04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ -12

               АЙДАСТАЙ Ч АМТТАЙ  АМЬДРАЛЫН ХӨГ
Шөнө дундын үед сумын гэрэл унтарснаас төө хойно гэрийн гадаа хөнгөн тэрэгний тоормос чихарч  бүдүүн дуутай хүн
-          Зовдоо хэмээн аядуухан дуудлаа . Аав хүлээж байсан бололтой юүг ч юм шар шур дуугарган  авч гаруут машин ч яваад өглөө . Иймэрхүү шөнө байсгээд л тохиолддог болохоор бид ерөнхийдөө дасчихсан гэхдээ л сэтгэлийн мухарт далдхан түгшүүр , үнхэлцгэн цаана үнэгэн нүд шиг айдас үргэлж л сэрвэлзэж байдагсан . Аав ийн яваад зарим үед дараа өдөр нь ирдэг бол заримдаа долоо арав хоногоор ч алга болно . Удсан үедээ ихэд аяншиж ядарсан ирнэ .

-          Юү болоо вэ гэж ээжийг асуухад
-          Хилийн цаанаас баахан тэмээ орж ирээд . Бүгдийг нь нэгбүрчлэн шалгаж шинжилгээ авлаа . Зогдор шилэнд нь сүлжсэн ухуулах хуудсуудыг салгах гэж үйл тамаа цайлаа гэсэншүү юм ярингаа цайгаа сорж суудагсан .Овоотын отрядаас сум руу ирэгчдийн хөл хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгдэж бараг л өнжихөө болилоо .

Машиныг хоёр гурваар нь хөлөглөж ирдэг тэдгээр хүмүүс бор ногоон бүрхүүлтэй ГАЗ 66 машинаа буудлын хаалганд тулгах шахам ухрааж зогсоомогц дотроос нь нүдийг нь хар даавуугаар боосон хөх хувцастай хүмүүсийг түргэхэн  нь аргагүй буулгаад буудал руу аваад орчихно . Хөх хувцастай тэдгээр олзлогдогсод заримдаа нэг хоёроор ачигдаж ирдэг бол зарим тохиолдолд бүр арваадаараа ирнэ . Нэг их удалгүй онгоцны дуу гарч нөгөө улс онгоцонд суугаад алга болно .
Бээжингийн радиогийн Монгол хэл дээр явдаг нэвтрүүлгээр
-Жөвлөлтийн мал аж ахуйн комишын дарга Чэдэнбал Кочервний лааз үйлдэж чадахгүй хэвтэж коммунизм байгуулна гэж чалчлаа гэх ч юм уу
-Монголын хилийн цэрэг Хятад улсын хил рүү их буу пуужингаар 780 удаа буудаж ганц алаг үнээ шархтуулав
-Монголын ревизионистууд Энэтхэгт бадар барин доншуучлав
-Чэдэнбалын дэргэд Мао дарга бол гэрэлт самбар мөн

