04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

0.17 СЕКУНД ХОРЬСУГАЙ!

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэлцдэг. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш байх ёстой гэлцдэг. За цаашилбал “Хүн Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” гэсэн бүр гоё үг ч бий. Сүүлийн энэ гоё үг нь 700-800 жилийн өмнө бол яг биелж байсан байх. Харин орчин үеийн “хууль хүн бүрт тэгш ...”, “хүн бүр хуулийн өмнө адил ...” гэх мэтийн гоё үгс бол өнөөгийн бодот амьдралд огт байдаггүй, ердөө ч биелдэггүйг бид улам бүр тод харж байна. Манай хууль томчуулд нэг өөр үйлчилнэ, жир ардад шал ондоогоор хэрэгжинэ. Томчуул гэдэг мундаг ангилалд соц. үед дарга нар гэж нэрлэгддэг байсан, одоо бол МУ-ын Ерөнхийлөгч асан, эсвэл УИХ-ын гишүүд, за тэгээд л яамдын сайд нар, янз бүрийн ашигтай, чухал лицензийн эрх атгасан хүмүүс, аягүй бол том цолтой бөхчүүл, нэрд гарсан одод ... ч орох байх. Нэг лут бөх цагдаа барьж зодож “үнэн томорч” буй бичлэг байна лээ.

Тэр бөх бол “томчуулын ангилалд” орох “том” л хүн бололтой. Харин жир ардад бол манай хууль хатуу, хатуу. Нэг үхэр хулуугаад баригдвал лав хоёр жил авна. Нэг гар утас хусаад хоёр жил. Энд би гар утас юмуу үхэр хулгайлж буй хүмүүсийг өөгшүүлэх, зөвтгөх, тэднийг өршөөн энэрэх хэрэгтэй энэ тэр гээгүй. Гэхдээ л ... тийм ээ, гэхдээ л ... Учир нь хэдэн зуун сая доллар, хэд хэчнээн тэрбум төгрөг хусч байгаа нөгөө “томчуул” маань жишээ нь дөрвөн жилийн ял авна. Нэг гар утас, эсвэл нэг үхэр “хуссан” жир ард болохоор хоёр жил авна! Нэг амбан шар яг хэдэн төгрөгийг би мэдэхгүй. Бодвол нутаг нутагт бага сага хэлбэлзэлтэй л байх. Гэхдээ хэдэн зуун сая долларын дэргэд юухан байх вэ дээ, ер нь. Гар утас яг одоо Монголд ямар үнэтэйг би бас сайн мэдэхгүй л байна.

Бодвол ямар маркийн, ямар фирмийн, за бүр 99 ... дугаартай эсэх энээ тэрээ гээд бас жаахан хэлбэлзэх биз. Гэхдээ л өч төчнөөн тэрбум төгрөгийн дэргэд алмаазан шигтгээтэй алтан гар утас л биш бол үгүй ер нь юу шалиа аж дээ. За гэтэл бас гар утсаа алдсан бүсгүй: “Миний гар утас алтан, алмаазан биш ч гэсэн наддаа бол маш нандин үнэтэй эд минь байсан юм. Учир нь энэ гар утсыг анхны хайрын минь эзэн надад бэлэглэсэн юм” гэхчлэн гомдоллож болох. “Энэхүү хулгайчийн алж идсэн үхэр болбоос манай нутгийн хамгийн ядуу хоёр хөгшний ганц сүүний үнээ нь байсан юм” гэж ч болох. Эсвэл бүр эсрэгээр “За бүсгүй минь, Та хувийн том байшинтай, мерседестэй, бас ландтай, нөхөртэй, бас нууц амрагтай, үгүй Танд энэ муу гар утас чинь одоо юу юм бэ!” гэх юмуу, “За яахав, Таны мянган үхрээс ганцыг нь хулуучихаа л биз, сүйдтэй юм биш” гэдэггүй. Үхэр бол үхэр, гар утас бол гар утас. Тийм ээ, үхэр бол үхэр, гар утас бол гар утас! Тэгвэл бас хэдэн сая доллар бол хэдэн сая доллар! Хэчнээн тэрбум төгрөг бол хэчнээн тэрбум төгрөг!!!

Дахиад хэлье, би гар утас юмуу үхрийн хулгайч нарыг өмөөрч өөгшүүлж байгаа юс биш! Гэхдээ л ... тийм ээ, гэхдээ л ... Адаглаад л тэр муусайн хулгайч нар чинь “Албан тушаалаа ашигласан!” гэсэн маш ноцтой гэмт хэрэг үйлдээгүй! Албан тушаалаа ашиглаж идэж уувал Хятадад бол цаазаар авдаг. Улаан Хятад хамаагүй ээ, бид чинь Америкийн замаар ... гэх гэж байна уу. Тэгвэл АНУ-д яадаг гээч. АНУ-д албан тушаалаа ашигласан Конгрессын гишүүн өөрийгөө бууддаг юм! Хэдэн жилийн өмнө Ю Тюб дээр байсан даа, та нар санаж байгаа байх. Эф Би Ай-гийнхан эрхэм Конгрессмэнийг албан тушаалаа ашиглаж идэж уусныг нь яг батлаад хүрээд ирэхэд нь эд нар баримт нотолгоо олчихжээ гэж мэдэнгүүтээ эрхэм Конгрессмэн гуай гар буугаа амандаа хийгээд гохыг нь дарсан, энэ видео Ю Тюб дээр тавигдсан байсан. Тэгэхээр мэдээж, гар утас болоод үхрийн хулгайчдыг хуулиар шийтгэх нь зүй. Харин хэрвээ хэчнээн тэрбум төгрөг бүр албан тушаалаа ашиглаж байгаад хусчихсан хүнийг дөрвөн жил хорьдог юм бол, бүр бие хамгаалагч нь өөрөө гүйж очоод хажуугийн өрөөнд нь “сайн дураараа” хоригдоод байна гэж байгаа юм аа, ёо ёо ёо, манай Монголын улстөрийн амьдралыг гүйцэх тийм том онигоо даанч алга даа гэж юутай үнэн, юутай гашуун үг вэ, хөөрхий минь гэж. Тэгвэл ганц үхэр хулгайлсан хүнийг 0.17 секунд хорьсугай! Адаглаад тэр муу хулгайч “албан тушаалаа ашигласан” биш дээ, ямар?!

     Хуулийн өмнө тэгш эрхтэй иргэн (мэдээж Монгол Улсын) Л.БАТБАЯР

                

8 – 20 – 2012.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.