04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

“АМЕРИКТ УЧИРСАН УРАНСАЙХАН” номыг уншихуй

Москвад  утга зохиол,урлаг,  уран сайхан, хэл зохиолын чиглэлээр суралцдаг оюутнууд  ном зом асууж, эсвэл бичиг сачиг орчуулуулах гэж  манайхаар байнга л орж гардаг байлаа. Манай зохиолчид бол шүлэг зохиолоо унших, ярьж хөөрөх гэж Москвад очих болгондоо л манайхыг, манай нөхөр бид хоёрыг  үл голон зорьж ирдэг байсан юм. Энэ уламжлал өнгөрсөн зууны наяад оноос эхэлсэн бөгөөд харин эл дурьдатгалын гол баатар Б.Батжаргалтай одоогоос арван тав зургаан жилийн өмнө танилцсан билээ.

Нямбай, цэгцтэй төвшин яриатай энэ залуу тэгэхэд бусдаасаа онцгой даруухан харагдах агаад шүлэг найраг сонсох тун дуртай нэгэн байсан билээ. Тэрээр тэр үед Москвад хөгжмийн өндөр боловсролоо улам өндөрсгөж явсан юм.

Орост ч, Монголд ч хүмүүс өлслөө цангалаа гээд галт тэргэнд байтугай сибирь уралын нуруунд багтахгүй дуу шуу болон уут уут “гахай” зөөж байхад энэ залуу ном эрдмийн танхимд , төгөлдөр хуурынхаа  ард суусаар байсан билээ.Тэгээд ч  Москвад Ломоносовын Их сургуулийн Ази Африкийн судлалын хүрээлэнгийн  Дэлхийн хөгжмийн танхимд , оросын нэрт академич Юрий Владимирович Рождественскийн удирдлагын дор докторын зэрэг хамгаалж дэлхийн болон оросын хөгжмийн эрдэнэсийн их сангаас халбаганыхаа хирээр хүртэж чадсан эрдэмтэн юм.

Эрдэмтэн хүн хэзээ ч эрдэмтэй хэвээр байдаг ажээ. Тэрээр Америкт ирээд арваад жил болохдоо  эрдмийн ажлаа үргэлжлүүлж хөгжмийн онол,эрдэм шинжилгээ судалгааны олон бүтээл  туурвиснаас  гадна Америкт амьдарч сурч байгаа монголчуудынхаа ,монгол урлагийнхаа амжилт ололтын талаар сэтгүүл зүйн туршиц өгүүллэг, тэмдэглэл  нэлээдийг
бичсэн байна.  Энэ бүтээлүүдээ эмхэтгэн саяхан “Америкт учирсан уран сайхан” гэсэн үлэмж хэмжээний сайн ном гаргалаа. Энэ ном авъяастнуудын тухай түүхэн баримт мэт үнэтэй мэдээллээр дүүрэн,монголын авъяаслаг ард түмэн хаа холын Америкт ч хөл алдахгүй цэцэглэн дэгжин амьдарч байгааг бодит нотолгоотой үзүүлж харуулснаараа нэн онцлог байна. Энэ номд орсон, эрдэмтэн Б.Батжаргалын тулгуур бүтээл гэж хэлж болох нэгэн
өгүүллийн тухай товчхон дурдая. Түүний  2008 онд  бичсэн  “Монгол –Юань улсын  {1271-1368} төрийн найрал хөгжмийн бүрэлдэхүүн” гэдэг эрдэм шинжилгээний  өгүүлэл нь жинхэнэ эрдэмтэн хүний хийж чадах маш нарийн судалгаан дээр үндэслэсэн  нухацтай бүтээл болжээ. Жишээлбэл: Ордноо өлгөх найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг
1.      Төмрийн аялгууны аймаг
2.      Чулууны аялгууны аймаг
3.      Торгоны {чавхдасны} аялгууны аймаг
4.      Хулсны аялгууны аймаг
5.      Хулын аялгууны аймаг
6.      Шорооны аялгууны аймаг
7.      Ширийн аялгууны аймаг
8.      Модны аялгууны аймаг  гэж найман аймагт хуваагаад нийт 105 хөгжимч оролцдог байсан гэж тодорхойлон тодотгожээ. Зөвхөн энэ мэдээлэл  гэхэд хичнээн олон ном зохиол  уншиж,шүүн тунгааж байж гаргах хөгжим судлаачийн өргөн мэдлэгтэй хүн хийх ажил юм. Түүгэр ч барахгүй энэ Монгол - Юань улсын төрийн хөгжмийн зэмсэгс энэ цагийн монголчуудын ахуй соёлын хүрээнд нэгэнт хэрэглэгдэхээ больж мартагдсан  ба зарим нь
нэр, зүс царайгаа хувирган танигдахгүй болсон байна гэж харамсан бичжээ.
Мөн энэ өгүүлэлдээ болон нийт бүтээлдээ хөгжмийн нэр томъёог  англи орос хэлээр хадаж өгсөн нь хөгжим судлаач болох гэж байгаа залуу эрдэмтэдэд төдийгүй жирийн уншигч бидэнд ч чухал ашигтай, танин мэдэхүйн өгөөжтэй болсон байна.
         
