04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

СЭТГЭЛ ХЭНЗЛЭХ ЦАГ..

Дээхэн үеийн нэг явган яриа байдаг. Ноосоо тушаачихлаа,эхнэрээсээ салчихлаа ажил ч цэгцэрч байна даа гэсэн гэж. Ерөнхийдөө адилавтар юм боллоо. Уран үгсийн чуулганаа хийчихлээ,зочдоо үдчихлээ. Тэгтэл сэтгэл хоосорчихоод нэг л хачин. Нуруун дээрээс бөөн ачаа салаад амарч хөнгөрмөөр атал үгүй. Тэртээх нэг зун манайх нагац олон эгчийн маань нэгнийхтэй саахалт зусаж би зээ дүү Бадраатай үй зайгүй тоглон ахархаж явтал нэг л мэдсэн өвөлжөө рүү салж нүүх болоод бид хоёр хоёр биесээ тэврэн салцгаахгүй хэмээн уйлалдсан ч нэмэр болоогүй, өвөлжөөндөө буусан хойно өндөр загаа тэврэн өдрийн тал орилсон минь бодогдож ч байх шиг. Өө Сэлэнгэ минь чи Өр зуран даллаад л Өөр хүний нутаг руу Өмөлзтөл хөтлөгдөөд л одов шүү хэмээн 88 онд Сүхбаатар хотын хойт этгээдэд байх Солдат толгой  дээр шүлэглэж суусан минь ч санагдаад л ...

О Хара буудал дээр Бадарч гуай маань гэмшингүй инээмсэглээд далласан нь удтал бодогдож нүд чийгтээд болдоггүй.Тэгтэл Чикаго хотноо амьдрагч олон монголчууд маань өдөр шөнөгүй утасдаж баярлаж гялайснаа илэрхийлээд салдаггүй.

Үнэхээр нүдээ олсон ажил боллоо гэж тэд маань үнэн сэтгэлээсээ хэлээд байнаа.Ялангуяа

-Яруу найраг уран зохиолыг ингэж сонсох чинь ямар сайхан байдаг юм бэ би урьд нь ингэж хажуугаас нь сонсож үзээгүй юм ёстой нэг сэтгэл сэргээд ирсэн шүү гэж хэлсэн Цогзолмаагийн үг бодогдоод би ч бас уран үгсийн чуулганд  хүрэлцэн ирж хоёр орой сүүрс алдан суусан Чикагочууддаа хэрхэн баярласнаа хэлмээр байдаг бичмээр байдаг гэтэл сэтгэл шуураад болдоггүй нэг л мэдсэн хориод хоног шуурчихаж. Олон өдөр барайсан сэтгэлийн үүл голдоо цоорч орох тэнгэрийн орой цооров гэдэгчлэн одоо л нэг үзэг цаас нийлүүлэх эв таарах нь энүү хэмээн нухаж сууна. Бид Монголын уран зохиол гэдэг их айлын тухай товч хэдий ч таниулга хийнэ гэсэн зорилго тавьсан,энэ зорилго маань биелсэн гэж одоо хэлж болно .Харин ингэж ам бардам хэлэхэд минь их олон багана тулж боссоныг юуны өмнө хэлэх нь зүйтэй.Хамгийн эхний багана бол АНУ-д суугаа манай элчин сайдын яам юм. Элчин сайд Бэхбат гуайдаа  баярласнаа хэлэх нь хүн ёсны хэрэг.Анхны асуудал маань монголоос ирэх хэддээ илгээх виз хүссэн урилга байсан. Энэ тухай элчин сайддаа дуулгангуут л маш уриалагхан хүлээн авч консул Эрдэнэбаяртаа үүрэг өгч консул ч амин сэтгэл гарган ажилласан. Үүний үр дүнд Монголд суугаа АНУ-гийн элчин сайдын яам руу албан урилга илгээгдэж ажил маш урагштай бүтсэн.Ялангуяа
 
-Ахаа таны ажил одоо ийм шатандаа явж байна шүү ,одоо ийм болж байгаа шүү хэмээн байнга мэдээлж байсан элчин сайдын яамны ажилтан уриалагхан Дөлгөөнөөдөө маш их баярлалаа.Үйлс чинь дэлгэрч яваг.За тэгээд бараг л батальоноороо ирсэн  Дэнвэрийнхэнд баярлахгүй байж болно гэж үү.Лхамжав маань ёстой л нэг батальон цэрэг жагсаасан хурандаа шиг байсан шүү. МАКС гэдэг хошин шог хамтлагийнхан Чикагод чухамхүү Уран үгсийн чуулган эхлэх өдөр тоглолтоо давхцуулснаа  гэнэт хугацаа тулгаж зарласан нь бидний эрээн булчин руу бейсболын цохиураар цохих адил болгож суулгачихаа шахсан.Эргэн тойрон
 
