04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН – 2012. ЧИКАГО

11 сарын 10–11-ний Бямба, Ням гарагт Чикагод, АНУ дахь монголчууд Уран Үгсийн Чуулганаа хоёр дахь жилдээ зохиож, би Бямбад болсон Уран уншлагын тэмцээнийг нь сонирхож амжсангүй, Нямд болсон автобустай тойрон аялал, Мичиган нуурын эрэг дэх хорхогтой “халхай палхайнаас” нь ч хүртэж чадсангүй хоцроод, зөвхөн Нямын орой 6-д эхэлсэн Уран Үгсийн Чуулганд оролцож давчхан хугацаанд үзсэн харснаа та бүхэнтэйгээ товчхон хуваалцвал:

Буурал П. Бадарч ах маань нөгөө л “Эхийн тухай шүлэг”-ээ “Есөн эрдэнийн Орон”-тойгоо уншлаа.

Ардын Уран Зохиолч, яруу найрагч хүнийг “Үгүй, Та өөр шүлгээ унш. Та наадуулаа ноднинхон Денверт уншчихсан ш дээ, тэгээд UMON телевизээр ч гарсан” гэлтэй биш дээ хө. Д.Энхболд маань олны өмнө гарч ирээд үг хэлэхдээ манийхаа нэрийг хоёр гурав дурдаад бүр хайр хүргэчихлээ. Нэрээ дурдуулаад хайр хүрдэг, хүн гэж, үгүй хүн ч юу байхав, би ч бас нэлээд нэр төрд дурлагч уу, үгүй юү. Эх Орноос минь уригдаж ирсэн бас нэг хүндэт зочин, яруу найрагч Данзангийн Нямаа маань “гайхалтай, гайхалтай” гэж байгаад гайхалтай сайхан шүлгүүдээ олон түмэнд уншлаа, “Чи яг хэвээрээ байна. Чи бол бас их содон хүн шүү дээ. Чи аль эрт өөрийнхөө ертөнцийг бүтээчихсэн хүн, тэгээд тэр ертөнцөд чинь хэн ч орж чаддаггүй, хэн ч халдаж чаддаггүй байсан. Хүн ер нь өөрийнхөө ертөнцийг бүтээнэ гэдэг бол ...” гэхчлэн надад ч бас гоё үг хэллээ.

Өөрийгөө магтах, эсвэл магтуулах өвчин туссандаа үүнийг дурдсангүй, Дан. Нямаа найрагчийн содон сэтгэлгээ, сонин ажиглалтыг харуулах жишээ болголоо. Б.Галсансүхийг болчимгүй үг яримгүй хүн надад: “За цаадах чинь бол ер нь НЭЛЭЭД хүнд гарын хүн шүү дээ” гэж яриад, би наана нь сүртэй сүртэй юм бодоод, за нөгөө Галсансүх чинь архи уугаад л, агсам тавиад л, “Би Галсансүх байна!” гэж орилж босч ирээд тэрүүгээр нэг зодоон нүдээн хийх юм байна даа, за тэрүүнд нь л өртчихгүй юм сан гэж бодож очсон чинь, хөөрхий минь гэж, ёстой хэвтээ хонь босгохгүй залуу байна. Үнэтэй чанартай гонжоом, ботинк болсон, жигтэйхэн сайхан соёлтой, төлөв төвшин гэж юүххэв, архи уусан эсэх нь ер мэдэгдэхгүй, тэгж сайхан биеэ авч явдаг, нэлээд рок маягийн, нэлээд донжтойхон хөдөлж манго татсан их сайхан залуу байна. Рок маягийн гэж би санаандгүй ч хэлээгүй, Лас Вегас ороод Guns and Roses-ийн шоу үзээд ирснээ бидэнд сонирхуулж, Аксл максл гэж ярьсан рок – поэт ажгуу.

“Энэ Лувсангийн Батбаярыг чи мэдэх үү” гэж Дан.Нямаа маань намайг догионгоо Б.Галсансүхээс асуувал “Мэдэлгүй яахав” гэж соёлтой сайхан хариулаад энэ тэр. “Яруунайргийн фронт командлагч Баатарын Галсансүх” гэж 20-хон насандаа, шүүмжийг хэрхэн бичихийг бидэнд заасан С.Энхбаяраар цоллуулж явсан тэр авьяаслаг найрагч намайг мэдэж байна гэж баярлаад зогсож байсан чинь харин бүр “Бурханд хэлэх зөвлөгөө. Пост панк шүлгүүд” гэсэн дабл си ди-гээ надад бэлэглээд.

