04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Азтай Чалидзе

Зөвлөлт Гүржийн яруу найрагч Отар Чалидзегийн бага нас аз жаргалтай өнгөрчээ. Ахмад большевик эцэг нь нөхөр Сталинтай хамт, Сталин тэр үед Сталин болоогүй, Коба байхад дайчин замналаа эхэлсэн хүн юм санж.  Түүгээр нь үр хүүхдүүд, төрөл садан нь төдийгүй тосгон даяараа ихэд бахархдаг байлаа.  Эцэг Чалидзе ид залуудаа Кобатай, үгүй ээ, хувьсгалт нууц бүлгэмд “Капитал”-ыг судлаж байгаад танилцсан юм биш, Коба, Камо (Петросян) нарын толгойлсон дээрэмчний бүлэгт ижилдэж явжээ.  Тэр үед тэд большевик бус, аль тааралдсанаа талдаг дээрэмчид байв.  Хожим Коба хувьсгалчидтай танилцаж, дээрмийнхээ олзноос намдаа хандивладаг болсон нь хэдэн жилийн дараах явдал.  Тэдэнд нэг удаа аз таарч, Батуми-д усан онгоц дээрэмдэхэд том юман дээр буужээ.  Кобагийн бүлэг хөөрч баяссан нь тоймгүй, гэтэл тэр олзноос хэсэг мөнгө алга болж, нэг залуухан гүржийг авчихлаа гэж сэжиглэжээ.  Бүлгийн толгойлогчид тэр залууг алах шийдвэр гаргаад, Коба, нэгэн цагт Шота Руставели “Барсан хэвнэгт баатар”-аа зохиосон аялгуу сайхан гүрж хэлээрээ уянгалуулан шүлэглэж хэлсэн нь:

- Анд минь чи сонс

Ардын ухаан сургадаг

Амьдралын үнэн баталдаг

Анд мэт явагч хулгайч

Алалдах дайснаас ч аюултай

Өвөрт дүрсэн гарыг

Үтэр тасдах хэрэгтэй

Чухал энэ хэргийг

Чамд итгэж даалгая

Чухам хэрхэн гүйцэтгэхээ

Чалидзе чи мэдтүгэй!

Чалидзе халхгар том гүрж өмднийхөө халаасанд гар буугаа хийгээд, нөгөө залууг тэнгисээр хөвье гэж урьжээ.  Ажиг сэжиг аваагүй залуу завинд үсрэн ороход Чалидзе сэлүүрдсээр эргийн бараа харагдахгүй болоход сэлүүрээ орхиод үсрэн босч ирээд гар буугаа залууд тулгаж:

- Муу нохойн хүү чи үхэх болно! гэж хашгирав. Айж цочирдсон залуу:

- Яалаа гэж тэр вэ?! гэж ориллоо.

- Батумийн усан онгоцны олзноос чи муу новш хулгайлсан!

- Үгүй! үгүй! Огтхон ч үгүй! Би биш! Та нар андуурч байна!

Муухай хар өмднийх нь шуумагнаас зуурч, балиар муухай гутлыг нь үнсэн, завины ёроолыг духаараа түг түг хийтэл мөргөн, гүржийн хамаг Бурхадын нэрийг барин орилон уйлан тангараглах цэл залуухан гүрж хүүг хараад хэдий дээрэмчин ч гэлээ өр нимгэн Чалидзегийн зүрхний уг өөд нэг юм ёгхийгоод явчихжээ.

-За тэгвэл чи ус руу үсрээд Туркийн эрэг рүү сэл! Хэрэв хэлсэн үг чинь үнэн бол Бурхан чамайг аварна.  Харин манай энэ эрэг дээр сүүдэр чинь ч үзэгдэх ёсгүй шүү!

Чалидзе эргэж ирээд хэргийг амжилттай гүйцэтгэсэн гэж Кобад илтгэжээ.

Хэд хоногийн дараа Коба ээлжит дээрмийн бизнесээ ярьж байгаад гэнэ сэрэггүй маягаар “Чи тэр залууг дэмий алжээ.  Нөгөө мөнгө олдсон шүү” гэхэд гэнэн цайлган Чалидзе алгаа ташаад “Би зөв юм хийжээ!” гэж хашгиран лезгинза бүжиг хийчихжээ.  Коба түүнийг гайхсанаа мэдэгдэлгүй харлаа.  Хэрэв тэр үед Коба гайхан харж байсан бол тэр хэзээ ч Сталин болж чадахгүй сэн.  “ Би түүнийг алаагүй.  Тэр хамаг Бурхадын нэрээр тангараглаад...” гээд Чалидзе болсон явдлыг толгойлогчдоо ярьж өгөв.  Цаадах нь юу ч дугарсангүй.

Дугараагүйн хариулт 30 жилийн дараа иржээ.  Эрэлхэг чекистүүд шөнө гэрт нь ирээд гэр бүлээр нь бариад явжээ.  Гэрт байсан бүх хүнийг.  Тэд тэгээд тэр чигээрээ сураггүй болцгоожээ.  Хэн нь ч эргэж ирээгүй юм.

Ингэхэд дээрэмчин-хувьсгалчийн яруу найрагч хүү, бага Чалидзе яасан бэ?!  Тэр үед нэгэнт тодорчихсон түүврүүдээ гаргачихсан байсан уу? Эсвэл гэртээ үлдээсэн ном зохиолыг нь сайн санаат хүмүүс олоод хожим хэвлүүлсэн үү?  Бүр эсвэл Унгарын найрагч Радноди тулалдааны талбарт алагдсан хэвтэхэд нь энгэрийн халаасанд нь түнтийсэн юм байсныг нөхөд нь анзаарч, авч үзвэл шүлгийн дэвтэр нь байж, эл тохиолыг О.Дашбалбар энд тэнд үг хэлэхдээ байнга жишээлж, “Энэ хорвоод Бурхан гээч байдаг юм байна” гэдэгтэй адилхан юм болов уу?  Үгүй дээ, насанд хүрээгүй байсан Отар хүү ус уух ч хувьтай, найрагч болох ч золтой байж, яг тэр шөнө өөр тосгонд байдаг хамаатныдаа хонохоор явсан байжээ.

 

Л.Батбаяр

Сприйнфилд, Виржиния

2005 он

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.