04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

НАЛУУЛДАГ ...(өгүүллэг)

-    Нээрээ нэг юм сэтгэхгүй бол болохгүй нь ээ
-    Харин тийм
Даш, Тогтох хоёр яаж их мөнгө олж сайхан амьдрах тухайгаа ярьж байгаа болохоос биш нэг шил юм “сэтгэх” тухай ярьж байгаа юм биш ээ.

-    Толгойгоо ч ажиллуулах хэрэгтэй байна, хөл гараа ч хөдөлгөх хэрэгтэй байна.
-    Чухам хэлээд юүххэв
-    Энэ янзаараа яваад байвал дээшээ гарахгүй нь ээ
-    Юун дээшээ гарах, дордоод байна
-    Нэг л мундаг Америкт ирсэн улс, өглөө ажилдаа гараад орой нь гэртээ ирдэг, ийм л улс боллоо.

-    Ёстой нээрээ.  Ажил – гэр, ажил – гэр гэсэн улс боллоо.  Юун сайхан
амьдрах, ер нь энэ Америкт чинь аз жаргал байдаг юм уу?!
“Ингэж ярьж болохгүй л дээ” гэж Даш дотроо Тогтохыг голов. “Байгаа
байхгүй юу, эрэх хэрэгтэй, олох хэрэгтэй, дурак минь” гэж гаргаж хэлсэнгүй. Андын гутрангуй үзлээс олигтой юм гарахгүй нь мэдээж тул яриаг “ажил хэрэгч” байдалтай болгохоор дахиад л оролдож:
-    Үгүй чи Сайнаагийн авгайг мэднэ ш дээ. Адтай сэргэлэн хүүхэн юм аа.
Нэг солонгос хувийн дэлгүүрт ажилладаг, тэгээд боссынхоо барааны хажуугаар бас өөрөө энд тэндээс хямд бараа олж ирээд зараад байдаг гэнэ хөөе гэж тайван талдаа Тогтоход “идээ” өгч, “өгөөш” чулуудав.
-    Болж байна ш дээ.
-    Одоо тэр Санчирыг хар. Тав дахийн орой гарч давхиад, холын жижиг хотоос хямд машин авчраад “Вашингтон Пост”-д зар тавьж байгаад зарчихдаг. Сард ганц машин зарья л даа. Мянган доллар унагая, байрных нь мөнгө ороод ирж байна!
-    Үгүй ээ Санчир юу ч биш. Цаана чинь хуучин муу байшин хямдхан аваад, будаад засаад  янзлаад, өнгө оруулаад өөд нь татаад, шинэ шал тавиад, хаалга маалга, жорлон крант хамаг юмыг нь шинэчлээд 200,000 доллар унагасан хүн байна! гэж Тогтохын ам одоо л халж эхлэв. “Тэгсэн үү! Хэн бэ тэр чинь!?” гэж Даш золтой дуу алдсангүй. Царай нь лав хачин болсон байх. Донгио Тогтох л анзаараагүй болохоос. Ингээд тэр хоёрын яриа “цэвэр ажил хэргийн” шинжтэй болж, Америкт ирээд удсан монголчууд хэрхэн нэмэлт мөнгө олж байгаа, удаагүйчүүд нь тэднээс яаж дутахгүй байгаа талаар оройжин үргэлжлэв. Үүнд Дашийн “сэтгэсэн” морин шилтэй “Смирноф” чухал нөлөө үзүүлсэн нь мэдээж. Үгүй чухам манайхан чинь үс засах нь засаад, хоол хийх нь ч хийгээд, машин засдагууд ч бүр мэдээж, дор бүрдээ л “хөдөлж” эхэлжээ. Иллэг хийдэг ч байна гэнэ, илбэ үзүүлдэг ид шидтэн, эсвэл мэрэгч төлөгч нар л хараахан тодроогүй байгаа юм байх аа. Даш шиг хэлтэй устай, хөдөлгөөнтэй сэргэлэн хүн, Тогтох шиг гартай бүлтэй бөгөөд гарын дүйтэй хүн хоёр яахаараа цалингаасаа өөр орлогогүй сууж байдаг билээ гэж асуудлыг тавиад нэгдэх хэрэгтэй, нийлэх хэрэгтэй, хоёр бөндгөрөө зэрэг ажиллуулах хэрэгтэй гэдэг дээр санал үнэхээр нийлж байв. Хэрэв Евгений Евтушенко тэр хоёртой тэнд цуг сууж байсан бол, “Хүн нөхөртэйдээ хүчтэй” хэмээх алдарт шүлгээ бичээгүй байсан сан бол хоёр андын сэтгэл зүрх хэрхэн нэгдэн нийлж байгааг хараад сэтгэл нь хөдөлж үзгээ шүүрч аваад:

Хүн нөхөртэйдээ хүчтэй
Хатуу тулааны талбарт ч
Харуу цаазын тавцанд ч
Гараг эрхсийн замд ч
Гагцхүү хүн
Ганцаар бишдээ хүчтэй
гээд л “тулааны талбар, цаазын тавцан” энэ тэр гэж уран сайхнаар баяжуулаад авч өгөх байсан нь гарцаагүй. 20-р зууны Орос Зөвлөлтийн хамгийн алдартай найрагч “Смирноф”-оос дахин нэг стаканыг татаад:
Хүн нөхөртэйдээ хүчтэй
Охь дарсаар тайлшгүй
Оросын гарз их ч гэлээ
Үхсэнээ мартах хүчгүйдээ
Үнэхээр бид нар хүчтэй гэж шүлгээ төгсгөөд үнэхээр сайн шүлэг бичих чухам санааг нь өгсөн манай хоёрт талархах байсан нь лавтай.
Архинд халсан,  ам нь ч халсан Тогтохын дуу чангарч:
-    Энэ чинь Америк! Цэвэрлэгч хийгээд саятан болж болох газар! Нээрээ шүү, саятан болсон хүн байна, цаана чинь! Байна! Нэг нөхөр (мэдээж, америк нөхрийг хэлжээ) эхлээд авгайтайгаа хоёулхнаа том, том байшинтай баячуудын гэрийг цэвэрлэж эхэлжээ. Сайн цэвэрлэдэг, тэгэхээр нөгөө баяныд ирсэн баян найзууд нь танайхыг хэн ийм сайхан цэвэрлээ вэ гээд л
-    Алив би бас гэрээ цэвэрлүүлье гээд л гэж Даш дор нь сэтгэв.
-    Мм-г, тэгээд тэр хоёр удалгүй хүнээр цэвэрлүүлдэг болоод, одоо цэвэрлэгээний компани нь Америк даяар алдартай, хэдэн мянган ажилтантай!
-    Нээрээ баячууд гэрээ хүнээр цэвэрлүүлдэг байх даа.
-    Зөвхөн айлын байр ч биш, энэ бүх офис, албан газар, энэ том дэлгүүрүүд, эмнэлэг, сургууль ... бүгд цэвэрлүүдэг.
-    Аа, манайхны зарим нь офис цэвэрлэдэг гэж яриад байдаг чинь гэж Даш сэргэлэн хүн атал одоо л учрыг нь ойлгожээ.
Хоёр анд ямар бизнес хийж яаж баяжиж мөнгөжих арга замаа хариугүй олдгийн даваан дээр авгай нар гэж дандаа гай болж байдаг улс хойно Тогтохын эхнэр Туул ажлаасаа тарж ирэв.
