05 сарын 17, Баасан
°C
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

АЛУУРЧИН /Холланд туурь/

Тэр энгэрийнхээ дотуур халааснаас гар буу гаргаж ирлээ. Гар буугаа эргүүлж тойруулан хараад, сонирхож дуусав бололтой, ард нь сууж байсан баарныхаа лангуун дээр тавив. Тэнд байсан үйлчлүүлэгч, үйлчлэгч хэдэн хүний нүд гар буун дээр унажээ. Гар буу гэж. Хүнд, хар, гялалзсан, төмөр гар буу. Гар бууг зүгээр гаргаж ирдэггүй. Гэхдээ энэ удаад ямар ч байсан буудахаар гаргаж ирээгүй бололтой. Тэгэхээр тэр, гар буутайгаа холбоотой түүх хүүрнэх гэсэн байх. Нэг ч хүн ганц ч үг дугарсангүй. Цөм тэр гялалзсан хүнд хар гар бууг ширтэнэ. Түгшүүртэй. Тэр ярьж эхэллээ.

-    Олон жилийн өмнө би аз жаргал хайж Америк гарлаа. Аз дутахад Америкийн эдийнзасаг
хямарч эхэлсэн үе таарчээ. Гадны цагаач надад бүү хэл америкчуудад өөрсдөд нь ч олигтой ажил олдохоо больжээ.Одоо яах вэ, гудамжны эзэнгүй тэнэмэл нохой шиг гуринхалж үхэх үү?
Арай цаахна сууж байсан хүмүүс мань эрд дөхөж суулаа. Баарны лангууны ард зогсох үйлчлэгч залуу сонирхолтой түүх өрнөхийг мэдрэв бололтой, нэг хундага сайн шарз асуугаагүй байхад нь хийж өгч, хүүрнэгчийг дайлав. Тэнд байгсад одоо зөвхөн гар бууг биш, гар бууны эзнийг бас анхааралтай харна. Анхааралтай, бас хүндэтгэлтэй. Гар буу гэж. Гаргаж ирээд үзмээр, бусдад ч бас үзүүлмээр эд аж.

-    Тийм ээ, тэр бол хүнд цаг үе байсан юм. Та нар ч бас мэдэж байгаа байх. Манай энд ч бас
сайн сайхан байгаагүй гэж тэрбээр нухацтай өгүүлнэ. Нээрээ л тийм. Тэрхүү хүнд бэрх цаг үеийг бүгд мэдэж байв. Зарим нь амьдралаараа туулсан ч биз, зарим нь ахмадаасаа дуулж, ном хэвлэлээс олж уншсан ч биз. Тэрхүү хүнд хэцүү цаг үеийг, тэгээд бүр Америкад даван туулсан хүн ярих юмтай байх нь мэдээж. Юм үзсэн, ярих юмтай хүнийг хүндлүүштэй. Бүгд түүнийг хүндэлж буй нь харцанд нь илэрнэ.
-    Тэгээд яахав, ямар гудамжны нохой шиг гуринхалж үхэлтэй биш. Амьдрахын тулд эр хүн
арга чаргаа хайна шүү дээ.
Бүгд санал нэгтэй зөвшөөрөн толгой дохино.
-    Нэг ийм ажил байдгийг би дам сонссон билээ. Аюултай ажил. Гэхдээ мэдээж орлого сайтай.
Өгүүлэгч эр гар буугаа барилж үзнэ. Аюултай ажил?! Бас мөнгө ихтэй! Бүх юм ойлгомжтой.  Тэнд байсан эрчүүдэд ямар нэгэн аюултай хуйвалдаанд нам нийлэн оролцож буй мэт сэтгэгдэл төрөөд явчихав. Бүгдийн царай ноцтой харагдана. Энэ бол зөвхөн сайн эрчүүлд зориулсан яриа байна. Сайн эрчүүлийн тухай яриаг сонсч буй хүн ч бас сайн эр байж таарна.
-    Тэгээд би тэр ажилд орохоор шийдлээ. Бурхан мэднэ, надад үнэхээр өөр арга байгаагүй. Ингээд би хөлсний алуурчин боллоо.
Сонсогчид хөлсний алуурчны үгийг анхаарал, хүндэтгэлтэй сонссоор. Адаглаад л ингэж үнэнээ хэлж байгаа нь хүндлүүштэй бус уу. Өөр арга байгаагүйг нь Бурхан мэдэж байхад тэд түүнийг шүүж буруутгаад яах юм бэ.
-    Тэнд гээд өгүүлэгч гараа савж, - Тэнд бол манайхтай адилгүй. Бүх юмыг нарийн тооцоолж хийгүй нягт зохион байгуулдаг. Та нар ойлгож байгаа биз дээ?
Бүгд ойлгож буйгаа илэрхийлж зөвшөөрөн толгой дохив.

