05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ДУУРАЙМААРЫГ НЬ ДУУРАЙХ САН ДАА

Манайхан мөн ч дуурайх юм даа. Улаан хивсэн дээгүүр алхаж байна. Манайх Хөх Монгол оо гээд хөх хивсэн дээгүүр алхлаад дээрдээд сүйд болох ч үгүй юм даа.
-    Танай хамтлаг тайлан тоглолтоосоо хэдийг олсон бэ? Нууц биш бол? гэж сэтгүүлч асуухад
-    Энэ бол хүний түрийвч рүү өнгийж байгаа их бүдүүлэг явдал гэж манай нэг рок-од бүтэн түхийсэн байна лээ.

Манайхан ч ёстой бүрэн америкжиж байна уу гэтэл үгүй. Энд, АНУ-д байгаа монголчууд маань гэхэд л эрчүүд нь уухаараа нөгөө л монгол “зангаараа”: “Би л нэг уусан хүн шүү” гэж байгаа юм шиг дуу нь чангараад, хүүхнүүд нь: “Би ёстой сайхан нууц амрагтай байсиймаа” гээд л уйлж унжаад эхэлнэ. Ээ дээ, манайхаан, дуураймаарыг нь дуурайх сан даа.

Америкчууд, англичууд ч гэсэн, ууснаа аль болох мэдэгдэхгүй, ёстой л нэр хичээдэг. Харин бид үүнийг нь бус, орлогоо нуудгийг нь сайн дуурайжээ. Барууныхны орлогоо нуудгийн цаана уламжлалт зан заншил, сонгодог капитализм, хэдэн зуунаар тогтож төлөвшсөн “менталити”, зэрэг дэв, зиндаа.. өөр юу байдгийг би мэдэхгүй. Байшин, машинаасаа аваад зурагт, компютерээ хүртэл зээлээр авдаг улс чинь яг үнэндээ орлогоо гэхээсээ хэр их өртэйгөө нууж байх шиг. Харин шинэхэн замаар шилжирч яваа бидэнд уг нь мэдээлэл чухал. Гэтэл үгүй шүү. АНУ-ын дажгүй компанид дажгүй ажил хийгсэд ч, АНУ-д тодорсон од Чинбаа маань ч: “Хангалттай авдаг” гэнэ. Тэгээд л болоо. Цалин мөнгөө ярьчихвал “америк маягийн биш, соёлжиж иргэншээгүй, хөдөөгийн бүдүүлэг, соц. Монгол зангаараа” болчих гээд байгаа юм байх аа. АНУ-д тодорсон хөгжимчин хэдийг авдгийг, дажгүй компаний дажгүй ажилтан хэдийг авдгийг мэдээд авбал  бусад нь үр хүүхдээ аль замаар зүглүүлэхээ ядаж баримжаалмаар байна.

Өөрөөр хэлбэл бидний монголчуудад үнэн зөв мэдээлэл ус агаар шиг хэрэгтэй. Харин бид өөрсдөө болохоор хар бор амьдралаараа олж авсан мэдээллээ аав, ээж, ах дүүсээсээ ч “харамлана”. “Санаа нь зовчихно” гээд хар бор, хатуу хүтүүг хийж яваагаа хэлэхгүй. Анд найзууддаа болохоор онигоонд орчих вий гэсэндээ: “Үгүй яахав. Америк сайхан ш дээ. Ер нь дажгүй ш дээ” гэсхийгээд л болоо. Их сүрхий нэрээ хичээсэн улс. Хичээх юман дээрээ харин хичээж өгөхгүй нь гачлантай. Би хувьдаа гэхэд л өнөөдөр, яг одоо Монголд талх, мах, төмс ногоо, өмд гутал хувцас хунар ямар үнэтэйг, сард байрны болоод гэрлийн мөнгө хэд орчим гардгийг мэдэхгүй. Ажилчин, албан хаагчдын цалин, хувийн болоод улсын секторт ажиллагсад, хэн нь хаана ямар ажил хийгээд хэд орчим цалин мөнгө авч байгааг яг үнэндээ бол мэдэхгүй шүү. Учир нь ийм “жижиг сажиг” зүйлсийг “Цагийн хүрд”-ээр гаргадаггүй. Дээрээс нь “хүний түрийвч рүү өнгийж байгаа бүдүүлэг хэрэг” гэсэн мундаг “америк сэтгэлгээ” ноёрхчихсон. Өнөөдөр мэдээ мэдээлэл хөгжсөн хөгжсөн гэхэд, интернет Дэлхийг хэрчихсэн, Дэлхий хавтгай болчихсон болчихсон гэхэд АНУ-д байгаа монголчууд Монголынхоо тухай, монголчууд маань АНУ, Барууны тухай “жижиг сажиг” мэдээлэлгүй хэвээрээ л байна.

Яг үнэндээ жишээ нь Солонгост очоод яг ямар ажил хийж, яг ямар байдалд орохоо яг таг мэдэж байгаа сан бол өнөөдөр олон монголчууд маань энэ шийдвэрийнхээ зөв эсэхэд эргэлзэх буй за. Саяхан сэтгүүлч анд маань Монгол руугаа явж амраад ирсэн. “Манай монголчууд эрс өөр болжээ. Машиныхаа цонхоор толгойгоо цухуйлгаад орос хараал хашгирах нь бүү хэл, сигнаалаа орлиулдаг хүнгүй болж. Харин би сигналдаад, ёстой шараа болсон” гэж бидэнд ярьсан бөгөөд Монголд амраад ирсэн сэтгэгдлээ ч бичсэн. Гэтэл нэг сэтгэгдэлчин: “Чи зөгнөлөө бичээ юү” гэжээ. Гэтэл Англиас Монголдоо буцаж очсон бас нэг сэтгүүлчийн бичсэнийг уншвал “зам дээр мөргөлдсөн хоёр машины залуус зодолдохоор зэвсгээ барин машинаасаа гарч  ирцгээв” гэжээ. Юун сигналдаж шараа болох. Нөгөө л хэвээрээ байгаа юм биш үү. Нэг үгээр хэлбэл бид хаа, хаанаа (Монголд ч, гадаадад ч) мэдээллээр дутагдсаар атлаа харин “зохиогүй чимгээр” мөн ч гангалж бас ихэмсэглэх юм даа.

Л.БАТБАЯР
2010.11.19.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.