-    Ёох, өнөөдөр айм-маар бийзий (busy-ажил ихтэй) байлаа гээд, ажлаасаа аль түрүүний ирчихээд хоол хийчихдэггүй юмаа гэхэд сайхан халуун сүйтэй цай чаначихгүй, харин ч архидаж суугаа нөхрөө хараад дотроо гомдож байсан ч Дашаас зовсондоо биеэ барьж дуугаа хураав. Хэрэв Тогтох нь халуун сүүтэй цайтай, мах ногоогоо хөшиглөөд бэлдчихсэн сууж байсан бол Туул шиг жаргалтай хүүхнийг Америк даяар байтугай Алтан Дэлхийгээс ч олоход бэрх байсан биз ээ. “Би өдөржингөө, өглөөний 11 цагаас оройн 10 хүртэл тэр том рестораны тэр том зааланд үйлчлэгч хийж зогсоо чөлөөгүй шогшсоор ядраад ирж байна шүү дээ, Үүнийг ойлгохгүй байна гэж үү, Эрчүүд иймхэн юмыг ойлгодоггүй гэж үү”. Туул орон дээрээ шууд унаад өгмөөр байсан ч нэр хичээж, “бийзий” байснаа ахиж дурсангүй, ядарсан байдал ч үзүүлсэнгүй, харин:
-    За манай Даш, сонин хүн ирчихсэн сууж байх чинь, за сонин сайхан юу байна? Алив би нэг аятайхан хоол хийгээдхэе гэж цовоо хэлэв.

Даш харин нөхрөөс нь илүү зовлон ойлгодог хүн юм.
-    Үгүй, Туул аа, тэр хоол моол яах вэ. Чи ажлаасаа ядарч ирээ биз дээ. Наашаа суу, жаахан амар, Яриа хөөрөө байна, наана чинь, Гурвуулаа жаахан сууя, ууя, санаа оноогоо нийлүүлье гэж халамцуу хүний зангаар дуу шуу болов. Тэр хоёр бусад хүмүүс аяж “хөдөлж” байхад манай хоёр гэр яагаад “хөдлөхгүй” байгаа талаар хоёр талаас нь ам уралдан ярихад Туул бүр уярч гүйцэв. Хөөрхий минь, хар архичингаар нь дуудах нь халаг байсан, ийм чухал зүйл сэдэж, их үйлсийг эхлүүлэх гээд зогсож, бишээ сууж байжээ! Нээрээ бид дөрөв (Дашийн эхнэр Чимгээ мэдээж дөрөвдэх нь) бусдаас юугаараа дутах юм бэ! Туул ч ам уралдуулж гарав. Даш шөнийн хоёр цагт тэднийхээс явжээ.
Даш нэмэлт орлого олох, хувийн бизнес эрхлэхээс өөр юу ч бодохоо больжээ. Урьд нь сонсоогүй байсан болоод ч юмуу, гарын дор ажил болохоор ч тэр үү, цэвэрлэгээний компаний эзэн америк “нөхөр” сэтгэлд нь уяатай явах болов. Бас тэгээд өөр бизнес эрхлэх гээд хөөцөлдөх бүр тэдгээр нь бүтэх янзгүй, тэр тоолонгоор Даш “цэвэрлэгээний компаний эзний” тухай бодолд автана. Үг гэдэг хүчтэй, хүний сэтгэлд нөлөөтэй эд аж. “Энэ чинь Америк! Цэвэрлэгч хийгээд ч саятан болж болох газар! Болсон хүн байна!” гэж халамцуу Тогтохын хашгирч байсан нь сэтгэлээс нь гарах юм биш. Хүн өөрөө хийж чаддаг юмаа эрхэлж амжилт олох нь мэдээж тул үсчний салбар байгуулах, машин засварчдыг дороо ажиллуулах, ресторан нээх, тэр ч байтугай хамгийн их мөнгө олж болох байшин засаад зарах бизнесүүдийг ээлж дараалан “тавьж өгөхөөс” өөр аргагүй болов. Жуков жанжин Киевийг гитлерчүүдэд тавьж өгсөн шиг л. Шударгаар хэлье. Тогтох тэр бүх бизнесийг хийж үзээд, байгуулаад, болохгүй болохоор нь тавьж өгсөн юм биш, зөвхөн бөндгөр дотроо л. Гэхдээ ажлаа тарж гэртээ ирчихээд духаа үрчийлгээд толгойгоо бариад  суугаад байсан ч юм бас биш ээ. Асууж сураад, яваад, хөөцөлдөөд, хамаг юм ажлын цагаар болдог тул ажлаасаа зарим өдөр бүтэн, заримдаа үдээс өмнө чөлөө аваад. Сүүлийн үед олон чөлөө мэдүүлдэг болсон Дашид босс нь тун янзгүй болжээ. Мөнгөө арвижуулах гэсэн биш, ажлаа алдаж магадгүй болов. Үсчний газар байгуулахын тулд өөрөө үсчин байх, үс засах эрхтэй, лицензтэй байх, өөрөө үгүй юм гэхэд үсчингүүд нь цөм лицензтэй байх хэрэгтэй гэнэ. Үсчний лиценз бүү хэл ажиллах эрхийн зөвшөөрөл ч үгүй, “харласан” Монгол үсчин хүүхнүүд, эрэгтэй эмэгтэй хүний үсийг аль алийг нь хачин гоё засч чаддаг нь ямарч хамаагүй, Улаанбаатарт “Долгион” хувий үсчний газар эрхэлж байсан нь АНУ-ын Виржина мужийн Арлингтон гүнлэгийн тус асуудлыг хариуцсан түншүүдэд огт падлийгүй хэрэг ажээ.
