05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

ДЕНВЕРИЙН ТЭМДЭГЛЭЛ

2011 оны 11-р сарын 24-ний үүрээр, АНУ-ын нийслэл дэх Монгол Сургуулийн багш Б.Хандмаатай аян замын ганзага нийлээд Денвер рүү гараад шидчихлээ. Нислээ гэсэн үг. Үд дунд Денверийн буудал дээр Лос Анжелосоос гэргийнхээ хамт ирсэн судлаач, яруу найрагч Я.Баатар биднийг “нутгийн” хүн Энхээ тосч аваад гэртээ урьж дайлж цайлаад Денверийн алдарт Тулга хөшөөн дээр аваад ирлээ. Шуугилдсан олны дунд орж явчихав. Багашигхан наадмаас том үйл явдал эхэлж байсан нь тэр аж. Монголоос маань ирсэн гурван том найрагч П.Бадарч, Ц.Хулан, Г.Мөнхцэцэг нар маань ч байж байна. Бүгдээрээ л зураг хөргөө татуулаад, бас татаад ... Ц.Хулан маань намайг тэвэрч аваад дуу алдан уулзлаа.

-          Үгүй ээ, энэ Батбаяр! Миний хүүхэд насыг мэдэх хүн!

Нээрээ л гэрт минь 8-р ангийн сурагч Ц.Хулан их ирдэг сэн. Тэр үед дурлаж байсан эртэйгээ суух тухайгаа яриад л. Гэхдээ болоогүй ээ, бас учиртай. Нэлээд хэдэн жилийн дараа сууна гэж байгаа юм. “Тэр минь тийм ч сайхан, ийм ч гоё хүн” гээд л. Би ч бас ам хуурай байхгүй. Бага жаахан ч гэсэн бүсгүй үр сэтгэлийн тийм нандин нууцаа надад итгээд ярьж байхад яаж урдаас нь домбойгоод суугаад байхав. Би чинь тэр хоёрын хуримын хамгийн хүндэт зочин болоод явчихна. Аргагүй ш дээ, тэр хоёрын нандин нууцыг  тийм олон жил нөхөр журмын ёсоор сэтгэлдээ бат чанд хадгалж явсан хүн чинь. “Би тэр хуримын хамгийн эрхэм хүндэт зочин нь байх болно” гээд л. Харин жилийн дараа, бүр зургаахан сарын дараа ч билүү, Ц.Хулан маань дараачийн дурлалт залуугаа ярих гэж манайд орж ирдэг болсоон. “Тэр ёстой гоё дуулдаг, бас зурдаг, гитар хэчнээн гоё тоглодог гээч” гээд л. Эмэгтэй хүний сэтгэл гэдэг хувирахаа хүрвэл тун амархан юм байна гэдгийг 9-р ангийн сурагч Ц.Хулан надад ойлгуулсан юм. Тийм ээ, тэр үнэхээр бүх талаар маш хурдан өссөн. Анх шүлгээ уншиж эхлэхэд нь “Сумын заан” Ч.Мягмарсүрэн: “Яг аав шигээ авч байна” гээд өхөөрдөн инээж байсан бол ... Хүний сайхан авьяас аа гэж! Хэн ч инээхгүй, харин гайхшрах тийм шүлгүүдийг бичиж эхэлсэн билээ.

П.Бадарч найрагчийг би МУИС-ийн оюутан байхдаа ангидаа урьж авчраад уулзалт зохиосон юм. Найрагчийг ирэх сургаар бусад ангийн оюутнууд ч манай ангид шавж, танхим дүүрэн залуус цугласан.

