03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ОЧИЖ ОЧИЖ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРИЙГ ӨМЧЛӨХ ГЭЭД ЮҮХХЭВ ДЭЭ?!

Тамын тогооны үлгэр хэмээх орчин үеийн онигоо өнөөдөр хамгийн алдартай онигоо биш ч байж болно, гэхдээ энэ онигоог мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Хамгийн гол нь энэ онигоог ишлэн бичигч нар энэ бол чухам манай монголчуудын тухай онигоо гэж “итгэчихээд”, бусдыг ч бас “итгүүлэх” гээд байгаад л би ихэд эгдүүцээд байгаа юм. Ямар онигооны тухай ярьж байгааг Та нэгэнт тааварласан байх. Яагаав нөгөө, монголчуудын байгаа тамын тогооны дэргэд Эрлэг Номун Хан харгалзагч тавьдаггүй, учир нь монголчууд тамын тогооноос гарах гэснийгээ өөрсдөө хөлөөс нь татаж унагаад, гаргадаггүй гэж.

Аль ч улс, үндэстэн өөрсдийгөө шоолдог. Ерөөсөө аливаа хошин шог гэдэг хамгийн түрүүнд өөрийгөө шоолсон байдаг. Хошин шогийн, магадгүй хамгийн түгээмэл бөгөөд нэлээд бүдүүлэг, гудамжны маягийн, аман ярианы хэлбэр болох онигоо ч мөн адил. Жишээ нь, габровынхны онигоо гэхэд л габровчууд хамгийн харамч, нарийн болохыг “илчлэн” харуулдаг.

Гэтэл шотландчууд ч бас өөрсдийгөө хамгийн нарийн гэлцдэг. “Одоо хандивын мөнгөө өгнө үү гэхэд шотланд хүн ухаан алдан унахад, бас нэг шотланд эр бушуухан түүнийг чирээд танхимаас гарчээ” гм. Яг үүний нэгэн адил, жишээ нь, “Англи, америк, монгол гуравтай бирд уулзаад та нарын нэг хүслийг биелүүлэе гэхэд англи нь маш гоё, том байшинтай болохыг хүссэнд бирд ёсоор болгов. Америк нь тэрүүнээс ч гоё, бүр том байшинтай болохыг хүсээд, хүссэнээ авав. Харин монгол нь тэр хоёрын байшинг харж, харж байснаа “Энэ хоёрын байшинг будаа болгоод өгөөч ээ” гэж хүсчээ”. Энэ бол онигоо, та минь ээ. Цэвэр онигоо! Ёстой believe me.

Түүнээс бус энэ онигоонд бас “итгээд” л, нээрээ манай монголчууд яг-г-г ийм! энэ тэр гээд л, энэ онигоог бас өмчлөх гээд л, “манай онигоо, манайхны тухай онигоо” гэхчлэн хөөрөөд, шуугиад, цуураад байх огт хэрэггүй. Дээрх онигоо бол харваас нэлээд сүүлийн үеийн, гоё хаус – байшин мөрөөдсөн энэ тэр, бас л орчуулгын онигоо. Магадгүй, Жак ч юмуу, хэн нэгэн байсныг нь “монгол” болгож “орчуулсан” онигоо! Түүнээс бус үүнд учиргүй итгээд л, “Энэ яг манай монголчуудыг хэлжээ” энэ тэр гэсэн “нээлт” хийгээд байх хэрэггүй. Ерөөсөө хошин шог гэдэг өөрийгөө шоолсон байдаг гэдгийг давтан хэлье. Жонатан Свифт ч өөрийгөө шоолсон! Хүмүүн-д байдаг өөдгүй, муухай чанаруудыг шоолсон.

Аливаа зохиолчийн нэгэн адил Свифт хэнийг хамгийн сайн мэдэх вэ? Мэдээж, өөрийгөө! Гэтэл соц. реализм гэгч гарч ирээд Жонатан Свифт хөрөнгөтний Английн ялзарсан нийгмийг шоглон шүүмжилжээ энэ тэр гээд “ангижуулаад”, улстөржүүлээд эхэлсэн юм биш үү?! Тамын тогооны үлгэр хэмээх онигоонд гардаг, тэр тогооноос гарах гээд байгаа, ө.х. сайн сайхан явах гээд байгаа нэгнийгээ хөлөөс нь татаж унагаад байгаа, ө.х. адилхан муухай явах гээд, сайн явах вий гэж атаархаад, дээшээ гарчих вий гэж атаархаад байгаа “монголчууд” бол монгол хүний нийтлэг дүр төрх огт биш, муухай атаач зан чанарыг л үзүүлжээ. Ийм атаач орос ч бий, атаархуу франц ч байгаа, атаархсандаа өмдөндөө шээс алдчих шахсан америк ч байгаа. Ёстой дахиад хэлье, believe me! Би нэг удаа хамт ажилладаг америк цагаан эрд санаандгүй, манай компани өдрийн 120-ийг өгдөг байснаа одоо 110 болгочихлоо гээд яритал царай нь хачин болоод “Энэ чинь 110-ын л ажил. Чамд хэзээ 120-ыг өгч байсан?” гээд юу юугүй заргалдмаар, шүүх, хуульч руу гүймээр болоод явчихангуут нь би сэхээ аваад “өө, би андуурч” гэвэл царай нь засраад, тамхиа асаагаад гүнзгий гэгч нь сорж билээ. Тэгэхээр тамын тогооны онигоог учиргүй өөрсөддөө наагаад л, өмчлөх гээд, автор нь болох гээд юүххэв дээ. Ёстой believe me гэж гурвантаа хашгирсных, би бүр Та нартаа батлаад өгье. За, Та нар асуугаарай, Польш-д амьдардаг нь польшуудаасаа, Орос, Америкад суудаг нь оросуудаас, америкчуудаас, энэ хоёр том гүрнээр дүүрэн байгаа элдвийн олон “бага ястнаас”, за тэгээд Германд байдаг нь германчуудаас, Чех-д суудаг нь чех болоод словакуудаас ... асуу л даа. “Би монгол хүн. Та, манай монголчуудыг мэдэх үү?” гээд яриа өдөөд үзэхгүй юү? Тэгэхээр урдаас чинь нэг хачин жуумганаад л “үгүй, тийм ээ, Та нар чинь ... нэг тийм хачин онигооны эзэд биз дээ ... яагаав, нөгөө тамын тогооны ...” энэ тэр гэх нь үү, үгүй юү? Ёстой үгүй л байхгүй юү! За тэгвэл бүр Увш багшаас эхлээд асуугаарай. Тэр хүн соёлын ялгаа энэ тэр гэж их ярьдаг хүн. Увш багш тэр талын судалгаа хийгээд “Тэр тамын тогооны онигоо бол манай монголчуудын “соёл”-ыг ёстой чухам харуулсан онигоо” энэ тэр гэсэн дүгнэлт хийчихэж үү, үгүй юү. Үгүй л байхгүй юү. Очиж очиж тамын тогооны үлгэр – онигоог өмчлөх гээд юүххэв дээ. Дахин хэлье. Тэр онигоонд гардагтай адилхан орос ч бий, англи ч бий, франц, америк, вьетнам, араб ... ч байгаа. Ёстой BELIEVE ME!

Л.БАТБАЯР


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.