04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ЦАГЛАШГҮЙ СЭТГЭЛИЙН БАЯР ХӨӨР

(АНУ-ын нийслэл дэх Монгол Сургуулийн Шинэ Жилийн Баяр)
2012 оны 12 сарын 22-ны Бямба гарагт АНУ-ын Нийслэл дэх Монгол Сургууль Шинэ Жилийн баяраа тамдэглэлээ. 3 цагт Монгол Сургуулийн зааланд багтахгүй олон хүн цугласан байв. Гүйцэтгэх захирал Ганбат санаа зовсон шинжтэй: “Өнөөдөр манай сургууль  хичээлээ жирийн өдрийн адилаар ном ёсоор нь хийгээд саяхан дууссан тул хүүхдүүд маань ёолкдоо бэлдээд гоёлын хувцсаа өмсөж байна.

Та нарыгаа жаахан хүлээлгэж байгаад уучлаарай” гэж байв. Өө, бид уучилна аа, уучлалгүй яахав, энхрий бяцхан үрсээ бол энэ байтугай юман дээр уучилна шүү дээ. Тайзыг эгээ л жүжиг тоглох гэж буй мэт засч чимэглээд таазаа ч орхисонгүй, монгол гэрийн тооно өлгөж унийг нь олон өнгийн бөсөөр орлуулжээ.

Тайз гэрэлтэй, танхим бүдэг, харанхуй талдаа, нээрээ л тэд маань жүжиг бэлджээ. Ханхүүг эмгэн шулам харааж, аймшгийн муухай мангас болгон хувиргадаг, хөөрхөн ач охин нь хайртай өвгөн аавынхаа оронд мангас – ханхүүгийн ордонд сайн дураараа хоригддог, тэгээд үлгэрийн сайхан хайр дурлалын хүчээр үзэшгүй муухай мангас эргээд үзэсгэлэнт сайхан хан хүү болон хувираад ухаалаг хөөрхөн охин маань хааны хатан болдог, Холливудын зурмал кино ч байдаг даа, манай Монгол Сургуулийнхан маань багш шавьгүй эрвийх дэрвийхээрээ хөдөлж  энэ том “сэдвийг” зориглон  барьж авчээ. Сэтгэл нэг л хөхүүн баяртай. Бага нас минь санагдана.

1-р сургуулийн заал. Өвгөн, хуучин 1964 он яваад л, шинэ залуу 1965 он ирээд л энэ тэр. Сэтгэл нэг л баяртай. Цаглашгүй сэтгэлийн баяр хөөрт өөрийн мэдэлгүй автагднам. АНУ-ын нийслэл орчимд Монгол Сургууль байгаад, энхрий бяцхан үрс маань Монгол Сургуульдаа яваад монгол хэл, соёлоо таньж мэдэж байгаад, тэдний ёолк  ийм нижгэр болж буйд, танхимд багтахгүй олон хүн цугласанд, тэдний дотор монгол эхнэртэй америк эрчүүд болон монгол хамаатантай “гадаад” америк хүмүүс байгаад, тэд манай Монголын тухай илүү сайн мэдэж авч, энэ ёолк тэдэнд мэдээж таатай сайхан санагдаж байгаад нь, үй олон эцэг эх, ах эгч нь Никон, Канон зэрэг сүр, сүр аппаратаараа энд тэндгүй зураг авч, видео бичлэг хийж буйд, бүр тэгж яривал UMON телевизийнхэн ирж, сурвалжилж, удахгүй энэ ёолкийн тухай нэвтрүүлэг манай Монголын нэг ТВ-ээр гарах учраас, бас бүр саяхан үүссэн ФМ-ийн сэтгүүлч эмэгтэй бас ирсэнд, магад энэ тухай АНУ-ын Зүүн Эрэгт саявтар бий болсон ФМ радио станцаар мэдээлэл – нэвтрүүлэг цацагдана гэдэгт, а-я-я, тэртээ нэгэн цагт зөвхөн манай 1-р сургуулийн ёолкийг зурагтаар нэвтрүүлж, радио нэвтрүүлэг хийсэн бол ер юу гээч болох байсан бол оо, ухаан санаанд багтахгүй хэрэг болох байсан буй за.

Сэтгэл нэг л баяртай. Энхрий бяцхан үрсийн маань ёолк ийнхүү дуутай, хууртай, хөгжимтэй, бяцхан хөгжимчидтэй, бас бяцхан дуучидтай, бүжигчидтэй, бүр ингэж гоё жүжигчилсэн, театрчилсан болж байгаад, хамгийн гол нь хайрт үр хүүхдүүд маань бидэндээ цаглашгүй сэтгэлийн баяр хөөрийг авчирч байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байгаад нь ... эсвэл өөр юунд ч юм бэ, багш нар нь ингэж эрвийх дэрвийхээрээ бэлдсэнд нь, гүйцэтгэх захирал Ганбат далайн дээрэмчин “болсонд” нь, Хандмаа, Дээгий, Цолмон багш нар үзэсгэлэнт эрвээхэй гүнж болж хувирсанд нь, хөгжмийн багш Отгоо хааны албат “болсонд” нь, бусад багш нар маань ч дээр дурдсан Холливудын үлгэрийн баатрууд болсонд нь, биеийнтамирын багш Отгонбаяр үзэгчдийн дунд энгийн хувцастай хэнэггүй явж байгаад нь ... өөр юунд ч юм бэ, сэтгэл нэг л баяр хөөртэй, аз жаргалтай, санаа сэтгэлд хадагдан үлдсэн сайхан ёолк болсоон. Цаглашгүй сэтгэлийн баяр хөөрийг авчирсан нь манай Монгол Сургууль дээр энэ ёолк болж буйд юм, монгол хүүхдүүдээ монголоор нь авч үлдэх эрхэм нандин, ёстой жинхэнэ эх оронч сайхан сэтгэл зүтгэлтэй багш нар маань Монгол Сургуульдаа ажиллаж байгаа  учраас юмаа.
                  
Л.БАТБАЯР
                 
12 – 24 – 2012.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.