04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Г.Галбадрахын “Монголчууд Америкад” номын нээлт - Сонгодог Үдэш боллоо

2012 оны 8-р сарын 18-нд АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си орчмын Арлингтон гүнлэгт Г.Галбадрахын “Монголчууд Америкад” номын нээлт  - Сонгодог Үдэш боллоо.

Би, энэ номын зохиогч-д болон энэ номонд орсон гурван эрхэмд (жич: англи хэлний “мистер” хэмээх үгийг “эрхэм” гэж орчуулах нь зүйтэй санагдана. Би үүнийг өөрөө их мундагтаа ч хэлж буй бус, хүүхэд байхад уншаад одоо ч сэтгэлд хоногшин үлдсэн “Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг” зэрэг сонгодог зохиолыг манай орчуулгын аваргууд “Эрхэм ээ!” гэхчлэн орчуулсан байдаг нь их л дотно сайхан агаад чихэнд наалдацтай, хүндэтгэлтэй сайхан санагддаг сан.  Харин өдгөө  манайхан юм л бол “ноён” гэх болжээ. Монгол хэлний “ноён” гэдэг үг уг нь юун түрүүнд язгуур угсаа заасан үг болов уу. Ухаандаа, Чин Ван Ханддоржийн шууд удмын хүн бол “ноён” байж болох. Гэтэл бид цөмөөрөө шахуу харц ардын хүүхэд биш сэн бил үү. Харин англи хэлний мистер хэмээх үг нь нэн тэргүүнд тэр хүн бол эрэгтэй хүн гэдгийг зааж, хүндэтгэлийн буюу албан ёсны хэрэглээнд хэрэглэдэг үг гэж би мунхаглана. “Ноёнтон!” гэвэл харин арай өөр, англи хэлний “мистер” хэмээх үгэнд илүү дөхөж очсон утга гарч ирж болох байх. Харин эрхэмсэг бүсгүйчүүдээ “хатагтай” гэж хүндлэх нь их сайхан тохирч байгаа юм. Адаглаад л шууд “хатан” гээгүй.) пароди буюу манайхан “нөхөрсөг элэглэл” хэмээдэг хошин аястай, гэхдээ шүүмжилж гоочилсон бус, найрсгаар хошигносон элэглэл шүлэг бичсэнээ хожуу ч гэсэн илгээлээ.

ГАЛАА-даа
Манай Галаа ажил ихтэй
Мань эрд амралт гэж үгүй
Шөнө унтахаа больсон гэж байгаа
Шөнөжингөө нухдаг болсон гэж байгаа
Орондоо бус, ширээн дээрээ
Олон шөнө нухсаны хүчинд
Нуган үр ч биш, охин үр ч биш
Номон үр мэндэлсэн байна
Шөнө унтахгүй нухаж хонохыг
Ширээн дээрээ бас нухаж болдгийг
Шинэ номоороо манай Галаа
Энэ удаа баталж чадлаа.

 

САНСАРГЭРЭЛТЭХ-д

Сайн хүний үр
Сайхан дууны эх
Сансаргэрэлтэх
Сайн явна.
Сартай нартай хорвоодоо
Сонаттай, сьюиттэй  явна.

 

ДЭЛГЭРЦОГТ-доо

Алга ташилт нижигнэсэн
Баярын хөгжим пижигнэсэн
Ямар нэгэн тэмдэглэлт явдал
Яахын аргагүй тохиохын цагт
Манай Дэлгэрцогт тайзан дээр
Маадгархан алхсаар гараад ирнэ.
Гарч ирээд л гараа сунгана.
Гэхдээ
        Гараа хоосон сунгахгүй ээ!
Сунгасан тэр гарт нь
Сунагар цагаан дугтуй байна
Сунагар цагаан дугтуй дотор нь
Цулхигар ногоон доллар байна!
Яг хэчнээн доллар байдгийг нь
Яаж би мэдэх вэ
Манайхан чинь яг америкчууд шиг
Мөнгөнийхөө тоог хэлэхээ больчихсон ш дээ.
Хэчнээн мөнгө тэр дугтуйд нь байдгийг
Хэлж би мэдэхгүй ч
Ямар ч гэсэн тэр дугтуй дотор
Яруу сайхан сэтгэл нь бий
Бидний цөөхөн монголчууд
Биесээ дэмжих учиртай гэсэн
Хуудуугүй бодол нь бий
Хувийн философи нь бий.
Ямар нэгэн баярын үдэшлэг
Яалт ч үгүй болохын цагт
Манай Дэлгэрцогт тайзан дээр
Маадгархан алхсаар гараад ирдэг юм.
Гарч ирээд л гараа сунгадаг юм
Гэхдээ
       Над руу сунгасан удаагүй ээ, хөөрхий.
Зав зай нь болдоггүй юм байлгүй
Завдал учрал нь таардаггүй юм байлгүй.
Алга ташилт нижигнэсэн
Баярын хөгжим пижигнэсэн
Ай даа, тэр танхимд
Ёстой нар мандсан нэг сайхан өдөр
Манай Дэлгэрцогтын маадгар алхаа
Туулай гүйцэхийн цагт
Цулхигар ногоон доллар дүүрэн
Сунагар цагаан дугтуйтай мутраа
Сунгана даа, над руу!..
Гэж ирээд л
Амьд хүн гэдэг чинь бас л
Амттайхан мөрөөдөл тээж явах юм даа, хө.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.