04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Улаанбаатар xoтын хөгжил ба уруудал -11

Хичээл сургууль ороод Улаанбаатар хот маань амралтын байдлаасаа гарч хөл хөдөлгөөнд ороод нэг их удаагүй байна. Хүүхдээ хүргэж өгч авах том албатай боллоо би. Ажилтайгаа ойрхон сургуульд оруулбал хүүхдээ түгжрээнд хашраатал машинд суулгахгүй амар гэж бодоод ажлын хажууд нэгэн улсын сургуульд оруулав. 7 хоногийн 1 өдөр машин маань гарахгүй тул тэр өдөр нь такси барих гээд зам хөндлөн гарах гэж алалцах хэрэгтэй болно. Манай Баянмонголын хойд талд нарны зам руу гарахад гэрлэн дохиогүй гэж өмнө нь гомдоллож байсан даа, тэрүүгээр зам хөндлөн гарахад тэрүүхэн хэсэг замд машинууд учиргүй хурдладаг юм. Хүүхдээ хөтлөөд гэрлэн дохиогүй, гарцгүй газраар гарахад үнэхээр айдас төрдөг.

Доорхи зургийг 4-р дэлгүүрээс баруун тийш 100 айл руу явж байхдаа авсан юм, яг үүн шиг л гарцгүй ч гэсэн гэрлэн дохио хийчихвэл ингэж хурдлахгүй байх. Дангаараа бол ч яахав гүйгээд л адилхан алалцаад сурчихаад байгаа, харин хүүхэд бол асуудал.

 

Ядаж байхад Монголчууд маань энэний урдуур л орохгүй бол гэж үхэх гэж байгаа аятай явдаг болохоор маш аюултай, ямар сайндаа бариад сар ч болоогүй байгаа машинтайгаа эргэлтээр зүүн эргээд орох санаатай хүлээгээд  зогсож байхад л хажуугаар шүргээд гарчихаж байгаа юм. Ер нь машинтайгаа хамт зодолдоход бэлэн, дараах 2 зургаас та бүхэн харах биз, 3 зэрэг дайрч орж ирээд хэнийгээ ч явуулахгүй таг машинтайгаа зодолдох гээд байгаа аятай зогсчихно, ямар сайндаа арын машинууд баахан сигналдаж байгаа эдгээр 3 машиныг үлдээгээд тойроод явж байвал яах уу? Хөөрхий хэн нь дийлж хэр удаан нэгнээ хүлээх гэж байгаа юм, автобус хүртэл энэ хэрүүлд оролцож байгааг харж байгаа байх. Зүгээр л бөөн стресс....

tulaan

tulaan1

Хичээл эхлээд дөнгөж 1 долоо ч хоноогүй байхад 13-р сургуулийн 7 настай хүүг сургуулийнх нь гадаа машинаар дайрч амь насыг нь хөнөөлөө гэх аймшигт мэдээ дуулдсан. Сургууль, цэцэрлэг, дэлгүүр хоршоо, хүүхдийн тоглоомын талбайн хажуугаар хурд багатай явж хэвших хэрэгтэй байна даа жолооч нар маань. Хүүхдийн тоглоомын талбайтай нь их юм гэж бодож болохоор ч түүнийгээ яг гараашны хажууд, машин замын хажууд барьсан нь бас л хэцүү санагдаад байдаг юм.

За энэ бас гайгүй, Монголд хаа саагүй барилга баригдаж байгааг хэлэх үү, аюулгүй байдлыг хангасан хажуугаар нь гарахад хаалт хамгаалалт (америкт бол барилгынх нь хажууд заавал хамгаалалт болгож дээвэртэй явган хүний гарц хийдэг ) ихэнхэд нь байхгүй. Ядаж байхад хажуу талын, эсвэл дунд нь байгаа газрууд ажлаа бас явуулах хэрэгтэй байдаг. Манай хороо хорин болоод өрхийн эмнэлэг Олимп хотхоны барьж буй байшингуудын дунд байрладаг юм. Тийшээ ороход их айдастай, дунд охины цэцэрлэг өрхийн эмчээс бичиг авах хэрэгтэй гэснээс 3 хүүхдээ дагуулж явсаныг хэлэх үү 2 талын барьж буй барилгуудын дээрээс юм унаад ирчихвий гэх айдас төрж явсан. Бүр нярай хүүхдээ энгэртээ тэврээд вакцин хийлгэх гээд явж буй залуухан ээжийн өмнөөс бас л айсан. Ийм бодол төрөөд удаагүй байтал Саппорогийн хажууд яг ийм барилгын хажуугаар ээжтэйгээ хөтлөлцөж явсан 12 настай охины дээрээс кран унаж амийг нь хөнөөсөн аймшигт мэдээг бас сонссон. Хүүхдийн, хүний амь Монголд үнэгүй болжээ... Энэ мэдээ гараад удаагүй байтал дахиад нэг барилгын компанийн кран унаж хүмүүс хоорондоо кран унадаг моод дэлгэрчээ Монголд гэж ярьж байхав дээ.