-  Өнөөдөр энд

Үйлчин зүү сүвлэм саруул талын нэгтээ

Үүрэглэсэн ижлээ сэрээж сайн хүлэг минь янцгаана

Үнэхээр хийморь сэргэм яруу дуун хадааж

Үлэмжийн сайхан морь минь намайг дуудан байна уу

гэж “Морьд” шүлэгтээ бичсэн яруу найрагч, Монголын яруу найрагт салхи татуулан орж ирсэн Пунцагийн Бадарч хүрэлцэн ирээд байна! гэж би эрхэм найрагчийг оюутан нөхөддөө танилцуулаад уулзалт маань эхлэхэд П.Бадарч найрагч:

-          За, одоо би яахав? Мэндлэх үү? Одоо суу гэх үү гэж байж билээ. Номын эрхэм анд, Цэрэн-Очирын Эрдэнэбат найрагч: “П.Бадарч бол гагцхүү авьяасын шандсаар зүтгэж гарч ирсэн,   ямар ч дээд сургууль төгсөөгүй хүн” гэж ярьсан нь тэгэхэд санаанд орж билээ. Үгүй, бүү мэд дээ, П.Бадарч ах маань хоёр гурван их, дээд сургууль  төгсчихсөн бол уучлаарай, намайгаа.

Олон жилийн өмнө болсон тэр уулзалт дээр найрагч маань “Адуу” шүлгээ хэрхэн “олсон” тухайгаа: “Би нэг лекцэнд сууж байсан. Би ч яахав, залхуу хүн, ийш тийшээ хараад л сууж байлаа, тэгсэн нэг настайвтар эмэгтэй, тийм идэвхтэй хүмүүс байдаг даа, тэр лекцийг худам монгол үсгээр жигтэйхэн шургуу тэмдэглэж авч байна. Тэгээд тэр бичгийг нь харсан чинь яг л ус руу цувж байгаа адуу шиг үзэгдээд ...” гэж ярьсан бол бас нэг шүлгээ: “Би тэгэхэд залуухан дэслэгч хил дээр алба хааж явлаа. Хилээ манаж яваа эр хүн, цэргийн дарга хүн гэдэг чинь буу сумаа агсчихсан, китель, шинелийн товч бүрэн товчлоостой тов хийж явна шүү дээ. Тэгсэн нэг застав дээр цэргүүд шуугилдаад л байна, яваад очсон тэд нэг болжмор барьчихаж. Хөөрхий нөгөө болжмор нь айгаад, зүрх нь дэлбэрэх шахаад, погжгор бие нь тэр чигээрээ оволзоод л байх юм. Тэгээд би:

Нулимст борхон болжмор минь

Нутгийнхаа зүг нис дээ

гэдэг шүлгээ олсон юм гэж ярьж билээ. Би ч бас тэр уулзалтыг хөтөлж буйн хувьд:

-          П.Бадарч ах аа, Таны ийм нэг сайхан шүлэг бий.

Чи минь яагаав дээ, хө

Чамайг минь хүн муу хэлэх юм

Өөгүй сайхан гэж би чамайг магтдаг байсан болохоор

Өөдгүй зарим нь намайг тавлаж байна

гэдэг 8 мөр шүлгийг нь бүтнээр нь уншив. Эхлээд л их сүрхий танилцуулчихаад, тэгээд  л таг дуугүй суугаад байлтай биш, тийм ээ.

Гомпилдоогийн Мөнхцэцэгийг бол би шүлэг найргийг нь л мэдэхээс өөрийг нь бол танихгүй, урьд нь нүүр тулж уулзаж явсангүй. “Болор цом” энэ тэр гээд зурагтаар бол бишгүй л харсан. Ц.Хулан тэр хоёр хэн хэн нь их өнгөтэй, жавхаатай, залуухан, сайхнаараа байна лээ. Сэтгэл сайхан явбал, тансаг найраг тэрлэж явахад царай зүс нь ч бас дагадаг аж.