-Монгол үхрийн эвэр толгой дээрээ байдаг бол монгол хүний эвэр толгой дотроо байдаг эвэр нь л толгойнхоо дотор гадна байдгаас биш бусдаараа яг адилхан гэхчилэн нэвтрүүлсэн тухай хүмүүс зэвүүцэн ярилцахын зэрэгцээ уг нэвтрүүлгийг хөтөлдөг Пэрлэймаа , Чулуу гэдэг хоёр Өвөрмонголыг “ Хужаад худалдагдсан новшнууд “ хэмээгээд араас нь ТҮЙ хэмээн омогтой нулимацгаана .Энэ Чулуу гэдэг чинь цаг сайн байхад манай Багшийн дээдийг төгссөн юм гэнэлээ эцэг дээдсийнхээ хөлийн улыг долоож явсан хужаа нарын бөгсийг ингэж долоож  явахын оронд чадахгүй ээ гэж хэлчихээд буудуулчихаж чадаагүй л новш юм байхдаа гэцгээнэ . Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яам руу Хятад залуучууд довтлож манай дипломатуудыг байрнаас нь үсдэн гаргаж ирээд гудамжинд унаган өшигчиж зодсон төдийгүй  дээрээс нь шээцгээж гэнэ гэсэн яриа дэлгэрч хүмүүсийн зэвүүцэл дээд цэгтээ хүрлээ . Томчуудын энэ яриаг чагнан дэргэд нь хулмайж явдаг хүүхэд бид хүртэл хятадуудыг дээд зэргээр үзэн ядаж эхэллээ . Олзлогдсон цэнхэр хувцастнуудыг буудлын гадаа отож чулуугаар шидээд цэргийн дарга нарт загнуулан хөөгдөнө . Хөөгдмөгцөө зүгээр ч нэг яваад өгдөггүй гэж байгаа бас .
-Яадгийн дайсны толгойг хагалах гэсэн юм гэж хэгжүүрхэцгээнэ . Үе үе отрядын төвөөс цэргүүд ачсан машинууд ирж дэлгүүрийн гадаа зогсоод Монгол цэргүүд тэр машинуудаас тиб тавхийн үсрэн бууцгаахыг нь харсан сумынхан
-Ийм цэргүүдтэй байхад хужаа нар ер яахав дээ яаж ч чадахгүй хэмээн омогшицгооно .  Тэгсэн дүн өвлөөр гэнэтхэн тэнгэр нирхийгээд явчихлаа . Бид хичээлээ орхин годхийлдэн гарцгаалаа . Тэнгэрт  сэмжин үүлс аядуухан хөөцөлдсөн  амгалан нь дэндсэн өдөр аж . Хэсэг хугацааны дараа дахиад л  “ ТҮН ПАН “ буугаад явчихлаа . Ангидаа орчихсон байсан бид дахиад л бужигналдаад гүйлдэн гарч зочид буудлын түлээний хашааны зүүн талд байдаг хоргодох байр нэртэй нүх рүү харайцгаалаа .

Сумын албан хаагчид бүгд тийшээ гүйх нь гүйж түргэхэн алхах нь алхацгааж байна . Гэвч мөнөөх нирхийсэн дуу дахин гарсангүй бид нүхнээсээ гарцгаагаад хичээлдээ орлоо . Маргааш нь Орос цэргийн нэг том дарга ирж сумынхныг цуглуулаад яриа таниулга хийлээ . Хятадууд цөмийн зэвсгийн ээлжит туршилтаа хийсэн гэнэ . Гурвантэсийн өмнө этгээдэд Хятадын арми байлдааны бүрэн бэлэн байдалд орчихсон байгаа тухай мэдээлсэнд хүүхэд бид байтугай томчууд ч сэртэсхийн ингээд л дайн эхэлчихдэг юм байхдаа гэлцэн энд тэндгүй шивэр авир хийгээд явчихлаа . Нөгөө дарга
-          ЗХУ холбоотноо хэзээ ч хүнд байдалд оруулахгүй .  Өнөөдөр Сэгс цагаан богд орчим болон Овоот Хуршуутад байгаа Монгол Зөвлөлтийн цэрэг Хятадын цэргийг хилийн бүсэд хоёр цаг тогтоон барих үүрэгтэй . Ийм хүч хэрэгсэл ч хангалттай байгаа . Гэхдээ арван хоёр минутын дотор Чита орчмын цохилтын хүч Монголын өмнөт хилийг найдвартай хамгаалалтанд авах төдийгүй дайсанд маш хүчтэй эсрэг цохилт өгч чадах юм . Үүнд цөмийн хүч ч орж байгаа тиймээс та бүхэн айж түгшилгүй тайван амгалан байж бидэнд бүрэн итгэхийг хүсэж байна . Гэхдээ өндөр сонор сэрэмжтэй байхыг уриалж байна . Учир нь сүүлийн үед хил зөрчилт эрс өссөн , үүнд ердийн тагнуулын журмаар хил зөрчигчид нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хорлон сүйтгэгчид ч нэмэгдэж байна . Иймд худаг усаа найдвартай харж хамгаалж сонор сэрэмжтэй байгтун гэж ярьлаа . Хүмүүсийн түгшүүр намдаж зарим нэг нь

