04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ДИВААЖИНД МОРИЛСОН ГУЙЛГАЧИН ЛАЗАР

Библийг мэдэх хэнд боловч гуйлгачин Лазарын түүх танил буй за. Эл түүхийг Их Эзэн Есүс Христ өөрөө ярьдаг. Тэгэхлээр тун чухал түүх байгаа биз. Библи-д Эзэн Есүс олон сургаалт үлгэр бас ярьдаг. Жишээ нь сайн, муу үрийн тухай, зарим үр хад чулуутай газар унаж, тариа болон ургаж чадсангүй, зарим үр сайн хөрсөнд унаж, тариачин арвин их ургац хурааж авсан гээд л. Жир хүмүүс бүү хэл дагалдагч нар нь ч сайн ойж өгөхгүйд Есүс энэхүү сургаалт үлгэрээ:

- Хадтай газар унасан муу үр нь итгэлгүй хүмүүсийг хэлжээ гэхчлэн тайлбарлаж өгдөг. Гэтэл “Гуйлгачин Лазар гэж байжээ” гэхээр энэ бол сургаалт үлгэр бус, яг бодот түүх, бодот хүний тухай гэдэг нь харагдаж байна.

Бас нэг сонин бөгөөд цохон тэмдэглүүштэй нэг зүйл нь тэр гуйлгачин атлаа эл түүхэнд нэр нь  дурдагдаж байгаа юм. Ер нь бол Библиэс эхтэй түүх бичлэгт нэр нь дурдагдаж буй хүмүүс бол голдуу алдар хүндтэй, маш их нэр нөлөөтэй, их баян, эзэн хаан ч юмуу цэргийн жанжид зэрэг хүмүүс байдаг. Библи бол номын ном юм. Түүхийн номуудад Библийн эл жишгээр дандаа л агуу, мундаг хүмүүсийн нэрийг дурдаж иржээ. Жишээ нь, манай Монголын түүх- утгазохиолын чухал сурвалжийн нэг болох “Монголын Увш хунтайжийн тууж”-д мэдээж Увш хунтайжийн нэр дурдагддаг. Өөр хэний нэр  дурдагддаг билээ? “Монголын сайн, муу, дунд гурвуулан” гэхчлэн Увш, Ойрадыг дайлаар мордоход яг өөр шиг нь голлон оролцоогүй хүмүүсийн нэрс орхигджээ. Гэтэл, санаж байна уу? 13-тайгаасаа аваад 37-ныг хүртэл дайны хөлдэндүүрч үзээгүй Баахан Болбасун гэж сайн эрийн нэр дурдагддагийг. Тэр үнэхээр сайн эр ажээ. 13-тайгаасаа эхлээд дайн байлдаанд орж эхэлж. Гэхдээ энэ бол тэр үеийн Монголд нэлээд нийтлэг үзэгдэл байсан болов уу. Тэр тийм олон 37 – 13 = 24 жил дайны хөлд эндүүрсэнгүй. Гайхамшигтай!  Баахан Болбасун гэж зөвхөн баатар сайн эр байв уу. Үгүй ээ, тэр бол цэрэг – улстөрийн том зүтгэлтэн, том удирдагч гэдэг нь уг туужаас тод харагддаг. Тэрбээр, Увш хунтайжтай муудалцаж, түүнийг орхин явснаар Увш нар Ойрад-д ялагддаг. Тэр ийм том, нөлөө бүхий хүн аж. Хэрэв тэр, Увшийн холбоотон хэвээр байсан бол байдал өөрөөр эргэж ч магадгүй нь ээ. Тэр бас “урт хөлтийг олзлоод” нутгаадаа эргэдэг. Харж байна уу, нэг талаар дайсандаа – Ойрадад стратегийн том цохилт өгч, нөгөө талаар өөртөө том олз олж, энэ удаа ч бас дайны хөлд эндүүрэлгүй гараад явчихлаа. Ганц Баахан Болбасун хамгийн хурдан морио унаж ирээд Ойрадын 5-10 тэмээг туугаад, хөөгөөд явчихаж байгаа юм биш. Таван тэмээтэй тэмээгүй Ойрад үүр цайна. Цэргийн том удирдагч Баахан Болбасун олон цэргээ оройлон ирж Ойрадын хамаг тэмээг тууж олзолжээ гэсэн үг. Тэр үеийн дайн гэдэг хоёр талаасаа баахан цэрэг нум сум, сэлмээ агсаж нэг газар товлож ирж байлдаад ялбал ялаад, үхвэв үхээд тараад явчихдаг байсан юм биш. Олон сар, хоногоор, бүр жилээр ч үргэлжилсэн стратеги, тактикийн том үйл ажиллагаа өрнүүлнэ гэсэн үг. Дайнд оролцож буй олон цэргийн ачаа бараа, гал зуухны хэрэгсэл, ноёд, дарга нарын асар майхан ... гээд тэр их ачааг ачих ачлага уналгын хамгийн чухал хэрэгцээний тэмээдгүй болсон нь Ойрадын хувьд хүнд гарз юм. Тэр ийм л сайн, ийм алсын хараатай том удирдагч аж. Ийм ч учраас түүний нэр Увш хун тайжийн тууж хэмээх эл түүхийн үнэт сурвалж-д тов тодорхой дурдагдан үлджээ. Гэтэл жишээ нь энэ туужийн нэг чухал гол баатар 7 настай хүүгийн нэр дурдагддаггүй. Зөвхөн “7 настай хүү” л гэж гардаг. Бүр цаашилбал Увш хунтайжийн “хайрлаж явдаг цэрэг залуус” ч нэргүй. “Цэрэг залуус”, “Увш хунтайжийн хайрладаг залуус” гэж л гардаг. Гэтэл ямархан залуус билээ дээ.

