04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

МИНИЙ ГУДАМЖ

Буудал холын газраас хүүхдийн тоглоом шиг харагдах
Суудал зассан миний дулаан голомт байр минь
Уйтай дуутай амьдралын эхлэл төгсгөлийн цэг үү
Уйтан уужим хорвоодоо унаж боссон цаг уу

Зүйлийн цэцэг дэлгэрээгүй ч хэдэн гацуур нь содонхон
Зөрж өнгөрөх хүмүүс нь зүс үзээгүй ч дотнохон
Ижий минь намайгаа хүлээж дээж хайраа дэвссэн
Энжий дэнжий замаар нь цээж тэнэгэр алхсан

Энэ миний тоглож өссөн гудамж
Эрхэлж наадаж явсан бага насны дурсамж
Хотын олон гудамжнаас хамгийн сайхан үзэмж
Хорыг тусад бодсон гэнэн алдааны сургамж

Гэрэлт ирээдүйд тэмүүлэх цагаар хэмжигдсэн яарал
Гэгээн хорвоог ойлгох алхмаар нэмэгдсэн ухаарал
Жаргал зовлон ээлжилсэн элдэв олон тохиол
Жаахан биед минь заяасан энэ л хувь зохиол

Аз таарав уу гэтэл зовж шаналсан хяслан
Эз дайрав уу гэтэл зорьж биелсэн хүслэн
Урган гарах нар шиг ид насны минь хийморь
Улаанбаатар нэртэй их өргөөний минь хоймор

Энэ миний тоглож өссөн гудамж
Ижилдэж үерхэж явсан орь залуугийн дурсамж
Хорвоогийн сая гудамжнаас хамгийн сайхан үзэмж
Хорь хүрээгүй насны бүтэлгүй дурлалын сургамж

Дөрвөн цагийн улиралд дөрвөн өнгөөр эгшиглэх
Дөчин жил улирсан ч сэтгэлд улам ээнэгших
Эрт, эдүгээ хоёр минь энд л хамтдаа орших
Ирээдүй цаг минь ч бас эндээс надтай учрах

Хүмүүн бидний аясаар цаашаа наашаа цалгивч
Хүрэх л ёстой Ертөнц – Ирээдүй тийшээ л урссан
Өнөө маргаашийн хэргээр өөдөө сөөргөө зорчивч
Өнө хойчийнхоо төлөө өндөрт дээшээ л тэмүүлсэн

Энэ миний гудамж, манай гудамж
Эх нийслэл хотын минь нэгэн сайхан гудамж
Эгэл түмэн зорчсон хөл хөдөлгөөнтэй гудамж
Эрээн бараан багтсан хорвоогийн нэгэн гудамж.

Л.БАТБАЯР


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.