-          За бушуухан харьж муу худгаа дангинатал нь цоожлоод авдаг хэрэг гээд инээж байна . Миний урам ихэд хугарлаа . Нөхдөө дагуулан Хөхшөө ууланд гарч бүгээд дайсанд үхлийн цохилт өгөх улмаар , сумын өмнөх цохио хадаар дамжин Шугшаа уул түүгээр ч барахгүй Ханын хэц Ноён богд , хойт этгээдэд Нэмэгт Гилбэнт уулыг эзэгнэсэн партизаны том отрядууд байгуулах төлөвлөгөө маань газар дээрээ замхарч байлаа . Гэлээ ч цохионд байгаа Бүдийн худгийг юуны өмнө хамгаалалтанд авах төлөвлөгөө тархинд маань цав хийтэл боловсорлоо . Бүд гэдэг нь ангийн маань охин л доо тэднийх сумын төвийн урд талын  цохионд байдаг . Цөөн хэдэн хонь ямаатай . Тэдний худгийг ус сайтай гээд сумын төвийн зарим айлууд усаа авдаг юм . Тэр худаг хордвол олон хүн мал хордох нь тодорхой . Уг нь тэр худгийг  хойт талаас нь буюу сумын төв талаас хамгаалбал нуугдаж болох хад асга элбэгтэй л дээ гэхдээ дайсан чухамдаа урдаас ирж , биднийг очихоос өрсөн  худаг руу хор хийчихэж мэдэх учир бид худгийн өмнө этгээдэд байх хадтай толгой дээр нууц байрлалаа байгуулсан юм . Хичээл тармагц гэрээрээ хамхум орцгоож жаал боорцог чанасан мах сэлт өвөртлөж цүнхээ оруулж тавьчихаад Бүдийн араас яардаг байлаа .

Сэжиг аваагүй Бүд аажуухан явсаар гэртээ орно . Ээж нь хэдэн малынхаа араас явчихсан голдуу эзгүй байна л даа . Бүд амгалан нь дэндсэн амьтан гэртээ ормогц яндангаас нь утаа баагин бодвол цай чанаад гүзээлж суудаг биз . Ийм л айлын худаг хамгийн түрүүнд хордох нь тодорхой . Бид хэд худгийн урдах толгой дээр байрлалаа эзлэж гэрээс авчирсан хуурай идэх юм аа идчихээд тэр өдрийн жижүүр байдгаараа навтайн бидний байрласан толгойноос урагш байх том хар хад руу гүйн очиж бүгнэ . Дайсан харагдвал тэндээс дохио өгөх юм . Олон өдөр ийн манасан авч худаг руу дайсан ирдэггүй . Бид ч сүүлдээ уйдаж залхлаа . Ээлж ээлжээр худгаа манангаа бас болоогүй түлшээ түүчихдэг болохоор гэрийнхэн хаачив ийчив гэж ороогоод байхгүй л дээ . Уйдаж залхсан бид хэд Бүдийгээ айлгахаар шийдлээ . Бүдийн гэрийн арын өндөр хаданд нуугдацгаангуут шар шувуу болж дуугарсанд гэрийн хаалга дэрвэсхийн нээгдэж Бүдийн толгой цухуйн ийш тийш харж байснаа буцаад орлоо . Бид хэдийн инээд хүрсэн гэж юүхэв . Тонгорцоглон унаж мугдганалдан баахан хөхрөлдсөнөө нарийхан дуугаар  “ Бүдээ ...Бүдээ “ хэмээн дуудаад араас нь чөтгөрийн инээдээр инээлээ . Бүд бүр таг чиг болмогц үнхэлцэг нь хагарчиж магад гэлцээд дахиж оролдсонгүй орой болтол худгаа манаж байгаад ээжийг нь хэдэн хонь ямаагаа дагаад шуудайтай түлш үүрсээр ирмэгц нь гэрээдээ явцгаалаа . Маргааш нь хичээлийн завсарлагаар Бүд нүдээ дүрлэгнүүлж байгаад л чөтгөр гэрийг нь тойрч хэрхэн гүйсэн хийгээд тэр ч бүү хэл түүнийг таниад дуудсан тухай амьсгаа давхцуулан ярихад нь бид хэд золтой л түсхийлгэчихсэнгүй . Бүд байрны Бямбааг хань болж гэртээ өнжихийг гуйж дагуулаад явлаа . Бид ч хийдгээ хийлээ .

