05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ХҮН ХЭДИЙ УХААНТАЙ Ч ...

АНУ-д,  зөвхөн АНУ-д ч биш гадаадад сууж буй монголчуудын үр хүүхдүүд хэмээх нэгэн шинэ, өвөрмөц үе өсч өндийж байна. “Манай цөөхөн монголчууд үр хүүхдээ харьшуулаад алдчихмааргүй байна” гэж манай нэг багш эмэгтэйн хэлсэн үг сэтгэлээс гардаггүй юм. “Даяар Монгол”  сайт болоогүй, хэвлэлээр гарч байхад нь би үүнийг олж уншсан гэхээр лавтай хэдэн жилийн өмнийн хэрэг ч сэтгэлийн минь гүнд үлджээ. АНУ-д байгаа бяцхан монгол үрсээ харж байхад сургууль, багш, ТВ гэсэн том, том орчин нөхцөлд аргагүй л “хавчигдаад”, манай бага хүүгээс эхлээд англиар шулганаад монгол хэлээ мэдэхгүй болоод ирэх юм гэж боддог байлаа. Үгүй ээ, гэтэл энэ бол ямар ч аргагүй болчихсон “эд” биш гэдгийг надад нотлон харуулсан хоёр ухаалаг гэр бүлийн үлгэр жишээг Та бүхэндээ хүргэх нь миний иргэний үүрэг буй за. Эхний гэр бүл нь миний анд, сэтгүүлч Д.Алтангэрэлийнх. 12-той охин нь монголоор маш сайн ярих юм.

“Танайх АНУ-д бас л удаж байгаа айл. Охин чинь монголоороо ямар сайн ярьж байна аа?” гэж санаандгүй хэрэгт дурлавал, “Гэрт нэг л дүрэм байна ш дээ” гэж андын минь гэргий Нандра хэлж байна. “Ямар дүрэм?” “Манайх монгол айл. Монгол гэртээ монголоороо л ярих дүрэмтэй”. Үгүй нээрээ ямар сайхан дүрэм бэ! Айл бүр авч хэрэгжүүлмээр сайн сайхан дүрэм байна.

“Охин маань гуравтай байхад бид АНУ-д ирсэн. Цэцэрлэг – preschool-ээр яваад л, англиар шулганаад л, эхнэр бид хоёр ч эхэндээ анзаарахгүй, охиноо англиар ярихаар нь урдаас нь англиар яричихаад л яваад байлаа. Охин минь 6 нас хүрч байсан байх. Нэг мэдсэн чинь охин минь монгол хэлээ юу ч мэдэхгүй, монгол хүүхэд “биш” болчихсон байна! Үгүй энэ чинь үр хүүхэд минь монгол хэлээ мэдэхгүй байх юм бол ямар утга учир байна аа гэж бодогдоод, эхнэр бид хоёр яриад, охиноо дуудаад: “За аав нь гэртээ дагаж мөрдөх нэг хууль тогтоолоо. Манайх бол монгол айл. Бид монголчууд. Бид гэртээ зөвхөн монголоороо л ярьж байх ёстой!гэсэн. Тэгээд л тэр дүрмээ шувт мөрдөөд, охиноо “эргүүлж олж авсан” гэж сэтгүүлч анд минь хуучлав.

Гэтэл бас хүү нь лут монголтой залуу хостой таарлаа. Тэднийх гэртээ монгол орчин бүрдүүлэхээр багагүй чармайжээ. Монгол хүүхэлдэйн кино, монгол урансайхны болоод баримтат кино, монгол дуу хөгжимтэй СД, ДВД, бичлэг гэрээр нь дүүрэн. Хүү нь АНУ-ын ТВ бараг үзэхгүй, дээрх бичлэгүүдтэй монгол “ТВ” гэртээ үзээд л. Бас дээрээс нь яадаг гээч? Аав ээж хоёр  нь ном, үлгэр хүүдээ  уншиж өгөхдөө “Жаалхүү айгаад” гэж гарвал айсан байдал үзүүлж, “харанхуйд” гэхдээ нүдийг нь таглан, “чичрээд” гэвэл дагжтал чичрэн үзүүлж, хайртай хүүдээ эх монгол хэлийг нь сургах гэсэндээ ямар ч жүжигчнээс дутахгүй жүжиглэн, дүрслэн үзүүлж үгийн баялгийг нь нэмэгдүүлж монгол үгийн  утгыг ийнхүү тайлбарлан таниулж ойлгуулан бяцхан ой ухаанд нь шингээж өгдөг байна.

Ээ дээ, монгол ах дүү нар минь, эхний гэр бүлийн  “Гэртээ монголоороо л ярих нэг л дүрэм” ба ийнхүү ой тоонд нь ортол жүжиглэн үзүүлэн таниулахыг бидний хэн маань ч чадна шүү дээ. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэж. Үр хүүхэд маань монгол хэлээ мэдэж байж л 300 сая америк хүнээс  ялгарна. Хоёр хэлтэй хүн хоёр хүний дайтай, гурван хэлтэй хүн гурван хүний дайтай гэсэн мэргэн үг байдаг. Чухам энэ мэргэн үгийг амьдралд хэрэгжүүлсэн газар бол АНУ-ын засгийн газар. АНУ-д засгийн албанд – government-д алба хашдаг хүмүүсээс  ямар гадаад хэл мэддэгийг нь судалж, бүртгэж , тэр гадаад хэлээ хэр зэрэг сайн мэдэж буйг нь шалгаж тогтоодог. Энхтайвны корпусын шугамаар Монголд хоёр жил болсон америк анд Жон маань нэгэнтээ надад хандаж монгол хэлний шалгалтад бэлдэхэд туслахыг хүслээ. Тэр АНУ-ын Тэнгэсийн цэрэгт алба хаадаг юм. Би бүр гайхлаа. АНУ-ын Тэнгэсийн цэрэг, манай Монголын “Тэнгэсийн цэрэгтэй” үйл ажиллагаагаа хамтатгах гээд мань эрийн монгол хэл хэрэг болоод байгаа юм байх даа гэж. Жон харин надад засгийн алба хашдаг хүн ямар нэгэн гадаад хэл мэддэг бол сайн гэж надад тайлбарлаж өгсөн. Түүнээс Бадан багш шалгалт авсан гэнэ лээ.

Л.БАТБАЯР
12 – 10 – 2010.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.