-    Би алах гэж буй хүнийхээ тухай бүрэн мэдээллийг захиалагчаасаа аваад л, нийт төлбөрийнхөө хагасыг нь тэр дор нь урдчилгаанд авдаг. Учир нь үүнд чинь бас зардал гарна. Би тэр хүнийг араас нь мөрдөнө. Хянана. Хэзээ, хаагуур явдгийг нь судалж тогтооно. Хэзээ, хаана, хэрхэн гүйцэтгэвэл тохиромжтойг би өөрөө л судалж гаргаж ирнэ. Энэ бүхэнд чинь цаг хугацаа, бас мэдээж мөнгө хэрэгтэй. Би хэн нэгнийг алахаар гэрээ хийсэн л бол түүнийг алахаас л өөр аргагүй болно. Учир нь захиалагч маань хагас мөнгөө, ер нь бол нэлээд их мөнгө шүү дээ, дэмий алдахыг хүсэхгүй. Иймд тэр миний араас бас нэг хүн хөлсөлж намайг хянадаг. Ингээд би ч өөрөө аргагүй байдалд орж, занганд орлоо гэсэн үг. Занганаасаа би захиалсан хүнийг нь алж байж л гарна!
Сонсогчдын царай улам ноцтой болов. “Нээрээ л тэгнэ дээ!”
-    Яахав, мөнгө надад хангалттай байсан. Би захиалгыг амжилттай гүйцэтгэхийн хэрээр нэр хүнд минь өсч эхэллээ. Улам олон захиалга ирдэг боллоо гэсэн үг. Би их мөнгө олохын хэрээр үрж ч байлаа, тансаглаж ч байлаа. Тансаг ресторан, үнэтэй шарз,  сайхан хүүхнүүд ... бүгд л байлаа.
Түүнийг хундагатайгаа авахад бүгд хэлэлцчихсэн юм шиг урд, урдахаа барилаа. Ийм юм үзсэн сайн эртэй цуг уух завшаан Холландын нэгэн жижигхэн хотхоны хямдхан баарны үйлчлүүлэгчдэд тэр бүр олдоно гэж үү?!

-    Гэвч би уйдаж эхэллээ. Мөнгө ч овоо олсон. Гэхдээ мэдээж насаараа ингэж явж болохгүй шүү дээ. Америкад ч бас хууль, шүүх, цагдаа, шорон бүгд бий. Нэг алдаж гишгэхэд л насаараа шоронгийн хадаас болно гэсэн үг.
Тэр “Тийм үү?” гэсэн харцаар сонсогчдоо тойруулан харна. Цаадуулынх нь сэтгэл хөдөлж гүйцжээ. Эгэл жирийн амьдралд байдаггүй зүйлийг амьд, сонирхолтой өгүүлж байна. Далайн чанадад, Америкад болсон бодот түүх. Амьд, бодот хүн нь өөрөө түүхээ хүүрнэж байна. Тун амттай.
-    Гэхдээ энэ чинь тоглоом биш ээ. Жаал хөзөрдөж суугаад “За орой болчихлоо. Би явъя даа, одоо харья” гэхтэй адилгүй. Захиалгч нар минь ч, эзэд маань ч, зуучлагчид ч, журмын нөхөд минь ч үүнийг зөвшөөрөхгүй. Дандаа хожиж байгаад босоод явчихаж болохгүй биз дээ. Зарим нь алдаа гаргаж байгаа. Зарим нь шоронгийн хадаас болж байгаа. Журмын нөхөд минь өөрсдийгөө биш, намайг тэдгээр заримын нэгэн байхыг хүсч байгаа. Гэвч би сэмхэн бэлдэж эхэллээ. Ямар ч хол юманд явах шинжгүй байж байгаад бүх мөнгөө Холланд руу шилжүүлэнгүүтээ ганцхан гар цүнхээ бариад онгоцны буудал руу нэг л өдөр таксидчихсан юм даа.

