04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

ЯГААН ЦЭЦГИЙН БАГЛАА-Багын дурсамж

5-р ангидаа нэг шарлав аа, хөөрхий. 1969 онд гэсэн үг. Манайхан ер нь нэлээд шарладаг бололтой юм. АНУ-д “тодорсон” нэг “хувийн” бөгөөд “ардын” эмч монголчуудаа үзэхдээ судсыг нь бариад “Өөрөө шарласан уу?” гэж асуугаад авч байна гэсэн. “Манайхан ер нь л шарласан байдаг болохоор” гээд л Ди Си орчмын монголчууд шуугисан. Тэр эмчийг “юм мэддэг” хүн болох гэж хэрхэн “оролдсоныг”.
Гадаа сайхан дулаан орчихсон байсан. Байрныхантайгаа “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд сагс үзээд. Тэр үед ер нь үнэгүй юм их байжээ.

“Хоршооллын” заал руу ямар ч билет милетгүй зүгээр л free яваад орсон чинь “Алдар”, “Хөдөлмөр”-тэй тоглоод л. “Алдар” бол ойлгомжтой. Спортын бүх төрөлд мундаг байсан.

“Алдарын” 6 дугаартай Өөжгий хэмээх Өлзийхутагийг  бид шүтдэг байв. 14 дугаартай Чоён бол нэр нь ч, нуруу нь ч нээрээ л нэг сагсчин байхаар төрсөн хүн. 9 дугаартай Хүрлээ ч бас онцлог тамирчин. Булангаас “зоохдоо” гарамгай. “Алдарт” яаж муу хүн байх вэ. 8 дугаартай Бүдүүнкэ ч бас л мундаг. Ингээд хамгийн мундаг “Алдарын” тоглолтыг үзсэн бидний сэтгэл хөдөлж байрныхаа гадаа зад сагсдлаа. Төмөр шонд 75-ын дугуйны төмөр цагираг бэхэлсэн шийтэндээ. Зад сагсдчихаад хөлс, шороондоо хутгалдсан амьтан гэртээ орж ирээд шээтэл ... цусаар шээв. Би маш их айж цочирдсон.
-    Аав аа, ээж ээ, би цусаар шээлээ! гэж хашгиран гарч ирэхэд манайхан бүгд сандрав. Хөөрхий зураач ах маань намайг тайвшруулах гэсэн үү, өөрөө тэгж итгэхийг хүссэн үү:
-    Үгүй ээ, энэ жорлонд улаан будаг асгачихсан байсан юм биш үү гэж нэг үзээд
-    Үгүй ээ, жорлонгийн усанд улаан зэв байж гэж бас нэг үзэв. Тэгээд тэд намайг “Одоо шээ!” гэв.

Аав, ээж, ах гурав миний муу боожгой руу харж байхад би хүчилж байж ахиад жаахан “цус” гожгодуулав. Ингээд улаан будаг, зэв биш нь батлагдаж, эмнэлэг, түргэн болоод явтал шарласан нь нотлогдов. Би үргэлж орондоо хэвтээд л. Янз бүрийн ховор зэвэр юм хадгалж байдаг айхтар айлууд байдаг даа, тийм нэг айлаас олж ирсэн хятад байцааны шүүс ууж, махан хоол, 30-ийн чихэр идэх эрхээ хасуулав. Гэтэл шар гэдэг хятад байцааны шүүс уугаад эдгэдэг өвчин биш юм билээ. Шээс сайхан цайвар шаргал гарах авч гэртээ бараг сар хэвтээд дахин эмчид үзүүлэхэд “Бүхэл нь их хэвээрээ байна” гээд намайг эмнэлэгт хэвт гэв. Гандангийн дэнж дээрх 2 давхар хуучин цагаан байр. Манай палаатанд 7-р ангийн Зориг, 9-р ангийн Чука, ТМС-ийн Дугар зэрэг том хүүхэд, 1-3-р ангийн багачуул ч байв. Яг зэрэгцээд шилэн цонхтой хананы цаана охидын палаат. Хамгийн том нь Юмчмаа гэж сонин нэртэй 7-8-р ангийн охин байсан. Манай Чука:
-    Юмчмаа! гэж хашгирах мөртөө бидэн рүү нүдээ ирмэж:
-    Энэ муу Юмчмаа одоо өөрийгөө хөөрхөн болохоор залуучууд өдөөд байна гэж бодож байгаа, одоо! гэж даналзах, даапаалахыг хослуулан том том “баадаг” сан.
Богинохон, ёстой л хүүхдийн ортой. Чукагийн бүү хэл миний хөл илүү гараад байгаа юм чинь. Лав 3 эмч байсан санагдана. Намайг орос эмч үздэгт би их дуртай байв. Манай монголчууд л болсон хойно өрөвч гэж юүххэв.
-    Хөөрхий, энэ орос хүүхэн, ийм сайхан амьтан! Энэ хол бөглүү, бүдүүлэг газар, нөхөр, хүүхдээсээ хол, ёстой хэцүү байдаг байх даа, хөөрхий гэж эхлээд л