-Өө за за алчдагийн байна гэсэн үг туулай шиг дэгдэж зарим нэгэн маань
 
-Заавал энэ өдөр тааруулдаг нь яаж байгаа юм болоо бүтэн жилийн минь ажлыг хамхуул шиг нэг өдөр хийсэж ирээд л үлээчихдэг юм байжээ хэмээн үглэж ч байсан.Харин миний  уншигч үзэгчиддээ итгэх итгэл минь тийм ч амар гулзайчихааргүй юм шүү.Тиймдээ ч
 
-За ирээ л биз жижиг хувинтай айраг шалих төдий зүйл гэж хэлээд гараа тоомсоргүй маяг үзүүлэн савсан.Тэр маань ч хамтрагчдыг маань зоригжуулсан байх.Танхимийг  нь хөлсөлсөн Солонгос эзэгтэй Нани ч  бас  баярламаар нэгэн.Хоёр дахин их хөлс төлье гэсэн МАКС-ийнхны өөдөөс
 
-Энэ бол Америк хэн өрсөж гэрээ хийнэ тэр эзэн би гэрээндээ үнэнч гэж хэлсэнд нь баярласан.Нани бас их сайхан сэтгэлтэй
 
-Танай тэр хамтлаг их алдартай гэж байна шүү дээ энд хүн ирэхгүй бол яана даа гэж санаа зовж байгаагаа илэрхийлж л байсан.
 
-Ирнээ гэж би харин итгэлтэй хэлсэндээ.Анхны үдэш ирсэн гийчдийг хараад Нани шүд нь яралзаад л инээд алдаад байна лээ.
 
-Шүлэг сонсох гэж ийм олон хүн цугларсанд л Нани гайхаад учрыг нь олоогүй.Аргагүй шүү дээ тэр бол Солонгос хүн харин бид Монголчууд.Энэ бол Монголын утга зохиолын татах хүчний бэлээхэн жишээ байсан юм шүү.Өнгөрсөн хойно эрэгцүүлэн суухад асар олон үйл явдал хэдхэн хоногт хуйлраад л өнгөрч.Бадарч гуайн маань цагийн зөрүү гардаггүй ,өдөр нь унтчихаад шөнө босож холхиод Нямаа бид хоёр ч дагаж холхилцоод.Архи дарсан дээр  бид нилээн чанга ерөнхийдөө хуурай хуулирхуу байдлаар хандсанаас болсон уу яасан нэг үдэш нилээн оройхон
 
-Хэдэн пиво авчирч уумаар байна гэж байна.Бишүү дүү цаашлуулж
 
-Энэ хотын төвд орой болохоор архи пивоны үнэ нэмэгдээд байдаг юм билээ гэж байна.
 
-Нэмэгдээд юү шальдаг юм.Миний хүү дэгдээд хэдэн пиво аваад ир гэмэгц халааснаасаа мөнгө гаргаж байна.Миний хувьд ядахдаа нойрных нь зөрөө дундартал архи пивоноос хол байлгахсан гэж бодож байсан болохоор
 
-Одоо ч үнэ нь талийсан байх даа гэвэл Бадарч гуай
 
-Уа юү шальдагийн гээд шажигнасан зуут Бишүүгарам руу сунгаж байна.
 
-Та хэдэн пиво авмаар байгаа юм.
 
-Ядаж гуравыг авъя л даа нэгийг нь өөртөө нэгийг нь чамд нөгөөхийг нь Нямаад Бишүү хүү уудаггүй юм чинь.Үнэ нь нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд энэ хүрнэ биз дээ?
 
-Энэ чинь Чикаго.Дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэг.Яг энэ төвдөө орой зургаагаас хойш нэг шил пиво гурван зуу гараад явчихдаг юм.
-Арай ч дээ.
-Үнэн.
  