Тэнд байгсдын сэтгэл хөдөлсөн хэвээрээ. Ямар гайхалтай үдэш, ямар азтай тохиол вэ? Амьд сонирхолтой түүх дуусаагүй гэж хүн бүр зөнгөөрөө мэдэрч байв. Нээрээ л дуусаагүй байжээ.
-    Ингээд би нутагтаа ирлээ дээ. Санаанд таарах ажил нэг л олдохгүй шинжтэй. Тэндхийн амьдрал маань ч надад бас муу зан сургажээ. Ийм бага мөнгөөр ийм их ажиллана гээд бодохоор л тун хэцүү санагдаад л. Мөнгө гэдэг өдрөөр бүү хэл цагаар үрэгдээд байдаг. Одоо яах вэ?
Сонсогчид нь ч бас “Яах вэ?” гэсэн харцаар өөд өөдөөсөө харлаа. Хамгийн сонирхолтой хэсэг нь өндөрлөчихлөө гэдгийг  тэд ч бас тааваарлажээ. Нам гүмхэн, тайван амгалан Холланд бол Америк биш ээ.
-    Гэнэт надад нэг санаа төрлөө. Хуучин ажлаа энд хийж үзмээр санагдаад явчихав. Тэгээд орон нутгийн нэг жижиг сонинд “Захиалгаар хүн ална. Хөлс мөнгөнийхөө хагасыг урдчилж авна” гэсэн зар тавиад утсаа өгчихлөө.
Тэнд байгсдын хүндэтгэл болоод сонирхол илт буурч ирлээ. Хөлсний алуурчинтай цуг ууж яриаг нь сонсох тийм ч таатай зүйл биш ч юм шиг.

-    Гэтэл над дээр захиалагч ирсэн шүү! Харин би яасан гээч? Мэдээж гүйцэтгэх гэж буй хүнийхээ нэр, хаяг, нас хүйс, ажил зэрэг бүрэн мэдээллийг аваад хагас мөнгөө ч урдчилгаанд авсан. Тэгээд л яг Америкад байсан шигээ хийж эхэллээ. Гүйцэтгүүлэгчийнхээ араас мөрдсөн, хянасан, хаагуур хаагуур явдгийг нь, хаана хэнтэй уулзадгийг нь, хэнтэй найзалдгийг нь, юу сонирхдгийг нь гээд л бүгдийг нь судалж, мөрдөж тогтоосон. Хэзээ, хаана, хаанаас хэрхэн буудахаа ч нарийн төлөлвлөв. Нэг үгээр хэлбэл бүхнийг ном журмын дагуу хийсэн гэхэд бараг болно. Харин би хий буудсан!
Сонгсогсдын түрүүчийн их хүндлэл нэгэнт оргүй алга болжээ. “Өө чааваас”.
-    Захиалагч хүрч ирээд надад уурлаж, хараал зүхэл урсгаж, цамнаж гарлаа. “Мөнгөө буцааж авна!” гэв. Би “өгөхгүй” гэсэн. “Яагаад?!” “Яагаад гэвэл би хагас ажлаа хийсэн! Би гүйцэтгэх гэж буй хүнээ зөндөө судалсан, араас нь сэм мөрдсөн, маш их хөөцөлдсөн. Үүнд чинь бас их цаг зав, мөнгө орно” гэж би учирлав. Захиалагч маань намайг эгээ л мангуу амьтан харсан мэт гайхашран хараад дахиад л цамнаж эхлэхэд нь би буугаа гаргаж ширээн дээр тавиад (тэр энэ үйлдлээ хийж үзүүлэв) “Энэ удаа харин буу минь сумтай!” гэж ноцтой хэллээ. Тэр хөлөө нэг дэвсэлж аваад арилаад өглөө. Дараахан нь гэтэл бас нэг захиалагч ирсэн шүү. Хамгийн сонин нь тэр, миний анхны захиалагчаас утсыг  минь олж авсан байв. Дараа нь гуравдахь, дөрөвдэх ... захиалагч ирсээн. Би яг л саяын ажлаа хийж, захиалагчдаа яг л түрүүчийн тайлбараа тавиад буугаа гаргаж ирээд “Энэ удаад бол харин сумтай” гэдэг юм.
Сонсогчдын арай хол сууж байсан нь түүн рүү давшилж суухаа нэгэнт болиод харин ч зайгаа барьж эхлэв. “Эр хүн шиг биш, шударга бус, хаашаа ч хүн бэ дээ, яасан?”