Доктор Б.Батжаргал нь монголын хөгжмийн урлагийг гүн гүнзгий “доторлодог” нь өгүүлбэр , үг хэллэг бүрээс нь илэрч байна. Түүгээр ч үл барам дэлхийн  хөгжмийн урлагийн өндөр мэдлэг,боловсролтой гэдэг нь бичсэн бүтээл,харьцуулал, дүгнэлт ,тодорхойлолт болгонд нь тусгагдсан байна.  Жишээлэхэд, ...”Wicked” дуулалт жүжиг бол Өрнө дахинаас үндэс
сууриа тэжээлгэсэн цэвэр америк маягийн урлагийн үзэгдэл юм. Америкийн
дуулалт жүжиг чухам  Европын хөгжмийн театрын төрлүүдээс аль нь илүүтэй нөлөөлснийг тандан ажихад, Германд төрсөн Франц хөгжмийн зохиолч Жаак Оофэнбаах {Jacques Offenbach, 1819-1880}-ын үндэслэсэн оперетта бусдаас илүү орцтой санагдана...”гэжээ.

Түүнээс гадна энэ ном Монгол улсын төрийн соёрхолт Зундуйн  ХАНГАЛ бол  ХХ зууны монголын суу билэгт хөгжмийн зохиолч  билээ. Дэлхийн хөгжмийн мэргэжлийнхний хэл хэллэгээр bel canto {бээл каантоо} урлагаар дэлхийн тавцанд, түмэн олны өмнө тодоор анхлан цоллуулсан монгол хүн бол Монгол улсын гавъяат жүжигчин П.ГАНБАТ агсан яах
аргагүй мөн; УГЗ хөгжмийн зохиолч Гаадангийн АЛТАНХУЯГ 1960-аад оны дундуур Хөгжим бүжгийн сургуулийн 7-р ангид сурч байхдаа “Монгол бүсгүйн үзэсгэлэн”гэдэг уянга хайрын сэдэвтэй, цоо шинэ, америк зүгийн цохилт хэмнэлтэт дуугаа хичээлийн завсарлагаанаар зохиосон юм. Монте Карло, Гаванын циркийн урлагийн Олимп болсон уралдаан тэмцээнүүдийн тэргүүн болон тусгай шагналт, Канадын Нарны циркийн “Ө” шоуны зөвлөх
багш, дасгалжуулагч, Лас Вегас хотын “Онцгой нумралт” {Extra ordinary arch}  Уран нугаралтын сургуулийн захирал Жамъянгийн ЭРДЭНЭЧИМЭГ, Парисийн Олон улсын циркдийн уралдааны мөнгөн медальт Д.УНДАРМАА  нар тавь эргэм насандаа нугарах боломжтойг дэлхий нийтэд харуулсан  гэдэг шинэ шинэ нээлтүүдийг олж гаргаснаар барахгүй хөгжим
,урлаг судлаачийн үүднээс дорвитой үгээ хэлсэн нь авъяастнуудаараа бахархах  сэтгэлийг  хөвсөлзүүлж  нүдэнд  нулимс хуруулж  байна.
      Ийнхүү энэ номыг уншиж байхдаа шинээр олж мэдсэн зүйл их бөгөөд авъяастны авъяасыг нээн харж, дүгнэн цэгнэж, судалж шинжилж байдаг эрдэмтэн өөрөө ямар их авъяастай, оюун тархины гүнзгий торгон мэдрэмжтэй юм бэ гэсэн бодол  өөрийн эрхгүй төрж байна.
Америкийн авъяастнууд болоод америкт амьдарч байгаа монгол авъяастнуудын тухай энэ бодит түүхэн баримтат  бичлэгүүд  уншсан хэн бүхэнд ихийг  мэдүүлж үнэнийг өгүүлэх болноо.
    Эрхэм  таныг энэхүү номыг уншиж оюуны алжаалаа тайлхын сацуу эх орон, монголынхоо авъяастнуудаар бахархаж би өөрөө хэн билээ. Үр хүүхдүүдээ ийм ийм болгохсон гэсэн сайхан хүсэл мөрөөдөлд умбана гэдэгт найдаж байна.

"Америкт Учирсан Урансайхан" номын редактор, орчуулагч - яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт

     Жамсрандоржийн Оюунцэцэг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.