05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

БАТЖАРГАЛШИГЧУУЛ

Хүүхдийн үг
-    Би гадаа тоглож байсан чинь хоёр Батсайханшигчуул дээр хоёр Батжаргалшигчуул ирээд, тоглоомыг нь булаагаад, дээрэлхээд ...
Би дөрөв- таван настайдаа ингэж ярьдаг хүүхэд байлаа. “Сонин ярьдаг хүүхэд шүү” гээд ээж минь өхөөрдөн инээж байдаг сан. Хожим нь: “Батжаргалшигчуул гээд л сонин ярьдаг байж билээ” гээд инээж байдаг сан. Батсайханшигчуул гэдэг нь надаас том хүүхдүүдийг, Батжаргалшигчуул гэвэл Батсайхан ахаас минь ч том хүүхдийг хэлж байгаа минь тэр. Тунгаашигчуул гэвэл надаас том эмэгтэй хүүхдийг хэлж байна гэсэн үг. Өөрөөсөө том эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг ах эгч нартайгаа зүйрлүүлээд хэлчихдэг, дөрвөн ахтай, хоёр эгчтэй, аав ээжтэйгээ есүүлээ  өнөр олуулаа өсчээ, би. Тунгаа эгч надаас 4 эгч, Батсайхан ах 6, Батжаргал 8 ах.

Яг ингэж ярьж байх үедээ бол хэн нь надаас хэд ах, эгчийг би тоолж тооцоолж мэддэггүй байсан нь мэдээж. 14 ах Болд, 13 эгч Энхтуяа нар маань тэр үед надад бол бүүр том болсон хүмүүс шиг л санагддаг байсан тул Болдшигчуул, Энэхээшигчүүл  гэвэл ерөнхийдөө эрэгтэй, эмэгтэй том хүнийг хэлж байна гэж манайхан ойлгоно. Аавшигчуул, ээжшигчүүл гэж арай ярьж байгаагүй санагдана. 44-45-тай аав ээж хоёр минь бол надад бүүр хөгшин хүмүүс шиг ойлгогддог байв. Их сүрхий даруулгатай, хүмүүжилтэй байжээ гэж өөрийгөө магтах гээд байгаа юм биш, аав ээжээсээ өөр ийм хөгшин хүмүүстэй огт харицдаггүй, ярилцдаггүй, тийм хүмүүсийн тухай гэрийнхэндээ ярих юм байхгүй байсантай л холбоотой болов уу.
Харин хүний насыг баримжаалах тал дээр би арай том болсон үедээ буюу 9-10 хүрчихсэн хойноо ч тун тааруухан байсан нь гагц би биш, ер нь хүүхэд насны онцлог байх.
-    Хэдэн насны хүн юм бэ дээ, тэр чинь, тэгээд?!
гэж надаас 6 ах Батсайхан минь омогдон загнахад би хэд гэж хэлэхээ огт мэдэхгүй байсан минь яагаад ч юм санаанд үлджээ. Бүр манайд ирсэн тэр хүний царай төрх хүртэл одоо ч санаанд минь байдаг гээч! Зарим тун ялихгүй зүйл хүний санаанд яагаад ч юм үлдчихдэг, үүнийг психолингвистика хэмээх  хэлшинжлэлийн нэг салбар ухаан судалдаг. Би үеийнхээ хүүхдүүдийг надшигчуул гэж ярьдаг байсан болов уу? Бүү мэд ээ, яагаад ч юм санаанд үлдсэнгүй. Яагаад зарим юм санаанд үлддэггүйг бас психолингвистика судалдаг. Ямар ч байсан ээж минь: “Надшигчуул гэж ярьдаг сонин хүүхэд шүү” гээд инээж байсныг нь би огт санахгүй байгаа тул тэгж хэлдэггүй байжээ гэж психолингвистикдэе дээ.

Л.БАТБАЯР
3 – 24 – 2011.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.