04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ТЭНЭМЭЛ ХҮҮ ЭРГЭЖ ИРСЭН НЬ

Ийм нэртэй сонгодог зураг байдгийг бид сайн мэднэ. Зураачийг нь ч андахгүй. Тийм ээ, энэ сонгодог бүтээлийг Рембрандт туурвисан. Гэтэл сэдвийг нь Библиэс авсан гэдгийг би саяхнаас л мэддэг болов. Яг нарийндаа яривал ардчиллын ач буянаар. Бас энхийн цагаан тагтаа гэлцдэг нь Дэлхийн сонгодог зураач Пикассо тийн зурсан учраас гэж боддог, “мэддэг” байсан бол энэ нь мөн л Библиэс авсан сэдэв гэдгийг би бас л ардчиллын буянаар мэдэж авлаа. Аяа, ийн танин мэдүүлсэн Ардчилал юутай гайхамшиг.

Миний айх л юм

Мэдэхгүйн хар манан гэж Монголын том яруунайрагч Бямбажавын Цэнддоо бичсэн.

Мөс яах вэ, хөлдөнө л биз

Гал яах вэ, шатна л биз

Миний айх л юм

Мэдэхгүйн хар манан.

Лут шүлэг шүү.

Одоо Рембрандтын зургийн  сэдвийн эхийг Библийн Луух номоос үзье. Эл түүхийг Есүс өөрөө ярьсан байдаг.

Ариун Библи. Шинэ Гэрээ. х.114. Луух: 15.

Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ: “Аав аа, эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг минь өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад алс холын оронг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв...

Нэг үгээр хэлбэл бүрэн баларчээ. Нутгийн нэг хүнийг бараадаж... гахайг нь хариулах болов.

Тэр, гахайны идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийн хүсэмжлэвч ... Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүс ... элбэг дэлбэг байдаг... Би ... эцэг рүүгээ очъё... “Аав аа, би Тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч” гэж хэлье... Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв... Эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. Учир нь энэ маань үхсэн байсан юм. Гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо” гэв.

Энд бид хүүгийн тухай гэхээсээ илүү эцгийнх нь тухай яримаар. Хүү нь ойлгожтой байна. Харин зарим пастор – номлогч хүүг гэмээ гэмшээд эргэж иржээ гэж тайлбарлах нь бий. Үгүй ээ, тэр тэгтлээ гэмшиж сүйд болсон хүн биш. тэр ухааран... Тийм ээ, ингэж яваад баларчихлаа, одоо өөр аргаа хайя л гэсэн хүн. Өөр арга нь эцэгтээ буцаж очих. Ө.х. эхний хувилбар маань нураад уначихлаа, дараачийн хувилбарыг нь сонгохоос доо л гэжээ. Харин эцэг нь. Хөөрхий дөө, хүүгээ гэсэн эцэг хүний сэтгэлийг ээ! Тэр хүүгээ холоос хараад хүү рүүгээ пижигнэтэл гүйв! Амьдралынхаа лавтай сүүлийн 20-30 жил тэр ингэж гүйгээгүй биз ээ. Тэр нутгийн, тэр үеийн ёс заншлаар буурь суурьтай, тэр тусмаа эзэн хүн гүйдэггүй байжээ! Налгар тайван, намбайтал алхаж эд хөрөнгөтэй эрхэм чухал хүн гэдгээ бусдад харуулдаг байж. Харин зарц, боолчууд, ядуус л гүйдэг байж. Эзэн нь гүй гэвэл гүйлгүй ч яахав дээ. Эсвэл хүүхэд багачуул. Гэтэл хөгшин эцэг нь, лав залуу хүн биш байгаа даа, хүү рүү дэгдэгнэтэл  гүйв. Тэр ёс заншил ч хамаагаа алдсаан, хөөрхий. Эл түүхийг АНУ-ын номлогч Майкл Юсеф тайлбарлахдаа эцэг нь бүр гүйдэл дундаа хувцсаа тайлж хаясан гэж байгаа юм. Дахиад л нөгөө ёс заншил хаачив? Тохитой томоотой эр хүн, тэр дундаа нэр төртэй эзэн хүн гэгээн цагаан өдөр хүмүүсийн нүдэн дээр хувцсаа тайлж хаяна гэдэг бол за ёстой булайгаа хутгаж байгаа нь тэр ажээ. Гэтэл хүүгээ гэсэн эцэг үүнийг ч бас огт тоосонгүй. Яагаад тэр вэ? Яахаараа энэ вэ? Яах юу байдаг юм. Эцэг нь хөөрхий тэнэмэл хүүгийнхээ шившгийг өөртөө авахыг хүсчээ. Энэ явдал гэгээн цагаан өдөр болсон бөгөөд хөршүүд нь, зарц нар нь зэрэг тодорхой хэсэг бүлэг хүн энэ явдлыг харж байсан байж таарна. Уг нь тэр хүмүүс:

-       Пээ, нөгөө тэнэмэл хүү чинь эргээд ирлээ! Паах, тэр царай зүснийх нь байж байгааг хараач ээ, хөе! Үгүй, тэр хувцас хунарыг нь ээ! Эзний хүү бүү хэл мануухай ч ийм тамтаг углахгүй. Паах, үгүй тэр үс гэзэг нь ширэлдчихээд байж байгааг нь ээ! гэлцэх гэж байсан юм. Тэд уг нь яг тэгэх гэж байсан. Гэтэл харин одоо бол:

-       Пээ, үгүй энэ хэн гуай чинь одоо яаж байна  аа? Үгүй энэ чинь манай эзэнтэн одоо яаж байгаа нь энэ вэ? Хөрөнгө чинээтэй эзэн хүн байж, настай тохитой, нэр хүндтэй эрхэм байж түмэн олныг харсаар байхад ингэж пижигнэтэл гүйгээд юу болж байна аа, энэ чинь? Пээ, булай бол гэж. Өнөөх чинь бүр гэгээн цагаан өдөр амьтан хүний нүдэн дээр хувцсаа тайлж хаяад бүр нүцгэн гүйдэг байна ш дээ! Үгүй та минь ээ, энэ өвгөн чинь солиоров уу. Пээ-паа! гэлцсэн ажгуу.

Тийм ээ, хөөрхий хөгшин аав нь яг үүнийг л хүсчээ. Уг нь тэр хүмүүс хүүгийнх нь бузар булайг гайхах гэж байсан юм. Одоо бол үгүй. Одоо бол тэд өөрийг нь шившиглэж байна. Гэвч хүүгээ гэсэн аавд энэ огт падлийгүй!

Эцэг нь түүнийг холоос хараад

Тийм ээ, тэр алсад явсан хүүгээ харуулдан өдөр бүр зам ширтдэг байжээ. Зөвхөн гэрийнхээ гаднаас ч биш. Аль болох алсыг харах гэж өдөр бүр гэрээсээ улам бүр холдон явж хүүгээ харуулддаг байж.

Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Хөлд нь гутал өмсгө.

Зүгээр л нэг “Хувцас авчир” гэсэнгүй. “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч” гэж хашгирч байгааг нь Та сонсов уу.Тийм ээ, бас гутал өмсгө! Тэр үед Израйль оронд ядуус, зарц, боолчууд гуталгүй хөл нүцгэн явдаг, халуун дулаан ч орон юм, харин эзэд ноёд, баячууд л гутал өмсдөг байжээ. Аав нь хүүдээ гутал өмсгөж байна! Чи бол миний хүү, чи бол эзний хүү, чи бол эзэн! гэж хэлж байна гэсэн үг ээ. Хэчнээн их алдсан ч бай хамаагүй, хамаг хөрөнгөө үрсэн ч бай падлийгүй, чи миний хүү! Хүүгээ гэсэн аавын сэтгэлийг ээ!

Ээ, монгол ах дүү нар аа, Есүсийн ярьсан эл түүх юуг өгүүлнэ вэ? Энэ бол Ертөнцийн Эзэний агуу их хайр, энэрлийн түүх юм. Их Эзэн та биднийг яг ингэж хайрлаж байдаг. Бид цөмөөрөө нүгэлт хүмүүс ч гэсэн, бид хэчнээн буруу муухайг хийж, алдаж эндэж, элдэв нүгэл рүү шунан зүтгэж байхад ч гэсэн Их Эзэн биднийг хайрлаж, бидний араас гүйж байдаг юм. Эрхэм уншигч минь, Бүтээгч Их Эзэний хайрын мэлмийд чи бид нар ямар ч эрдэнийн чулуунаас илүү үнэтэй харагддаг. Амээн!

 

Л.БАТБАЯР

9 – 29 – 2010.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.