-    Хөөрхий минь, одоо харин ч овоо дасаад гайгүй болоод байгаа юм. Анх ирсэн жилдээ бол, ёстой хөөрхий, нутгаа санаад, гэр орноо санаад цонхоор хараад л уйлаад зогсчихдог сон. Ёстой өрөвдмөөр шүү. Үгүй, ямар сайн байхав дээ. Тэр гоё газраас (Москваг хэлжээ) энэ муухай бүдүүлэг Монголд! Аргагүй ш дээ, хөөрхий гэлцдэг сэн.
Нээрээ л эмнэлгийн цонхоор харахад Гандангийн дэнж тэр чигээрээ нэвсгэр гэр хороолол.  Нэрийг нь Нина Петровна билүү, одоо мартжээ, залуухан сайхан орос хүүхэн. Цайвар шаргал царайтай, давхраатай том цэнхэр нүдтэй, уртаа гэгчийн сормуусаа дэрвүүлсэн, гунхсан гоолиг өндөр нуруутай. Биднийг үзэхээр палаатанд ороод ирэхээр л тэрүүгээр нэг анхилуун үнэр анхилаад л. Ёстой л “ийм сайхан амьтан”. Би эмчийгээ баярлуулсаан, хөөрхий. Яаж гээч? Эдгэрч! Бие минь сайжраад гарах дөхөж байх үед үзээд:
-    О-о, чи-и одоо-о зугеер, зугиер! гэж жаргалтай инээд алдан хэлдэг сэн.
Хөөрхий дөө, хаа хамаагүй нэг монгол хүүхэд шар өвчнөөсөө салж эдгэрч байгаа нь тэр орос бүсгүйн Монгол дахь амьдралын магад хамгийн баяр жаргалтай хэсэг нь байсан биз ээ.

