04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

“БИ ХЭН БЭ” ЖҮЖИГ ҮЗЭЭД ЖҮЖИГЧИН Д.АЛТАНАБАГАНЫГ ӨРӨВДСӨН НУЛИМСТАЙ ТЭМДЭГЛЭЛ

Би Драмын Театрт жүжиг үзээгүй уджээ. Залуучуудын Театрт ч жүжиг үзсэнгүй. Аргагүй ээ, би АНУ-д их уджээ. АНУ-д удаан суусан хүн Драмын Театртаа оролгүй удалгүй ч яахав.

Гэтэл саяхан ёстой ид шид болж би АНУ-ын Виржини мужийн Арлингтон гүнлэгийн “Розлин Спектрум”-д Драмын Театрдлаа. Монгол жүжигчин зохиолыг нь бичиж монгол жүжигчин найруулж монгол хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх чимиг хөгжмийг нь хийж, тайз заслыг нь ч монголчууд (Сэргэлэнбаатар, Амараа, Мөнхбаатар)хийсэн монгол жүжиг үзлээ. Үзээд уйллаа, инээлээ, монголдлоо, бас америкадлаа. Аяа, энэ Америк гээч орон миний амьдралд, бидний хэсэг хүний амьдралд гүнзгий “нэвтэрчээ”. АНУ-д амьдарч буй монголчуудын амьдралыг амьд сонирхолтой, давстай, чихэртэй, чинжүүтэй, 5 долларын хуушууртай нь ... ер нь юм юмтай нь үзүүлсэн жүжиг.

Амьдралын асар энгийн үнэнээс ургуулан амьдруулсан, жүжигчин Б.Болдбаатар зохиож, жүжигчин Д.Алтанабагана найруулсан “Би хэн бэ” хэмээх уянгын драмын жүжиг. Жүжгийг амьдруулсан таван монгол жүжигчин маань үйл явдлын эхлэл, өрнөл, ер нь эхнээс нь дуустал нь маш сайн уялдаа холбоотой, логик их сайтай жүжиг бүтээжээ. Ганц жишээ дурдахад л, тэд бууз хийж идэхээр болоод (жүжигчин Ц.Оюунсүрэн)  буузаа хийж зарахаар цаашаа, “гал зуухны өрөө” рүү орох хооронд “наана” нь тайзнаа, ө.х. АНУ-д буй нэг монгол айлд үйл явдал тун санаандгүй өрнөх жишээтэй. Энэ бүхэн тэгээд эгэл жирийн амьдралын нэгээхэн хэсэг үү гэтэл, үгүй ээ, яахын аргагүй уянгын драмын жүжиг, үгүй энэ чинь жүжиг үү, зохиол уу, зүгээр л зохиогоод биччихээ юү, “худлаа панаалдчихав уу” гэтэл яах аргагүй бидний (АНУ дахь монголчуудын, ер нь зөвхөн АНУ-д ч биш) амьдралд зөндөө байдаг, тохиолддог л зүйлс ийнхүү тайзнаа амьдарчээ. Манай сонгодог зохиолч Д.Намдаг гуай Станиславский, Мейерхолд хоёрын тавилт ямар ялгаатай вэ гэсэн шавь нарынхаа асуултад хариулсан байдаг даа.

