04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ИРЭХ ЖИЛ ХИЙЧИХМЭЭР ЭРЭЭВЭР ХУРААВАР АЖИЛ /фельетон/

Нээрээ бидэнд амархаан шиг учрыг нь олчихмоор юм шиг мөртлөө мөд учир нь олддоггүй юм мөн их байх юм даа. Бараг санамсаргүй гэхээсээ санаатай учрыг нь олохгүй байлгаад байх нь хэрэгтэй байдаг юм уу гэж бодохоор юм ч их байна. За ингээд өнөөдөр 2010 оны сүүлийн өдөр. Ирэх жилийн өнгөнд нэг их мөнгө зоос шаардахгүйгээр хийчихэж болмоор эрээвэр хураавар эргүү бодлоосоо монголчуудтайгаа хуваалцая гэж бодлоо толилуулваас доорх мэт буюу.

  • Монголын парламент утааны асуудлаа ес эхлэсэн хойно биш хавраас ярьж зун, намар хийгээд Улаанбаатартаа өвөл утаагүй амьдардаг болмоор байна. Утааны асуудал бол угтаа “үндэсний хэмжээний” асуудал биш зөвхөн Улаанбаатарын төвийн хэсгийн асуудал юм шүү дээ.
  • Монголын ямар ч их дээд сургуульд элсэгчээс монгол хэл бичгийн чадварын шалгалт авдаг болох журмыг Боловсрол Шинжлэх Ухааны Яамны сайд хиймээр, бий болгомоор санагдаад байна. Яагаад гэвэл одоогийн хүмүүсийн ярьж байгаа бичиж байгаа гэдэг утгаа алдаж, загварт орж замаа алдлаа. Бас бид монгол эх хэлээрээ ажил төрөл, амьдрал тэмцлээ амжуулах учраас. Монголоо гэх сэтгэлтэй болоход нь ч нөлөөлнө. Үндэстнээрээ гадаад хэл сурая гэж гайхуулдагаа болимоор байна.

