03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ХААНЫ ЦЭЦЭРЛЭГИЙН УСАН ҮЗЭМ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

Аль тэртээ 17-р зуунд ч юмуу, Англи гүрэн цэцэглэн хөгжиж бэхжин хүчирхэгжиж байсан тэр нэгэн цагт гүрний нийслэл Лондон хотын ядуусын дүүрэгт нэгэн хөөрхий ядуу эмэгтэй амин ганц охинтойгоо амьдран сууж байтал энэрэлгүй хатуу хорвоо, хэцүү гачлант амьдрал хоёр хавсайдаж байгаад хайртай ганц охинд нь айхтар хүнд өвчин хийсгэн ирүүлжээ. Англи гүрний анагаах ухаан тэр үедээ л Дэлхийд тэргүүлж байсан ч тэр мундаг анагаах ухааны хамгийн лут төлөөлөгч ядуу муу эмэгтэйд яахин ирэх билээ. Ямар ч гэсэн нэг эмч ирж үзээд:

-       Ээ дээ, уг нь охинд чинь жимс л тун хэрэгтэй байна санж дээ гэжээ.

Эмч үзээд хэлсэн үг, оношилсон онош нь ердөө л энэ. Дүн өвлийн цаг тул жимс гэдэг тун ховор зэвэр, тэр хэрээрээ ч тэнгэрт хадсан үнэтэй байв. Одоо л хүмүүн бид чинь хөгжиж дэвжээд гахай тахиаг бүү хэл  үхэр, хонийг ч дөрвөлжин торонд хашиж байгаад элдэв химийн бордоогоор өдөр шөнөгүй бордоод хөөрхий амьтдыг хөл нь биеэ даахгүй болтол таргалуулдаг болсны ачаар ядуухан хэсэг нь гэхэд л хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэж даналзаж явахад дунд хэсэг нь бол өдөр, оройн хоёр хоолтой болжээ.

Харин дээр үед бол, жишээ нь Есүсийн үеийн Израйл-д дунд зэргийн байтугай нэлээд чинээлэг айлууд долоо хоногт ганцхан удаа л махан хоол иддэг байжээ. Жимс ногоо, будаа тариаг ч төрөл, зүйл бүрээр нь тарьж ургуулаад өнөө үед ухаант хүн төрөлхтөн ёстой л Дэлхийгээ дэлэгнүүлэн амьдарч байна. Харин 2000 биш, 300-400 жилийн өмнө Англи гүрэнд ялангуяа өвлийн цагт жимс жимсгэнэ гэдэг олдохуйяа бэрхийн хэрээр ойгүй үнэтэй байж. Үхтэл үрийн төлөө эх хүний сэтгэл гэдэг хаана ч, хэзээ ч адилхан юм шив дээ. Хөөрхий ядуу эх хамаг хөрөнгө мөнгө болох хэд гуравхан зэс зоосоо тас атгаад өвчинд шаналсан амин ганц охиндоо жимс олж өгөх санаатай гараад өгчээ. Тэр үеийн өвөл цагийн Лондон хотод хэдхэн зэс зоосоор жимс авна гэдэг үнэнийг хэлэхэд бүтэшгүй зүйл байсан ч хоосон гэрт нь жимс ямар байсан биш, охиноо гэсэн эх хүний горь тийм амар тасрах биш, гараад явахаас яах вэ. Зовлонт эх яаж яваад ч юм, Эзэн Хааны Ордны дэргэд иржээ. Хааны Ордон сайхан том цэцэрлэгтэй. Цэцэрлэггүй ямар Хааны Ордон байх билээ. Хааны Гүнж сагс дүүрэн усан үзэм бариад цэцэрлэг дотуураа явааг харсан хөөрхий эхийн хоёр нүд жимстэй сагсан дээр нь шууд л уначих нь тэр. Гүнж ч тэр ядуу эмэгтэйг анзаараадахжээ. Ядуу эх хамаг хөрөнгө болсон хэдхэн муу зэс зоосоо сарвайж усан үзмийг нь авах их хүслээ илтгэв гэнэ. Хөөрхий тэр эмэгтэйд усан үзэм тун ч хэрэгтэйг Гүнж ойлгожээ. Зүгээр нэг тансаглаж идэх гээгүй, үнэхээр амин чухал хэрэгтэй бөгөөд хамаг хөрөнгө нь энэ хэдхэн зэс зоос юм байна гэдгийг ч ухаалаг Гүнж ойлгож мэджээ. Хөөрхий минь, Хааны охин гэхээр л заавал эрхийн балай тэнэг, эсвэл алтан мөнгөн хувин дүүрэн уйлаад сууж байдаг биш л юм байна. Англи оронд аль эртнээсээ л ардчилал гээч юм хөгжчихсөн байгаа юу. Хотын ядуус борчуул Хааны Ордонд ойртон ирж болохгүй, Ордны цэцэрлэгийн хашаагаар шагайн харж болохгүй, Хааны Гүнжтэй хамаагүй харилцаж ярилцаж болохгүй гэсэн заалт хууль лав байгаагүй болж таарч байна. Тэгээд Гүнж өгүүлрүүн:

-       Эмэгтэй Та миний усан үзмийг худалдан авахыг хүснэ үү. Даанч миний энэ усан үзэм болбоос дэндүү үнэтэй, хэтэрхий үнэтэй, бүр үнэлж баршгүй үнэтэй эд дээ. Учир юун гэвээс энэ усан үзмийг Хаан Аав минь өөрийн гараараа Ордныхоо цэцэрлэгт тарьж, Өөрөө биечлэн арчилж тордож усалж ургуулаад, бас Өөрөө хураан авсан бүлгээ. Иймийн тул энэ жимс бол үнэхээр их үнэтэй, бүр үнэлж баршгүй их үнэтэй ажгуу. Харин харамсалтай нь Та даанч ядуу хүн юм даа. Иймд Та миний усан үзмийг авах үнэхээр хэрэгтэй бөгөөс зүгээр, үнэгүй ав гэжээ.

Нээрээ ч Английн Их Эзэнт Гүрний Агуу их Хаан, хамгаас хайртай Гүнж хоёрын мэдэлд Алтан Дэлхий тэр чигээрээ Шинэ, Хуучин тивтэйгээ байхад, ёстой л Хатан Дэлхий тэр аяараа Хаан Аавын харцны аясаар бөхөлзөж байхад хөөрхий тэр муу ядуу, ядруу эмэгтэйн сохор зоосны дүнтэй хэдхэн халтар зэс зоосоор Хааны хайртай Гүнж яах ч юм билээ дээ.

Ай, юутай завшаан, юутай их зол бэ?! Авбал зүгээр ав! Тийм ээ, Ертөнцийн Эзэн Аав минь Эх Дэлхийг минь бүтээхдээ Та бидний хамгийн хэрэгтэй, хамгийн үнэтэй зүйлсийг зүгээр, үнэгүй ав гэж бүтээсэн. Жишээ нь агаар байна. Агааргүйгээр эрдэнэт хүн таван минут ч амьдарч чадахгүй. Гэтэл тийм хэрэгтэй, тийм үнэтэй агаар үнэгүй. Бас ус байна. Усгүйгээр хүн таван хоног амьдарч чадахгүй биз ээ. Усгүйгээр хаана, ямар амьдрал байх боломжтой вэ? Ямар ч боломжгүй. Хүн төрөлхтөн эртнээс янагш усаа дагаж, гол мөрөн, нуур цөөрмөө дагаж амьдарсаар ирсэн. Ус үнэгүй, Усыг бүү зар гэж Ертөнцийн Эзэн айлдсан. Өнөөдөр “муухай хөрөнгөтнүүд” Их Эзэний айлдварыг мартчихаад мөнгө цагаан нүд улаан болж усыг зараад байгаа юм биш, усыг савласан, шошголсон, оролцсон машин техник, хүн хүчнийх нь хөлс хүчийг зараад байгаа юм. Өнөөдөр ч ус үнэгүй. Өнөөдөр ч Их Эзэний зарлиг хэвээрээ.

Ингээд аз нь гийсэн хөөрхий эмэгтэй тэр их цаглашгүй агаад хэмжээлшгүй үнэтэй усан үзмийг ”үнэгүй, зүгээр” аваад, элгэндээ тас тэврээд баяр баяслын халуун нулимсаа асгаруулсаар муу оромжныхоо зүг, хүнд өвчинд нэрвэгдсэн амин хайртай ганц охиноо зорин одов оо.

Ай, монгол ах дүү нар минь. Ертөнцийн Эзэн Есүс Христ аврал, сургаалаа, мөнхийн амьтай цуг “Май, Та нар зүгээр ав!” гээд бидэн рүү сунгаж байна. Энэ ямар их энэрэл хайр вэ! Ямар их өршөөл нийгүүлсэл вэ! Ямар их аз завшаан бэ!

 

Л.БАТБАЯР

9 – 25 – 2010.

FM 105.1. Номлогч – Пастор Майкл Юсеф-ийн номлолоос авав.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.