05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ЦОНХ /Холланд туурь/

- Өрөөндөө! гэх ахлах сувилагчийн хахирган дуу хонгилоор нэг цуурайтлаа. Өвчтөнгүүдийн унтах цаг болжээ. Ааш муутай ахлах сувилагчийн “Өрөөндөө!” гэсэн тушаалаар хонгилд сэлгүүцэж байсан өвчтөнгүүд өрөө, өрөө рүүгээ дуртай дургүй гэлдэрлээ. Тушаалыг нь хэр дуулгавартай биелүүлж байгааг тандах гэсэндээ ахлах сувилагч өрөөнийхөө үүдэнд хэсэг азнав. “Хн, өнөө муу тэргэнцэрт” гэж амандаа эгдүүцэн шивнэлээ. Урт хонгилын үзүүрт, цонхны дэргэд тэргэнцэртэй өвчтөн тушаалыг нь сонсоогүй мэт байсаар байсанд ийнхүү зэвүү нь хүрчээ. Ааш муутын зэвүүн харц урт хонгилыг нэвт өрөмдөн ар нуруунаас нь төөнөж буйг хөөрхий тэргэнцэрт мэдэрсэн байх, тун ч дурамжхан цонхныхоо дэргэдээс холдож хонгилоор наашлан айсуй. “Ахиад ингэж ганцаараа хоцорвол, чамай мууг даа!” гэж ахлах шазуураа зууна. Маргааш нь ч, нөгөөдөр нь ч энэ явдал бас л давтагдлаа. Ер нь л өдөр бүр тэр муу тэргэнцэрт цонхны дэргэд байж байдаг юм шиг ээ.

“Ямар үхсэн үлийгээ хийж ганцаараа тээр цаана, цонхны дэргэд оччихдог хүүр вэ” гэж тэр хорсоно. Түүнд нэг ёозгүй таамаг төрөв. Таамагласан бодолдоо тэрыээр ой гутаж золтой л огиулчихсангүй.  “Тийм ээ, тэр ганцаархнаа тээр цаана, цонхны дэргэд оччихоод  цаашаа, цонх руу харж сууж байгаад гар хангалга хийдэг байх” гэж туршлагатай ахлах сувилагч таамагласан юм санж. Тэргэнцэртийн ёозгүй царай тачаалдаа хэрхэн хачин болж яаж шуухан гар хангалга хийж байгааг нь бодохоос дур нь гутсан ч яг тэгж байхад нь барьж шившиг болгоё гэж хатуу шийдэв.

-    Өрөөндөө! гэсэн ахлах сувилагчийн ээлжит, түрэмгий тушаал дахиад л хадлаа. Хонгилоор
сэлгүүцэж явсан өвчтөнгүүд дуулгавартай нь аргагүй өрөө, өрөөгөө зүглэв. Ганцхан өнөө муу тэргэнцэрт тээр цаана, хонгилын үзүүрт, цонхны дэргэд! Булай явдлыг нь үйлдэл дээр нь барьж түмний шившиг болгохоор сувилагч бүсгүй өлмий дээрээ зөөлөн зөөлөн гишгэсээр араас нь мигуй мэт сэмхэн ойртов. Хэрхэн баригдаж, баригдсандаа яаж ичиж зовж булайгаа хутгахыг нь харах адын хүслэн нь урт хонгилын турш чимээ имээгүй, сайтар сургуулилсан туршуул мэт гэтэн явсаар яг ардхан талд нь мэдэгдэхгүй очуулж чадав. Үгүй ээ, баруун гар нь ч, зүүн гар нь ч тэргэнцрийнхээ түшлэг дээр байна. Харин хөөрхий өвчтөн байдгаараа цэхрэн суугаад цонхоор ширтжээ. Ахлах бас цонхоор хараад  сая л учрыг ойлгов. Цонхоор, эсрэг талын байшингийн гэрэлтэй цонх харагдана. Гэрэлтэй цонхны цаана нэг залуухан сайхан хүүхэн бас унтахаар хувцсаа тайлж байв. Эсрэг талын цонхноос өөрийг нь хоёрын хоёр хүн ийнхүү ширтэж байгааг огт мэдээгүй дэг ээ. Ахлах сувмлагч тэргэнцэртийн булайг дэлгэж чадаагүй ч нууцыг нь олж мэдсэндээ бах нь ханаж зэвүүнээр мушилзав.  Маргааш өглөө нь ахлах сувилагч асрамжийн газрын мужааныг дуудаж хонгилын үзүүрийн цонхны доод хэсгийг тосон будгаар будахыг тушаав. Тушаалыг даруй биелүүлжээ.

“Тэр муу тэргэнцэрт өнөөх сайхан хүүхнээ одоо яаж харахыг нь үзье!” гэж тэрбээр өрөөндөө тавлан бодож суутал хэн нэгэн аймшигтайгаар орилох дуун гарлаа. Эгдүүцэн зэвүүцсэн, эсэргүүцсэн, аргаа барсан, тэсч ядсан тэр их орлих дуунд эмч, сувилагч, асрамжлуулагч цөм цочин балмагдав. Юу болоод байгааг үзэхээр ахлах өрөөнөөсөө гарч ирэхэд асрахынхан ч , эмнэлгийн ажилтнууд ч дор бүрдээ өрөөнөөсөө уралдан гарч ирцгээв. Бүгд л:
-    Юу болов оо?
-    Яасан бэ!
-    Хэн ингэж их орилно вэ?!
-    Хэн бэ? Яав аа! гэлцлээ.
Цөхрөнгөө барсан тэр их орлих дуун хонгилын үзүүр дэх  доод хэсгийг нь тосон будгаар будсан цонхны тэндээс гарч байлаа. Хамгийн их туршлагатай ахлах сувилагчийг сэхээ авахаас ч өмнө цөхөрч багтарсандаа асар их хүч орсон тэргэнцэрт хоёр гараараа тэргэнцрээ маш хурдан өнхрүүлсээр хонгилын дунд хэсэгт байх шат руу шурдхийн эргэж ороод доошоо шат руу нисчээ. Ахлах сувилагч хөлийн хурдаар араас нь шат руу очвол хөөрхий тэргэнцэрт шатны ёроолд тэргэнцрээсээ салаад уначихсан, улам ихээр орилж байлаа. Өвдсөндөө юү, багтарсандаа юу?! Түүний тасралтгүй орилoх их дуунд одоо зөвхөн хүмүүс төдийгүй асрамжийн газрын байшин ч тэр чигээрээ чичрэн балмагдаж байв. Харин ахлах сувилагчийн төмөр зүрх балмагдан чичирсэн болов уу?!

Л.БАТБАЯР сэргээн санаж орчуулав.
2 – 15 – 2011.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.