“Хэзээ ч үхэх амь нэг

Хээр хэвтэх яс нэг

Ноёдын үйлээс урвахгүй, бид гэж хүржигнэсээр гарч одов оо”

гэж тууж-д гардаг. Цаашилбал “Увш хунтайжийн хайрладаг залуус ...  зөв талын дөрөөний сурыг огтлон ... мөн тэндээ цавчилдан байж үхэв ээ” гэж гардаг. Аяа, юутай сайн эрс, юутай хатан зориг, юутай хатуу тангараг, ямар чин халуун сэтгэл зүтгэл, амь бие хайргүй их тэмцэл вэ!  Гэтэл тэд нэргүй. Бүр тэгж яривал тэд бас яг ч нэг жир цэрэг эрс биш болов уу. Увш хунтайжийн (бодвол гэрээс) “хүржигнэсээр гарч одов оо” гэснийг үзэхүл Увш ноёны орд өргөө хэчнээн том гэлээ ч хэдийхэн тооны цэрэг багтаах билээ? Тэгэхээр тэр “залуус” доод тал нь зуутын ноёд байсан болов уу хэмээн сэтгэгдэнэ. Гэтэл тэд нэргүй. Увш хун тайж Ойрадыг дайлаар орсон нь эхнээсээ л бүтэл зэхий оргиж, тэд энэ дайнд ялагдах нь гэдгээ өөрсдөө бараг мэдэж байсан ч “Монголын сайн, муу, дунд гурвуулан Ойрадыг дайлахаар ирээд малын барааг харж буцав гэх муу нэр хожим үлдэх биш үү” гэж Увш хун тайжтан айлдаад эргэж буцалгүй цааш аялдаг. Хүмүүнд үлдээх нэр гээч юм эртнээсээ л тийм эрхэм чухал байж дээ.

“Игорийн хорооны тууж” гэж эртний Оросын түүхэн сурвалж бий. Тэнд Игорийн хорооны баатрууд:

Нэр төр өөрсөддөө эрж

Нэн алдар эзэндээ эрж

Хөндий талаар

Хөх чоно мэт давхилдана

гэж гардаг. Оросын түүхэнд Игорь ван нэрээ дуурсгажээ. Харин хорооныхон нь үгүй. Уг нь Монголын Увш, Оросын Игорь хоёр тэдгээр баатар эрсгүйгээр хэн байх билээ дээ. Гэлээ ч тэд нэргүй.

Бүр нэлээд ойрхны, Дэлхийн 2-р дайны түүхээс жишээ татая. Зөвлөлтийн жанжин Рокосовский тэр улсын тэр хотын дэргэд төдийд Германы генерал Гудериан-д үхлийн цохилт өгчээ гэхчлэн бичсэнийг тэр хотын дэргэд хүлээгээд зогсож байсан герман генерал руу Рокосовский явж очоод үхтэл нь нам цохиж унагачихаад хармаандаа гараа шаагаад эргээд алхчихжээ гэж бид ойлгодоггүй. Энэ ганц өгүүлбэрийн цаана хэдэн арав, зуун мянган цэрэг оролцсон нүсэр том байлдаанд Рокосовскийн удирдсан Зөвлөлтийн Арми ялжээ гэж ойлгодог. Гэтэл түүхэнд зөвхөн хоёр генералын нэрийг л дурджээ. Гэхдээ яах вэ, ялангуяа дэлгэрэнгүй сурвалжуудад жир хүмүүсийн нэрс бас хааяа дурдагддаг. Жишээ нь Монголын Нууц Товчооноос Хуагчин эмгэний нэрийг олж үзэж болно. Гэхдээ Хуагчин эмгэн хөгшин биедээ баймгүй чухал, том гавьяа байгуулсан. Тэр эмгэн Чингис хааны амийг аварсан.

