03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

БҮГДЭЭРЭЭ ЯЛАГЧ

АНУ-ын нийслэл Вашингтон дахь Монгол Сургууль дээр зохиосон “Аав, Ээж, Би” хөгжөөнт тэмцээнээс хийсэн сурвалжилсан тэмдэглэл

2010 оны 10-р сарын 16-ны Бямба гарагт Умарт Виржинийн Арлингтон гүнлэгт орших Монгол Сургуулийнхан хүүхэд, эцэг эхчүүдийг оролцуулан “Аав, Ээж, Би” хэмээх хөгжөөнт тэмцээн зохиов. Бэлтгэл, бага, дунд, ахлах бүлгийг төлөөлөн аав, ээжүүд хүүхэдтэйгээ гурвуул нэг баг болж нийт 4 баг “хүчээ үзэж”, биеийнтамирын багш Д. Отгонбаяр, багш У.Цолмон  нар шүүсэн энэхүү хөгжөөнт тэмцээн намайг ёстой л цаг хугацаа хийгээд орон зайг нэвт гатлуулан аялуулж 40 гаруй жилийн тэртээх бага насанд минь аваачив. Ай даа, сургууль гэдэг ийм л байдаг даа. Хүүхэд, багш нар гэдэг ийм л байдаг даа. Бөөн хөгжөөн. Бөөн инээд. Хүн бүр хөөр баяраар дүүрэн мөчүүдийг тэнд амсав.

Монголын Радиогоор үргэлж цуурайтдаг, бага наснаас минь сэтгэлд шингэсэн, манай алдарт хөгжмийн зохиолчдын хүүхдийн дуунууд эгшиглэхэд эгээ л Монголдоо очсон мэт сэтгэл оволзож, харин “Аав, Ээж, Би” багууд тэдгээр сайхан дууны аянд бүжиглэн дуулцгаав. “Тоглоом” дууны агуулгад тааруулан бүжиглэн дуулах гэр бүлийг дэмжихээр, хараач тэр, Мөнгөө захирал бөмбөг, машин хоёр барьчихаад хамгийн түрүүнд гүйж явна. Угаасаа тэр хамгийн түрүүнд гүйгээгүй гэж үү? Ди Си орчмын монголчуудын тоо хэдэн мянгад  хүрч, балчир үрс маань монгол хэлээ мартах, мэдэхгүй өсөх нөхцөл байдал үүсч байгааг хамгийн түрүүнд олж хараад оюун ухаандаа тунгааж, энд Монгол Сургуулийг үүсгэн байгуулах буянтай агаад эрхэм үйлсийн манлайд угаасаа М.Мөнгөнцэцэг захирал хамгийн түрүүнд гүйгээгүй гэж үү. Тэмцээний завсар хооронд Д.Нямсүрэн эрхлэгч  хөгжөөн дэмжигчдийг  ч  тэмцээнд татан оруулж хөгжил баяслыг ёстой л бүх нийтийнх болгож байв. Л.Уранчимэг  багштай бага ангийнхан эцэг эхчүүдтэйгээ бүгдээрээ “Дээшээ. Дээшээ” дууг дуулж тэмцээнд оролцогсдоос дутахгүй тайзнаа гараад авлаа.
Наран мэлтийнэ ээ
Саран гялалзана аа
Сансарт бид нар ниснэ ээ ...
Дээшээ, дээшээ, бүр дээшээ
Тийм ээ, дээшээ.

Хүүхэд багачуудын эх хэлээ сурах хүсэл эрмэлзэл, эцэг эхчүүдийн ижилхэн хүсэл ч дээшээ, багш нарын халуун сэтгэл, бүтээлч зүтгэл, урам зориг, хүсэл санаачлага цөм дээшээ, дээшээ, бүр дээшээ шүү.
Эх Орноо санана аа
Эх хэлээ сурна аа
Эх Монголдоо бид очно оо
Монгол хөгжинө өө
Ирээдүй ойртоно оо
Монголдоо бид сурснаа зориулна аа
Бидний хүслэн
Эх Орны хөгжил
Дээшээ, дээшээ, бүр дээшээ.

Мэргэжлийн боксoд хүчээ үзэж яваа, Монгол Сургуулийн биеийнтамирын багш Д.Отгонбаяр хөдөлгөөнт тоглоом зохион явуулж элэг эгштэл, нулимс гоожтол инээлгэж хөгжөөн баярын уур амьсгалыг бүр Фарангейтийн 100 хэмд хүргэж орхив.4 багийн аавууд том хар хүүдий углан уралдан гүйж сандал тойроод ирэхэд зөрөөд ээжүүд эгээ л бага ангийн охид шиг дээс цовхрон гүйж ирэхэд хүүхдүүд явган уралдаанд хурдаа сорьсон энэхүү дэндүү хөгжөөнтэй тэмцээнд аав Ивээлт хэт чармайсандаа “уутан дундаа” онхолдож унасан ч барианд бараг цуг орж ирэв. Өө Ивээлт ээ, өө аавууд аа, өө ээжүүд ээ, та нар бүгдээрээ ялсаан. Хөгжөөнт тэмцээнд оролцогчид бүү хэл үзэгчийн суудалд байсан бид ч бас ялсан. Бямба гарагт унтаж амарч хэвтэнэ гэсэн залхуугаа бид ялсан. Хүү минь тэгээд сурах болов уу даа гэсэн өтөл сэтгэлээ гутранги үзэлтэй нь хамт ялсаан.
Монгол Сургуулийн зөвлөх багш, насаар ахмад ч сэтгэлээрээ цэл залуу Л.Жаргал багш монгол ардын зүйл цэцэн үгсийг тэмцээнд оролцсон аавуудаар тайлбарлуулж, эл хөгжөөнт тэмцээнийг ч бас монгол хэлний хичээл болгоод авав.
Бага ангийн багш Л.Уранчимэгийн тухай хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Цаг хугацааны тэртээд айлчлан бага насандаа оччихоод байсан сэтгэл минь Л.Уранчимэг багшийг хараад саяхны, 5 жилийн тэрүүхэнд наашлан ирлээ.

