04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ-9

САЙН БАЙНА УУ ӨНДӨР ЗАГ МИНЬ
   Хоёрдугаар ангиа дүүргээд дүүгээ хөтлөөд Бааст гол дээр өнждөг өдрүүд эхлэж байх үед аймагт дарга байсан  ах маань оюутныхаа анхны амралтаар Берлин гэдэг хотоос  дэлхийн хамгийн том , хамгийн хөгжилтэй , хамгийн сайхан хот Москвагаар дайраад ирлээ гэсээр хүрээд ирдэг байгаа . Ирэлгүй ч яахав дээ эхнэр нь манайд суудаг оюутан байсан юм хойно . Намар явахдаа  
-          Юү захих вэ? гэж асуухад нь хулмаганан байж
-          Хол шүршдэг усан буу хэмээн хулчганан дуугарсан юм . Учир нь манай хоёр намайг тархидаж
-          Шагдардагва нэрэлхүү юү захих вэ гэж асууна тэр үед нь олон долоон юм шалгааваа чи оюутан хүн мөнгө муутай байдаг юм гэж гайгүй сайн захисан болохоор илүү юм хэлээгүй л дээ . Гэвч ах маань захисныг минь байтугай захиагүйг минь ч авчирчээ . Бялт хавчуулаад тасхийтэл бууддаг гар буу , хэтрүүлэгтэй хэлэхэд хориод алхам газар хэнэггүй шүршдэг усан буу , Ганс Клоссын өмсдөгтэй  усны дусал шиг адилхан дарга малгай гээд л дүү бид нарт баахан бэлэг авчирсаны дотор сэгсрээд гэрэл рүү харахад дотор нь өнгө бүрийн цэцэг дэлгэрч харагддаг цилиндэр онцгой сонирхол татсан эд байлаа . Усан болон гар бууг маань хүүхдүүд хорин мөнгөөр арван минут хөлсөлдөг байлаа .  Энхтайван маань энэ ханшийг тогтоосон юм . Буу түрээсэлсэн хүүхдийн дараа нь оочерлож таарсан хүүхэд дайсан нь болж нуугдахаар гүйж одмогц шүдээ хүртэл зэвсэглэнэ гээч нь болсон түрээслэгч дайсныхаа эрэлд араас нь гүйнэ дээ . Зарим хүүхэд  дайснаа олж буудаж амжаагүй байтал цаг нь дуусчихна . Нэг удаа хөлслөхөд нэг л бялт оногддог болохоор дайснаа эрж яваад буудаж амжилгүй хүрээд ирдэг хүүхэд байдаг бол буугаа авч булан тойрмогц тасхийтэл буудчихаад барьж баахан гүйж яваад ирдэг хүүхэд ч байлаа.

Өнөө цилиндрийг бол охид хөвгүүдгүй сонирхоно . Нэг удаа нэг хүүхэд тав сэгсрэх нормтой . Зарим нэг зальтай хүүхэд сэгсрэлгүй сэмхэн эргүүлэн үзэж байгаад бөөн маргааны бай болох ч энүүхэнд . Тэгсэн нэг өдөр хоёр хүүхэд булаалдаж байгаад нөгөө сайхан тоглоомыг маань хугалчихдаг байгаа . Дотроос нь баахан цэцэг гарсан гэж бодно уу үгүй шүү . Өнгө өнгийн хэдэн хуванцар үрэл , гурван гонзгой толь , гурван бөөрөнхий шил гардаг байгаа . Гэхдээ тэр тоглоомны залийг Алтантуяа хамгийн түрүүнд ухаарсан билээ . Хугарч хэрэг нь өнгөрсөн хайран гадаад тоглоомыг маань эргүүлж тойруулан баахан харж , бас хугархайгаар нь эвлүүлэн оролдож сууснаа