Сайхан оросууд мөн ч байсан юм шүү. Одоо зүгээр л нэг их зах зээл ярьсан, нэг их англи үг хавчуулсан залуус “Энэ муу, муухай оросууд” гэж ирээд л шүлсээ үсэргэдэг болж. Үгүй ээ, бидний төлөө Оросууд хэдэн үеэрээ явсан. 17-18 жилийг хүний амьдралын нэг үе гэж үздэг. Алахдаа ч алсан биз, ачлахдаа ч бас л ачилсан шүү. Та нар бод доо, Халх голын дайнд орос цэргүүд, монгол цэргүүдийг “Та нар окоптоо байж бай. Бид нар дайраад оръё” гэдэг байжээ. Та нар тэгээд бод доо! Яахав, тэр соц. эдийнзасаг нь буруу байж, Лениний сургаал мөнхийн биш байж, тийм нарийн юмыг нь жирийн үнэнч шударга оросууд, Зөвлөлт ах нар маань тэр үед нь яаж мэдэх юм бэ? Лав л тэр орос эмч намайг эдгэрэхэд үнэхээр баяртай, жаргалтай байсан. Хүн юмыг нэг биеэрээ мэдэрдэг дээ. Нэг хүүхэд эдгэвэл төдөн төгрөгийн нэмэгдэл ч гэдэг юм уу, тийм “зах зээлийн харилцаа” тэр үед бодоожийн байгаагүй дээ. Эдгээж эмчилсэн эмч минь гээд би түүнд нэг төгрөг ч бариагүй.
Хожим 1978 онд СОТ-2 хэмээх Зөвлөлтийн барилга трестэд ажиллаж байхад бидний 10 монгол залуу ажлаас зугтаад барьж байгаа барилгынхаа энд тэнд нуугдаад худлаа яриад тамхилаад суучихна. Бидний араас орос цэргүүд, зөвлөлтийн мэргэжилтэн хэмээх нарийн мэргэжлийн ажилчид хөөцөлдөөд гүйчихнэ. Муур хулгана болж байгаа биш дээ, ямар. Бид “Муусайн орос цэргүүдээрээ хийлгэхгүй, биднээр хамаг хүнд, хар ажлаа хийлгэх гэлээ” гэж үзнэ. Бараг л эсэргүүцэл зарлаж байгаа юм байх аа. Харин оросууд:

-    Та нар ингээд байвал социализмаа хэзээ барьж дуусгах юм бэ? Яахав, та нар нэг цаг ажиллаад, 15 минут сууж амар л даа, тамхиа тат гээд аргадаад л, гуйгаад л, гүйчихнэ дээ. Уг нь Монгол эх орондоо, Улаанбаатартаа барилга бариад байгаа биз дээ, энэ чинь.
Шар тэгээд уйтгартай өвчин. Хэвтээд л байна. Гарах дөхөөд л бага сага явж эхэлнэ. Нэг өдөр Чука Дугар хоёр маань бас надтай адил 5-р ангийн Жаргалсайхан бид хоёрыг зодолдуулж зугаацлаа. Жинхэнээсээ биш л дээ. Бас өөрийн гэсэн дүрэмтэй. Элэг, гэдэс рүү цохихгүй. Тэгэхээр зөвхөн толгой, нүүр рүү цохих болж байгаа юм. Бид хоёр жаал “боксдоод”  2-р ангийн хоёр хүүг бас “боксдуулав”. Нэг нь сүрхий дайчин юм. Нөгөө муугаа буланд шахаад баллах нь ээ. Монгол хүний доройг нь өмөөрдөг өрөвч зангаар Чука маань:
-    Өлгө, өлгө! гэж хашгиран “дасгалжуултал” харин нөгөө дийлж байсан хүү, овсгоотой ч монш юм, өрсөөд өлгөчихсөн чинь дорой хүүгийн хамраас цус садруулчихав. Хүү уйлж, бид ч сандарч байтал орос эмч маань ороод ирэв. Бид ч айж, дасгалжуулагч боксчингүй дуугаа хурааж орнуудаа бараадав.
-    Юу болов? Яасан? гэж Нина Петровна монголоор орос аялгаараа хэлээд нүдээ дүрлийлгэв. Гэтэл нөгөө уйлагч хүү:
-    Ий-ий, Бат-ба-яр Жа-ар-р-гал-л-сай-ай-ай-ай-хан-н-н гэж уйлан ховлох нь тэр.