За ингээд Тулгат хөшөөний дэргэд бөөн хөөрсөн, бужигнасан улс. Хэр бужигнаж байсныг нь хэлэх юм бол багын найз Ц.Хулантайгаа хоёулхнаа патиараа татуулах гээд чадаагүй, завдаагүй гээд л бодчих. Дашрамд хэлэхэд найз гэдэг үгийг эмэгтэйчүүлд хамаатуулж хэлнэ, анд гэдэг үг эрчүүдийн хоорондын үг гэж МУИС-ийн эрдэмтэн багш нар маань хэлж байсныг энд дурсчихад илүүдэх ч юун. “Тэмүжин анд аа! Ууланд шахан бууя” (Монголын Нууц Товчоо) Ц.Хуланг ийш нь авч давхиад, тийш нь чирж гулдраад, үгүй ямар 5 – 10 минут болсон хэрэг биш шүү дээ, намайг очсоноос хойш лав л бүтэн хагас цаг болсон дог, бүтэн цаг хагас болж байхад бид хоёр зургаа татуулчихаж чадахгүй байсан гэхээр тэнд хэчнээн их бужигнаан болж Ц.Хулан ямаршуухан “үймээний эзэн” байсан нь уншигч Танд аяндаа бууж байгаа биз ээ.

За ингээд Уран үгсийн анхдугаар Чуулган болох Холидэй Инн зочид буудалдаа ирлээ. Хувцсаа солиод, доод том танхим руу яваад ортол уран уншлагын тэмцээн нь эхэлчихэж. Намайг 3-р ширээнд суу гээд, 3-р ширээг нь олдоггүй, дүүрсэн хэрэг, хэдэн сайхан жүжигчин бүсгүйтэй ширээнд сууж орхилоо. Манай Т.Бум-Эрдэний “Товч” зэрэг хоёр ч өгүүллэгийг уран уншиж Баруун Эргийн уран уншлагын тэмцээнийг хоёр ч удаа манлайлсан жүжигчин бүсгүй Далхжавын  Уранчимэгтэй (Сан Францискогоос ирсэн) суудал зэрэгцэж, жүжигчдийн ертөнцтэй зуурхан ч болов ойртож танилцах завшаан тохиолоо. “Зохиолч үг нэг бүрээ утгатай, учиртай бичсэн байгаа, тэр үг нэг бүрийн утгыг гаргаж, хүмүүст хүргэж уншина гэдэг бол ...” гэхчлэн Урнаа нарын жүжигчин бүсгүйчүүлтэй халуухан яриа өрнүүлж суусныг ч хэлэх үү, уран уншлагын тэмцээнд хүчээ үзэхээр ирсэн жүжигчид, урансайханчид маань маш чамбай бэлтгэж, "Жамухы“ өчил”-ийг уншихдаа Жамуха болж гараад, хөдөөний хөөрхөн хүү ч болж байх шиг, гаминд хүчиндүүлсэн хөөрхий хөл нүцгэн бүсгүй ч болж байх шиг, үнэхээр сайхан шүлэг, өгүүллэгүүдийг сонгож, үнэхээр ч тэгж амилуулж “үг нэг бүрийг нь хүн-д хүргэж” уншина гэдэг чинь бас л нэг биеэ даасан том урлаг байдаг юм байна, хэдэн цаг гэдэг чинь зүгээр л нисээд өнгөрлөө. Хоёр ч удаа 15 минут завсарласан, зочид буудлын том танхим, үүдний танхимд бас нөгөө их хөл хөгжөөн, зураг авалт. Энд л арай гэж нэг, бүр хүмүүст учраа хэлж байж Ц.Хулантайгаа хоёулхнаа патиараа татуулав. Би  их сүрхий амьтан, шинэ аппаратаа аваад явсан, энд тэнд хоёр ч удаа мартаад, зурагчин болох нь бүү хэл зургийн аппаратаа ч маллаад явж ч чадахгүй “амьтан” гэдгээ мэдэв ээ, хөөрхий.

Яруу найрагч Хулганайн Тэргэлд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал гардууллаа. Ц.Хулан, Г.Мөнхцэцэг хоёр П.Бадарчийгаа “явуулаад”, номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг л шувт “оролдчих” юм.