-          Та нар өнгө өнгийн шилний хагархай , хуванцар эдлэлийн өөдөс олж ир гэж үүрэгдлээ . Бид ч тарж гүйлдээд төд удсангүй баахан олзтой цугларлаа . Алтантуяа өөрөө том гэгчийн хавтгай шил олоод ирсэн байлаа . Түүнийгээ эвтэйхэн нь аргагүй хагалаж шонгийн модыг суурьтай нь хүлж ороосон бэхэлгээний бүдүүн төмөр утасны завсраар нөгөө шилээ шургуулан мэрж гарлаа . Удалгүй гурван гонгой шил гурван бөөрөнхий шил бэлэн боллоо . Урт гонзгой шилнүүдээ цилиндэр болгож ороосон сонинд суулгаад гаднаас нь нэг бөөрөнхий шилээ шигтгэж дээрээс нь үрэл болгосон хуванцар болон шилнүүдээ хийгээд дараа нь бас нэг бөөрөнхий шил нэмэн суулгаж сонингоор хийсэн цилиндрийнхээ гадна талыг дотогш нь хумичихаад нөгөө үзүүрт нь нэг бөөрөнхий шилээ бэхлэж цилиндрийнхээ гадуур утас цувин ороолоо . Тэгээд сэгсэрч харснаа
-          За тоглоцгоо гэлээ . Юун гадаад тоглоом . Өнгө үзэмж тааруухан ч нөгөө тоглоомноос ч илүү олон өнгөөр солонгорсон цэцгүүд ээлж дараалан дэлгэрч байгаа нь гайхалтай . Бид нэг хэсэгтээ л тэр тоглоомыг уралдан урлаж
-          Минийх чинийхээс илүү гэлцэн булаалддаг болж билээ . Алтантуяа сүүлдээ сониныхоо гадуур  төрөл бүрийн цэцэг жимс хэрэм туулай мэтсийг зурсан ватман цаасаар ороодог болсон нь яг л гадаадад хийсэн гоёмсог тоглоом шиг болж боловсорсондоо . Бидний хялбархан хийчихсэн тэр тоглоомыг улс маань чухам яагаад олноор нь үйлдвэрлэн хүүхдүүдийнхээ хужирхайг ганц удаа ч болов тэнийтэл тоглуулаагүй юм болдоо гэх мэтсийг өнөө ч бодсоор л явдаг юм . Гэхдээ хүн аливааг хийж сэдэе гэвэл нас багаддаггүйг ч ойлгож үлдсэн билээ . Харин энэ үеэр манайд ноцтой асуудал яригдаж байлаа . Ээж маань сургуулиа төгсөж Баянхонгор билүү Баян-Өлгий нь ч билүү Б үсгээр эхэлдэг холын аймагт томилогдож тийшээ яаж явна даа хэмээн манай хоёр ид шаналаж байх үед нь Шагдардагва ах ирж . Тэгээд нэг аймгийн дөрвөн том даргын нэг явсаны хэрэг юү билээ манай хоёрт туслаж болж өгвөл хотод үлдээх болохгүй бол аймагтаа очуулах асуудал ярьж байлаа . Энэ ярианд Бадраа багш ирж идэвхтэй оролцноо . Бадраа гэдэг өвгөн багш багшийн сургуульд ээжтэй хамт суралцдаг байлаа . Уг нь ээжийн маань бага ангийн багш нь гэж байгаа . Гэтэл сургуулийн дипломтонгууд олноор ирж өвгөн багшийг газарт оруулж эхэлснээр юу ч болтугай нэг дипломтой болохгүй бол тэтгэвэрийн насанд хүрэлгүй шахагдах нь гэж бодоод багшийн сургуульд ороодохсон чинь шавьтайгаа нэг ангид орчихож . Бадраа багш хуучин монгол бичгээр гайхалтай сайхан бичнэ . Манай аав ч монгол бичигтээ их сайн . Тэгээд өвгөн багшийн шипийг аав монгол бичгээр бичиж өгнө . Цаадах нь шалгалтандаа аваад ордог гэж байгаа . Шалгагчид монгол бичиг мэдэхгүй . Дэмий л дээш доош нь эргүүлж тойруулж жаал гайхширч байснаа

-          Энэ юү юм гэж асуудаг гэж байгаа .
