05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

ОЮУН САНААНЫ АРИУН САЙХНЫ ТӨЛӨӨ!

Америкт, эмнэлгийн үүдний өрөөнд ч юмуу, хуульчтай уулзахаар хүлээж буй хүмүүсийн өрөөнд хэд хэдэн сонин сэтгүүл тавиастай байдаг. Цөөхөн ч бай хүн тэнд цуглаж нэг хэсэг байх л бол тэнд сонин сэтгүүлийн сүүлийн дугаарууд байж байна. Манайд ч бас байдаг байх. Харин ямар сонин сэтгүүлийг тэнд тавих вэ, тэнд юу бичсэн байх вэ?  “Сараа Ариунаа хоёр насны эрхээр намбасан налайжээ” гэх мэтийн уншаад ухаан нэмэхгүй, мэдлэг, танин мэдэхүйд өчүүхэн ч тустай бус иймэрхүү зүйлсийг больё гэж байгаа юм биш. Угаасаа хүний хорвоо сониуч хорвоо юм чинь ийм зүйлсийг уншдаг нь ч, унших хүсэлтэй нь ч, бичдэг нь ч тасрахгүй. Байвал байж л байг. Гэм хийсэн биш, хөөрхий.

Гэтэл жишээ нь “Сэрүүлэг” сонин гэхэд л 8 нүүртэй. 8 нүүрнийхээ хаа нэгтээ Сараа, Ариунаа хоёроо, эсвэл Сэрчмаа сард мянган доллар гоо сайхандаа зардаг энээ тэрээгээ тавина л биз.

Харин Баабарын, Д.Энхболдын, Б.Цэнддоогийн, Ц.Хулангийн ... чадалтай мундаг хүн манай Монголд зөндөө ш дээ, олон түмнийг гэгээрүүлсэн, ухааруулсан, нинжин сэтгэл, хүн чанар, зөвт байдал, үнэнч шударга зан чанарыг уншигчийн сэтгэл зүрхэнд сэрхийтэл хүргэсэн, дотор сэтгэлийг нь догдлон долгилуулсан сайхан нийтлэл, өгүүлэл, өгүүллэг, бодрол, сэтгэмж, эсээ ... зэргийг бүтэн нүүр байтугай эзлүүлэн тавьсан тэр дугаарыг эмчийн үүдний өрөөнд ч юмуу, олон, цөөн хүн цугласан газар үнэгүй тарааж тавьдаг баймаар.“Сэрүүлгийн” нэг тийм дугаарыг “харж үзээд” үй олноор хэвлээд энд тэндгүй тараалаа, “Шар сонин” бас ингэхийг хүснэ шүү дээ.

“Шар сонины” дараачийн дугаарт бүтэн нүүр дүүрэн Д.Батбаярын бодрол-ухаарал. “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Улаанбаатар таймс” ... Монголд хэчнээн хэвлэл гардаг гардаг юм, дугаар болгонд нь тавих хангалттай материалыг  манай Монголын болоод Орос, Барууны, Дэлхий Дахины сэтгэгч-бүтээлч нар нэгэнт туурвисан бөгөөд одоо ч тасралтгүй туурвисаар  байна. Олон хэл сурсан чадалтай залуус манай Монголд өдгөө олон болсон. Олон түмнээ гэгээрүүлэх, оюунлаг болгох, сэтгэл санааг нь ариусгахад чиглэсэн энэхүү үйлсэд мөнгө зарж яагаад болохгүй гэж. Социализмын үед ийм ажлыг сайн хийдэг байсан учраас социализм амьдарсаар байж. Лхагва бүрийн өглөө лекцтэй, Пүрэв бүрийн орой хичээлтэй, Бямба бүрт өглөө сонсголтой байсан. Тэр болгон дээр утга учиргүй  “яруу алдарт МАХН мандтугай!” гэж хашгичаад л байгаагүй юм шүү. Хөгжим судлаач П. Жанчив Барууны рок-поп ба соц орнуудын эстрад хөгжмийн тухай лекцэлж, Х.Баянмөнх аварга биеийнтамир бол  олон нийтийнх, спорт гэхээрээ тамирчдынх болох тухай бодот жишээгээр ярьж таниулж байв.  Ахуй анхдагч, ухамсар хоёрдогч гэж үү? Үгүй ээ, материализм маань марксизмтайгаа нураад уначихлаа. Хажуугаар нь яахав, ВХ эд нар “эрт гэрлэвэл эрт хожно” энэ тэр гэсхийгээд “цохиж” л явна биз, харин хаах, хорих, хандыг нь хага дарах юмс манай хэвлэлд зөндөө байна.

“Одноо цагийн дотор 10 хүнтэй сексдсэн” ч гэх шиг, хэзээ ч болоогүй, шал худлаа балай дэмий юмсыг өрөөндөө тааз ширтэн сууж байгаад бичдэг, нийтэлдэг тийм хэвлэлүүдийг сэхэхгүй болтол нь торгох хэрэгтэй! Угаасаа сэтгүүлчийн ёсзүйд ч нийцэхгүй. Өнөөдөр интернет, блог гээд дийлдэхгүй болсон гэж үү? Дийлдэхгүй гээд байвал юу ч дийлдэхгүй. Блог бүрийн цаана, сайт бүрийн цаана, сонин хэвлэл бүрийн цаана эзэнтэй. Эрхлэн гаргаж буй хүнтэй! Одоо интернетээр баахан гомо-онигоо гарах болоо. Энэ бол саяхан болтол байгаагүй үзэгдэл. Эхлээд онигоогоор гомод “дасгах” нь л дээ. Бүр энүүнээс ч заваан юманд биднийг “дасгах” гэж байна, цаана чинь. Ах нь дүүтэйгээ юу яаж, гэтэл охин дүү нь:  “таных, аавынхаас том юм” гэжээ ч гэх шиг. Энэ бол онигоо биш, аюул! Товчхондоо миний хэлэх гэсэн гол санаа бол олон түмнээ гэгээрүүлэе, ухааруулая, ариусгая, сэтгэл зүрх, тархийг нь сайн сайхан бодрол бясалгал, ухаан бодол, нандин сайхнаар дүүргэе, үүнд мөнгө хаяя. Мэдээж ходоодыг нь хоол ундаар дүүргэнэ л дээ. Харин бузар муухайг гуагчаад байгаа дуу хоолойг хаая, барья. Ердөө л энэ. АНУ-д, Баруунд хаадаг, хянадаг. Угаасаа чөлөөт хэвлэл гэхээр л юу ч хамаагүй бичиж болно гэсэн үг бишийн адил чөлөөт ертөнц гэдэг ч юу дуртайгаа хийнэ гэсэн үг биш ээ. Та нар  үүнийг аль хэдийнэ мэднэ л дээ, би зүгээр энэ бичвэртэйгээ холбогдуулаад л “илүү дугарчихлаа”.

Л.БАТБАЯР

2010.11.21.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.