“Сохор охиныг цэрэг хүчинджээ. Цэргүүдийг жагсаагаад сохор охин тэднийг тэмтэрч үзэн явна. Станиславскийнхаар бол сохор охин цэргүүдийг нэг, нэгээр нь тэмтэрсээр яваад хүчиндэгч цэргийг бариад авна. Харин Мейерхолдынхоор бол тэр тэмтэрч явсаар хүчиндэгчийг танихгүй өнгөрүүлчихнэ. “Яана аа, хөөрхий, бузар амьтныг таньсангүй ш дээ” гэтэл дахин тэмтэрч үзээд бариад авна. Мейехролдынхоор бол үзэгчдийг ийнхүү хоёронтоо пал хийлгэнэ” гэж. Чухам энэ Мейерхолдын зарчмыг чадварлаг ашигласан  чимхлүүр хэсгүүд  байна лээ. Та бүхэн өөрсдөө үзээд ойлгоорой. Бүтэн хагас цаг шахам завсарлагагүй үргэлжлэх энэ жүжигт манай зарим жүжигт бишгүй тохиолддог, үгүй ээ, эсвэл үзэгч надад тохиолддог гэх нь зүйтэй, тайзнаас анхаарлаа түр холдуулдаг, ийш тийшээ харж эвшээдэг, урдаа суугаа бүсгүйг сонжиж шохоорхож хардаг энэ тэр, иймэрхүү зүйлс миний л хувьд огт гараагүй шүү. Энэ бол уг жүжгийн гол ололт юм. Ө.х. инээхдээ инээсээр, хамрын угаар шархирахдаа ч шархирч, тэгээд уйлж, тэгснээ тайтгарч, сэтгэл нэг их сайхан болж, дахиад инээж, ахин нулимс мэлтэлзүүлж ... суусаар жүжиг өндөрлөсөн. Хүний сайхан сэтгэлийн тухай, хувийн аз жаргалаа бусдын сайн сайхны төлөө золиослохын тухай, хүний бяцхан үрсийг өнчрүүлэхгүйн тухай (жүжигчин Л.Лхамсүрэнгийн бүтээсэн залуу бүсгүй Саруулын дүр), хайр сэтгэлийн тухай, ер нь л амьдралын тухай жүжиг дээ. Тэр болгон амьдралд байдаггүй, тэр болгон бид анзаардаггүй, амьдралдаа бол бид байсгээд л уландаа гишгэчиж орхидог хүн чанарын тухай, хүний зөв сайхан сэтгэлийн тухай сэтгэл хөдөлгөсөн, бас уяруулсан жүжиг.

 

“Урлаг, уранзохиол бол хүний сэтгэлийг ариусгах увьдастай” гэсэн суут Аристотелийн хоёр мянган жилийн тэртээх үг өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа нь гайхамшигтай. Чухам энэ хүчин төгөлдөр гайхамшгийг би энэ жүжгээс олж харж бас мэдэрсэн юм. Үүний тулд би эл жүжгийн уран бүтээлч нарт гүнээ талархнам.
Одоо жүжигчин Д.Алтанабаганыг яагаад өрөвдсөнөө өгүүлье. Уг нь түүний бүтээсэн ажилчин эр Баясах бол жүжиг эхлэхэд ажлаасаа халагдчихаад гэртээ орж ирж байгаа юм. Ажлаасаа халагдахын, ажлаа алдахын гашуун амтыг АНУ-д амьдарч буй монголчууд маань надаас өгсүүлээд сайн мэднэ дээ, нээрээ.