-          Ах нь өвгөрчихөөд толгойд юм тогтохгүй мартаж золигтоод болохгүй юм . Энэ миний лекцийн тэмдэглэл байнга л биедээ авч явдаг юм гэж Бадраа багш хариулдаг өнөөдүүл нь хураах уу байх уу гэж хэлцэж байгаад настай хүнийг хүндэлдэг байлгүй дээ буцаагаад өгчихдөг гэж байгаа . Тэгээд л мань хүн онц сураад бас болоогүй хүүхдүүдтэйгээ зууралдаж үдшийн цагийг дэлгүүрийн кассанд бөртөгнөж  хичээлээ унших завгүй өнгөрөөдөг ээжийг маань чирээд явдаг байсан байлгүй . Хоёулаа онц төгслөө гэж баярлацгааж байсан юмдаг . Аав бол Хөдөө аж ахуйн дээдэд ёстой ганц сайн авч үзээгүй явсан юм  билээ . Намайг хожим Их Сургуульд маруухан сураад байхаар тэгсэн байх нэг өглөө дүнгийн хуучин дэвтрээ ширээн дээр маань мартагч болоод орхичихсон байсныг үзэхэд  ОТЛ гэдэг дүнгүүд жирийж ихэд ичээж билээ .  Зуны улиралд Бааст гол зугаа цэнгэлийн өлгий болно . Хаа холын Хар далайн Сочи , Флорида , Багамын эргийг зүүдлэж ч үл чадах Найрамдал заводынхан маань артерийн судас шиг нарийхан голынхоо эрэг дээр налайн жаргацгаана . Том хөх ванн түмпэнг завь болгосон хүүхдүүд хайрдчихсан ванн дотроосоо
-          Түлхээд өгөөч хэмээн хашгиралдана . Бүсгүйчүүд хөнжил гудас хүртэл хэрэг болгон авчраад дэвсчихсэн дээр нь хэвтэж тухлахын зэрэгцээ  голын эргийг хатаахаар дэлгэсэн олон өнгийн хувцасаар цэцгийн хүрээлэн шиг битүүд нь гоёно . Бид хамгийн гүнзгий тохойд нь бужигналдан эрэг дээр нүдээ анин хамраа чимхэж зогссоноо год харайн шумбана . Уснаас гармагц час халуун чулуун дээр эрүүгээ дагжуулан зэрэгцэн хэвтэцгээнэ . Жаргалын далайд төөрчихсөн улс гэж  биднийг л хэлэх байсан бизээ . Тэртээ хойно Баянхушуу уулын хормойд бух урамдаж , наагуур нь чөдөртэй морьд голын өлөн шир шир үмхлэнэ . Усанд орж ханамагцаа голын баруун талын хэдэн толгодыг дамжин байлдаж тоглоцгооно . Тэр хавиар нуугдаж болох гуу жалга , хад асга арвинтай болохоор ёстой нэг тарвалзтал байлддагсан . Намар нь манайх нүүлээ . Сургууль маань дунд сургууль болж аймагт дөрөвдүгээр ангиа дүүргэсэн ах маань ирж сар гаруйхан хотын хүүхэд болж үзсэнээ буцаад нутаг руугаа явцгаалаа даа .

 Аймгийн баазын Цэрэн гэдэг настайвтар жолоочийн машинд гэрээ ачаад гарч өгсөн юм . Цэрэн гуай маань Өмнөговийнхныг бусдаас онцгойруулдаг навтгардуу хамартай бас болоогүй навтгар тэр хамар нь сартгардуу угалзтай хүн байлаа . Асуудал шийдэгдтэл аймгийн төв дээр бас хэд хонолоо . Би гэрээсээ юүхэн хээхэн авах гэж Цэрэн гуайнхаар байнга л очино . Манайх бүхлээрээ Цэрэн гуайн машины тэвшинд уужуухан багтчихсан . Машин дээр гарч эрэгнэгээ уудлаад боорцог аваад идсэн ч дурны хэрэг байлаа . Цэрэн гуайнх тэр үеийн олон хүүхэдтэй айлын заншлаар гэр дээрээ элдсэн арваад гурил  эгшээх гээд дэлгэчихсэн байдагсан . Хүүхдүүдтэй нь бужигнаж  борцтой гийдаа цохичихоод л ах нарынх руугаа буцаад дэгдэнэ . Манай хамаатны нэг ахыг аймгийнхан ганган Бавуу гэлцэнэ . Нөгөө нэг ахыг маань коверкет Дамчаа гэцгээнэ . Халамцсан үедээ Саарал коверкетэн дээлтэй Соёлын Хандын Дамчаа гэж дуулсан уу дуулаагүй бол тэр чинь би байна гээд цээжээ ханхалзуулдагаас тэгж нэрлэгдсэн юм билээ . Дамчаа ахын эхнэр нь миний эмээгийн хамгийн бага дүү Хадимаа , харин ганган Бавуу ахын эхнэр нь Цэсэнгийн Долгорын их бага Цэвлээ нэртэй хоёр охины том Цэвлээ нь . Ганган Бавуугийнх дотор давчдам баян . Их баян айлд бие хүлэгдэж бачимдаад байж суухад хэцүү байдгийг тэгэхэд би мэдсэн юм . Тэгээд л адилхан боргил болохоор нь Цэрэн гуайнх руу дэгдчихдэг байсан хэрэг . Өдөрт хоёр удаа Бавуу ах Дамчаа ах хоёрт би хэрэг болно . Тэд нэг амбаарын ганц годгор банз сугалаж аваад гарсан зайгаар нь намайг оруулна .