Машин засварын газар байгуулах ... үсрээд ердөө 3 машин л багтах, өрөөр хэлбэл машин өргөх 3 суурь машин суурилуулж болох талбайтай хоосон агуулахыг Даш 3 суурь машин зоож өгөөд машины гэмтэл оношлох компьютерээс аваад засварчид нь багажаа хийх зориулалтын багажны шүүгээ хүртэл хэрэгцээтэй бүх багаж хэрэгслээр дүүргээд (хичнээн мянган доллар хэрэгтэй болохыг тооцоолж үзэд Даш цус харвах шахжээ) зөвхөн тэр муу хоосон агуулахын сар бүрийн төлбөрт, хоосон хөндий эзэнгүй савыг тэгж гоё тохижуулж өгснийхөө төлөө сар бүр 5,000 доллар төлөх юм гэнэ ээ! Ухаан санаанд багтахгүй юм хэлээд зогсож байдаг хүн энэ Америкт чинь харин захаас аваад замаар үргэлжилж байна уу үгүй юу.
Муухан байшин хямдхан аваад өнгөлж тордоод өндөр үнээр зарах ... АНУ-д ирээд 4-5 жил болж байгаа Даш, Тогтох хоёрын сэтгэсэн зүйлийг 400 жилийн өрсөлдөөн тэмцлийн замыг туулж ирсэн америкчууд аль хэдийнэ бөгөөд дэндүү ихээр сэтгэчихжээ. Вашингтон, Виржини, Мериланд даяар хямд байшин ганц ширхэг ч олдохгүй болтол сэтгэчихсэн байв. Дашийн царайг хачин болгож, дотор сэтгэлийг нь атаархлын булингарт хутгаж байсан “тэр хүн” хямд авсан хуучин байшингийнхаа хажуу бөөрөнд нэмэлт өргөтгөл хийж зөндөө их материал зарж зүнзгэр их ажил ундруулж байж тэгж их мөнгө унагасан бөгөөд бүр тэгж яривал 200 мянга гэдэг нь нэлээд нэмэллтэй тоо гэдгийг Даш “тагнуулын мэдэгээр” олж мэдээд хямд байшинг үнэ хүргэх том бодлоо ахиж сэргэхгүй болтол нь хаяв.
Ресторан нээх ...  дургүйд хүчгүй гэж ардын үг юутай үнэн. Америкт ирээд эхний хоёр жил нь Даш ресторанд ажилласан. Үгүй ээ, ресторан ажиллуулснаас мөнгө багатай ч гэсэн зүгээр ажлаа хийгээд орой гэртээ амарч байсан нь дээр. Хүмүүс ресторандаж, Даш эхнэртэйгээ тэднийг ресторандуулж ... шөнийн 3 цагт гэртээ орж ирж байх уу. Больё доо хө.
Ингээд цэвэрлгээний компаний эзэн дээр буухаар буцалтгүй шийдэв. Шал дэмий бүтэн 3 сар алджээ, юу бүтээв? Юу ч бүтээсэнгүй, харин ажлаасаа зөндөө чөлөө авсан тул цалин мөнгө нь л багаслаа. Одоо ... эргээд Тогтохтойгоо нэг уулзая.