-          За манай Бадарч найрагч юм сайн цоолдгоороо Тэргэлийн маань энгэрийг цоолох гэж байна гэх мөртлөө араас нь бас:

-          Иш-ш, Бадарч гуай маань одоо бүүр иймхэн юмыг ч цоолж чадахаа байж дээ ч гэх шиг. Тэртэй тэргүй хөөрчихсөн улс хөгжилдөж байна гэж юүххэв.

Ц.Хулангийн үг хэл ч гэж гүйцэгдэхгүй юм, дуу хоолой ч гэж цангинаа, цангинаа.

-  Би ч одоо Мөнхцэцэгийн протоколын хүн болж гүйцлээ гэж олныг инээлгэнгүүтээ ердөө араас нь:

-  Би их гоё дуу хоолойтой, би бас уран уншиж байгаа биз дээ гээд л бас инээлгээд авах юм.

Г.Мөнхцэцэг:

-  Бадарч гуай маань олз олох гээд, охин харах гээд гараад явсан, олз олсон ч юмгүй, охин ч харж чадсангүй, ороод ирлээ, хөөрхий гэж бас л шуугиулав. Цугласан олны тэр их инээд, хөгжөөнд найрагчдаа найраг шүлэгтэй нь хамт хайрлах хайр, бахархал бас цуг оршиж байсан буй за.

Уран уншлагын тэмцээн – наадмын дараа, Х.Тэргэлийн энгэрийг цоолсны дараа зохиолч найрагчдыг тайзнаа урилаа. Би ч гэрээсээ бэлдэж ирсэн хавтас дүүрэн принтэрлэсэн шүлгээ бариад  эрхэм зохиoлч нартай цуг тайзнаа заларлаа. Хүн ахтай, дээл захтай тул П.Бадарч найрагч шүлэг шигээ уран яруу сайхан үг хэлээд “Гурав, гурван шүлэг уншия” гэж санал гаргаад “Есөн эрдэнийн орон”, “Тэмээ”, “Үхэхээрээ чамайг айлгая Хөхөөрөө чамайг даллая ...” шүлгүүдээ уншаад “Би Ардынх юм чинь 4 шүлэг уншина” гэж наргиад, нэмж нэг шүлэг уншаад.

Би бодлоо. Тайзнаа сууж буй зохиолч, найрагч нараа сайхан танилцуулая гэж. Тэгсэн Ц.Хулан хурц түргэн ч хүн юм, ухасхийн босч ирээд танилцуулж гарлаа. Ингээд би дээхэн үед оюутан байхдаа П.Бадарч найрагчийг оюутан нөхөддөө танилцуулж байсан шигээ тэднийг танилцуулах завшаан олдоогүй ч “Орлоо”-гийн буянтай, чадалтай хоёр дүү маань алдсан тэр боломжийг ахдаа олгож чадах юм чинь, яадаг юм, би тэднийг одоо танилцуулаадхая.

-          За, Монголын яруу найргийн мөнхийн цэцэг болон дэлгэрсэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг энд хүрэлцэн ирээд байна гэж би төр төмбөгөр, ёс ёмбогорыг бодсон ч, эмэгтэй хүнийг хүндлэх сэтгэлийн үүднээс ч, МЗЭ-ийн Гүйцэтгэх Захирал Г.Мөнхцэцэгийг эхэлж танилцуулах байлаа.

-          За Монголын яруу найргийн Ц.Хулан хатан энд заларч явна.

-          Монголын яруу найргийн П.Бадарч вантан бас энд морилон иржээ гэж хүндэт зочдоо тэртэй тэргүй хүн бүр сайн мэдэх тул нэг их олон үг, оршил моршилгүй танилцуулаад

-          Цагаан тэнгис цагаан биш

Улаан тэнгис улаан биш

Хар тэнгис хар биш

Шар тэнгис шар биш гэдгийг олж нээж явахдаа

Санчигны үс нь хар байсан

Санаа нь харин цагаан байсан

яруу найрагч, орчуулагч Жамсрандоржийн Оюунцэцэг!

