Монголчууд маань өвчин зовлон тусч ядарч, зүдрэхийн цагт өөрийн оронд нэгэнт шийдэж чадахгүй бол хамгийн ойроор нь БНХАУ, Бээжин, Хөх хот за тэгээд сайндаа Солонгос, бүр мөнгөтэй зоостой нөхдүүд нь АНУ, Япон зэрэг оронд явж шинжилгээ хийлгэж эмчлүүлдэг байсан бол одоо анагаах ухаан маш дээд зэргээр хөгжсөн Япон Улсад энгийн ард иргэд хэн боловч ирж шинжилгээ өгөх, эмчлүүлэн сувилуулж, эдгэрэн тэнхэрэх сайхан боломж нээгдэж байна.
Японы Гадаад Яам 2011 оны 1 дүгээр сарын 1 ээс эхлэн монголчуудад эмчилгээний виз (Visa for Medical Stay) олгож байхаар тогтсон байна. Энэ тухай тус улсын элчин сайдын яамны вэб сайтад мэдээлжээ.
Эмнэлгийн виз гэж юу вэ?

Энэ бол эмнэлэгт үзүүлэх, эмнэлгийн бүрэн шинжилгээ хийлгэх, эмчлүүлэх, шүд эмчлүүлэхээс гадна мөн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хүмүүст зориулсан виз юм.

Ийм төрлийн виз өмнө нь манайханд өгч байгаагүй байх. Эмчилгээ шинжилгээ хийлгэх хүнд өгөхөөс гадна дагалдан яваа хүнд шаардлагатай тохиолдолд виз олгоно гэсэн байна. Визний хугацаа 6 сар хүртэл. Эхний удаа 3 сар хүртэлх хугацаанд оршин суух виз олгоно, шаардлагатай бол Японы хууль зүйн яамнаас урт хугацааны виз авч болно гэсэн байна. Мөн олон удаа орж гарах шаардлагатай бол олон удаагийн виз ч олгох нь. Дагалдан явах хүн нь зөвхөн гэр бүлийн хүн байх албагүй, өвчтнийг харж хандах, орчуулга хийх зорилгоор явах өөр хүн байж болох юм байна.
Харин ийм визээр зорчсон хүн өөр зорилгоор ажил хөдөлмөр эрхлэж, бизнес хийж болохгүй гэж байна. Хүчинтэй байх хугацаа нь хэрэв шаардлагатай бол 3 жил хүртэл гэнэ. Виз мэдүүлэхдээ өвчтөн өөрөө ирэх боломжгүй бол төлөөний хүн очиж виз мэдүүлж болно. Японд эмчилгээ, шинжилгээ хийлгэх эмнэлэг, сувилалын жагсаалтыг элчин сайдын яам гаргаж өгөх бөгөөд үүнийг одоогоор ид бэлтгэж байгаа гэнэ.
Яаралтай шаардлагатай бол бусад орны элчин сайдын яам руу хандаж тэндээс эмнэлийг нэр ус, мэдээлэл авч болно гэсэн байна. Визэнд бүрдүүлэх баримт бичиг нь доорх мэт болой. Үүнд: (A) Гадаад паспорт (B) Визний форм буюу application form (C) Гэрэл зураг (D) Хүлээн авах эмнэлгийн бичиг (E) Мөнгө, санхүүгийн байдлыг гэрчлэх бичиг баталгаа (F) Гадаадын иргэн мөнийг батлах баримт бичиг (G) Гадаад иргэний гэрчилгээ (90-ээс дээш хоногийн хугацаагаар суух хүнд хамаарна) (H) Эмчилгээний төлөвлөгөө За ингээд илүү нарийн үзэж мэдэхийг хүсвэл Японы Элчин Сайдын Яамны вэб сайт руу орж үзнэ үү?
Харамсалтай нь энэ мэдээллээ хараахан монгол хэлээр орчуулан тавиагүй байна. Ийм учраас та бүхэнд товч танилцуулах үүднээс энэхүү мэдээллийг хүргэлээ. Өвчин зовлондоо шаналж зовсон нэгэн байвч энэхүү боломжийг аль болох түргэн ашиглаж, энэ оронд ирж эмчлүүлээсэй гэсэн сайн сэтгэлийн угаас яаран бичлээ, алдаа мадагтай зүйл байваас өршөөх ажааму. Монголчуудын эрүүл мэндийн төлөө анхаарч анагаах ухаан өндөр хөгжсөн оронд очиж шинжилгээ хийлгэх, эмчлүүлэх боломж олгож байгаа Японы засгийн газар, Гадаад Харилцааны Яам, Элчин сайдын яаманд ийм зүйл санаачилсаны төлөө монголчууд талархаж байгааг энэ ялдамд илэрхийлж байна.
Токио, 2011.02.02, Битүүний өдөр