Даш энэ удаа Туулыг амарсан өдөр Тогтохынд ирлээ. Тэр нь дээр. Хоол ундтай, идээ будаатай. Мэдээж морин шилтэй Смирноффтой, хувийн бизнес эрхлэхийг хүсэгч Даш, бусдад хямд хөлсөөр хүчээ үнэлэхийг үл хүсэгч Даш өнгөрсөн 3-хан сарын дотор  тун ажил хэрэгч болчихжээ. Туулын гараа гаргаж хийсэн хоолыг ч, морин шилтэй Смирноффыг ч ер юман чинээ бодохгүй, харин Тогтох Туул хоёр цэвэрлэгээний бизнес эрхлэх санааг нь хэрхэн хүлээж авах нь вэ, ямар аятайхан санаа, оноо хэлэх нь вэ гэж тархи нь “өлсөж” байв. Ерөөсөө цэвэрлэгээний бизнес чинь зүгээр юм, гарах зардал гэж сүйдтэй юмгүй, гэтэл жишээ нь ресторан, гэтэл жишээ нь машин засварын газар ... гээд жишээ баримттай авч өгөв.
“Ажил хэрэгч уулзалтын” явц дунд Дашийн идэвх нэлээд суларч ирсэн нь цэвэрлэгээний бизнес нь бас бүтэхгүй шинжтэй болсонд биш, харин сэтгэл зүрхээ нэгтгэсэн анд нь юу ч хийгээгүйд байв. 3 сарын турш Тогтох юу ч хөөцөлдөөгүй, зүгээр ажлаа хийгээд л тарж ирээд сайхан амраад л, ердөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй. “За яах вэ, тар нь танигдаж байна” гэж Даш заналтай бодлоо. Түүнд гомдолтой байв. Ганцаараа яаж хөөцөлдлөө дөө. Даш ярианы сэдвийг цэвэрлэгээний бизнес рүү ахин дахин оруулж байв. Архинд халамцсан гэрийн эзэн, эзэгтэй хоёрыг элдвийн дэмий юм ярих бүр, ямар ч хэрэггүй, ажил хэрэгт огт хамаагүй алиа марзан зүйл ярих бүр Туулын хийсэн сайхан хоол Дашийн дотрыг муухай оргиулна.
-    Баячуудын гэрийг цэвэрлэнэ гэдэг, үгүй тэгээд учиргүй олон өрөөтэй, цагаа тулахаар бас явдалтай ажил байгаа даа гэж Даш ээлжит оролдлогоо хийв.
-    Тэгэлгүй яахав, хивс, дороож бүр өөр, өөр ширхэгтэй гэж Туул хийн зуухныхаа тэндээс үг чулуудав.  Дашийн чих сортосхийв.  Тогтох хундагатайгаасаа хүртээд үгээ зөөж тавин:
-    Тэр чинь нэг налуулдаг гэж байгаа юмаа гэв.  Даш гүн анхаарав.  Гүн анхаарч буйгаа гаднаа мэдэгдэхгүй гүн анхаарна гэдэг чинь бас ямар хэцүү юм бэ.
“Налуулдаг? Юуг налуулдаг? Яаж налуулдаг? Хэрхэн налуулдаг? ” Тогтох  
хундагагүй гараараа тоос сорогч ажиллуулж буй байдал үзүүлэхэд хивсний ширхэгийн тухай Туулын хэлсэнтэй сая авцалдаж Даш бүдэг бадаг ойлголт олж авав. “Тэгнэ ээ тэр, хүн бүр яаж хийж чадах вэ дээ. Хивс дороож бүр өөр, өөр ширхэгтэй, тэр ширхэгийг нь мэдэж налуулдаг байх нь.” 3 цаг суухад хэрэгтэй ганц юм мэдэж авсандаа Даш бяцхан урамшсан ч ... энүүнээс цааш нэмэртэй юм ер нь олж сонсох янзгүй тул ... 4 цаг дайлуулсан Даш тэр хоёрыг дотроо хараасаар тэднийхээс гарчээ.

