05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

“Ленин ба хараагүйчүүд”

1971 онд В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойг манайд нижгэр тэмдэглэж байсныг санаж байна.  ЗХУ-д ч мэдээж бүр нижгэр тэмдэглэж байжээ.  Олон нижгэр нижгэр том арга хэмжээ зохиож байсны нэг жишээг дурдахад л Зөвлөлтийн бүх сонин, сэтгүүлүүд их багшийн мэлмий гийсэн өдөр “Ленин ба ...” гэсэн тэргүүн өгүүлэл эхний нүүртээ тавих үүрэг авчээ.  Жишээ нь “Комсомольская Правда” сонин “Ленин ба Комсомол”, “Наука и жизнь” сэтгүүл “Ленин ба шинжлэх ухаан”, “Пионерская Правда” сонин “Ленин ба пионерүүд” юмуу эсвэл “Ленин ба хүүхдүүд”, “Техника Молодёжи” сэтгүүл “Ленин ба өнөөгийн Зөвлөлтийн залуусын техник сэтгэлгээ” гэдэг ч юмуу, за тэгээд л “Химия в школе” сэтгүүл “Ленин ба хими” эсвэл Ленин багш химийн хичээлдээ хэрхэн мундаг онц сурдаг байсан тухай г.м.

Зөвлөлт гүрний тэр олон хот, муж, хязгаар, бүс нутаг бүр, Зөвлөлтийн улс ардын аж ахуйн салбар бүр хэчнээн олон сонин, сэтгүүлтэй билээ, гэхдээ Ленин багшийнхаа их ойн өдөр тэргүүн өгүүлэл болгочих материалаар, даанч нэг дутаагүй гэж байгаа юм даа.  Ганцхан Бүх Холбоотын хараагүйчүүдийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг сэтгүүл тун хүнд байдалд орж “Ленин ба хараагүйчүүд” гэж бичих гэхлээр юугаа хэлж хуйхаа маажих билээ гээд эрхлэгч нь хэдэн сарын өмнөөс ийш тийшээ утасдаж, “түргэн тусламж” гуйж арга чаргаа барж, арьс махтайгаа хатаж, Ленин багшийн хараагүйчүүдтэй холбогдсон ямар баримт материал хаана юу байна гээд сандарч байтал шал өөр сонинд ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөр нь нэг сонин тохиолын тухай архиваас олж үзэж байснаа яриад, гэхдээ цаад хүн нь яг хараагүй ч бас биш юм аа, яах вэ гэж эргэлзэхэд нөгөөх эрхлэгч 50 хувийн хараагүй ч байсан наадахаа надад бушуу бичиж өгч аминд минь орооч! гэж гүйж гувшсанаар сэтгүүлч нөхрийн бичсэн өгүүллийн товч утгыг сийрүүлбэл:

Оросын жир нэг иргэн жир бусын хараатай юмсанжээ.  Тодруулбал түүний нэг нүд нь бараг юу ч хардаггүй, номын том гарчгийг нүүрэндээ тулгаж байгаад арай гэж унших атал нөгөө нүд нь болохоор жигтэйхэн хурц, жирийн эрүүл нүднээс ч хэд дахин хурц тул хүний нүүр, ам хамрын үс сахал, батга сэвх мэтс нь ч дэндүү тод харагдаад бас зовлонтой.  Таньдаг хүнээ “жирийн” харахын тулд танилаасаа хэдэн алхам ухарч холдож байгаад хардаг байж.  Тэгээд тэр хүн гэнэт нэгийг сэтгэжээ.  Үгүй энэ чинь орон бүхний пролетари нарын агуу их удирдагч маань тайлан илтгэл, бичиг цаасаа харахдаа нэг нүдээ онийлгодог, танхим талбайд хурсан олны зүг ө.х. алсыг ширтэхдээ нөгөө нүдээ жонийлгодог!

Агуу Ленин багш маань адилхан зовлонтой юм биш үү, надтай.  Миний зовлонг хүн, хүнээс илүү ойлгох хүн чинь харин явж явж хүндэт Ленин багш минь биш биз дээ энэ чинь, гомдлын мөр ялгаа юу байхав гээд өөрийнхөө жирийн бус харааны тухай бичиж, таарч тохирох шил, эм тан, эмч доктор юу байна.  Та надад туслаач гэсэн утгатай захиа илгээж орхижээ.  Гэхдээ хаанаас л Та бид хоёрын хараа адилдаа адил, годилдоо годил байж энэ тэр гэж бичихэв.  Гэтэл юу болсон гээч?!  1921 он, иргэний дайн дуусаагүй, тэр их эвдрэл сүйрэл, өлсгөлөн үймээн, идэх талх уух ус ч олдохгүй, тариа байхгүй тул вандуй тээрэмдэж хийж байсан ногоон талх нь ч ховор зэвэр байсан тэр бэрх цагт Ленин маш шуурхай арга хэмжээ авч, 2 өөр хараатай нүдэнд нь таарсан шил Швейцариас захиалж авчруулж өгсөн байгаа юм.

 

Л.БАТБАЯР

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.