-          Бямбаа ...Бямбаа гараад ир  хэмээн чихаруулан хашгираад өөрсдөө ч зэвүүцэм дуугаар хөхөрсөнд гэрт охид дуу алдан зазгадаж байгаа нь сонсогдож инээдийг минь улам хүргэнэ . Гэтэл хэрэг мандлаа Бүдийн ээж нь гэнэт нэг толгойн араас гарч ирээд бидний нуугдсан хад руу шилбүүрээрээ занган
-          Задарсан тархинуудыг багшид чинь хэлнэ хэмээн хангинаж гарлаа . Бид ч баригдсанаа мэдмэгц ум хумгүй арилаж өглөө . Тэгсэн хашир хөгшин бидний хэрхэн аяглаж байгааг нэгбүрчлэн дурандаад харчихсан аж . Говийн хүн хурц хараатай ой санамж сайтай . Маргааш нь хичээл дээр шуугиж ирээд энэ энэ байсан ингэж тэгж дүрсгүйтсэн хэмээн биднийг нэгбүрчлэн зааж өгдөг байгаа . Ингээд худаг манах ажил маань баахан тааруухан болж хатуу донготой салцгаасан юм . Ангид маань Баттулга Шинэхүү гэж эгч дүүсийн хоёр хүүхэд байх . Баттулга дэнхэр том биетэй биднээсээ бас хэд ах . Дүүтэй нь хамт сургуульд суулгах гээд хойшлуулсаар байгаад тэр үеийнхний хэлээр хөгширсөн хойно нь сургуульд өгснөөс ийм зөрөө гарсан хэрэг л дээ . Баттулгыг хүүхдүүд Батантулга гэж дуудна .

Батантулга маань сургуулийн бүрээч . Өдөрт хэд хэдэн удаа бүрээ татах үүрэгтэй . Өглөө хичээлийн бүрээ байрны хүүхдүүдийн өглөө өдөр оройн хоолны бүрээг татахаас гадна сумын төвийн түгшүүрийн бүрээг Батантулга татна . Нэг их удаанаар цангинуулаад л гурван удаа татах юм бол түгшүүр зарлалаа гэсэн үг . Төвийнхөн том жижиггүй хийж байснаа орхин зочид буудлын түлээний хашааны зүүн талд ухсан нүхэнд орж хоргодох ёстой . Дээгүүр нь банзаар таглаад шороогоор дарчихсан данхар цоожтой муухнаар хэлбэл нүх сайнаар хэлбэл хоргодох байр . Тэнд ороод гуч дөчин минут сууцгаагаад Батантулгын хөнгөхөн татсан бүрээн дуугаар гарцгаана даа . Долоо хоногт ийм сургуулийг тогтмол нэг удаа хийнэ . Сүүлдээ цаг жаахан тайвширсан уу яасан нөгөө хоргодох байр руу гүйж очдогоо больцгоогоод нөгөөх маань ч муудаж салбайгаад зогссонгүй доошоо цөмөрч нурснаар ёстой жинхэнэ нүх болж бидний байлдан тоглох нэг гол цэг маань болсон доо зайлуул . Тэр жилийн өвлийн амралтаар ангийн маань Галбадрах гэртээ амарч ирээд нэг сонин түүх ярьлаа . Галбадрахынх хилд ойрхон нутагладаг айл л даа . Нэг шөнө гэнэт гадаа нь тэмээ орилож лаа дэн барьж амжаагүй байтал нэг хүн үсэрч орж ирмэгц
-          Намайг нуугаарай хурдлаарай гэж шавдуулж Галаагийн аав ээж нь сандарч тэвдэн гэрийнхээ баруун талд хураалттай байсан бараан дор нөгөө хүнийг нууж амжив уу үгүй юү гадаа нь баахан амшинтай улс давхиад ирсэн аж . Хичнээн машин байгаа юм бүү мэд хот руу нь баахан машины гэрэл тусгаж зогсоогоод зураг авч гүйлдээд байсан гэж байгаа . Тэгж тэгж нөгөөдүүл яваад өгч нуугдсан хүн ч гарч ирээд