Цэвэрлэгээний бизнесийнх нь үндэс суурийг банкны ажилтан Вивейн тавилаа. 4 настайдаа АНУ-д ирсэн ч тэр хятад хэлээ мартсангүй Охинтойгоо хятадаар яриад утсаа тавьж:
-    Уучлаарай, Охин минь хөгжмийн хичээлээсээ ирж үү гэж санаа зовоод гэв. Уг нь үйлчлүүлэгчтэй байгаа банкны ажилтан утсаар ярихаа хойшлуулдаг ч Даш тийм жижигхэн үйлчлүүлэгч үү, эсвэл Вивейн түүнийг хэл ам гаргахгүй өөрийн хүн гэж үзсэн үү бүү мэд.
-    Танай охин хөгжим заалгадаг уу? Ямар хөгжим? гэж тэр хэрэгт дурлав.
-    Төгөлдөр хуур
-    Хувийн багшаар уу? Нэлээд үнэтэй байхаа, Би сонины зарын дагуу асуусан чинь цагийн 50 доллар гэж байна лээ гэж Даш гэмгүй царайлан өдвөл:
-    Цагийн 60 доллар гэж Вивейн гаднаа Дорны маягаар даруухан дугарсан ч цаанаа гайхуулангүй байв. Төгөлдөр хуурын ганц цагийн хичээлд 60 доллар төлдөг хүн баян, баян юм чинь том сайхан хувийн байшинд суудаг гэж дор нь тусгаж авсныг бодоход манай баатар цэвэрлэгээний бизнесээ шувт бодож явсан нь илэрхий.
-    Та хувийн байшиндаа амьдардаг уу гэж Даш асуувал
-    3 давхар, унтлагын 4 өрөөтэй гэж бас л гайхуулангуй хэлэв.
21-р зуунд бүгд л гайхуулдаг болжээ. Америк монголгүй, хятад вьетнамгүй л гайхуулцгаах юм.  Даш бас ингэж гайхуулж явмаар байна шүү дээ. Охиндоо төгөлдөр хуур заалгаад л, хүүгээ хөл бөмбөгийн клубт явуулаад л. “Намайг баяжих гэсээр байтал цагийн 100 доллар болох байх даа” гэж бодохоос гол нь харлаж, ядаж 80 доллар байхад нь заалгахсан гэсэндээ Даш шийдэж даруй зориглон:
-    Та гэрээ цэвэрлүүлдэг үү? Би бас ажлынхаа хажуугаар цэвэрлгээний бизнес эрхэлж байгаа. Би бүр лицензийг нь авчихсэн!. Эхнэр бид хоёр ажилд их сайн шүү! Танай гэрийг маш сайхан цэвэрлэж чадна! Хамгийн хямд үнээр! гэж ар араас нь давхцуулан хэлэв. Нэг хүнд тун чухал хэрэг нөгөө хүнд тун ялимгүй зүйл ажээ.
-    Өө тийм үү. Би гэрээ сард 2 удаа цэвэрлүүлдэг. Тэд тааруухан цэвэрлэдэг гэж Вивейн тоомжиргүй хэлжээ. Ингээд Вивейний гэрийг цэвэрлэх болов. Америкжсан хятад бүсгүй Вивейн (Фей Фейн) “хамгийн хямд үнээр” гэсэн Дашийн үгийг тоолгүй өнгөрүүлжээ. Нэг удаагийн цэвэрлэгээний хөлс нь 150, сард 300 доллараар Дашийн цэвэрлэгээний бизнес гараагаа эхлэв.
Даш хичнээн жилийн дараа ч юм бэ, хэдэн мянган ажилтантай цэвэрлэгээний компаний эзэн болов гэж би бичих гээгүй, одоохондоо ийм явдал болоо ч үгүй байна. Харин Дашийн хувийн бизнесийн анхны өдрийн тухай бичихгүй бол болохгүй нь.
