05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

АНУ-ЫН НИЙСЛЭЛ ДЭХ МОНГОЛ СУРГУУЛИЙН 5 ЖИЛИЙН ОЙН ЕРӨӨЛ

Зээ, Нэгдсэн Гүрний хийслэлд

Нээсэн Монгол Сургуулийн

Таван жилийн ойн

Тавтай баярын энэ өдөр

Наанаа нандин хээтэй

Цаанаа чамин хээтэй

Нажид вандан хадгийг

Надад бариагүй ч гэсэн

Нарийн ярих юм бол

Намайг ерөө гээгүй ч гэсэн

Ах нь сэтгэл хөдлөөд

Аяндаа шүлэг урсаад

Хэдэн үг

Хэлмээр болоод оо.

Зээ, Эдүгээгийн Их Гүрний нийслэлд

Ирээдүйн Их Гүрэн болох

Манай Монгол Улсын

Мандах заяатай багачууд

Энэ сургуульд  хичээллэж

Эхэлсэн өдрөөс  хойш

5 насыг зооглолоо

Тамир тэнхээ ч суулаа

Нэгдсэн Их Гүрний

Нэлээд хэдэн хотод

Дүү сургуультай ч  боллоо

Суу алдар нь ч түглээ.

5 нас гэдэг

Танхил багахан нас ч

Манай Монгол Сургуулийн

Машид хичээнгүй Багш нар

Ардын билгээ судалж

Арвин туршлага хураасан

Оюун билгээ шавхаж

Олны хүүхдэд тараасан

Буянтай сайхан үйлс нь

Өөдөө цойлсон цаг аа!

Номын сайхан ажил нь

Өөдлөн бадарсан хугацаа!

Зээ, Хэл соёлоо судалж

Жил ирэх бүр олширч

Эрдэм оюуны  өлгий

Энэхүү Монгол Сургуульдаа

Хүүхдээ хүргэж ирсэн

Хүндэт эцэг, эхчүүдийн

Хөнгөн болоод  гял цал тэрэгнүүд

Монгол Сургуулийн гадаа

Орос эмчийн уяан дээрх шиг

Паркингийн талбайд нь

Багтахгүй багширч

Байх болтугай!

Эрхэмсэг Америк Гүрний

Эрхтэй, дархтай цагдаа нар

Энэ олон хүүхэд

Эрдэм ном сурах гээд байхад нь

Эх хэлээ судлах гээд байхад нь

Торгоод байх ч бас муухай юм даа гээд

Толгойгоо сэгсрээд яваад өгч байх болтугай.

Зээ, Эрхэт, Тусгаар Улсын минь

Эрхэмсэг Элчин Сайд тэргүүлэн

Эрхэм түшээд нь дагалдан

Энэ Монгол Сургуулийн

Захирал Багш тэргүүтэй

Залуу сайхан Багш бүсгүйчүүдийг

Байн байн эргэж тойрч

Бас тойглож

Элдвээр тусалж

Сэтгэлээр дэмжиж

Эргүүлэхээс бусдаар

Эргэлдэж байх болтугай!

Зээ, Өнөө цагийн

Өнгөтэй өөдтэй компаниуд

Дэлгэрцогт, Ганзориг

Ганболд, Сандагаатангууд

Бан, жин мөнгө атгасан

Бат, халуун тусламжийн

Баруун гараа

Байн байн бөгөөд

Байнга, байнга сунгаж

Буцалтгүй бөгөөд

Буцааж авахгүйгээр

Буян хишгээ

Буурал Вашингтоны Тэнгэрийн хур шиг

Буулгаж байх болтугай!

Зээ, Энэ Монгол Сургуулийн

Эрхэм журмын андууд

Ижил санаат нөхөд нь:

-          Монгол Соёлын Төв

-          Монголчуудын Холбоо

-          Монгол – Америкийн Соёлын Нийгэмлэг

-          Монголын Андууд нийгэмлэг зэрэг

Олон сайхан найзууд нь

Онцгой баярыг нь хуваалцахаар

Энд хүрэлцэн ирсэн

Эрхэм хүндэт андууд нь

Энэ Монгол Сургуультай

Эгнэгт хамтран ажиллаж

Эвийн зузаан холбоо нь

Эгнээ тэлэн өргөжиж

Эгээ л

Ариэл, Хандмаа хоёр шиг

Ариун бат бөгөөд

Ашид мөнх холбоостой

Зүү орох завсаргүй

Зүрхэн тушаа гагнаастай

Бат нягт холбоотой

Байх болтугай!

Зээ, цуглаж ирсэн зочдын маань

Цоглог сайхан шинжээр бол

Морилон ирсэн Та нарын маань

Монгол сайхан төрхөөр бол

Миний ардын сэтгэл шиг

Мишээж байгаа янзаар бол

Зовхи нь өөдөө Та нарын минь

Золбоо төгс үзэмжээр бол

Энэ ой сайхан болж байгаа юм байна

Энэ баяр дэлгэр өрнөж байгаа юм байна аа!

Зээ, Хожмын нэгэн цагт

21-р зууны эхэнд

Холын Америк Гүрэнд

Голын хайртай үрс минь

Эх хэлээ сурдаг

Өв соёлоо судалдаг

Ийм сайхан Монгол Сургууль

Эмхлэн байгуулаад

5 жилийнхээ ойг

Тавтай сайхан тэмдэглэж байжээ гэж

Намтар түүхийн хуудсыг нь

Нандигнан сөхөх үедээ

Үгүй бас ерөөл хэлж байж, хөөе! гэж

Намайгаа ч бас дурсах болтугай гэсэн

Өөдрөг сайхан үйлс дунд нь

Өөрийгөө ч бас хавчуулаад авсан

Өлзийтэй сайхан энэ ерөөлийг

Өөд, өөд нь

Өргөн дэвшүүлье ээ!

Зээ ...

Л.БАТБАЯР

2011 оны 11 дүгээр сар 20.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.