- Одоо ч гэсэн над дээр захиалагч нар ирсээр л байдаг юм. Би яг л эхний захиалагч-д хандсантайгаа адилхан л тэдэнд яг тэгж ханддаг. Би хагас ажлаа хийсэн, тийм биз дээ, хагас мөнгөө л авч байна. Харин хэн ч миний араас хянах өөр нэг алуурчин хөлсөлдөггүй. Ийм юм манайд байхгүй. Манай Холланд ямар Америк биш ээ.
Ерөнхийдөө яриа дууслаа гэдгийг одоо бүгд мэдэрч байв. Яахав дээ, нэг тиймэрхүү л юм. Сайн эр ч гэж дээ,зальжин завшигч бус уу. Гэвч бүх юм хараахан дуусаагүй байжээ.
-    Одоо би нэг хэргийг гүйцэтгэх учиртай. Настай тохитой эр эм хоёр. Хоёуланг нь гүйцэтгэнэ. Одоо тэр хоёр үүгээр явж өнгөрнө. Хөөрхий, тэр хоёр амьдралдаа хорхой ч алаагүй улс гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ ийм хүмүүсийг ч бас захиалдаг юм. Эд хөрөнгө, эсвэл даатгалынх нь мөнгөтэй холбоотой биз. Эрхмүүд ээ гээд тэр гар буугаа аваад босч цонх руу очиход бүгд араас нь дагав. Баарны үйлчлэгч ч бас лангуугаа орхиод тэдэнтэй нийлэв.
-    Эрхмүүд ээ, хэрэв та нар хүсвэл би ажлаа хэрхэн гүйцэтгэдгээ та бүхэнд сонирхуулж болох юм гэж алуурчин хэллээ.

Тэр, цонхыг гар бууны ам багтах төдий онгойлгоод буугаа шагайв. Бүгд шагайсан зүгт харвал гэр бүлийн бололтой хоёр хөгшин явган замаар айсуй. Алуурчин гар буугаа шагайсаар. Хөөрхий дөө, ингэтлээ шалдаа буух гэж. Цагтаа уг нь цалгиж явсан юм сан. Нью-Йоркийг Чикаготой нь чичрүүлж явсан эр сэн. Гэтэл өдгөө, хөөрхий дөө, Холландын нэг муу нэр усгүй шахам жижигхэн хотхоны хямдхан уушийн газарт. Ар шил рүү нь пиво ханхлуулан амьсгалах гүзээ нь унжсан хэн ч биш хэдэн эрийн дунд. Амьдрал аа гэж, ингэтлээ дор орох цаг ирдэг л юм байна.
Явган замаар мөрөөрөө гэлдрэх хоёр хөгшин цонхны цаагуур хамгийн ойрхон өнгөрөхөд алуурчин гохоо дарлаа. Шол! хийх чимээ гарав. Дахин гохоо дарахад дахиад л шол! хийв.
-    Эрхмүүд ээ, ингээд л гүйцлээ! гэж тэр хэлэв. Ард нь зогсож байсан хүмүүс чимээгүйхэн таран одоод баарны лангууны ард суухдаа бүгд түүнээс зай барьж холдосхийн суужээ. Одоо тэдэнд тэр нэг л олиггүй, өөдгүй хүн шиг санагдах тул нэг нь ч түүн рүү харсангүй, бүгд дор дороо бодлогошрон өөр өөр зүгт ширтэнэ.

Л.БАТБАЯР сэргээн санаж орчуулав.

3 – 12 – 2011.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.