04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Нударган зодоончийн шүлэг

Амьдрал гэдэг гурамсан татлагатай дөрвөлжин талбар биш л дээ, гэхдээ
Алалдан тэмцэлдэх цаг Танд ч бас ирж болох шүү дээ
Ялах л гэж үзэлцсэн зодоончийг тэгэхэд санаарай
Ямар ч хүчтэнээс айгаагүй зоригоос минь бас аваарай.

Товлосон цагтаа
Тодорхой зайндаа
Тоглоном, би.

Бузгайрч ч мэдэх алга ташилтыг тоож горилохгүй тоглоно
Булхайцаж ч мэдэх шүүгч нарыг тоож царайчлахгүй тоглоно.
Хохирч ч мэдэх эрүүл мэндээ
Хожиж ч мэдэх бооцоотой цуг тавиад тоглоно
Дуусч ч мэдэх амьдралаа
Дуурсаж ч мэдэх алдартай хамт тавиад тоглоно.
Тоглоно.

Хүн харахад “тоглоно”.
Хүн хэлэхэд “тоглоно”.

Олны түрхрээн, сэтгүүлчийн магтаал, дасгалжуулагчийн үнэлэмж
Одоо энд хэрэггүй
Оноож ирсэн цохилтоос бултаад хариуг нь өгөх л үлдлээ
Ондоог санах завгүй.

Дарангуй хаад ширээгээ булаалддаг хүний түүхэнд
Дарга, сайдууд суудлаа булаалддаг дулаан конторт
Чивэлт янхнууд орлогоо булаалддаг цэцэрлэгийн сүүдэрт
Чин хайртууд амрагаа булаалддаг алаг хорвоод
Тэдний хэн нь ч нударган зодоонч шиг тийм шударга байж чадаагүйг
Тэрхэн мөчид та нартаа ухааруулж чадсан л бол болоо доо.
Авьяас чадлыг Тэнгэр Бурхан тэгш заяадаггүй хойно
Аваргын титэм бүгдэд оногддоггүй нь хатуу үнэн
Аймхайчуул харин дэвжээнд гардаггүй нь энгийн үнэн.

Амьдрал гэдэг гурамсан татлагатай дөрвөлжин талбар биш, гэвч
Арсалдан тэмцэлдэх цаг Танд ч бас ирэхийн цагт
Ялах л гэж үзэлцсэн зодоончийг тэгэхэд санаарай
Ямар ч хүчтэнээс  айгаагүй зоригоос минь бас аваарай.

 

Л.БАТБАЯР


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.