03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ – ҮНЭТЭЙ!

НЭГ БҮЛЭГТ ЖҮЖИГ

Оролцон тоглогчид: - Эмч, эр, 50 настай
- Сувилагч, залуу сайхан бүсгүй
- Эмнэлгийн ажилтан, эр
- 1-р залуу
- 2-р залуу
- 3-р залуу

1-р ҮЗЭГДЭЛ
ТАЙЗ:  BAR гэсэн гэрэлтүүлгийн дор, ширээнээ 1-р залуу ууж, идэж сууна. Намуухан рок ая явна.

Гаднаас 2-р ба 3-р залуу орж ирээд 1-р залуугийн ширээнд шууд очиж, их л түрэмгий, өдсөн байдалтай сууна. Рок ая намдахад:
2-р залуу: - За, за, чи ч яахав. Баян айлын бандгар хүү! Хоёр найзыгаа даах юм байгаа биз дээ гэж өдөнгүй хэлнэ.
1-р залуу: - Аав маань ажлаа л хийж яваа хүн. Би ч бас ажлаа л хийж явна гэж зэвүүрхсэн шинжтэй  шазруун дугарна.
3-р залуу шууд пивог нь шүүрч авч уух гэнэ. 1-р залуу уурлаж пивоо шүүрч авна.
2-р залуу: - Чи тэгээд даахгүй юм уу гэж хэрүүл өдсөн шинжтэй хэлээд 3-р залуу руу хуйвалдаанч  маягаархарна.
Рок ая ширүүснэ.Тэр гурав маргалдах нь үг нь мэдэгдэхгүй, үйл хөдлөлөөр нь мэдэгдэнэ. Улмаар тэр гурав BAR-аас (тайзнаас) гарна. Бодвол үзэлцэхээр.

Хөшиг хаагаад нээхэд :
2-р ҮЗЭГДЭЛ
BAR гэсэн бичгийн оронд  МЭС ЗАСЛЫН ТАСАГ гэсэн бичиг зүүлттэй.
Тайз:  Эмнэлгийн өрөөний байдалтай.

Ширээний ард цагаан халаазтай эмч, хөх халаазтай эмнэлгийн ажилтантай шатар тавьж сууна.
Эмч:  - Байз, байз. Одоо л сайн бодно шүү дээ, хө. Ингэхэд айл тэргээ түлхчихээд байдаг ...
Ажилтан даналзангуй:  - Бодоод бодоод бодын шийр дөрөв өө гэж. Хөөрхий дөө, хө.
Эмч:  - За би ингэнэ, айл тэгнэ ...
Энэ үед сувилагч бүсгүй:
- Яана аа, эмч ээ! Хүнд хүн ирлээ! гэсээр тэр хоёрын араар цагаан халаазаа дэрвүүлэн гүйж өнгөрнө.
Эмч (огт тоохгүй):  - Байз, байз. Бодно шүү, бодно. Байз гэж үг бий, байцаа гэж ногоо бий гээд нүүнэ.
Эмнэлгийн ажилтан шууд хариу нүүх нь нэг бол илүү лут шатарчин, эсвэл хүнд хүн ирснээс  болсон биз.
Тайзны цаанаас сувилагчийн бачимдан хашгирах дуу:

- Эмч ээ! Эмч ээ!

Эмч огт тоохгүй хэвээр:  - За хө, энэ айл чинь ингэнэ ээ гэдэг чинь ... За тэгвэл байна шүү дээ ... гэж бодлогоширсоор ...
Ажилтан харин сандарч:  - За түргэлээрэй! Хүнд хүн ирсэн бололтой!

Сувилагч тайзнаа сандран гарч ирээд:  - Эмч ээ! гэж ноцтой дуудна.
Эмч, сувилагч руу харах ч үгүй, эрхий долоовроо имэрч “Мөнгө?” гэсэн дохио үзүүлнэ.