Бадарч гуай мөнгөө тоолоод л байна.Нааш ч үгүй цааш ч үгүй мянган доллартай аж.Есөн зууг нь гурав гурван зуугаар нь ширээн дээр тус тусад нь тавьчихлаа.Зууг нь барьчихаад нилээн бодлогоширлоо.Ар гэрийнхэн юү захилаа гэж л бодоод байгаа бололтой.Тэгж тэгж 
 
-За яахав гуравыг аваад ир гээд зуун доллараа нандигнан өвөрлөхөд нь тэссэнгүй өрөвдөөд нууж байсан шил архиа гаргасанд мань хүний инээж байсныг та бүхэн харсан болоосой үнэн сэтгэлийн инээд гэдэг цаанаа л нэг нүнжигтэй шүү.Гэвч гурван жүнз норм өөртөө тогтоочихож. Маргааш өглөө нь салхинд гарахаар доошоо буутал нэг давхрын уудам танхим тэр чигээрээ хүнсний дэлгүүр байхыг үзэж Бадарч гуай маань намбайтал алхаж ороод авдар пиво арав гаруйхан доллар болохыг мэдэж
 
-Муу дамшгуудыг дээ гэсэн харцаар  хяламхийж билээ. Миний хувьд  “Бадарч ах шиг  насыг ингэж эдлэвэл өвгөрнө гэдэг  харин ч таатай эд  бишүү “ гэж бодсонсон. Байгаа мянган төгрөгнийхөө зургаан зууг нөхөддөө зориулчих сэтгэл  өнөө цагт баргийн хүнээс гарахгүй болсон байхаа даа. Тэгээд гурван жүнзээр сэтгэлдээ хил татчихаад намбайтал шүлэглэж явна гэдэг өөрөө яруу найраг аж. Хаана яруу найраг яруу найрагчид байна тэнд хошигнол инээд хөөр цалгиж явдаг номтой.Бидний хувьд орж гарах ажил ихтэй байснаас залуу яруу найрагч  Пүрэвсүрэн,улсын начин Эрхэмбаяр хоёртоо Бадарч ахыг харж хамгаалж бай хэмээн үүрэгдсэн юм. Даралт юм нь өөрчлөгдөх вий хянамгай сэрэмжтэй байгаарай гэсэн захиас даалгаварыг  хоёр дүү дөрвөн хоног тун ч найдвартай гүйцэтгэсэн гэтэл начин маань даруу өнгийн хувцастай байсан тулдаа гэм зэмгүй мултарч харин Пүрэвсүрэн маань тод өнгийн өмсгөлтэй байснаараа отго жинс хүртэх адил  гэмгүйхэн хирнээ тун ч донжтой дууны эзэн  болчих нь тэр.
 
Улаан даавуу өмсгөлөөрөө
Хичнээн ч өдөр гоёв доо
Учир битүүлэг буудалдаа
Хичнээн ч өдөр жижүүрлэв дээ
Өмсгөлөө өмссөн Пүүжий минь
Өнгөлөг болоод цоглог доо
Өмсгөлөө өмссөн Пүүжийтэйгээ
Цайлж суухад урамтайдаа хэмээн нирхийтэл дуулалдсанаа
   Залгаад
Галсансүх найрагчийн гэрэлт хоёр мэлмий
Тодорхой бус бүсгүйн цээжнээ чимчигнэн чивчигнэх нь
Үнээдэйн нютаг дахь үдэш аж гэлцэж ч байх шиг.
 
Уран үгсийн чуулганы энэ гэрэлт агшнуудыг бий болгоход сэтгэлээ чилээн зүтгэсэн олон нөхөддөө энэ хир хэрхэн баярлаж талархасанаа илэрхийлэлгүй орхивол алдасын цаадах алдас болох нь дамжиггүй. Юуны өмнө уран үгсийн чуулганы таниулга буюу  лого-г урласан зураач эрхэм дүү Л.Мөнхтөрийгөө нэрлэвэл зохилтой.За тэгээд цаг заваа харамгүй зарцуулан сурталчилсан ОРЛОО-гийн Тайван Ариунаа хоёроо ЗОК-ийн Ганзоригийгоо,ЗАМДАА-ны Цэрэндоржийгоо ДАЯАРМОНГОЛЫН Саруул-Эрдэнийгээ Юмон ТВ-ийн Уранчимэг Адилзаяа нараа нэр цохон цоллож баярлаж гялайснаа илэрхийлэе.Бэрсгүй шатрыг ямар шатар гэхэв,та наргүй бол биднийг ямар монгол гэх вэ.За тэгтэл Уран үгсийн өнөө жилийн чуулганы үеэр хоёр гялалзсан МУСТА төрдөг юм байна. Үе тэнгийн хоёр бүсгүй Уранчимэг,Тэргэл хоёр маань энгэрээ цооллоо.Чухам юү хийж бүтээгээд энэ шагналыг хүртэж байгааг нь Орлоо хийгээд Даяармонгол сайтуудыг уншиж тэнд гарсан Тэргэлийн шүлэг , Юмон тв-ийн нэвтрүүлгүүдийг нэгд нэггүй шүүн тунгааж байдаг манай үзэгч уншигч олон нэгэнт мэдэх тул давхардуулан нуршиж цаг үрээд яах вэ.
 