-          Надад хөнгөн хөлтэй унаа өг яаралтай сум орно гэсэн гэнэ . Лааны гэрэлд харсан чинь сумын төвд явж л байдаг Хятад Пунцаг гэдэг хүн байж . Тэгээд л тэднийхээс унаажиж унаа хөтөлгөө хоёр тэмээтэй гараад өгсөн гэж байгаа . Хотонд нь тэр хүний унаж ирсэн хариугүй болтлоо унааширсан гундуу тэмээг өглөө нь Галаа үзжээ . Тэгсэн Пунцаг гуайг хөөж ирсэн тэр хятадуудыг юү гэж дураар нь буцаахав дээ Хуршуутын эхэнд тэнгэрээс баахан шүхэртэй цэргүүд бууж отож байгаад бариад авсан гэж байгаа . Биднийгээ харж хамгаалж хайрлаж өмгөөлж байдаг болохоор нь Зөвлөлтийн цэргүүдэд хайртай . Гэхдээ тэр хайр маань бас хэмжээтэй . Хаанаасаа ч гараад ирдэг юм дөч тавин машинаас бүрдсэн цуваа байсгээд л сумаар дайрч өнгөрнө . Зөвлөлтийн цэргүүд түлш түүгээд буцаж яваа нь тэр .Тэвшнийх нь дундаас урагш дан ногоон сэрвэгэр заг аччихсан цувж яваа тэр олон машиныг харах бүр ургаж байсан нялх хонгор загийнхаа төлөө нутгийн олон нударгаа ханцуйдаа зангидна . Оросууд загийг түүдэггүй хяргадаг гэсэн үг Гурвантэсээр нэг тарчихсан байлаа . Дайны зориулалттай хоёр хүчирхэг машинд тороос татан давхиж ургаж байгаа заган ойг тэр чигээр нь хядаад аччихдаг гэлцэнэ . Заг аччихсан Оросуудад би ч дургүй . Нэг өдөр нэг Орос цэрэг хаалгаар шагайгаад
-          Вода вода гэлээ .

Ээжийг лааз руугаа ухасхийнгүүт
-          Ээж боль боль  гэнгүүт Няад няад .. гээд хаалгаа хаачихаж билээ .
-          Яаж байгаа юм миний хүү цангаж ядарсан хүн л байгаа биз гэж ээжийг хэлэхэд нь хариу хэлэх үг олдоогүй ч чухам яагаад тэгж муухай аашилж байгаагаа харин би маш сайн ойлгож байсан билээ . Зарим өдөр Орос цэргүүд завтай явдаг ч юм уу яадаг юм бидэнтэй тоглоноо . Тэд лапто тоглох дуртай . Бөмбөгөө хол цөлнө ч гэж тамтаггүй . Хурдан ч гэж жигтэйхэн . Бидэнтэйгээ яг адил хүүхэд зангаар инээж хөхрөн том том бахиалаа тайлж хаячихаад хөл гялалзуулан бөмбөгний араас гүйлдэж байгаа тийм Орос цэргүүдэд би харин нэн ч хайртай гэрт идчихмээр юү л байна  бариад л
-          Кушет кушет кампаан гээд л гүйх харин цэргүүд миний боорцог , махыг тоохгүй аранзнаасаа мухайсан галабсаа гаргаад хариу дайлахад нь миний оюун ухаан алин цагийн тэрхүү модойсон хатуу маханд уусан шингэж шүдээ шигтгэн эрхийгээ гозойлгочихсон зогсож байх . Он цаг өдөр хоногуудыг би нэг нэг годойсон хиам л гэж боддог тэнд хүн бүрийн шигтгэсэн шүдний ором барьж тавьсан гарын хээ гүйж явсан хөлийн мөр хадгалагдан бий гэдгийг харин Гурвантэсийн маань хайрга дайрган дээр хөл нүцгэлэн бидэнтэй уралдан гүйлддэг байсан чухам тэр Орос цэргүүд ухааруулсан ч юм билүү бүү мэддээ .


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.