-          Залуу явахад нь

Зам дээр нь хэвтэх мөчир хүртэл өнгөлөг байсан

Өдгөө болоход

Өнөө мөчир нь ч

Өөрөө ч бас өнгөлөг хэвээрээ яваа яруу найрагч Хулганайн Тэргэл!

гэж эмэгтэйчүүдээ хүндлэхийн үүднээс эхэлж танилцуулаад

-          Монголын уранзохиолын “Соёо”-той “Паанан” – Доржзовдын Энхболд!

-          Судлаач, яруу найрагч, пи эйч доктор Ядамбатын Баатар!

-          Монголын яруу найрагт ерээд оныхон хэмээх нэгэн шинэ урсгал – давалгаан дунд босоогоороо орж ирсэн яруу найрагч Нямбуугийн Билгүүн! нар энд хүрэлцэн ирээд байна! За эд нарын дунд Баги ах нь ч бас л бараа сүртэй харагдаж байна даа гэж наргиад “Чимгээ”-гээ уншина гэж дөнгөж бодож эхэлж байтал Ц.Хулан үсэрч босч ирээд бүгдийг нь танилцуулчихдаг! За яахав, Денверийнхний үүсгэсэн энэ сайхан уран үгсийн чуулганыг цаашид уламжлал болгон зохиохоор ярьсан, манай Ди Си-д зохиоход нь ах нь энүүнээс  ч гоёор танилцуулах цаг ирэх буй за.

За ингээд Денверийн наадмын дараах өдрийн тухай ярия. Би манай эндхийн Монгол Сургуулийн багш Б.Хандмаатай ганзага нийлж явснаа түрүүнд дурдсан. Ёстой зөв хүнтэйгээ ганзага нийлснээ одоо ярих гэж байна. Б.Хандмаа багш маань М.Мөнгөнцэцэг захирлынхаа даалгаврыг биелүүлж, хоёр хотын Монгол Сургуулийг холбох албан ёсны зууч болж, Денверийн Монгол Сургуулийн багш нартай танилцаж, туршлагаа солилцох зэрэг давхар албатай явснаа бас гүйцэлдүүлж, тэр буянтай сайхан үйлсэд нь нэгэнт ганзага нийлсэн би ч мөн л ганзага нийлж, Денверийн Монгол Сургуулийн захирал Цэгмидийн Энхдүүрэнгийнд ч зочилж, багш Очирбатын Наранцэцэгийнд ч зочилж, дайлуулж цайлуулж, нөгөө өчигдөрхөн жүжигчдийн ертөнц рүү өнгийгөөд авсан шигээ хоёр хотын Монгол Сургуулийн багш нарынх нь ажил амьдрал руу бас зуурхан ч гэсэн ороод явчихлаа. Хаа газар сайн сайхан хүн зөндөө байх юм. Дүүрэн захирал Денверт Монгол Сургуулиа бас л манай М.Мөнгөнцэцэг захирал шиг 5-6 жилийн өмнө үүсгэн байгуулжээ. Сургууль нь өнөөдөр 50-60 хүүхэдтэй. Бүр сургуулиас нь өрх тусгаарлаж гарсан 20-иод сурагчтай дүү сургууль ч бий гэнэ. Дүүрэн захирал, нөгөө “Тамирын голын мөсийг долоох шахаж явж олсон” гэдэг шиг гүйж, зүтгэж явж байгуулсан Денверийн  Монгол Сургууль. “Тунгалаг Тамир”-ын голын мөсийг долоох шахаж явсан харц ард Итгэлт баяжсан! Луу гүний баян Итгэлт болсон! Тамирын голын мөсийг долоох шахаж явсны учир зорилго нь ч тэр л байж. Баяжиж! Харин Дүүрэн захирал?! Денверт Монгол Сургууль байгуулаад баяжих боломж ч байхгүй, баяжих бодол ч байгаагүй! Угаасаа улирлын 180-190 цаас нэг хүүхдээс аваад яаж ч баяжих вэ дээ. Багынхаа Монголын сургууль шигээ жилд 4 улиралтай гэж бодов доо, та минь. Ердөө хоёрхон улиралтай. Маш амархан тоо. Дүүрэн ч тэр, багш нар нь ч тэр, М.Мөнгөнцэцэг  ч тэр, багш нар нь ч тэр, хэн нь ч ямар ч тоо бодоогүй, мөнгө бодоогүй! Монгол хүүхдүүд маань монгол хэлээ сурах ёстой гэж л бодсон. Монгол хүүхдүүд маань монголоо мэдээсэй, монголоороо байгаасай, монголоороо үлдээсэй л гэж бодсон. Та ч бас тэгж боддог л байх. Би ч бас тэгж л боддог. Харин хийсэн нь, бодлоо амьдралд хэрэгжүүлсэн нь тэд нар маань юм. Зөв сайхан бодлын үрээ тарьж, ургуулж, ургац жимсээ хураагаад зүтгэж яваа нь АНУ дахь Монгол Сургуулиудын багш нар маань юм. Энүүнээс сайхан үйлс гэж хаа байх вэ.  Бахархмаар, сайшаамаар, бас дэмжмээр, бага ч болов хувь нэмрээ оруулмаар! Тиймгүй гэж үү?!