Сувилагч сандарсан хэвээр:  - Мэдэхгүй ээ! Би яаж мэдэх юм бэ! Цусандаа хутгалдсан хөөрхий залуу л байна!
Эмч шатар руугаа анхаарсан хэвээр эрхий, долоовроо дахин  имэрч үзүүлнэ.
Сувилагч цөхрөнгүй гараа саваад буцаж гүйнэ.
Ажилтан суудал дээрээ хавчигнаж:  - За, энэ ерөөсөө шатар наадах цаг биш боллоо! гээд явах гэж өндөлзөнө.
Эмч:  - Чи байз л даа.  Хоёулаа энэ өргөө дуусгачихая л даа гэж шатартаа шамдана.
Сувилагч дахин тайзнаа шурдхийн гарч ирнэ. Цөхрөнгүй:
-    Эмч ээ! Мэдэхгүй ээ, бүү мэд! Хүнд өвчтөнд иргэний үнэмлэх мүнэмлэх, түрийвч мүрийвч юу ч алга! Төлбөрийн чадвартай эсэхийг яг одоогоор мэдэх ямар ч арга алга!

Ажилтан худлаагаасаа зориуд эв хавгүй хөдөлж ширээн дээрх өрөөтэй шатрыг нурааж хаяад:
-    Өө, завхарсан юм боллоо. За, за, би явлаа!  гээд шууд босоод яваад өгнө.
Эмч:  - Өө, үхсэн, чи муу өөрөө хожигдох болохоороо ...  Энэ удаа бол би чамайг яг хожих байсан ш дээ гэж орилон Ажилтны гараас чаргууцалдахыг завдах авч цаадах нь гараа шувт татаж аваад бушуухан гарч одохдоо сувилагчаас санаа зовсон байдалтай, гэлмэлзэнгүй байна.
Сувилагч түгшүүртэй, бачимдангуй:  - Эмч ээ! Цэл залуухан залуу!
гээд үгээ тасалж, эмч өөд горьдлого тавьсан шинжтэй, цөхрөн ширтэнэ.
Эмч түүнийг огт хүн юм ярьж байна гэж тоосон шинжгүй, харин саяын шатартаа л их харамсах мэт.
Сувилагч:  - Эмч ээ! гэж ноцтой хэлээд ширээнд дөхөж ирнэ.
- Эмч ээ! Тэр цэл залуухан ...
Эмч дүрсхийн уурлаж:  - Төлбөрөө хийх чадвартай юмуу!? гэж хашгирна.

Сувилагч мөн бачимдаж:  - Амь гарвал хийнэ ш дээ! Амьд хүн аргатай! Эхлээд амь нас хэрэгтэй байна ш дээ, энэ залууд!
Эмч уурсан цухалдаж:  - Хэзээ хийж байсан юм! Хэзээ төлж байсан юм! Үхлээ хатлаа л гээд байдаг, тэгээд л эмчилгээгээ хийлгэчихсэн хойноо төлбөр дээрээ унжаад л, санжаад л!.. Муусайн юмнууд зүгээр!

Сувилагч, Эмчийг цоо ширтэж, ноцтойгоор:  - Гэхдээ Та эмч хүн шүү дээ!

Эмч даапаалангуй:  - Тийм ээ, би тангараг өргөсөн эмч. (пауз) Тэгээд юу гэж?! Тангараг өргүүлсэн улс нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж байсан юм! Социалист Монгол Улс! Одоо тэр улс чинь өөр улс болжээ! Цаг үе нь ч өөр болж!
Сувилагч ноцтой хэвээр:  - Цаг үе нь өөр болсон гээд эрдэнэт хүний амь үнэгүй болох гэж баймааргүй юм!
Эмч:  - Үнэтэй! Үнэтэй хэвээрээ! Үнэтэй хэвээрээ байя гэж байгаа л юм бол тэр үнээ л төлчих хэрэгтэй!
Сувилагч цөхрөн уйлж:  - Та ямар муухай хүн бэ! Та тэр залууг очоод хар л даа! Хөөрхий, хэчнээн сайхан залуу байна! Хөөрхийг ямар аймшигтай хутгалаа вэ! Эмч ээ, би гуйж байна! Та хурдан очооч! Хөөрхий тэр залууг авраач! Аминд нь орооч! Хөөрхий тэр залууд цаг мөч бүр үнэтэй байна!

Эмч дооглонгуй:  - Хараач!? Цаг мөч бүр үнэтэй байна гэнэ? Ямар сүрхий мэдэж байх юм? Чи чинь арай эмч болчихоогүй биз дээ?

