой)  гэсэн давхар нэрийг оросоор тэмдэглэсэн, эдгээр мөрний завсар “Для национального оркестра Государственного Монгольского театра, Хора и солистов.” (Монголын Төв Театрын үндэсний найрал хөгжим, найрал дуу, гоцлол дуучдад зохируулав) гэж оросоор, баруун доод талд нь худам монголоор “Учиртай гурван толгой” хөгжим Б. Ф. Смирнов” гээд энэхүү бичгийн өмнөхөн нь “Учиртай гурван толгой” гэж кириллээр хэв барагтайхан бичсэн, бүүр баруун дээд өнцөгт нь “Б. Смирнов” гэсэн гарын үсэг бүхий нийт 135  нүүр хуудас найрал хөгжмийн найруулгын товчооны фото хуулбарыг хийлгэж авсан билээ.  

kartina

Энэхүү ноотыг уг дуурийн хөгжмийн анхны хувилбар гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

Уг зарын хуудас яагаад оросоор бичигдэх болов гэдэг асуулт өнөөгийн монгол хэлт иргэдэд сонин байж болох. 1941 онд монголчууд кирил бичигт шилжжээ. 1942 онд тухайн үеийн манай орны гол, төв хэвлэл болох “Намын үнэн” сонин маань орос хэлээр бүтэн жилийн туршид гарчээ. Мөн энэ сонин 1946 онд бас оросоор хэвлэгдсэн байна. Ямар учиртай “Үнэн” сонин ийн орос хэлээр гарч байсныг түүхчид тогтоосонд эргэлзэмгүй.

Энэхүү зарын хуудас хэзээ хэвлэгдэн, чухам аль цаг дор, хаана олны нүдний өмнө өлгөгдөн байсныг тодруулах шаардлага буй. Учир нь дээрх зарын хуудсан дээр ямар нэгэн он тооллын тухай мэдээлэл огт байхгүй байгаа юм.

Монгол Улсын Түүхийн Төв Архивын Фонд № 13, данс № 1, х/н № 66 гэсэн хавтасны 50 – р хуудсанд “...Одон Тэмдэгт Улсын Төв Театрын 1942 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл ба жилийн эцсийн дүн илтгэл...” гэсэн тус театрын дарга Ламжавын худам монголоор гараар сийрүүлсэн тайлан байна. Эл тайлангийн 51 – p хуудсанд “...Нэгдүгээр зүйл...3. “Учиртай гурван толгой” хэмээх жүжгийг 4 – p сарын 29 – ний өдөр олон нийтийн өмнө тавьсан...” гэж бичжээ.

Дээр өгүүлсэн он тоолол нь угтаа уг дуурийн анхны тоглолтын огноог тодруулах баримт мөн хэмээн үзнэ. Чингэхээр энэхүү зарын хуудсыг энэ цаг үест, энэхүү үйл явдлыг тохиолдуулан Төв Театрын орчим олны мэлмий дор өлгөн байсан нь магадтай.

“Учиртай гурван толгой” дуурийн тухай уншигч та доорхи номзүйн жагсаалтаас мэдлэгээ арвижуулж болох юм.

Үүнд:
1.    Ардын жүжигчин Б. Дамдинсүрэнгийн дуртгал // Хүүхэд – Залуучуудын нэвтэрхий толь. II боть, Улаанбаатар: “Улсын Хэвлэлийн Газар”; Москва: “Прогресс” Хэвлэлийн Газар, 1986, x. 376.
2.    Батжаргал Б. “Учиртай гурван толгой” – н учрыг мөшгихүйд // Ардын эрх – Ням гариг, 1996.09.08. № 36 (131). Нүүр 4.
3.    Батсүрэн Д. Смирнов багш // Үнэн, 1982, № 243.
4.    Батсүрэн Д. Б. Смирновын монгол дахь өв // Соёл, 1982, № 3. x. 49-52.
5.    Дашдаваа Ч., Цэрэндорж Г. Анхны тоглолт, анхны шүүмж // Үнэн, 1988.05.11, № 113 (17016).
6.    Лебединский Л. Памяти Б. Ф. Смирнова // Музыка Народной Монголии. М., “Музыка”, 1975. c. 152-157.
7.    Лутбаяр Н. Орос хүн манай анхны дуурийн хөгжмийг зохиосон гэхэд  эмзэглэх хэрэггүй // Ардын эрх, 1996.09.06. № 178 (1396).
8.    Цэндорж Г. “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийн зохиолч нь хэн бэ ? – Кто является автором музыки оперы “Среди трех печальных гор”. Улаанбаатар, 2003. 72 х.  
9.    Энэбиш Ж. Б. Смирнов, монголын хөгжим // Соёл, 1982, №. 3. x. 46-49.
                                                                                                                    
Б. Батжаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.