Гай болоход эмч маань Батбаяр гэдгийг нь сайн ойлгоод уйлан гацаж орооцолдож хэлсэн Жаргалсайханыг нь ойлгосонгүй.
-    Бад-ба-яар? гээд над руу, гэхдээ муухай хараагүй ээ хөөрхий, давхраатай том цэнхэр нүдээ бүр дүрлийлгэв. Би тун ч эвгүй байдалд орлоо. Уг нь би тэр хоёрыг зодолдуулаагүй, Чука Дугар хоёрын хийсэн ажил. Гэтэл тэр хүү тэр хоёроос айсан байх, над руу чихчих нь тэр. Ядаж байхад ханиндаа унасан бол арай дээр байхгүй юу. Гэтэл Жаргалсайхан гэснийг нь эмч маань ойлгосонгүй. Би тийм сайхан ачит эмчийнхээ нүдэнд жоохон хүүхэд зодож цусыг нь садруулсан муухай амьтан болж харагдлаа гэхээс сэтгэл жигтэйхэн тавгүйцэж билээ. Өнөө Бад-ба-яар чинь бие нь сайжраад ирэхээрээ өөрөөсөө жоохон хүүхэд зодож цус нөжтэй нь хутгаад. Ийм муухай хүүхэд байсан хэрэг үү, аан? Тэгээд л би чинь орос хэл сайн мэддэг байсан бол хэлээд тайлбарлачихгүй юу гэж бодоод л, орос хэл сайн сураад л ... за-за, тэгж худлаа бүлтрээд юүххэв. Наргиа, наргиа.
“Ягаан цэцгийн баглаа” руугаа одоо оръё. Тэнд бас нэг сайхан хүн байсан нь асрагч эгч. Бор царайтай, гэхдээ тийм муухай хар бор биш, их гоё зохисон бор. Давхраатай алаг нүдтэй, хамар ам хамаг юм нь их зохицсон тэгш хэмтэй, сайхан урт хар гэзгээ бүдүүн гэгч нь хоёр сүлжчихдэг, ер нь их сайхан эгч. Залуухан, 20 гаруйхан настай л байсан болов уу. Зан ааш их сайхан. Бүх хүүхэд түүнд сайн. Эгч ээ, эгч ээ гээд л, үгэнд нь орно гэж юүххэв. Тэр эгчийн ээлжтэй өдөр бид палаатандаа аль болох хог тарихгүй цэвэр цэмцгэр байж, тэр эгчийнхээ ажлыг хөнгөлөхийг хичээдэг сэн.

Сайхан хүнд хүмүүс сайн байдаг юм байна гэсэн “гүн ухааны нээлт” надад тэгэхэд анх төрсөн болов уу.  Тэр эгч зөвхөн сайхан байгаад тогтоогүй. Намайг анх хэвтэхэд л хуучин хүүхдүүд тэр эгчийг гоё ном ярьдаг, нөгөө гоё номоо ярьж өг л дөө, одоо нэг ярих болсон ш дээ гээд л байдаг байсан юм. Эгч жаахан цааргалаад л, та нар өөрсдөө үгэнд сайн орохгүй байж  гээд л. “Ямар ном юм бэ?” гэж сониучирхвал хуучин хүүхдүүд: “Ёстой гоё ном. Ёстой гоё ном” гэлцэнэ. “Алив, та нар надад яриад өг л дөө” гэж адгавал “Үгүй ээ, эгч ёстой гоё ярьж өгдөг, эгч ёстой гоё ярьж өгдөг” гэлцээд л. Юм гэдэг аргагүй л нэг цаг хугацаатай байдаг юм санж. Бид ч хэрээрээ л хичээж, асрагч эгчийнхээ үгэнд шувт ороод палаатандаа цэвэрхэн байсны нэмэр ч бас орсон байх, нэг үдэш гоё эгч маань аз болоход яг миний зэргэлдээх орон дээр сууж байгаад “Ягаан цэцгийн баглаа” хэмээх нөгөөх гоё номоо ярьж, бид ч ёстой том жижиггүй амьсгаа даран сонсож билээ. Даанч он цагийн эрхээр тэр зохиолыг таг мартжээ. Нэг тийм тагнуултай, адал явдлын зохиол байсан. Сайхан зүс царайтай шигээ бас саруул ухаантай төржээ. Маш цэгцтэй, оновчтой, уран гоё ярьсан.
-    “Ягаан цэцгийн баглаа” хэмээх манай тагнуулын нууц ажиллагаа үүгээр төгслөө гэж ирээд л ярьсан. Түүнээс бус:
-    Аа тийм, өө тэгсэн чинь бас ингэдэг юмаа, аа тэгсэн чинь бас нээрээ тэрнээс өмнө бас ингэдэг юм байна ш дээ, нээрээ тийм энэ тэр гэж домброктоогүй шүү.