Даш Чимгээ хоёр Вивейнийд болзсон цагтаа ирлээ. Хэр цэвэрлэдгийг чинь үзнэ гэж Вивейн хэлснийг ч хэлэх үү, анх удаагаа айлын том байшин цэвэрлэж, ер нь цэвэрлэгээний бизнесээ эхлүүлэх гэж байгааг ч хэлэх үү, Социалист Монголын намын “Үнэн” сонины үгээр хэлэх юм бол тэр хоёр “үүрэг, хариуцлагаа гүн ухамсарлаж байв”. Хүн үнэмших юм биш, унтлагын 4 өрөөтэй, бие засах 3 өрөөтэй, 3 давхар тэр тансаг том байрыг манай хоёр 1 цаг 58 минутанд цэвэрлэчихэв. Америк дахь амьдрал, хувь заяаг нь мэдээж өөд нь, дээш нь, сайн сайхан тал руу нь өөрчлөх магадлалтай энэ шинэ ажилдаа тэр хоёр ямар урамтай, шуурхай, дайчин зүтгэлтэй байсныг тэр 1 цаг 58 минутын гялалзсан хөдөлмөр илтгэн харуулав.

Банкны хүүхэн их гайхаж “Ийм хурдан уу?” гээд ирж үзэхээр болов. Харин ирж үзээд одоогийн залуусын ярьдгаар “ухаан алдаж унах шахтлаа” баярлаж байсан нь мэдээжийн хэрэг. Чек бичиж өгнө гэж байсныгаа “газар дээр нь өөрчилж” 150 доллар тоолж өгөөд, Чимгээд мэдээж учиргүй үнэтэй биш ч бас ч тийм хөгийн хямдхан биш бугуйн цаг бэлэглэв. Бүр гарт нь зүүж өгсөн гээд бодчих. Даш, Чимгээ хоёр машиндаа суугаад ... Даш гэнэт чанга инээд алдав. Чимгээ нөхрөө жаргалтай хараад дагаж инээв.
-    Яав аа?
-    Хивс, дороож бүр өөр өөр ширхэгтэй. Налуулдаг, малуулдаг гэж Даш хэн нэгнийг дуурайж хэлээд дахин инээд алдав.
-    Манайхан нээрээ алах юм аа! Энэ чинь зүгээр гэр цэвэрлэх л ажил байна шүү дээ!
Чимгээ юу ч ойлгосонгүй, гэхдээ хачирхаж сүйд болсонгүй. Нөхрийнх нь инээд жаргалтай бөгөөд сайыг зөгнөж байгааг тэр мэдэрч байсан юм чинь.
Даш, Чимгээ хоёр ажлаа ч хийж хажуугаар нь цэвэрлэгээндээ зүтгэж шургаж унах шахангаа алдсаар нэг жилийг авч, хоёулаа зөвхөн цэвэрлэгээгээ хийсэн хоёрдахь жилийн дараа хүн хөлсөлж өөрсдөө зааварладаг, хянадаг, зохицуулдаг, хуваарилдаг, захирдаг болсон гуравдахь жилдээ 9 айл, 1 сүм, 1 сургууль, 1 офис, 1 эмнэлэг, 1 ресторан цэвэрлэдэг, дороо 7 ажилчинтай болжээ.
Даш чармайж байгаад зориуд нэг зав гаргаж Тогтохынд очлоо. Тогтох өнөө  хөлсний байрандаа, гэрт нь орвол өнөө л янзаараа байсан нь яагаад ч юм Дашийг сайхан тайвшруулна. Хуучин ажлаа л хийж байгаа гэнэ. Тайвширч суухдаа, Тогтох юу ч хийгээд бужигнуулж явж мэднэ гэж болгоомжилж байснаа тэр ойлгожээ. Авчирсан морин шилтэй Финландыг хараад Тогтох инээд алдаж байна. Дашийн цэвэрлэгээний бизнесийн талаар Тогтох юу ч мэдээгүй дэг ээ. Нэг ч Монгол хүн авч ажиллуулаагүй , дээрээс нь хүмүүс түүнийг аавынх нь нэрээр Мистер Жамм-Баа (Жамба) гэж дууддаг байсны хэрэг гарчээ.
