04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Эх орны Их дайнд 00-ийн цаас хэрхэн холбогдох нь

1943 он.  Зөвлөлтийн Улаан Арми, Гитлерийн Германы дайнчдыг үлдэн хөөж эхэлсэн үе. Зөвлөлтийн нэг анги, дайсны бэхлэлтийг эзлээд олзоо үзэж байтал 00 цаас гарч иржээ.  Орос цэргүүд гайхаж “энэ одоо юун цаас вэ.  Үүгээр яадаг болж байна.  Хөвсийсөн, хөнгөн нимгэн, юм боож ч болохгүй, дээр нь бичиж болохгүй” гэлцэж байтал, ашгүй нэг юм үзсэн цэрэг байж, “энэ ийм учиртай цаас” гэж тайлбарлаж өгчээ...

1943 он. Зөвлөлтийн Улаан Арми, Германы автомат буутай цэргүүдийн урдаас сум нь хүрэлцээгүй винтовтойгоо нүдэлдсээр АКА-тай болчихсон байсан үе.  АКА-гаар зогсохгүй Катюша-тай болчихсон цаг.  Дэлхийн II дайны шилдэг танк гэж Өрнө, Дорны цэргийн мэргэжилтнүүд нийтээр хүлээн зөвшөөрсөн Т-34-тэй ч болсон. Лавочкины зохион бүтээсэн Ла-5 онгоцтой ч болсон үе. Дайны эхний хэдхэн сард 4 сая цэргээ олзлуулж байсан тэр цаг ард хоцорчээ. “Дайн эхлэхэд Эх орны баруун хил дээр дайснаас хүн, хүч, зэвсэг техникийн тоогоор  илүү байсан” гэж Москвагийн нийтлэлч Сергей Баймухаметов бичжээ. Хүнээр олон байсан байх, зэвсэг техник нь ямар байв? Автомат Винтов хоёрыг харьцуулаад бод л доо.

Дайсны 58-62 онгоц унгаасан Покрышкин, Кожедуб хоёр хамгийн олон онгоц сөнөөж, ЗХУ-ын 3 удаагийн баатар болсон. Гэтэл Германы сайн нисгэгч нар дайны эхэн үед Зөвлөлтийн 150 онгоцыг унагаж байжээ. Хамгийн шилдэг нисгэгч нь Зөвлөлтийн 300 онгоц сөнөөсөн байна. Бүх бие, далавч нь металл (хөнгөн цагааны хайлшаар хийсэн) онгоцтой зөвлөлтийн далавч, их биеийг нь мод, фанериар хийж, тугалган цаасаар бүрсэн онгоц яаж ч байлдах вэ дээ?!

Энэ бүхэн ард хоцорчээ. Одоо урагшаа! Өрнө зүгт өрнөсөн их давшилтын үе эхэлж байна. Гэвч хөөрхий минь, тэдэнд хэзээ ч, юу ч амархан байгаагүй, Зөвхөн Будапештийг авахад 250000 хүнээ алдсан! Берлинийг авахад 1 сая 600000 хүнээ алдсан! Ганц Берлинийг авахад! “Тэнгэр бурхан минь, тэсвэрлэж чадашгүй зүйлийг тэсч давахад тэтгэж хайрла” гэсэн Таж Махалын үүдэн дээрхи бичээс тэдэнд л чухам зориулагдсан гэлтэй.

Тэгвэл АНУ Дэлхийн 2-р дайны турш 250,000 хүнээ алдсан. 250000 хүний алтан амь гэдэг үнэхээр том гарз л даа. Гэхдээ Европын ганц хотыг чөлөөлөхөд хохирсон Зөвлөлтийн цэргийн тоотой тэнцэж байна. Хамгийн гол нь АНУ өнөөдөр юу ярьж, бичиж эхэлж байгаа нь үнэхээр сонирхолтой. “Өвөө эмээ нар маань фашизмыг бут цохисон, аав, ээжүүд маань коммунизмыг бут цохисон. Бид одоо терроризмыг бут цохино” гэсэн “уран сайхны халилтай” рекламны зураг “Вашингтон Пост” сонинд нэлээд том зай эзэлж гараад зогсч байгаа бол ч яахав гэхсэн. “Бид фашизмыг бут цохисон” гэдэг үг Гондолойз Райс, Колин Поуэл нарын зэрэг төрийн томчуулын амнаас “санаандгүй” унах болжээ. Түүхийг ийм амархан гуйвуулах гэж?! Хамаг хүчээ Оросын фронт дээр шавхсан фашистын Герман 1944 онд 15-16-тай хүүхдүүдийг цэрэгт татаад, СС-ийн офицерүүдээр суман, хороо командлуулаад Арденний тулалдаанд ороход Америк цэргүүд хиартлаа цохиулж 100,000-аараа олзлогдож байснаа ийм амархан мартах гэж...

1943 он.  00 цаасны учрыг олсон орос аавын хөвгүүд яасныг Та таа даа.  “Өө тийм үү” гэж нүд тайлсан уу.  “Аа би мэдээд байсан юм” гэж зарим нь худлаа нэрэлхсэн үү.  “Энэ муу хогоор яадаг юм.  “Правда” сонин байхад” гэсэн үү, Соёлт Европын нэг хэсэг болох Германы соёл иргэншлийг гайхсан уу... Үгүй ээ, аль нь ч биш.  Харин атаархаж хорссондоо боож үхэх шахацгаажээ.  “Правда” сонин нь 00-доо хэрэглээд зогсохгүй, улаан дүнс, мохор тамхиа ороох амин чухал хэрэгцээ нь болж байхад, харин муу дайснууд нь, үхээрийн муухай фашистууд зөвхөн муу 00-доо хүртэл ийм тансаг, ийм зөөлөн, тусгай зориулалтын цаас хэрэглэдэг байх нь!!!  Тэд, биднээс ийм тансаг, ийм дээгүүр, ийм ялгаатай байх нь гэдгийг орос цэргүүдэд 00 цаас илүү дутуугүй ойлгуулж өгчээ.

 

Л.БАТБАЯР

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.