Хоёр салаа бүдүүн хар гэзэг нь өвөр дээр нь сул унжсан тэр сайхан эгчийг асрагч гэхэд итгэмээргүй байсан шүү, тэгэхэд. 5-р анги хүртэл бүү хэл 10 төгстөлөө зохиолыг тийм гоё ярьдаг багштай би л лав тааралдаагүй.
Амьдрал аргагүй л гоё зохиол биш юм даа. Ягаан цэцгийн баглаа биш юм. Шарласан хүүхдүүддээ аав, ээжүүдийн авчирч өгдөг гол эргэлт – компот. Тав, хорийн (5 төгрөг 20 мөнгө) яавлагны (алимны) компот хамгийн онцгүй нь. 7.25-ын абрикосын, 6.75-ын персикийн компот гоё. Улаанбаатарын хүнсний дэлгүүрт тэр үед ийм л гурван компот байсан. Харин нөгөө ухаантай бөгөөд гоё эгч маань бидний компотыг “буудна”. Нэгний маань халбагаар. Шар өвчин халдчихдаггүй юм байх даа гэж өмнөөс нь айх, гайхах зэрэгцэх нь ажиллагсдаа вакцинжуулдгийг нь мэддэггүй байсных. Тэр үед л надад гоё эгч маань нээрээ л хөөрхий асрагч юм байна даа гэж бодогдоод, эмч сувилагч нарыг харчих вий гэсэндээ өвчтөн хүүхдүүдийн компотоос нууцгайхан “цохиж” байгааг нь хараагүй мэт болж, харахыг ч хүсэхгүйдээ бүр буруу хардаг сан.
Амьдрал гэдэг ягаан цэцгийн баглаа биш ээ. Бас уранзохиол, жүжиг, кино ч биш.

Гэтэл тэр эмнэлэгт бас нэг асрагч эмэгтэй байсан нь ёстой л нөгөө зохиол, кинонд гардаг эсрэг талын баатар, муу муухай дүр гэсэн үг ээ. Бүх талаараа сайн талын баатар – орос эмч, гоё асрагч эгч хоёроос эрс тэс ялгаатай. Яг эсрэг дүр шиг. Эмч, гоё асрагч хоёр маань  жигтэйхэн гоё сайхан хүмүүс байхад тэр асрагч баахан царай муутай, пэлбийж палбайсан эв хавгүй зүс царайтай, тэр хоёр маань гоолиг сайхан биетэй, өнөөх чинь учир утгагүй бүдүүн пэндийсэн, орос эмч маань тасалгаа палаат дүүрэн тансаг үнэртэн анхилуулсаар орж ирдэг байхад пэндгэр бүдүүн хаа явсан газраа хөлс, хир, хулмас ханхлуулна. Бидний хайрыг татсан хоёр гоё эмэгтэй маань нэг нь Сергей Есениний
Хороша была Танюша, краше не было в селе...
нөгөөх нь Явуугийн
Хөөрхөн бор монгол бүсгүй
Хөдөө талын цэнхэр яргуй...
Сайхан бор монгол бүсгүй
Саран дорх үрийн бүүвэй...
байхад хулмаст пэндгэр мээсний (местный) орос. Түүний энэ хаанахын ч биш, хэн ч биш үндэс угсаа нь хүртэл биднийг эгдүүцүүлдэг сэн.
Соц. уралдааны оноо балл, санал гомдлын дэвтэрт бичсэн үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл зэрэг нь тэр цагт байгаагүй “зах зээлийн урамшууллыг” орлож байв.