Сонор мэт соргог Хуагчин

Сонссоны ачаар ...

гэж гардаг. Тэгэхээр бас аргагүй ээ. Дэлхийн 2-р дайны түүхэнд ч гэсэн Рейхстаг дээр Зөвлөлтийн улаан тугийг мандуулсан жир цэрэг Кантари-гийн нэр бас үлдсэн.

Гэтэл Библи-д гуйлгачин Лазар гэж Эзэн Есүс өөрөө хэлж байна. Ямар их хувьтай гуйлгачин бэ? Ингээд гуйлгачин Лазарын түүхийг авч үзье.

Луух. 16.

Нэгэн баян хүн байжээ. Тэр, нил ягаан өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.

Нарийн нэхсэн маалинган хувцас гэдэг тун ч үнэтэй эд. Тэр халуун нутагт чухал хэрэгтэй. Чухам юутай ч зүйрлэшгүй, юугаар ч сольшгүй тансаг агаад хэрэгтэй хувцас. Тийм хувцсыг зөвхөн хаад, дээдэс л өмсдөг байж. Тэгэхээр хэчнээн үнэтэй эд гэдэг нь ойлгомжтой. Тэр баян эрхэм бас өдөр бүр найрлан цэнгэнэ. Гэтэл тэр үед, тэр оронд бүр нэлээд чинээлэг хүмүүс хүртэл 7 хоногт ганцхан удаа махан хоол иддэг байжээ. Гэтэл тэднийд өдөр бүр найр! Махгүй ямар найр байх билээ. Тэгэхээр тэр хэчнээн баян, өндөр сурвалжтай эрхэм байсан нь харагдаж байна. Уг нь бол найрлана гэдэг нүгэл биш л дээ. Гэхдээ Ертөнцийн Эзэний хуульд 7 хоногийн 6 өдөр ажиллаж, нэг өдөр нь амар гэж заасан. Гэтэл тэр өдөр бүр найрлаж, нэг үгээр хэлбэл огт ажил хийхгүй байгаа нь Их Эзэний 10 хуулийн лав нэгийг зөрчиж буй нүгэлтэн болохыг илтгэнэ.

Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг идэх сэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж түүний шархыг долоодог байв.

Тэр үед Дорно зүгийн бусад ард түмний адил еврейчүүд ч бас халбага сэрээ хэрэглэж мэддэггүй, хоолоо гараараа барин иддэг байж. Баячуул, дээдсийн гэрт амны цаас буюу салфетка – napkins гээч юм тэр үед мэдээж бас л байсангүй. Дээдэс тостой гараа лепешка – гамбир арай ч биш юм аа, хайрсан гурилаар арчаадхаядаг байж. Тэр үеийн баяд, дээдсийн амны цаас болох эдгээр хайрсан гурилыг олж идэх л гэж гуйлгачин (миний үзсэн Орос Библи-д нищий – гуйлгачин гэсэн бол Англи Библи-д poor – ядуу гэжээ. 2000 онд монголоор орчуулсан Ариун Библи-д ядуу эр гэжээ) Лазар ч, ноход ч хүлээж байдаг байж. Гэтэл харж байна уу, тэр дээдсээс ноход илүү энэрэнгүй байгааг! Ноход хөөрхий Лазарын шархыг долооно. Яр шархандаа баригдсан хүн ямар л олигтой байв гэж. Яр шарх нь сэнгэнээд л, сэвэлзээд л сайхан байхгүй нь лавтай. Шаналгаж өвтгөх нь мэдээж. Ноход шархыг нь долоож, эмгэг өвчнийг нь эдгээж, зовлонг нь хуваалцаж байна. Хүн ба амьтны шүлсэнд эдгээгч нян байдгийг манай монголчуудын нэгэн адил еврейчүүд ч бас мэддэг байж. Харин дээдэс ... найрлана. Өдөр бүр! Тэдэнд Лазарын яр шарх юуны хамаа. Пү-па, тонил, цаашаа! Дашрамд Лазар гэдэг нэр нь еврей хэлний Елизар гэдэг нэрийн латин хэлбэр агаад “Ертөнцийн Эзэн надад туслана” гэсэн үг ажээ. Санамсаргүй ийм нэртэй гуйлгачин уу? Үгүй ээ, Библи-д санамсаргүй юм гэж үгүй.

Ядуу эр үхсэнд Тэнгэр Элч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ.