-          Миний хүү наана чинь модон хайрцагт баахан шилтэй юм байна уу ?
-          Байна .
-          За тэрнээсээ нэгийг нь аваад өг . Цаана нь том савтай хар чавга байна уу ?
-          Байна .
-          Тэрнээсээ миний хүү бүх халаас саваа дүүртэл ав .

Бид гурав өдөрт нэг иймэрхүү юм ярилцаж намайг хоёрдохоо амбаарт ороод гарсны дараа хоёр садан маань
-Дамчаа дөрвөн зуун дал болсон шүү . Чиний хувь хоёр зуун гучин тав ойлгоо биз гэхэд нөгөөх нь
-Хн чааваас . Номгон руу хоёр удаа өвстэй давхичихад цаана нь өчнөөн мөнгө үлдэх юм байна  гэсэншүү юм ярилцан байснаа оройхон хирд Бавуу ах хаашаа ч юм алга болж Дамчаа ах гэрийнхээ сүүдэрт Соёлын Хандын Дамчаа гэдэг чинь би байна хэмээн цээжээ ханхалзуулан сууж байх үест Цэвлээ эгч Хадимаа эгч хоёр ажлаасаа ирнэ дээ .
-          Энэ ер нь хаанаасаа юу олж гудраад байгаа юм болоо амралт нь бушуухан дуусаасай хэмээн хоорондоо ярилцангаа хоёр гэрийн дунд байх гал тогооных нь өрөө бололтой амбаарт хоолоо хийцгээж байдагсан . Цэвлээ эгч Бавуу ах хоёрыг агент гэдгийг , тэр байтугай мөнөөх амбаарыг Цэвлээ эгч цоожлоод түлхүүрийг нь өвөртлөөд явсан гэдгийг би тэр үед яаж ч мэдэх билээ дээ . Хоёр гэрийн оройн хоол болж байх үеэр манай хоёр зэгсэн ядарчихсан ирнэ . Тэгээд л
-          Яаж Ханбогд явдаг юм . Тэрэнд орохноо Ханхонгор явъя гээ энүүхэн гадаа юм чинь гэсэн яриа намрын говийн түгсэн оддын дор өрнөдөгсөн . Эцсийн бүлэгт бид ялж Охин хөтлөөр даваад баруун зүгийг барин тоос босгон давхилаа . Гялаан тойром дээр машинаа бүжиглүүлж зүүн голыг нэвт туулаад дунд голдоо буулаа даа . Сайн байна уу өндөр заг минь . Би тэр үед сэтгэлдээ ингэж дуу алдсан байх . Машинаас буугаад л өндөр заг руугаа гүйж очсон юм даг . Гэрийн гадаа Батсүхийн хээр , Аюурын хонгор , тагжгар хээр , хөгшин халиун зэрэг хэдэн морьд үүрэглэх нь үүрэглэж дүүхэлзэх нь дүүхэлзэж харагдана . Их хайрханы араар сувай тэмээд маань нүүгэлтэж , хойт зүгт бага Гилбэнтийн наагуурх суль дунд ботготой ингэ зэрэглээнд нэг тасран нэг биежин шоорогононо .
-          Ашгүй хүрээд ирцгээв үү хүүхдүүд минь за гэртээ орцгоо .
      Миний өвөө нутгийнхны дунд Өндөр хэмээн авгайлагдсан Сономпил өвгөн алгаа дэлгэн ингэж хэлсэн билээ . Өвөө маань бидний аймагт ирснийг дуулмагц л зоос гүйлгэж ном уншиж гарсан гэж сүүлд л сонссон .