-    Өнөөдөр айм-маар бийзий байлаа! гэсээр Туул ажлаа тараад орж ирэхэд Дашийн дотор бүр сайхан оргив. Туулыг хоол хийх гэхэд нь нөхрөөс нь илүү зовлон ойлгодог Даш болиулав. Аар саархныг ярьж суутлаа Даш гэнэт зүггүйтмээр санагдаж:
-    Нөгөө цэвэрлэгээний бизнес мизнес чинь юу болж байна? гэж үг өдөв. Туул хийн зуухныхаа тэндээс:
-    Хивс, дороож бүр өөр өөр ширхэгтэй! гэв.

Тогтох үгээ зөөж тавин:
-    Тэр чинь нэг налуулдаг гэж байгаа юм аа гээд хундагагүй гараараа тоос сорогч ажиллуулах байдал үзүүлэв.
Даш цагийн машинд суугаад 3 жилийн өмнөх тэр нэг өдрийн тэр нэг буудалд буусан шиг болов. “Үгүй энэ чинь би зүүдэлж байна уу, үгүй ээ, зүүдлээгүй, ширээн дээр Смирнофф биш Финланд байна. 3 жил өнгөрчихөөд байна шүү дээ, энэ чинь, гэтэл та хоёр минь бахь байдгаараа. Ингэж байж болохгүй ш дээ” гэж дуу алдмаар, “хөөрхий энэ хоёрыгоо өөд нь татья, цэвэрлэгээний бизнестээ татаж оруулая, арга замыг нь зааж өгье” гэж сэтгэл зүрх нь гэнэтхэн оволзож ирснээ, Финландын нөлөө ч бас байсан биз,  жолоогоо татлаа. “Арай гэж 7 ажилчинтай болтлоо зүтгэсэн минь зүүд байвал аллаа шүү. Хн, арчаагүй юмнууд, 3 жил өнгөрчихөөд байхад бахь байдгаараа, хохь нь ш дээ”.
-    За би ч явья даа
-    Жаахан суу л даа, өчнөөн удаж байж ганц орж ирчихээд, авчирсныгаа дуусганаа хөө гэж Тогтох хэлээд Финланд руу гараа явуултал Туул гар руу нь цохиод авав. Цохих ч гэж дээ, нэг тийм зөөлхөн, нудраадхав. Эгдүүтэй.  Тогтох эхнэр рүүгээ маасайн харж, мархайтлаа инээв. Даш бүгдийг ойлгожээ. Урьд нь тэр хоёрын ингэж байхыг нэг ч удаа хараагүй, гэвч гар руу нь тэгж зөөлхөн нудардаг нь угтаа бол хорьж дургүйцэж байгаа хэрэг биш ... эрхлүүлж байгаа ч юм уу. Даш шууд ойлгов. Сэтгэл нь нэг л сонин болчихов. Тэгээд бушуухан гарч явжээ.
Даш тэр шөнө унтаж чадсангүй. Туул нөхрийнхөө гарыг зөөлөн нудраадхаж байгаа нь, Тогтох эхнэр рүүгээ хараад маасайтлаа инээж байгаа нь нүдэнд нь харагдсаар, Дашийн сэтгэл сонин оргисон хэвээр. Тэр нудралтын байдлаар бол Туул ч дутахгүй жаргалтай байсан биз, гэтэл энд Дашийн нойр хулжиж орхидог. Даш угаас уран сайхны сэтгэлгээтэй хүн биш юм. Тийм ч учраас:
-    Аз жаргал гэж юу вэ? Тэр хаана, юунд, хэзээ, хэрхэн байна вэ? Яаж тэр аз жаргалыг олж, хэрхэн үргэлж эзэмдэх вэ гэхчлэн бодогдсонгүй. Туулын тэр эгдүүтэй зөөлхөн нудралт, Тогтохын маасайтлаа инээсэн царай нүдэнд нь харагдсаар... унтаж чаддаггүй ээ.
“Хн, Туулыг ирэхээс өмнө гараад явчихдаггүй!”

Л.БАТБАЯР
9-14-06
Springfield, VA


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.