5 жилийн өмнө М. Мөнгөнцэцэг, Д.Нямсүрэн, М.Саруул-Эрдэнэ, В. Гантулга нарын залуус Монгол Сургуулийг байгуулахаар анхны “Хурaлдайгаа” зарлахад Л.Уранчимэг  бас тэнд байсан. Хүн бүр л санаа оноогоо хэлж, ухаан бодлоо уралдуулж байлаа. Би хүртэл дугарсан гээч. Л.Уранчимэг харин дугараагүй. Хүн бас ийм янз байдаг байна. Нэг их юм ярихгүй. ХАРИН ХИЙДЭГ. Монгол Сургуульдаа үүссэн цагаас нь эхлээд тууштай зүтгэж байгаа хүн бол яах аргагүй Л.Уранчимэг багш. Бас Б.Хандмаа, Р.Түмэндэмбэрэл нар байна. Ай даа, ийм л хийдэг, ажилладаг, зүтгэдэг хүмүүсийн хүчинд орчлон хийгээд амьдрал хоёулаа оршин тогтнож байнам бус уу.
Хоёр хэлтэй хүн хоёр хүний дайтай, гурван хэлтэй хүн гурван хүний дайтай гэж нэг суутан хэлжээ. Нэг суутан гэж нэрийг нь нууцлаад ч яахав. Энгельс хэлсэн юм. Маркс, Энгельс нарыг АНУ-д магад хамгийн их үзэн яддаг буй за. Социализм, коммнизмын үзэл санаа асар хүчтэй бөгөөд дэмжлэгтэй байсан 1960-1970-аад онд Франц, Италийн Коммунист Нам хэдэн зуун мянган гишүүнтэй байхад АНУ-ын Коммунист Нам 13000 –хан гишүүнтэй байсан нь нэгийг өгүүлнэ. Гэтэл харин Энгельсийн дээрх үгийг амьдралд жинхэнэ хэрэгжүүлсэн улс бол АНУ. АНУ-д, government-д ажилладаг хүмүүс англиасаа өөр хэл мэддэг бол тэднийг шалгаж, дүгнэж цэгнэдэг. Миний нэг америк анд Тэнгэсийн Цэрэгт алба хаадаг бөгөөд Энхтайвны Корпусын шугамаар Монголд ажиллаж монгол хэл бага сага сурчээ. Нэг удаа тэр над дээр ирээд монгол хэлний шалгалтад бэлдэхэд туслахыг гуйв. Би эхлээд их гайхсан. Америкийн Тэнгэсийн Цэрэг, Монголын “Тэнгэсийн Цэрэгтэй” үг хэлээ ололцох гээд орчуулагч хэрэгтэй болоо юу гэж. Тэр надад government-д ажилладаг хүн гадаадын ЯМАР НЭГЭН хэл мэддэг бол ашигтай, хэрэгтэй, чухал байдаг юм гэж тайлбарлаж өгсөн. Бадан багш түүнээс утасны цаанаас шалгалт авсан гэнэ лээ...

... Олны өмнө үг хэлж сурсан, олон түмнийг зохион байгуулахдаа гарамгай Д.Нямсүрэн эрхлэгч гартаа микрофонтой, эл хөгжөөнт тэмцээнийг хөтөлж цангинуулна. 40-өөд жилийн дараа би бага насаа санаж суугаа шиг Монгол Сургуулийн хүүхдүүд маань хожмын цагт Монгол Сургуулиа, багш нараа, тэдний галтай цогтой залуу насыг яг л энэ амьд халуунаар нь нэг бус удаа дурсан санах нь лавтай.
Бага насандаа, сургуулийн он жилүүддээ эргэж очсондоо хөөрч догдолсон сэтгэл минь хөвсөлзсөн хэвээр би Монгол Сургуулиас гарлаа. Машиндаа суугаад гэр рүүгээ явж байхад яагаад ч юм 20-р зууны Оросын хамгийн алдартай яруунайрагч Евгений Евтушенкогийн Дураки – Тэнэгүүд шүлэг санаанд оров.
Ох, эти дураки
Энэ муусайн тэнэгүүд
Гэрлэхээрээ олон дагавар хүүхэдтэй  хүнтэй суугаад
Хүний хүүхдүүдийг тэжээж байдаг

Энэ муусайн тэнэгүүд
Энэ муусайн тэнэгүүд
Тайван цагт
Хамгийн бага цалин аваад
Хамгийн хүнд хүчир ажил хийж байдаг
Энэ муусайн тэнэгүүд
Энэ муусайн тэнэгүүд
Дайны цагт
Хамгийн түрүүнд дайралтад ороод
Үхэж байдаг
Энэ муусайн тэнэгүүд
Энэ муусайн
Тэнэгүүд хэрэв байгаагүй бол
Эх Дэлхий маань
Тэнхлэгээ эргэхгүй байх сан
Энэ муусайн тэнэгүүд!
Ох, эти дураки!

{gallery}fotomedee/AavEejBi{/gallery}

Л.БАТБАЯР
10 – 17 – 2010.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.