Гэтэл Д.Алтанабагана маань тайзнаа ямар сайхан цоглог хийморилог, гялалзан гарч ирнэ вэ. Үгүй ээ, би жүжигчнийг дүрдээ тохирсонгүй, унжийгаад гарч ирэх ёстой байтал ... гэхчлэн шүүмжлэх гээгүй. Ер нь ч тэгээд ажлаасаа халагдах байтугайг огт тоодоггүй монгол эр алийг тэр гэхэв. Би энэ талаас нь хэлэх гэсэн юм биш. Харин ёстой Туулын голын жараахай Туулдаа жаргалтай гэхчээр ёстой л гялалзаж байна лээ дээ, миний найз, алтан тайзан дээрээ! Жир амьдрал дээрхээсээ шал өөр харагдаж байсан шүү. Иш-ш, Баганаа минь, энд ингэж явахаар Монголдоо буцаж очоод Драмын Театрынхаа алтан тайзнаа хэчнээн жаргалтай явах сан бол доо ... гэж эрхгүй бодогдоод Д.Алтанбаганыгаа учиргүй өрөвдсөн шүү. Нэг “хөнгөн” үзэгч надад юу гэсэн гээч. “Д.Алтанабагана залуужчихаж, Б.Болдбаатар хөгширчихөж” гэдэг байгаа. Тайзны жүжигчин Д.Алтанабагана тайзандаа жаргалтай байгааг нь тэр үзэгч тэгж харжээ. Б.Болдбаатарыг ч гэсэн, “яг” л олоод харчихаж. Б.Болдбаатарын бүтээсэн Аюуш бариач хэмээх эр бол Америкийн ажилдаа ядарсан, ер нь жаахан будилуудуу, нэлээд “пакталдаг” эр аж. Будлиу, ядарсан, бүтэлгүй, “орон гаран” ... нээрээ л “хөгшин” дүр байгаа биз дээ. “Нутгийн” бөгөөд таньдаг жүжигчдээ л магтаад байна гэж бодов доо, та нар минь, жүжигчин Ц.Оюунсүрэн – Даариймаа, цэвэрлэгээний ажил хийдэг, бас гэрээрээ бууз хийж зардаг,   жүжигчин Б.Болормаа – Өнөрөө, Монголоос ирдэг, жүжигчин Л.Лхамсүрэн – залуу бүсгүй Саруул нар маань ч гайхалтай сайхан тоглосон. Таван жүжигчин маань тайзнаа яг нэг, нэгдсэн, нягт холбоотой ансамбль – хамтлаг болж чадсан нь энэ жүжгийн бас нэг чухал ололт, намайг ө.х. үзэгчдээ эвшээлгээгүй, өөр тийшээ  хараагүйн нэгэн учир  энд байна.

Төгсгөлд нь дурдахгүй өнгөрч боломгүй нэг “бяцхан баримт” хэлье. Жүжиг төгслөө. Жүжигчид ёсоллоо. Алга ташилт нижигнэлээ. Америк нөхөртэй аюулгүй царайлаг үзэгч бүсгүй Өнөрөө – Б.Болормаад цэцэг барилаа. Өөр нэгэн Даариймаа – Ц.Оюунсүрэнд цэцэг өглөө. Манай хэдэн нөхөд дундаасаа нэг бяцхан “дугтуй” Д.Алтанабаганадаа гардуулаа. Цэцэггүй ээ, чааваас. Миний хамгийн их талархсан залуу сайхан жүжүигчин бүсгүй Л.Лхамсүрэн – Саруул цэцэггүй хоцорлоо!(Хоёр эрэгтэй жүжигчин нь ч бүр дүүрч гэж бодоё)Ёо – ёо –ёо, миний ичсэн гэж. Бусдын өмнөөс ч ичээд байгаа юмуу, үгүй ээ, өөрөөсөө л их ичсэн дээ. Бид (АНУ дахь монголчууд) түүхээ бичиж байна гэж ирээд л бичсэн байдаг даа. “Даяар Монгол”, “Орлоо” эд нар дээр. Бүр 21-р зуун гарчихаад байхад, бүр 2012 онд, бүр тэгж яривал АНУ-д байгаа монголчууд нь Өрний соёл иргэншлээс уламжлалт драмын жүжиг үзээд ... нэг гол дүрийн сайхан бүсгүй нь цэцэггүй хоцорч байсан гэж байгаа ш дээ, ай хөөрхий, манай монголчууд ч Барууны соёл иргэншилд нэвтрэх ч бас л болоогүй байна даа гэлцэх юм биз дээ. “Сонин тохиол” номондоо оруулмаар нэг “ийм түүх” болсон шүү. Ээ дээ, та нар минь (Чикаго, Лос Анжелос, Сан Франциско ... хотын монгол үзэгчид) цэцгээ бэлдэж очоорой доо.
            Л.БАТБАЯР
        12 – 20 – 2012.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.