03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Хобби гэж...

Эхнэр бид хоёрыг нэг америк бүсгүй party (үдэшлэг)-даа урив.  Party гэдэг нь тэдний (нэгнийхээ) гэрт уригдсан зочид нь цуглаад дуу хөгжим тавьж бүжиглэх нь бүжээд л, ундаа, пиво уух нь хөргөгчөөс нь аваад ууж л байна, шажигнасан печень меченьхэн, хөнгөн зууш энэ тэрхнийг мөн галын өрөө хавиас өөрсдөө аваад иднэ.  Ялгаатай нь гэвэл манайхан голдуу нэг ажлынхан, нэг ангийхан ч юмуу бүгд найз нөхөд байдаг бол тэнд party зохиож буй хүний (host, энэ тохиолдолд hostess) найз нөхөд болохоос хоорондоо бие биеэ ихэнх нь танихгүй, Hostess хооронд нь танилцуулна.  Америкчууд зарим нь бас айхтар улс тул чи Лида-г (7 настайдаа Афганистанаас АНУ-д ирсэн, хувийн “Лида Травел” компанитай бүсгүй) яаж таньдаг юм ?” гэж эвтэйхэн асуугаад авна гээч.  Гэтэл тэр party дээр нэг настай өвгөн байсан нь эхнэр бид 2-т элгэмсээд жигтэйхэн. “Сайн байна уу” гэж монголоор мэндэлж байна.  Эхнэртээ Чингис хааны тэмдэг зүүчихэж.  Монголч эрдэмтэн юм болов уу гэж бодлоо.

Гэтэл “Сайн байна уу”-гаас цаашгүй юм санж.  Тэгсэн атлаа тэр өвгөнийй хобби нь юу гээч?!  “Монголын нисэх хүчний түүх”!

Залуудаа нисэхэд ажиллаж байхад минь манай нисэхийн 50 жилийн ой (1975 он) болж, нисэхийн үүх түүхээс бага сага юм мэдэж авсан минь одоо л хэрэг болох нь гээд жаахан юм яриад үзсэн чинь 1925 оны 5 сарын 25-нд гурван “юнкерс” онгоц Буянт-Ухаад бууснаас авахуулаад урдаас өрсөж яриад намайг үг хэлүүлэхгүй нь ээ. Тэгэхлээр нь нэлээд нарийн юм руу орох санаатай, алдарт нисгэгч Шагдарсүрэнгийн гэргий Ичинхорлоо бас нисгэгч байсан юм гэж хэлээд үзсэн чинь, мэдэхээр барах уу, Шагдарсүрэн Дэмбэрэл 2 хэлмэгдэж баригдсан юм гээд бүр цаашаа их юм яриад байна шүү.  Ашгүй тэгтэл МУИС-ийн багш, сэтгүүлзүйн ухааны доктор Дэлэг багшийн минь ярьж байсан нэг зүйл санаанд орж, Зөвлөлтийн нисэх хүчний маршал Судецийг мэдэх үү? гэвэл Монгол-Орос хоёрын нисэх хүчин нягт холбоотой болохоор аргагүй сайн мэдэж байна.  “Маршал Судец Халх голын дайны ялалтын 30 жилийн ойгоор манай Монголд ирээд, Ичинхорлоог дурсаж, одоо амьд байгаа болов уу гэж ээ.  Манайхан дор нь эрж сурвалжлаад олжээ.  Нэг ядруухан эмгэн муухан умгар гэрт амьдарч байж.  Тэд бие биеэ таньж, ярьж хөөрч сүйд болжээ.

Хатуу бэрх цагийг халуун залуу насаараа хамт туулсан, ярих дурсах юмтай улс, тэгэлгүй ч  яах вэ.  Судец: “Чамд захих, хүсэх юм юу байна, би туслая!” гэжээ.  Ичинхорлоо: “Ганц өрөө байртай болох юм сан” гэж.  Судец Цэдэнбалд хэлж, Бал дарга дор нь цохолт хийж, Монголын анхны нисгэгч эмэгтэй Ичинхорлоо ийнхүү насныхаа эцэст ганц өрөө тохилог сууцанд орсон” тухай ярьж, ганц ч болов мэддэггүй байсан юмыг нь хэлж өгсөндөө би ч маадгар, нөгөө өвгөн ч сонирхож сонсоод жигтэйхэн.  Ер нь “нийлмээр” хүн санагдсан юм болов уу, надад нэрийн хуудсаа өглөө.  Би гэрт нь нэг очоод, хоббиных нь зах зухаас үзлээ.

Монголоор “Сайн байна уу”-гаас цаашгүй ч, мань өвгөн орос хэлтэй аж.  Оросын (Зөвлөлтийн) олон баатар нисгэгчийн нэгнийх нь (харамсалтай нь нэрийг нь мартжээ. Кожедуб, Покрышкин, Яковлев, Судец ч л лав биш.  Орон гүрэн агуу болохоор хэчнээн ч олон баатар нисгэгчтэй юм бэ дээ) дурсамжийн номоос яг Монголын нисэх хүчинтэй холбоотой хэсгийг нь, тухайлбал тэр нисгэгч 1939 онд Халх голд байлдаж явж.  “Монгол нөхөд энхийн цагт 14 хоногт хийх ажлыг дайны цагт ердөө ганц хоногт гүйцэтгэж, маш сайн зохион байгуулалттай, өнгөлөн далдлалттай нисэх буудлыг барьж байгуулсан байв.  Бид Монголын хүнд бөмбөгдөгч онгоцуудыг (тяжелые бомбирдировщики-ТБ) үзлээ” гэж бичсэн хуудсыг хувилж аваад, бас болоогүй ээ, хажууд нь “Энд зохиогч андуурч алдаа гаргажээ.  Тэр үед Монголын нисэх хүчинд ТБ байгаагүй!” гэж цохсон байв.  Бас түүний цуглуулгад яруу найрагч, зохиолч Даваасүрэнгийн Чинзоригийн бичсэн, баатар-нисгэгч Дэмбэрэлийн тухай “Тэнгэрт тасраагүй амь” роман байв.

Хобби гэдэг чинь зөвхөн тамхи, шүдэнз, лонх, зангиа, асаагуур ... цуглуулах төдий биш, бас ийм ч байдаг юм байна.  Ховор, сонин хоббитой хүнтэй холын Америкт уулздаг байна шүү.

Л.БАТБАЯР  ''СОНИН ТОХИОЛ'' номоос

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.