Өөрийнх нь тухай анх юу бодож очсоноо санаад ичсэн гэж юүххэв, юүххэв. Улаан нүүр минь халуу шатаад явчихсан шүү, та минь ээ, улс амьтанд ярьчихаагүй нь л их юм, чи минь. Чикагогийнхан түүнийг “Үнээдэй нютаг”-аа уншаач! гэж хашгиралдаад, яруу найрагч хүний зан юм байлгүй, өөр шүлэг уншсаар байгаад дуусгав. Би Төмөрийн Дашбалданг “Хар Монгол” зэрэг их гоё шүлгүүдээ уншина гэж хүлээж байсан чинь бас л яруу найрагч хүний зан юм байлгүй, шал өөр эх орон гэсэн шүлгүүдээ унших юм. Гомпилдоогийн Мөнхцэцэг Монголын Зохиолчдын Эвлэлийн Гүйцэтгэх Захирал – дарга гэсэн, яруу найрагч гэдэг хэзээ ч яруу найрагчаараа л байдаг юм байна, “Хулгайлна даа” зэрэг (хүний гар утас ч юмуу түрийвчтэй мөнгө щётокдох гээд байгаа юм биш, бодвол өөрийнх нь өрсөлдөгч бололтой нэг гоё хүүхний нөхрийг нь үү, эсвэл хайртай хүнийг нь л хулгайлах тухай) эвгүй, эвгүй шүлэг уншсан.

Ж.Оюунцэцэг надад шинэ номоо дурсгаад бас хэдийг заруулах гэж шуудангаар явуулсан, зарсан заримынх нь мөнгийн авч очоогүйдээ бантаад, за бантаад ч гэж, надад ч бас нэг бодол байсан юм аа, “За найз нь чиний шинэ номонд “Жамсрандоржийн Оюунцэцэгийн яруу найргийн ертөнцөөр” гэсэн шүүмж бичнэ ээ” гэж ам алдаад өөрийгөө нэг том өрөнд оруулчихаад ирлээ. Хулганайн Тэргэл маань Бишүүгарамтай цуг тэр уулзалт – үдэшлэгийг хөтлөөд , жил ирэх бүр л улам өнгө ороод байх найрагч хүүхэн юмаа.

“Залуу явахад юм бүхэн өнгөлөг” гэсэн, одоо ч залуугаараа байна, өөрөө ер нь тун ч өнгөлөг хэвээрээ байна, бодвол өнөө “зам дээр хэвтэж байсан мөчир нь ч бас өнгөлөг” байгаа байлгүй. Тэр фигур мигур нь бол арай дэндүү байна лээ. Ёстой нөгөө одоогийн залуусын хэлээд байдаг “үнэн тасархай, ёстой тасарцсан хүүхэн” гэдэг үг чинь харин Х.Тэргэлийн фигурийн хувьд яг шууд утгаараа таарч байгаа юм биш үү. Бишүүгарамыг бичдэг нийтлэлээр нь хориод настай залуу гэж төсөөлж явсан, залуу сэтгэлгээр бичдэг, тэгээд надад тэгж санагддаг байж. Чикагогоор автобустай аяллыг Бишүү маань тун ч мэдлэг чадвартай хөтөлжээ, янз нь. Тэр аялалд оролцсон бүх хүн л Бишүүг Чикагогийн барилга байшин, хөшөө дурсгал, гүүр гарц бүрийг нь тэгж сайн мэдээд тэгж сайхан тайлбарлаж ярьсныг нь ам амандаа шаагиад, шагшраад салахгүй байв.

Г.Галбадрах маань над дээр зориуд хүрч ирээд “За чи гараад ирэх жилийн уран уншлагын наадам, уран үгсийн чуулганыг манай Ди Си-д хийнэ ээ гэж зарлаадхаарай, амлаадхаарай” гэж захиа даалгавар өгөөд, би тэр тушаал ёсоор нь шүлгийнхээ дундуур зарлаад, амлаад, балласаан, балласан. Ирэх намар их том ажилд өөрсдийгөө бариад өгчихсөн шүү, Ди Си-гийнхэн минь. Өнгөрсөөн, өнгөрсөн, хариуцлагаа хүлээгээрэй гэж Галаадаа хэлнэ дээ. Лав л Д.Энхболд тэргүүтэй Чикагогийнхан Бямбад шөнөжингөө унтаагүй, үүрийн 6-д дугхийсэн гэж байна лээ, Нямд тэр явдал давтагдсан, Монголоос ирсэн хүндэт зочид нь 11 сарын 15-нд явна гэсэн, дахиад хэдэн удаа үүрийн 6-д унтах юм, ер нь нийтдээ хэдэн ч удаа үүрийн 6 хүргэсэн юм, бүү мэд ээ, бүү мэд. Денверийн Ш.Лхамаа, Чикагогийн Пүрэвсүрэн нар ч их сайн шүлэг уншсан.Чикагогийнхан дуучдаа ч сайн бэлджээ. Завханы Батсүх маягаар дуулдаг залуу ч байна. Жавхлантай хамт СУИС-д цуг сурч байсан дуучин ч байна.