Шагнал болгон ингэж очих энгэрээ олж буугаад байдаг болжгэм Эрвээхэй төөрсөн зун гэсэн мөрийг яруу найрагч юунд бичээ аж гэж хүртэл бодогдож байсан шүү. Ногт ганзгалаж энэ наадмыг зорьж ирсэн 17 хүчтэнээс оюутан Сосорбарам маань залуу насны ааг хүчийг мэдрүүлэн тодорч товойлоо. Түүнтэй зиндаасаж үзэлцсэн хэцүү нэрт \ижийгийн минь нэртэй адил тул ийн цээрлэв болгооно буйзаа\, Намуунбайгаль, Эрдэнэбат нараар ч баярхан бяралхаж суулаа би. Хуш болгон нь жимсэлдэг миний монголын хангайн зун шиг Уран үгсийн чуулган цэцэглэхэд бие сэтгэлээрээ оролцсон бүхэндээ дахин дахин талархая баярлалаа та нартаа.Нэн ялангуяа сонгодог хөгжмийн уян налархай аязаар олны сэтгэлийг дэврээсэн Мөнгөнчимэг Хадбаатар нартаа, хаа байгаа эх орноос минь энэ л арга хэмжээнд оролцохоор ирсэн мэт зөвлөж оролцсон Буриад ахдаа буурал Банзрагч ахдаа, Лас-Вегасаас сэтгэлийнхээ сүүг дэврүүлэн ирсэн Жагдаг эгчдээ баярлаж гялайлаа.
 
Нялх  дэврүүн шүлгээрээ ижилдэн нөхөрлөж явсан он цагийг сэрээсэн дурсамжит зургуудаараа дахиад л биднийгээ нялхруулчихсан яруу найрагч анд Дашбалдандаа ч бас эгэлгүй ихээр баярласан шүү. За тэгээд ХАЛХАЙ ПАЛХАЙН төгсгөлийн хэсгийн сүүл мушгих хэд маань ёстой л үхрийн сүүл тас мушгих адил мушгисныг тэгж мушгисан нь хичнээн олон хүнийг дуу алдуулан баярлуулсаныг хэлэлгүй болохгүй.Базараа ахлагчтай Пүрэвдорж дэдтэй Тулгаа,Хишгээ түшмэлүүдтэй,Цээлээ,Цогтоо хишигтнүүдтэй, Цоогий, Ганаа, Нямаа бэрүүдтэй , Хадаа ,Тодоо, Номин, Зузаанка зүтгэлтнүүдтэй ХАЛХАЙ ПАЛХАЙН бригадын өглөөний есөн цагт эхлүүлж үдшийн зургаан цаг хүртэл  цэлцэгнүүрээс зугтаалгаж цэвцийсэн хорхог хэвээр байлгасан хоолны амт шүлтийг дахин нэг дурсаж араагаа чийгшүүлэхийн сайхныг юутай зүйрлэлтэй билээ.
 
Хаа холоос яаран яаран давхин ирж ая дуугаа өргөсөн Жамъянхүү дүүдээ,зохиолч ах эгч нартаа дуулахгүй юм бол өөр хэндээ дуулах билээ хэмээн ахин дахин аминчилсаар ирж Батсүх гавъяатыг санагдуулан дуулсан нутгийн дүү Цогоодоо,тэргүүн байрны шагналуудыг ивээн тэтгэж сэтгэлийн утас тонхийлгэсэн Пирамид компанийн захирал Дэлгэрцогт,Өлзийбаяр эмч,Органоголд бизнесийн хамт олон,Аймон компанийн хамт олонд дахин дахин баярлалаа.Уран үгсийн чуулганы энэ олон багана байгаагүй бол чуулган маань юунд тулж босохсон билээ.Тэрэн дундаа Бишүүгарам Тэргэл хоёр дүүгийн зүтгэл чармайлт онцгой гэдгийг онцгойлон дурдмуу.Тэргэлийн маань хань ижил хайр сэтгэл Энхбаатар,Чикагогийн номын санг санаачлагч Уранзул тэр санаачилгыг дэмжин ажил хэрэг болгосон Мөнхбат Сувдмаа нарын гэр бүл та нартаа онцгойлон баярлалаа.Хэн дор зүйтэй сэтгэл байсан аваас түүн дор шүтэн баярламуй би.
 
      ЧИКАГОЧУУД УРАН ЗОХИОЛТОЙГОО БАЙХДАА ХҮЧТЭЙ БАЙСАН ШҮҮ.
 
                                                              Доржзовдын Энхболд.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.