04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ.АРВАН ДӨРӨВ.БААСАН БАГШ ХИЙГЭЭДБУСАД ХҮМҮҮС.

Өнгөрсөн зууны далаад оны Гурвантэсийн маань төв цэг Уртын төв жогжийсон жоохон хөөрхөн суурин байлаа.Төв цэг нь захиргаа,захиргаатай залгаад сумын хүн мал эмнэлэг,жаахан баруун урд талд нь манай сургууль,сургуулийн баруун урд тал хураалттай нэг их том заг,за тэгээд сургуулийн зүүн талд сумын гуанз зочид буудал зочид буудал гуанзны урдхан талд том хашаан дотор мөнөөх зочид буудал гуанзны түлш болох мөн л их хэмжээтэй овоолсон заг,захиргаа хүн мал эмнэлгийн хойт этгээдэд мөн л тэдний түлшэнд зориулагдсан томоо овоолгоотой заг,тэр загны баруун хойт талд сумын дэлгүүр худалдаа бэлтгэл анги,тэрнээс нилээн баруун хойгуур нэгдлийн аж ахуйн нэвсгэр хашаа түүний доод этгээдэд Тост бригадын улаан булан түүний араар Тост бригадын төв гэгдэх хэдэн гэр тэгээд нэгдлийн фондны өвс хураалттай том хашаа ингээд л манай сумын төв бүрдэх нь тэрдээ.Аа тийм зочид буудлын чанх ард хүүхдийн цэцэрлэг төрөх эхчүүдийг асрах гэр,зүүн дэнж дээр нь дэнжийн байр гэгдэх гурван эгнээ гуч дөчөөд гэр, зочид буудлын загтай бараг залгаад дарга нарын байр гэгдэх мөн гучаад тооны гэр, түүний урд үзүүрээс нилээн зайтай  урагшаа халуун ус,халуун усны баруун талд сумынхныг ундалдаг мотортой худаг тэр хоёрын дундуур Хоршуут руу явдаг гүн ховилтой зам,халуун усны зүүн этгээдийн томоо жалгыг дагаад хээрийн бой хөглөрч байдаг тийм л сууринсан.

Сургуулийн баруун талаар эцэг эхийн байр мөн л гурван эгнээ болон сунайна.Тост бригадын төвд хэн нэгэн нөгөө хүнээ чангахан дуудчихвал тэр нь сум даяар л сонсогдож байдагсан.Хаврын улиралдаа хавсарга тавихыг үзүүлээд өгнө.Хавсарга эхлэхийн өмнө Нэмэгт уулын хонгил  дуугардаг  гэж сум орноороо хэлэлцэнэ.Нэмэгт ууланд хүнхийсэн том хонгил байдаг тэр хонгил олон хоног үргэлжлэх хавсарганы өмнө шүгэлдэх адил гангинах ч юм уу хүнгэнэж  дуугардаг гэж томцуул ярилцан чих тавина.Багацуул бид хичээн чагнавч хонгил дуугарахыг олж сонссон нь үгүй.

-За хонгил ч дуугарсан шүү
-Яаж дуугарав
-Жингэнэж байна лээ
-Тэгвэл ч гайгүй ээ хоёр хоногтоо цэлмэчихнэ вий .