Эдгэрээд гарахдаа бүх хүүхэд “Санал сэтгэгдлийн дэвтэр”-т эмч, сувилагч нартаа болон гоё асрагч эгчдээ баярлаж гялайснаа дэлгэрэнгүй гэгч нь бичээд, хулмаст пэндгэрийг бидэнд хэрхэн муухай үйлчилж, муухай зан удаа дараа гаргасныг “Асрагч Лида намайг араас тагнуул шиг даган...” гэхчлэн бүр ч дэлгэрэнгүй бичдэг тогтчихсон “хуультай” байсан. Нэг өдөр Лида маань манай палаатны цонхыг угаалаа. Одоогийн залуус шил арчигч бодис шүршээд угаачихсан гэж ойлгох вий дээ. Дулааны улирал ирэхэд тэр үеийн Улаанбаатарынхан цонхоо угаана гэж амь, албагүй том ажил болдог сон. Цонхны завсрыг таглаж жонхуудан наасан цаасыг сайтар норгож байгаад хусч хуулж авна. Хоёр цонхны завсрыг битүүлсэн, шороо тоосонд битүү дарагдчихсан дулаалгыг авч хаяад тэрнээс нэг их дутуугүй тоос шороонд дарагдсан гадна, дотно хоёр давхар цонхны шилүүдийг гадна дотногүй угаана. Цонхны шилийг савантай усаар угаагаад сонины цаасаар хаттал нь зүлгэнэ. Мөн ч олонхон сонин зарлагадсан, удаан хөдөлгөөнтэй, ажилд муу хүн-д бол өдөржингийн ажил. Лида эгч үнэхээр сайхан угаасан. Намрын сэрүү орохоос аваад хаврын урин сайн ортол хагас жил гаруй гадна, дотногүй дөрвөн давхар шороо тоосонд дарагдсан байсан цонх шилтэй үгүй нь мэдэгдэхгүй гялалзаад тунгалаг цонхоор манай палаатанд гэрэл гэгээ орж ирж байна гэж юүххэв.
-    Баярлалаа, Лида эгч ээ, Та ёстой сайхан угаалаа гэж Чука хэлэв. Бид цөм дор бүрнээ баярласан талархсанаа илэрхийлэв. Баярлалаа гэж Чука дугарчихаад байхад чинь бид бүдүүн хүзүүлээд юүххэв дээ. Биднийг баярлуулсандаа Лида эгч баяртай байсан ч:

-    Өө эгчид нь ямар сайн нэр байх биш. Та нар харж л байгаарай. Эгч нь орой гэхэд загнуулаад л зогсож байна гэв. Нээрээ л тэглээ. Цонхны шилний нэг дөрвөлжин нь цуурчихсаныг тасгийн эрхлэгч эмч гярхай гэгч нь олоод харчихжээ.
-    Нэг юм хийх гээд нөгөө юмыг эвдэж байдаг. Ёстой чи нээрээ дүүрчихсэн бүтэлгүй амьтан шүү! Одоо энэ цонхны дөрвөлжинг шиллүүлэх гэж бөөн ажил! гэж эрхлэгч нөгөө муу Лидаг толгой түрүүгүй загнаж байхад нь хоёрхон цагийн өмнө өөрийнх нь хэлж байсан санагдаж, тэгж яривал яг Лида эгч тэр шилийг цуулсан ч юмуу, угийн цуурхай байсан нь зузаан тоосон дор мэдэгдэхгүй ч байсан юм билүү гэж хөөрхий тэр эгчийг өрөвдөн өмөөрхийн сацуу хувь тавилан гээч юм байдаг юм байна, зарим хүн ийм муу заяатай байдаг юм байна гэсэн, балчирхан ухаанд минь их л томдсон “гүн ухааны эрэгцүүлэл” надад тэгэхэд анх төрж билээ. Анх төрж билээ л гэх юм, чи яаж мэдэж байгаа юм гэж үү? Анх төрсний баталгаа нь одоо хүртэл сэтгэлд минь хадагдан үлджээ. Харин энэнээс багадаа ийм бодол төрж байснаа санахгүй байгаа юм. Би гарахдаа Лидаг эгчид бас талархсанаа бичсээн. “Цонх сайхан угаасан Лида эгчид баярласан” гээд.

Л.БАТБАЯР
10 – 2 – 2010.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.