П.Бадарчийн шүлэг “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дууг хэн сайн дуулах вэ” тэмцээн зохиож ч байх шиг. Нэгэн цагт Ш.Дулмаагийн “Хүүгийн эцэгт бичсэн захидал”-аар Монголыг уярааж явсан, нэрт уран уншигч Жагдаг эгч хэдэн сайхан найраглал уншиж тэр үдшийн албан ёсны хаалтыг хийв. Драмын Театр, Улсын Филармоний тайзнаа уран уншлагын мастер өндөр нарийхан хүүхэн байсан санагдах юм, өдгөө нэлээд намхавтар намбайсан эгч болжээ. Чанагш довтлон одох цаг хугацаа, Эх Дэлхийн татах хүч хоёр оо гэж. Т.Дашбалдан маань яруу найрагтаа чамбай ханддаг шигээ амьдралдаа ч бас чамбай хүн юм, аль 1980-аад оны яг 80 хэдэн онд авахуулсан нь тодорхойгүй 3-4 ховор сонин гэрэлзураг нөхөддөө тараагаад, Д.Энхболд, Дан.Нямаа тэргүүтэн нөгөө зургуудыг нь хараад ангайгаад, ам амандаа шагшаад, шаагиад: “Үгүй, энэ Б.Цэнддоог хараач ээ, сахалтай” л гэх юм, “үгүй, энэ 1986 оноос өмний зураг байна. Миний (Данзангийн Нямаа) энэ үсээ хагалж самнадаг бол нэлээд өмнөх үеийнх” л гэх юм.

“Энэ Ц.Чимиддорж”, “Энэ хэн бэ”,”До.Цэнджав бидэнтэй цуг л яваад байсан хүн”, “Ш.Гүрбазар тэгэхэд их том байсан юм, С.Шүрэнжав гуайн хажууд суулгүй яахав”, “Үгүй энэ Д.Чинзоригийг хараач”, “Бороохойн Батхүү”, “Д.Сумъяа”, “Ц.Түмэнбаяр”, “Энэ хар Д.Норовыг”, “Хар аа, энэ хар Л.Дагвадорж гуай, Монголын хамаг сайхан дууны шүлгийг бичсэн хүн дээ”, “үгүй ээ, энэ 1980-аад оны нэлээд сүүлээр юм биш үү? Энэ Д.Даваанямын үс цал буурал байна”, “Тэр чинь угаасаа цал буурал” ... гээд салдаггүй. “Та нар одоо наад зургаа боль! Уулзалт – үдэшлэг чинь эхлэх гээд байна!” гэж Эрдэнэбаярт (Д.Энхболдын гэргий) бүгдээрээ зад загнуулаад, хосоо шувтруулаад, хонгоо уруулаад. Ха-ха, энэ сүүлийн нэг хоёрыг нь арай нэмчих шиг боллоо. Дашрамд хэлэхэд энэ Уран Үгсийн Чуулганыг зохиоход Д.Энхболдоосоо илүү Эрдэнэбаяр нь их ажил хийсэн юм биш үү.

Амтай болгон л Эрка эгчдээ гялайснаа гайхаад байна лээ. За жаахан замбараагүй, урд хойно нь оруулаад биччих шиг боллоо. Уучлаарай даа, та нар минь. Аяндаа UMON телевизээр гарна, тэгэхээр нь заавал үзээрэй. За бас Чикагод Монгол номын сан байгуулсан Сувдмаатай танилцсан. “Чи их сайхан юм хийж байна. Зөв. Зүйтэй. Би дэмжинэ, номуудаа өгнө” гэж том том “баачихаад” ирсэн. Тэр үдшийн бүжгийг дааж байсан Баяраа гэж диск-жокей залуу надад “Соёл-Эрдэний” эхэн үеийн, хамтлагаараа, олон хоолойгоор дуулж хөгжимдсөн, “Соёл-Эрдэнийг” жинхэнэ “Соёл-Эрдэнэ” болгосон “Хүүш Дамдин”, “Мээнэг мээнэг”, “Монгол-Зөвлөлтийн дайчдын дуу”, “Хоёр казак залуу”, “Цэнхэр уянга”, “Дугны орой” ... гм дуунуудын бичлэгийг олж өгнө гэж амласан. Надад юм өгнө гэж амласан хүн тэр болов. Би ч бусдад амласнаа биелүүлье, Баяраагийнхаа амласныг ч хүлээж сууя. Өө энэ чинь өөрийнхөө бусдад амласныг л гайхаад байсан, зөндөө л юм хүнээс авч. Данзангийн Нямаа найрагч надад дөрвөн номоо бэлэглэсэн. Б.Галсансүх надад дабл си-ди-гээ бэлэглэсэн. Т.Дашбалдан надад Монголын уранзохиолын ховор сонин дурсгал болсон гэрэлзургууд бэлэглэсэн. Харин би аль 1980 онд МҮЭСТ Ордны уранзохиолын (Г.Донидын) дугуйланд хамт явж байсан халуухан найрагч анд Цэрэн-Очирын Эрдэнэбатынхаа шүлгийн си-ди-г 10 доллараар худалдаж авсан. Явсан нохой яс зуудаг бол Чикагодсон би чинь эрхэм найрагчдын сэтгэл – шүлгийг өвөртлөөд харив аа, хө.

                  

Л.БАТБАЯР

11 – 17 – 2012.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.