Сувилагч зэвүүцэнгүй цоо ширтэж:   - Энд чинь анагаах ухааны их мэдлэг хэрэггүй! Сэтгэл зүрх л мэдэх хэрэг!
Эмч сээтэгнэж:  - Сэтгэл зүрх ий? Чи миний зүрхийг мэддэг юмуу? гээд Сувилагч руу ойртож гараас нь барих гэнэ.
Сувилагч дур гутсан янзтай:  - Арай ч дээ, ийм цагт! (пауз) Та хурдал л даа. Та одоохон очоод тэр залууг үз л дээ! (пауз) Би гуйж байна ш дээ. Та (түгдэрч) ... миний төлөө ...
Эмч сэртэндэн:   - Би? Чиний төлөө ... ? аа, чи тэгвэл ... (нялуун дуугаар) миний төлөө ... юу хийх вэ? гээд Сувилагч-д дахин ойртоно.

Сувилагч дүрсхийн уурлаж “Түй!” гэж, гэхдээ арай ч Эмч рүү биш, шал руу нулимаад, буруу харж:  
-    Та эмч хүн ш дээ! гэж ноцтой, бас хорсол, зэвүүцэлтэй хэлнэ.
Эмч бас дүрсхийн уурлаж:  - Чи муу нулимна гэнэ ээ?! Чи муу намайг нулимж байна уу? Би бол Монголын шилдэг эмч нарын нэг! Арай ч чам мууд нулимуулахгүй! гэж дэвхцэнэ.
Сувилагч буруу юм хийснээ мэдээд  бага зэрэг буулт хийсэн байдалтай:   - Би Таныг нулимаагүй ээ. Зүгээр л ... бухимдаад ... Та бод л доо, ердөө хэдхэн алхмын цаана, ердөө энүүхэнд (гээд гараар зангаж) энэ хананы цаана, сэхээний өрөөнд, бүхэл бүтэн хүний алтан амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна ш дээ. Гэтэл Та надтай ийм дэмий юмаар маргаж байх гэж... (дуу нь дахин ноцтой болж) Тийм ээ, Та манай Монголын шилдэг эмч нарын нэг! Тэр хөөрхий залуугийн амь нас Таны гарт байна!

Эмч дахин сээтэгнэж:   - Бас чиний ч гарт байна!
гээд Сувилагч-д бүр ойртож очоод гараас нь барина.
Сувилагч  юу гэсэн үг вэ? гэсэн байдалтай  хараад санаа бодлыг нь ойлгож, дур нь гутаж:   - Паах, Та нээрээ яаж ингэж чадаж байна аа?!

Эмч жүжиглэн уурлаж:  - Чи намайг нэг их бузар амьтан гэж бодно уу?! Үгүй ээ, чамд тийм эрх байхгүй! Би энэ Монгол Улсынхаа төлөө, энэ ард түмнийхээ төлөө халуун залуу насаа хайргүй зориулж, тэмцэж явсан хүн шүү!
Сувилагч:  - Тэгээд Та одоо?!.

Эмч, үгийг нь үл дуулагч болж:  - Тийм ээ, миний хамаг л залуу нас, бүхэл бүтэн арван таван жил минь говьд өнгөрсөн. (тайзны гүн рүү алсыг харж өнгөрснөө дурсан) Цасан шуурга маналзсан дүн өвлийн шөнө түргэний ямбий муу фургон эвдрээд таг зогсоход би 18 км газар амралтгүй гүйсээр говийн ганц айлд очиж эх, хүү хоёрыг аварч явсан! (Энэ ярианы цаана, энэ үйл явдал дэлгэцнээ гарч, шуурга улин исгэрэх дуу сонсдох) Энэ байтугай ч юмсыг би зөндөө л туулсан! Тэгж байж алдартай эмч болдог юм! Тэгж байж олон түмэндээ хайрлагддаг юм! (дурсан бодлогоширч)үгүй, тэр харанхуй шөнө ... тэр их цасан шуурганаар ... яаж ч чоно нохой тааралдаагүй юм ... яаж ч би тэр зэлүүд говьд байгаа ганц гэрийг олоод очсон юм ...
Сувилагч (эмчийн эл сэтгэл нь хөдөлсөн сайхан дурсамжийн сэтгэгдэл дээр дөрөөлөхийг оролдож, эмч дээр өөрөө хүрч ирээд гараас нь барьж):  -  Тийм ээ, Та мундаг эмч! Та эрдэмтэй, Та чадалтай! Та улс даяар алдартай! Таны мэдлэг чадвар, Таны алтан гар энэ залуугийн амь насыг ...