Буянтай сайхан үйл бүтээгээд явж байгаа бас нэг хүнтэй уулзсан шүү. Б. Ган-Энхбаяр. Энхбаяр гэхээр л Намбарын, Самбарын гээд буруу хаалга самардаад  явчихав даа, та минь. Үгүй, Бэгзсүрэнгийн Ган-Энхбаяр. Цагтаа алдарт “Алдар” нийгэмлэгийн тамирчин явсан энэ бүсгүй 400 гаруй монгол номтой Монгол Номын Сан гэртээ байгуулжээ. Лос Анжелос-т. Америкийн номын сан гурван долоо хоногоор номоо өгдөг бол АНУ дахь Монгол Номын Сан 14 хоногоор номоо өгч уншуулдаг. Чухам энэ Лос Анжелос дахь Монгол Номын Сан уран уншлагын “Утгын чимиг” наадмыг гурав дахь жилдээ зохиогоод явж байгаа юм байна. Тэгэхлээр энэ саяын Денверийн Уран үгсийн Чуулганы эх үүсвэр анх зуу гаруйхан номтой эхэлж байсан Калифорны нэг монгол айлаас үүдэлтэй гэж хэлж  болох нь ээ.  Ай даа, сайхан сайхан хүмүүс  ч сайн сайхан үйлсээ хаа сайгүй л эхлүүлээд явж байна даа.

Ингээд Нараа багш, Хандмаа бид хоёрыг Ред Рокс гэдэг, том том улаан элгэн хадтай, дээр үед Индианы овог, аймгийн удирдагч нар сайн цуурайтдаг газар гэж мэдээд хурсан олонд үгээ хэлдэг, тушаал буулгадаг байсан, хожим тэр чанарыг нь ашиглаад, байгалийн сонин тогтцыг нь ч бас гярхай анзаараад зартай сайхан задгай театр бариад, америкчууд ч бас барж идэхгүй улс юм аа, Битлзээс аваад Ю 2 хүртэл Дэлхийн рок – попын мангасууд бүгд ирж тоглосон, ихэд алдартай, баялаг түүхтэй, байгалийн дундах театр байгуулсныг үзэж соёлыг гайхав. За тэгээд Денвер далайгаас хол, эх газрын уур амьсгалтай болоод ч тэр үү, тэнгэр нь ч, цаг агаар нь ч  Монголыг маань санагдуулсан, нар жаргав уу, үгүй юү, учиргүй сэрүү оргиод ч явчих шиг гэхчлэн дурдаад энэхүү тэмдэглэлээ өндөрлөе дээ.

Л.БАТБАЯР

11 – 30 – 2011.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.