Тийм ээ, гуйлгачин эхлээд үхжээ. Яр шархандаа баригдсан, өлөн зөмөг, хувьгүй муу гуйлгачин хэчнээхэн ч урт наслах билээ дээ. Хөөрхийг оршуулсан болов уу даа? Библи-д энэ тухай дурдсангүй. Магадгүй нөгөө Есүсээс урвасан Иуда амиа хорлохынхоо өмнө гэм нүглээ гэмшээд буцааж өгсөн 30 мөнгөн зоосоор тусгай газар худалдаж авсан сүмийнхэн (Есүсийнхэн биш!) Акелдама буюу Газрын Цус гэдэг нэртэй тэр газарт аваачиж хаясан байх даа. Гэтэл ... Лазарыг үхэхэд Тэнгэр Элч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Тэнгэр Элч нар үхмэгц нь түүнийг авахаар хүлээж байжээ. Хөөрхий гуйлгачинд оногдсон хүндлэл үлэмж ажгуу. Тэнгэр Элч нар Их Эзэний тушаалаар ирээд түүнийг авч оджээ.

Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав.

Гэтэл мөнөөх их дээдэс нэр усгүй. Түүний нэрийг Библи-д дурдсангүй. Зүгээр л баян гэжээ. Уг нь мөн ч тасархай баян юм сан. Та нар бод л доо, нэлээд чинээлэг хүмүүс 7 хоногт ганц удаа мах идэж байхад, ядуусын тухай бол бүр ярилтгүй, өдөр бүр найрлаж байсан дээдэс юм сан. Цагтаа уг нь цалгиж явсан эр сэн. Гэтэл нэргүй. Мэдээж, түүнийг сүртэй оршуулсан байх даа. Юу л гэж Лазар шиг аваачаад хаячихав гэж. Гэвч эрхэм дээдэс маань үхээд юу болов оо?

Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн Оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дээрх Лазарыг харав. Тэгээд тэр: “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна” гэж хашгирахад ...

Хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа... Хөөрхий гуйлгачин Лазар тэртээ дээр заларчээ. Баян асан бас таньж байна шүү. Амьдад нь таньдаг байж, гэхдээ даанч тоодоггүй байсан даа. Золбин ноход харин шархыг нь долоодог байсан, энэрдэг байсан.

Абрахам эцэг ээ Абрахам өвөгөө ч бас таньж, санаж байна гээч. Гэвч иүдей хүн байна гэдэг авралын баталгаа биш ажээ. Тэр эрхэм дээдэс тийм хатуу, хорт сэтгэлтэн, тийм айхтар нүгэлтэн биш ч байсан байж мэднэ. Библи-д энэ талаар дурдаагүй. Түүний хийсэн нүгэл нь түүний хийгээгүй үйл нь юм. ө.х Есүс Христийг Аврагчаа гэж хүлээж аваагүйд түүний нүгэл оршино.

Лазарыг нааш нь явуулаач. Харж байна уу. Тэр, тамд унасан хойноо ч өөрийгөө эрхэм дээдэс гэж сэтгэсээр аж. Ядаж л гуйлгачин Лазар урьдын адил өөрт нь үйлчилж, бөхөлзөх ёстой гэж бодож байгаа нь эндээс харагдаж байна. Гэвч энэ амьдралд эзэлж байсан нийгмийн байр суурь нөгөө ертөнцөд огт падлийгүй аж. Гэтэл хүмүүс өнөөгийн энэ богинохон амьдралдаа нийгмийн өндөр байр сууринд ямар ч хамаагүй үнээр хүрэх гэж  зүтгэдэг. Бүр хүн чанар, нинжин сэтгэл, анд нөхөд ... бүгдийг нь золиосонд хаяад тэр богинохон хугацаатай зүйл рүү үхэн хатан зүтгэхдээ Үүрдийн Диваажинг ор тас мартаж хаядаг.

Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Хөөрхий, гэвч ханд нь хага дарагджээ. Тун ч ялимгүй жоохон юм гуйж шүү. Нааш нь дөчийн хувин дүүрэн хүйтэн рашаан авчир гээгүй байгаа биз.

Даанч нэгэнт оройтжээ.

Абрахам: ... эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн нь ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ.

Тийм ээ, нэгэнт оройтжээ. Эргэж засч болшгүйгээр оройтож.

Харин гуйлгачин Лазарын нэрийг Их Эзэн Есүс Христ өөрөө хэлсний учрыг, тэр ямар их хувьтай агаад ерөөлтэй гуйлгачин болохыг одоо Та ойлгов уу.

 

Л.БАТБАЯР

 

9 – 26 – 2010.

 

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.