Эмч үгийг нь тасалж:   - Тийм ээ. Тэр сайхан залуугийн чинь амь нас бас чиний гарт байна!  Чи ойлгож байна уу?! гэж ноцтой тулгана. Улмаар санаагаа бүр ойлгуулж ар нуруугаар нь тэвэрнэ.

Сувилагч, өөрийнх нь оролдлого бүтэлгүй болсонд, мөн хэрэг явдал ийнхүү эвгүй тал руугаа эргэж байгаад урам хугарч, бүр нь дур нь гутаж царай нь хачин болно. (пауз) Тэгээд шийдэж:
- Өөр арга байхгүй гэж үү?!

Эмч (эрс шийдвэртэй агаад тун ч товчхон):  - Байхгүй!
Сувилагч:   - Арай ч дээ! Яагаад?!
Эмч: -Яагаадыг чи мэдэж байгаа ш дээ. Хэрвээ (гээд эрхий, долоовроо ирмэж мөнгө гэсэн тэмдэг үзүүлэн) энэ залуу төлбөрөө төлөх байсан бол хамаа алга. Гэтэл түүнд төлбөр байхгүй!
гээд Сувилагчийг өөр рүүгээ татан тэвэрч:
- Хэн нэг нь төлбөр төлж байж л эмчилгээ хийнэ! Төлбөрөө төлж байж л амиа авруулна! Амьд хүний алтан амь гэдэг чинь үнэтэй! Төлбөртэй!
гээд уруул дээрээс нь озон үнсэнэ.

Сувилагч цухалдан, бахардан хашгирч:  - А-а-х! Бузар новш оо! гээд энэ удаа эмчийг нүүр рүү нь биш ч цээж рүү нь түй! гэж хүчтэй нулимаад:   - За яахав, хөөрхий тэр залуугийн төлөө гэж аргаа барсан янзтай хэлнэ.
Тайзны гэрэл харанхуйлна. Дэлгэцнээ бүдэг гэрэлд тэр хоёр эр эмийн ажил хийж буй нь сүүдэр дүрсээр гарч, сексдэх дууи, ялангуяа Эмчийн уухирдан тачаадах дуу сонсдоно.  Сувилагчийн ууртай дуу:  - За, бушуулаач дээ!
Секс дуу авиа тасарч, дэлгэцнээ гарч байсан сүүдэр зураг унтарч, гэрэл асахад
ТАЙЗ эхний, эмнэлгийн байдалтай хэвээр.  Хэсэг зуур түгшүүртэй нам гүм ноёлно.

Гэнэт энэ нам гүмийг эвдэж, Эмчийн бахардан хашгирах их дуун:   -  Аа! Миний хүү!  Миний хүү ээ! Аа-аа-аа!  Яаж байна аа-аа!  Миний хүүг хэн ингэчих вэ!  Хүлээгээч! Битгий яваач!  Ямар ч арга байхгүй гэж үү!  Аа-аа! Оройтжээ! Дэндүү оройтжээ! Аа-аа! Миний хүү ээ!

Эмч тайзны араас салгалан, толгойгоо шаан гарч ирээд, орилон, уйлан, тайзан дээгүүр өнхрөн унаж орилно.
Сувилагч бас гарч ирнэ. Үс гэзэг нь сэгсийжээ. Газар хэвтээ Эмч рүү жигшин зэвүүцсэн шинжтэй харж, цөхрөнгүй дуугаар, маш харамсалтайгаар, маш ноцтой:  -  Арга байсан! Хугацаа ч байсан! Алтан амийг нь аварч болох байсан! Хугацаа бол байсан!(пауз) Эрдэнэт хүний амь – үнэтэй!

 ХӨШИГ ХААНА.
ТӨГСӨВ.
Л.БАТБАЯР
9 – 1 – 2011.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.