  • Монголд хүүхдийг машины урд суудалд ганцаар суулгах юм уу өвөр дээрээ тэвэрч явдагыг хуулиар хоригломоор байна. 8-аас доош насны хүүхдийг арын суудалд тусгай хүүхдийн суудалд суулгадаг байхаар замын дүрэмд яаралтай тусгаж, зөрчлийг хатуу торгож баймаар байна. Энэ нь өсвөр залуу үеийг болзошгүй ослоос хамгаалах бас нэг сайн арга.
  • Машин гэснээс машины номер дугаартай холбоотой хэсэг асуудалд байна. Авто машины дугаарыг арын хаалгаар танил талдаа өгдөгийг больж, дуудлага худалдаагаар нээлттэй худалддаг болох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Замын цагдаагийн газар тэр азын дугаар энэ тэр гээд байгаа тоотой дугааруудыг шууд хүссэн хүнд нь үнэ хүргэж худалдаж мөнгө олох хэрэгтэй. Ийм туршлага барууны зарим орон, арабын орнуудад байдаг юм билээ.
  • Шинэ серийн машины дугаар хийнэ, түүнд зарцуулна гээд байга 2.5 тэрбум төгрөгийг ард олноороо эсэргүүцэн тэмцэж тэр мөнгийг бүгдээрээ хувааж авмаар байна.
  • Хувь хүмүүсийн чанартай машины дугаарыг тэдний хүсэлтээр тусгай үнээр худалдаж бас мөнгө олмоор байна. Жишээ нь би өөрийн төрсөн он, эхнэрийн төрсөн оноо нийлүүлээд авмаар байна гэхэд тэрийг нь мөнгөөр өгдөг тогтолцоонд шилжүүштэй. Ийм жишээ бас Германд байгаа.
  • Их хурлын хуралдааны танхимыг ширээгүй болгомоор байна. Ингэхгүй бол энэ хэд ажил хийхгүй, архи дарс, авгай хүүхэд, хөөрөг мөөрөг ярьсаар насыг авах нь. Англи, Японы парламент шиг зүгээр ороод сандал дээр домбойн суудаг болгох хэрэгтэй. Шар сонин унших, цагаан хөөрөгөөр тамхилах, худлаа ярих, хууч хөөрөх, интернэт хэсэх, хов ярих, мессеж бичих, хэн нэгний товчийг төлөөлөн дарах зэргийг их хурлын хуралдааны дэгийн тухай хуулиар бүр нарийвчлан хоригловол таарна
  • Монгол гэрт амьдардаг айл болгоныг тоононд нь галын дохиололтой болгох хөдөлгөөн өрнүүлмээр байна. Бидний цөөхөн Монголчууд хятадын чанаргүй утас, өөрсдийн хэнэггүй, салан задгай зангаасаа болж гэртэйгээ шатаж үхсээр байгааг зогсоох хэрэгтэй.
  • Албан газрууд  ялангуяа эмнэлэг, сургууль, банк, номын сан, сүм хийд, хурлын танхим зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөнтэй, үйлчилгээний газруудад гар утсаар ярихыг нэн даруй хоригломоор байна.
  • Төрийн албан хаагч нарыг ажлаа хийж байхдаа хувийн гар утсаар ярих, мессеж бичих, yahoo messengert oрж ажлын цагийг хувийн хэрэгт ашигладагийг байгууллагууд дор дороо шууд хориглох хэрэгтэй байна.
  • Монголчууд хотын гудамжинд  машинд явахдаа цонхоор тамхины хайрцаг, бананы хальс, чихрийн цаас, тамхины иш зэрэг хувийн хогоо шиддэг балайр зангаа ирэх жил бүгдээрээ бүрмөсөн болимоор юм.
  • Монголчууд хэрэв монгол хүн мөн юм бол ядаж өөрийнхөө нэрийг монгол бичгээр бичиж, уншиж чаддаг болмоор санагдана.
  • Монголчууд хүүхдээ Хятад руу явуулж хятад хэлээр сургах биш Монголд нь байлгаж монгол хэлээр сургаж, монгол сэтгэхүй суулгаж, Монгол эх орноо хайрладаг, монгол ахуйгаа мэддэг, монгол хүүхэдтэй зодолддог, монгол хүүхэд зоддог,  монголоор сэтгэдэг, монголоор ярьдаг, монголоор бичдэг болгож монгол эх оронд нь сургаж, хүмүүжүүлмээр байна.
  • Монголын бүх цагдаад иргэнийг цагдаж сэргийлэхээс гадна бүх төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг цагддаг давхар эрх өгмөөр байна. Ингэвэл жолооч нар зөвхөн замын цагдаа хараад бүсээ хийдгээ болино, айдгаа болино.
  • Гадаадын элчин сайдын яаманд ажиллаж байгаа монголчууд виз хүссэн монголчуудаа түлхэх биш татахын төлөө, ганц боловч монгол хүнийг хилийн дээс гатлуулж, юм үзүүлж, нүд тайлуулах, явуулахын төлөө сэтгэл гаргамаар байна.
  • Монголын засаг төр дээд боловсролын үнийг нэн даруй чөлөөлөх хэрэгтэй байна. Дээд боловсролоос бусад бүх юмны үнэ үнэндээ зах зээлийнхээ голдиролд орчихлоо. Хүчээр ингэж барисанаар монголын дээд боловсрол улам дампуурал руу явж байна.
  • Монголчууд бие биедээ гайхуулахын төлөө, хий хоосон хийрхэлийн төлөө биш “хотны сэтгэлгээ”-нээсээ салж өөрөө болон гэр бүл, аав ээж, ах дүүгээ тав тухтай, амгалан тайван сайхан амьдруулахын төлөө үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж зүтгэдэг сэтгэлтэй болмоор байна.
  • Монголчууд бүгдээрээ дор бүрнээ зөвхөн эдлэж хэрэглэж, эвдэж сүйтгэхийн төлөө биш дор хаяж нэг бодит үйлс эвлүүлж бүтээж, эрхлэж байгуулахын төлөө ажилламаар байна. Иймэрхүү эрээвэр хураавар бодол монгол хүн бүрт бий гэж найдмой. Эргээд харахнаа ихэнхи нь хориглох асуудал болчихож. За яахав нэмэгтий. Та шинэ онд шинээр юу сэтгэхсэн бол?

 

Ж.Ирээдүй

2010 оны 12 дугаар сарын 31, Токио

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.