-За даа юм ч болох нь дээ хонгил шөнөжин хүнгэнэж хонолоо
-Яадаг билээ гэр рүүгээ эртхэн дөхөхгүй бол болохгүй нь дээ гэсэншүү яриа өрнөсөн л бол нээрэн л хавсарга нүдэж гардагсан.Говийн хавсарга гүвшүүлж үзээгүй хүнд авсаар төсөөлөгдөхгүй.Жижиг дайрга, элс нүүр нүд толгойны хуйх хорстол шавхраад ханахгүй тэрлэг дээлийн зах ер нь шургаж болох юү л байна түүгээр шургаж хүзүү цээжийг ч хорсож улайтал зүлгүүрдэхийн  зэрэгцээ тэмээний хорголын чинээ хайрга нисэж ирээд толгой дүйртэл дэлсээд авах нь ч байдаг.Аймгийн төвөөс Гурвантэс рүү шатахуун ачиж гарсан цоо шинэ ЗИЛ-130 цистерн замдаа хавсаргатай таарч тас хар болчихоод ирсэн тухай он удтал яригдсаар л байж билээ.Хавсрага будгийг нь тэгж хичээнгүйлэн зүлгэсэн хэрэг.Сар орчим хавсрага нүдсэний эцэст хорвоо цоо шинээр бүрэлдчихсэн юм шиг хурц нар ээсэн таатай өдрүүд эхэлнэ.Сумын төв орчим хогоо цэвэрлэсэн айлын хашаа шиг цэмцийж харагдана.Арга ч үгүй байх овойж товойж харагддаг аргал хорголыг нь хавсарга газрын дайд руу нүүлгэж тэр ч бүү хэл хайрга дайргыг яг л шүүрдчихсэн юм шиг нямбай нь аргагүй цэвэрлэж тэгшлээд орхидог хойно.Тэгсгээд хөмөг газрын ногоо цухуйж шаваг ,гүйлс нүдлэн Хөхшөө Шугшаа  хоёр уулсын дундуур униар татан сүүмийхэд  сумынхан ч айрганд мансуурсан улс шиг л болчихдогсон.Энэ униар дундуур хэн нэгэн нөгөөгөө дуудах нь авсаархан сумын төвөөр нэг тод сонсогдоно. Тост бригадын төвд хүүхдүүдийн лапто тоглон шуугих нь сумын урд үзүүр халуун усны газар хажууд мэт сонсогдоно.Худалдаа бэлтгэл ангийн нярав Хумбаа гуай дуу чангатай,паргитал ярих нь  шонгийн модны оройд байх цагаан хоолойтой хөг булаалдан паржиганана.Манай дээд ангид Батмөнх гэж залхуу нь дэндсэн хүүхэд байх.Аавыг нь Равжир гэдэг ч дэвтрээ нүүрлэхдээ 10  -  60-ын Батмөнх гээд биччихнэ.Нэгдлийн аж ахуй хавьд ажилладаг Дуламжав гэдэг гоохгор өндөр хүн бага охиноо сөөсийтөл өвөрлөчихөөд явж байх нь содон.Дуламжав гуай өөрөө буржгар үстэй мөнөөх бага охин нь аавынхаа тэр буржгарыг өвччихсөн.Өврөөс нь буржгар толгой цухуйлгаад бираанаг мэрж явна.Зүүн дэнжийн байранд холбооны эрхлэгч Дамбаравжир гэдэг ганц бие хүн амьдрана.Дамбаравжир гуай цалингаа хураасаар байгаад тэр жил цоо шинэхэн иж Планета 2 мотоцикль авсан юм.Хавсарганы дараах одод мэлтэгнэж орчлон дэлэгнэсэн шөнүүдэд Дамбаравжир гуай мотоциклоо илүү гэрээсээ гарган тэвхдээд дэргэд нь эвхдэг ор засаад унтдагсан бодвол шөнө мотоциклоо илсэн шигээ сэтгэлийн жаргалыг сэмхэн эдэлдэг байсан байх даа.Дэнжийн байрны доод үзүүрт мал эмнэлгийн дарга Базар эмчийнх байх.Базар эмч Дамбаравжир гуай шиг гоонь эр.Гэртээ ч Дамбаравжир гуай шиг л цэмцгэр цэвэр тохилог сууна.Хөдөө явж явж ирээд гэрээ дотроос нь түгжин бүгж хүмүүсийн шивэр авир хийхийг сонсвол гуанзнаас баахан хуушуур  аваад хэдэн шил архи уудаг гэлцэнэ.Хэд хоног тийн нам гүм байснаа жижиг чемодан барьчихсан инээд алдсан шигээ халуун ус руу явж байдагсан.Тэгсэн нэг өдөр хэрэг мандлаа.Базар эмчийг хөдөө явж явж ирсэн чинь гэрт нь Балсангийн Идэрцог гэдэг арван гурав дөрөвтэй хүү орогнож архинаас нь нэг шилийг хугаслаж , Базар эмчийн нандин шоколад,зефирээр нь даруулга хийж найрлаад зүгээр ч нэг тасарч унасангүй цас шиг цагаан орон дотроос нь загзайсан үстэй толгой цухуйлган нам хурхирч хэвтсэн гэнэ гэсэн яриа сумаар нэг хуй салхи шиг дэгдлээ.