Одоо жаахан Улаанбаатрынхаа хөгжлийг бичье,

Монголд маань харин хүн оршуулдаг газрууд болох 70 давхар, Нарангийн энгэр зэрэг газрууд хуучнаасаа бүр дордож хүний тоо нь ихдээд газар нь багадаад бүр айлууд нүүж орж ирээд зарим шарил тавьсан газруудыг байхгүй болгосон байхад найзын маань очсон Нью семетри ХХК гэх компанийн байгуулсан чандарладаг газар болон газарт оршуулдаг 2 хэсэг газрууд нь үнэхээр цэвэр цэмцгэр аятайхан болсон байна гэнэ. Усан оргилууртай, мөргөл тахилгын газартай, ажиллагсад нь сайхан харьцаатай, маш цэвэрхэн, хуучин цемент тавьдаг байсан бол түүний оронд тэр хэсэг газрыг зүлэгжүүлсэн байсан нь их аятайхан сэтгэгдэл төрүүлэхээр байсан гэж байлаа. Ер нь оршуулгын газарт очоод жихүүдэс төрдөг бол энд тийм атмосфер байхгүй аргагүй л буян үйлдэхээр ирсэнээ хүн мэдрэх шиг болсон гэсэн юм. Би өөрөө очоогүй тул зургийг нь үзүүлэхгүй боломжгүй юм.

Монголд юмны үнэ тэнгэрт хадсаныг ч хэлэх үү хэрвээ та өөд бологсододоо авс авч, суварга босгуулна гэхэд 10 сая гэнэ. Нас барагсдадаа чулуун хөшөөний оронд суварга босгодог хүмүүс олон болсон аж.  Харин чулуу тавиулна гэвэл 3 сая болсон гэнэ.

Улсын клиникийн төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан энэ долоо хоногт хоёр хүнд элэг шилжүүлэн суулгасан нь амжилттай болсон гэсэн. Уг хагалгааг БНСУ-ын "Асан'' анагаах ухааны төвийн эмч нартай хамтран хийсэн гэсэн. Монголд хувийн эмнэлгүүд нэлээд олон болж тэр байтугай Шагдарсүрэн эмнэлэг гээд өөрийнхөө нэрээр хүртэл нэрлэсэн байх юм билээ.

Эмнэлэг, эрүүл мэнд гэснээс нэг хэсэг Монголчууд маань бас эрүүл мэндийнхээ төлөө үнэхээр санаа тавьдаг болжээ, нэлээд олон найзууд болон таньдаг хүмүүс маань янз бүрийн алхдаг клубүүдэд элсэж хагас, бүтэн сайн эсвэл ажлын өдрүүдээр бол өглөө эрт 5, 6 цаг гээд бөөндөө ууланд алхдаг, Богд ууландаа гараад ирдэг болж. Тийм клубүүд ч их олон байдаг юм байна. Эхэндээ их хэцүү боловч яваад сурчихаар ханиад томуу хүрэхгүй их сайхан байдаг, хамт олонтой болдог, хөгжилтэй байдгаа гайхах юм билээ. Бас залуу гэр бүлийн хоёр хосоороо найзуудаа зөв зүйлд уруу татаад явдаг гэх юм билээ. Зун нь бүр тур зохион байгуулаад Алтай, Хангай, Саяны аль л өндөр гэсэн уулуудад авирч маш үр бүтээлчээр амралтаа өнгөрөөдөг болжээ.

Үүнийгээ дагаад тураах клубүүд, гоолигжих хэрэгсэлүүд, усан бассеины тоо ч олноор нэмэгдсэн бололтой, одоохондоо хаана юу байна гэж явж завдаагүй л байна, өвлөөс ажил жигдрээд ирэхээр сураг тавина даа. Харин хүүхдийн дугуйлан секцүүд их олон болж, бүүр их үнэтэйг нь ч очиж сурaглаж амжсангүй сайн мэдэхээрээ Хүүхдийн ордны дугуйлангуудыг сонирхсон бүх төрлийн дугуйлан байна. 9/17-5/15 хүртэл 150.000Төгрөг гэсэн нь их боломжийн санагдав. Охидуудад бол балетийн, төгөлдөр хуурийн янз бүрийн хувийн сургуулиуд олон л болсон юм шиг байна. Миний хувьд том охиноо зурах авьяастай санагддаг болохоор ''Хүүхдийн урлан бүтээх төв''-ийн дугуйланд хичээлийг нь эхлэхэд нь л бүртгүүлэв. Бүртгэл эрт эхэлдэг боловч 22-нд нээлт нь болно. Хүүхдийн ордныхоос төрөл нь цөөн, арай илүү нэхмэл, хатгамал, хайлчилбар, уран зураг гээд төрөлжөөд явах агаад бүртгэлийн хураамж 20.000Төг аваад үнэгүй сургалттай юм байна. Үнэхээр итгэж ядав.

Хүүхдийн ордны яг хажууд ''Маамуу нааш ир'' дуунд зориулсан хөшөө босгосон байна лээ. Энэ ч үнэхээр үе үеийн хүүхдүүдийн дуулж ирсэн дуулах ч дуу шүү. Хөшөө босгомоор сайн дуу.

maam

maam1

maam2

Гэхдээ хөшөөний тухай юу бодож яваагаа дараа өгүүлье.

A. Aриунтуяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.