04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Аустрелицийн тулалдаан

Өөрөөс нь бүтэн хагас дахин илүү хүн, хүчтэй Орос, Австри-Унгарын хамтарсан их цэргийг Напелеон Аустрелиц-д бут ниргэж Напелеоны цэргийн эрдэмийн суу билэг, гялалзсан авьяасыг дэлхий дахинд харуулсан, энэ ялгуусан ялалт Франц улсын нэр төрийг Европт, цаашилбал бүх дэлхийд өндөрт өргөж өгч, Франц улс дэлхийн хүчирхэг гүрнүүдийн эгнээнд эгнэгт орох замыг нээж өгсөн түүхтэй.

Оросын суут жанжин Кутузов эзэн хааныхаа дэргэд мэдээж байж, “бид заавал Аустрелиц-д очих хэрэггүй.  Тэнд Напелеон бидэнд занга тавьчихсан байгаа.  Өөр газар байлдая” гэж Эзэн хаандаа хамгийн үнэтэй зөвөлгөө өгөхөд 27 настай бардам хаан Александр:  “Би өөрөө бүх цэргийг биеэрээ удирдана” гэж сагсалзжээ.

 

Харин Аустрелиц-д, Напелеон шийдвэрлэх цагт бүгсэн цэргээ давааны цаанаас гэнэт гаргаж ирэхэд ”энэ их цэрэг хаанаас гараад ирэв?  Тэнгэрээс буугаад ирэв үү?” гэж, Напелеоны цэргийн эрдмийн суу залийг ойлгох ухаан хүрэхгүй, учрыг нь ч олохгүй байсан нь өрөвдмөөр.  Бардам хаан суут жанжиныхаа зөвөлгөөг оройтсон ч гэлээ тэгэхэд нэг санaсан байхдаа.  Ийнхүү Аустрелиц-д хиартлаа цохиулсан тэр цагийн хоёр их гүрний, хоёр их эртний сурвалжит хаан, ноднин дэслэгч байсан залуутай хэлэлцээрийн ширээний ард арга буюу сууцгааж, хаан төр барьсан үеийнхээ хамгийн шившгийн гэрээнд гарын үсгээ эрхгүйеэ зурцгаажээ.  Ай даа, дайны амт, ялалтын амт шимтийг ялсан тал хэлэлцээрт гарын үсэг зурах энэхэн мөчид л нэг эдэлдэг байна.  Санасан төлбөрөө хэлж, боломжийнхоо хэрээр авч, санал хүслээ тулгаж, алт эрдэнэс, газар нутаг, зэр зэвсэг, ажиллах хүч... юу хүссэнээ олж авна.  Ийм ч учраас үе үеийн хаад, тэргүүн сайдууд, ерөнхийлөгч, ерөнхий сайдууд, том улс төрчид дайнд шунан дурлаж иржээ.

Напелеон хамаг бүгдээ авсан ч биеэр эдлэх нэг зүйл бас дутуу санагдаад, Оросын Александр хааны эгчийг (эсвэл дүү охиныг.  Үүнийг би History Channel-аар үзсэн нэвтрүүлгээ ашиглан бичиж буй бөгөөд тэр нэвтрүүлэгт Александр, sister-тэй байсан, түүнийг нь Напелеон авна гэсэн гэж гарсан) дайны төлбөрт бас нэхсэнд тэр үеийн хүмүүсийн ойлголтоор ямар ч язгуур угсаагүй, хязгаар хөдөөгийн Корсик арлын харц гаралт залуу, эртний сурвалжит хааны охиныг авч сууна гэдэг даанч хэрээс хэтэрсэн хэрэг тул, хэдий цаад залуу нь Напелеон байсан ч Александр хаан эрс татгалзжээ.  Гэхдээ ялагдсан хаан үгүй гэдэг үгтэйгээ хамт оросын алт, эрдэнэсээс үлэмж их хэмжээгээр нэмж өгсөн бизээ.  Тэгж Напелеонд дээрлэхүүлж, харц хархүүтэй ураг барилдахаа шахаж, өндөр дээд угсаа сурвалжаа тэгтлээ доош нь хийлгэж муугаа үзэж суухдаа бардам хаан сод жанжиныхаа үгийг тэгэхэд хоёр санасан биз ээ.