-Гайгүй муу цус вэ хаагуур нь ордог байна хаалгыг нь эвдэж үү?
-Үгүй гэнэ.Өрхийг нь сөхөөд тооноор нь орсон байна гэнэ шүү увайгүй золиг бол.
-Энэ Балсан энд тэнд эрүү унжуулаад олон үглэж явахын оронд хүүхдээ хүмүүжүүлэхэд яадаг байнаа.

-Муу туучийг аймгийн шоронд өгвөл таарна.
-Базар эмч нусыг нь сугартал алгадсан гэнэ.
-Болжхуна.

       Ийм яриа өрнөөд намсхийж байтал бас нэг яриа дэгдлээ.Одонцоо гэдэг малчин эр хонгил дуугараад байхад сум дээгүүр даалуу эргүүлээд харьж өгөхгүй байсан бололтой.Хүмүүс үгээ барж

-Хариач чи  хэдэн нялхтай бие давхар эхнэр чинь хэцүүдлээ.Хонгил дуугарч байхыг сонссонгүй юу чи гэр чинь хийсчихвэл цаад хэд чинь хэцүүддэг юм бишүү гэлцэн баахан үглэсний хариуд

- Одонцоо хүүгийн гэрийг буг ороолон нь буйлж ирээд бугуйлдаж чангаагаад үзэг л дээ.Буурлын буянаа даалууг үүлүүтэй нь сүлж даагаа сарваатай нь үржүүлж яваа болохоос  шандан нэгдлийн чинь  яндан ямаагаар банд ёоз нүхлээгүй ,байз гэж нэг үг баржгар арав гэж нэг нүхт байдгийг мэддэггүй тахирууд уу та нар.Зуун жингийн зузаан хар билүүгээр тэнчээлчихсэн Одонцоо хүүгийн гэр орчлон хөрвөөхөд сүүлд нь торойгоод торомгор эхнэр минь дотор нь инээд алдаад сууж л байх вий энэ тэр гэж орчин үеийн хэлээр бол баахан бүлтэрсэн юм байх.Гэтэл хавсарганы эхний өдөр Одонцоо хүүгийн зузаан хар билүүг салхи гэртэй нь авч шидээд хөөрхий давхар биетэй эхнэр нь хорооныхоо мухарт эсгий дэвсэж хөвөнтэй туургаар хүүхдүүдээ хуччихсан бээвийж байхтэй эрлийн хүн таарч нөгөө хэдийг нь гэр рүүгээ дүүрч аваачсан байж гэнэ.Одонцоо хүү яахав дээ овойж овойж өврөө шалчийлгаад  харьсан хойноо эхнэрийнхээ шанаганы амт үзэж толгой нь жинхэнээсээ овойж гэнэ шүү гэлцээд сумын хүүхнүүд жиг жиг хөхрөлдсөн юмдаг.Харин Идэрцог аавдаа хосоо хөвүүлж бодвол аав нь зааж зурж өгсөн болов уу.Мөн л хөдөөгүүр явж явж ирэхэд   гэрийнх нь хаалган дээр  “ БАЗР АХ НАМГА ӨРШЭ” гэсэн бичигтэй том далбагар цаасанд жонхуу нялайтал түрхэж байгаад наачихсан байжээ.Тэндээсээ Базар эмч Идэрцог хоёр ихэд түнш болсон бөгөөд Идэрцог Базар эмчийн хүүхэд нь л юм шиг загийг нь хагалаад зогсож байх ч юм уу,дэлгүүрээс баахан идэх юм хормойлоод ангайтал инээчихсэн Базар эмчийнх рүү явж байх.Эсбөгөөс тэрлэгээ тайлж баруун орон дээр нь чулуудчихаад духныхаа хөлсийг бөнжигнүүлэн шалыг нь угааж суудагсан.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.