-Толгой нь хаашаа эргэж вэ хэмээн эмээг асуухад
-Хай золиг ... Зүүн урагшаа эргэчихсэн юм уу даа гэхмэтчилэн өглөө болгон зүг өөрчлөн хэлж цаашлуулдаг байснаа хожим яриад инээлддэгсэн . Өвөөгийн үгэнд итгэсэн эмээ маань  цайныхаа дээжийг
-Жодовсамбуугийн гурилан хүн хүүхдүүдэд бүү тээг бол  цаашаа цаашаа хэмээн үгэлчихсэн өргөж зогссон гэсэн  . Өвөөгийндөө  хам хум нэг хоноод цааш аялалдаа яарахад өвөө биднийг даган хөөрцөглөлөө . Явсаар сумын төвд очлоо доо . Давсны артелиас том нь ч том юмаа . Харин Найрамдал завод , аймаг хоёртой зүйрлэхийн аргагүй жижиг суурин аж . Дэнжирхүү газар хэсэг хүүхэд нааш цааш гүйлдээд байхаар нь машинаас буугаад л тавьж очлоо . Тоглож байгаа хүүхдүүд аж . Хэсэг хүүхэд энд тэндгүй таран зогсож нэг хүүхэд унины хугархай барьчихсан савчина . Хажууд нь зогссон хүүхэд бөмбөг шидүүт нөгөө хүүхэд униараа цохиж бөмбөг дүүлэн нисмэгц цохигч хүүхэд модоо шидчихээд хар хурдаараа гүйсээр говийн зөөлөн хөрсийг урж зурсан тойрог дотор орж зогтусна . 1969 оны намар эх орныхоо баруун урд хязгаарын бөглүү жижиг сууринд гучин дөрвөн жилийн дараа төрүүлсэн эх оронд нь ирж Бейсбол гэдэг нэртэйг нь мэдэж авах тоглоомоор тоглож эхлэж байгаагаа би яахин мэдэхсэн билээ . Хүүхдүүдийн дунд шуугилдаад л орж явчихлаа . Тэнгис далай гатлаж тив дэлхий дамжин  багагүй хувирчихаад ирсэн тэр тоглоом маань Лапто гэдэг Орос нэртэй байсан юмдаг . Хүүхдүүд байсгээд л
-ИНАА ... ТИРАА гэж уулга алдацгаан инээд хүргэнэ .
-Чи хаанаас ирсэн хүүхэд вэ ?
-Хотоос .
-ИНАА ...
-Хот хаана байдаг юм ?
-Аймгаас  хойшоо машинаар хонож ирдэг газарт байдаг юм  .
-ТИРАА ...

   Хожим мэдэхнээ нь анх танилцсан хүүхдүүд маань миний ярианд итгэхгүй гайхаад л байцгаасан нь тэр юм билээ . Худлаа хэлчихлээ гэж хэлэхгүй . Худалч гэхийн оронд ИНАА гэх юм уу эсвэл ТИРАА л гэнэ . Хэрүүл уруулын үед  өргөн хэрэглэгддэг  “ Хулгайч , ална шүү , чамайг даа , Хохь чинь” энэ тэр гэсэн хараалын үгийг тэр үеийн Гурвантэсийнхэн барагтай л бол хэлэхгүй . ХӨГЖИХГҮЙ ЭЭ гэсэн ганцхан үгээр орлуулчихна . Хүүхэд шуухад хөгшин залуу эр эм , дарга цэрэг хэн ч бай дургүй нь ихээр хүрвэл
-Хөгжихгүй ээ гэчихээд л эргээд алхчихна даа . Ямар сайндаа хүний бүдүүн ат хөтөлчихсөн хэрэгт унаж аймгийн мөрдөнд мөрдөгдөж байсан гэх нэг эрийн тухай явган яриа ихээр тарсан байхав .
-За Содной гуайн хүрэн атыг гулгуулсан  чинь  гэрчийн мэдүүлгээр нотлогдсон хэргээ хүлээ?
-ИНАА
-Тэр ч бүү хэл чамаас авсан хүн чинь хэргээ хүлээсэн ?
-ТИРАА
-Энэ хэрэгтээ чи доод тал нь гурван жил шоронд сууна даа ?
-ХӨГЖИХГҮЙ ЭЭ .


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.