Харин дашрамд сонирхуулахад амтыг нь эдлээгүй ялалт азлаг бус Оросын түүхэнд нэг бус байдгийн нэг жишээг дурдвал Орос – Туркийн дайнд Оросууд гайхамшигт ялалт байгуулж ялалтын амтыг одоо нэг амсъюу гэтэл, Орос цэргийн ган жад, болд нудрагыг одоо нэг үнэ хүргэюү гэтэл, Англи Америк хоёр хөндлөнгөөс хөлөө жийж Туркийг өмөөрөөд Орост түмэн зүйлийн дарамт шахалт үзүүлсний улмаас Орос эрсийн алдсан амь, асгарсан цусны төлөөсөнд сохор зоос ч олж авч чадалгүй, хөдөөгийн бойдхон монгол эр шиг хөөрхий Орос орон түүхэндээ бас нэг дээрэлхүүлээд өнгөрсөн билээ.

Хэзээ хойно зөвлөлтийн киночид энэ дайны тухай “Шипка давааны баатар” кино бүтээж, орос цэргийн сүр хүчийг, эх оронд нь ямар ч ашиг авчраагүй тэр ялалтыг соц. реалист аргаараа магтан дуулсан юм.

Напелеоны тухай, хувийн зан чанараас нь энд бас сонирхуулах нь зүй.  Напелеон өдөржин морин марш хийхэд ядардаггүй (дайны цагт цэргүүдийнхээ адил морь унаж явдаг байсан болохоос жуузанд залардаггүй байв) төмөр мэт биетэй, зөвхөн бие махбодын хувьд төмөр мэтээр зогсохгүй, оюун тархины чадвар нь бас асар их эрч хүчтэй, эцэж цуцахыг мэддэггүй байжээ.  ”Оюуны ажлын энэ их ачаалал Таныг ядраадаггүй юм уу” гэж нэг шадар нь долигноод ч юм уу, бишрээд ч юм уу асуухад Напелеон “Үүнийг тайлбарлахад их амархан.  Миний тархи яг л олон шургуулгатай шүүгээтэй адилхан.  Би нэг төлөвлөгөө бичээд ядарч залхаж эхлэхээрээ тархиныхаа тэр шургуулгыг хаачихаад, өөр нэг шургуулгыг татаж онгойлгоод өөр нэг хууль зохиож эхэлдэг.  Тэгээд ядрахаараа дахиад бас нэг шургуулгыг нээгээд ондоо нэг төсөл дээр ажиллаж гардаг” гэж бардамхан хариулж байжээ.  Үнэхээр ч том гүрний том улс төрийн бодлогыг лут бодохын сацуу хажуугаар нь бас үй олон эмэгтэйчүүдтэй уулзаж учирч амжиж байсны цаад шалтгаан нь ёстой л түүний төмөр мэт бие, олон шургуулгатай шүүгээ мэт тархи мэдрэлд нь байсан биз ээ.

Тэр бас Их Александр хааныг дуурайж байлдаанд орохоор эгнэн жагссан цэргүүдийнхээ өмнүүр морьтойгоо давхиж дайчин эрсийнхээ хийморийг сэргээж, цөсийг нь хөөргөдөг байжээ.  Түүх сонирхдог байсан Напелеон эртний том хаад, жанжид, тухайлбал Их Александр ингэдэг байсныг сайн мэддэг байсан нь лавтай.  Харин Монголын хаад, жанжид үүнчлэн үйлддэг байсан эсэхийг бүү мэд.  Лав л “Монголын Нууц Товчоонд” ийм зүйл гардаггүй.  Уг нь бол Бөртэ хатан Тэв Тэнгэрийн талаар гомдол мэдүүлэхдээ “орноосоо өндийж, хөнжлөө ярж, хөх цээжнийхээ дээд хэсгийг ил гаргасныг” хүртэл нарийн дүрслэн үлдээсэн ном.

Гэвч суут Напелеонд хүртэл сул тал бас байсан юм.  Тэр, далайн тулааныг мэддэггүй байв.  Энэ дутагдлаа нөхөх тэнгисийн цэргийн лут адмиралыг бэлтгэсэнгүй.  Ийм ч учраас түүний мөхөлд Английн тэнгисийн цэргийн домогт адмирал Нелсон жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Салхины хүчийг олон далбааны тусламжаар залж бус, уурын хөдөлгүүрээр явах хөлөг онгоцыг анх зохион бүтээсэн хүн тэр үеийн Дэлхийн том хаадын нэг Напелеонд зураг төслөө бариад очиход тийм суут хүн атлаа тийм ойрхны ирээдүйг олж харж чадсангүй.  “Наад хог новш чинь хэнд, юунд хэрэгтэй юм?” гэжээ.  Гомдсон зохион бүтээгч АНУ-ыг зорьж, бүх л түүхийнхээ турш хөгжил цэцэглэл нь зүгээр л дээшээ олгойдож ирсэн азлаг Америк тэр бүтээлийг нь дор нь шүүрч аваад хөгжил нь улмаа дээшээ олгойдож гаралгүй хайчихав.

Л. Батбаяр

Спринфилд, Виржини

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.