05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хөрөнгийн биржээр арилжаа хийсэн миний туршлага

Энэ удаа би үнэт цаасны наймаа хийсэн өөрийнхөө бяцхан туршлагыг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Эхлээд би яагаад хувьцаа худалдаж авах болсон бяцхан түүхээ хуучлая.

Би ихэнх хүмүүсийн адилаар тун энгийн ойлголттой явдаг байлаа. Хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжаа гэдэг нь надаас их л хол ертөнц шиг санагддаг байсан. Гэвч нэгэн удаа би мэргэжил нэгт нөхөртэйгээ тааралдаж хууч хөөрснөөр, дараа нь гэрт нь очиж хувьцааны наймаа компьютерээрээ өөрийнхөө гэрт суугаад хийж болохыг надад үзүүлснээс хойш энэ талаар их боддог болж билээ.

Дараа нь би хоёр ч удаа бас л надтай мэргэжил нэгтэй нөхдүүдтэйгээ уулзахад тэд маань мэргэжлийн ажлаа хийхээ болиод гэртээ компьютерийн дэлгэц дээрээ баахан график хараад л суудаг болсныг мэдэв. Тэд бүгд үнэт цаасны арилжаа хийдэг болчихсон ажилдаа явна энэ тэр мэдэхгүй тэгсэн мөртлөө тун орлого сайтай дажгүй амьдарч байна аа янз нь! Намайг ярилцаад сууж байх хооронд л гэрт нь 46" инчийн LCD телевиз тавьж өгөх 2 залуу өргөөд л ороод ирж байгаа юм. Дотор хүн мааь нэг юм хэлээд нөгөөдүүлдэээ өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрж байх чинь.

Тэгээд тэд нартаа "та нар үнэхээр мундаг юм аа" гэж хэлэхээр "чи бас хийж чадна" гээд л надад бас хөөрхөн урам өгдөг байж билээ. Энэ ч яахав барууныхны хүнд тал засдаг үг гэдгийг ойлгож байсан ч гэсэн ер нь оролдоод үзвэл яадаг бол, уул нь гэртээ суугаад орлого олоод, хүүхэд гэр бүлдээ анхаарал, заваа хандуулах өргөн боломжтой юм байна гэсэн шүү бодол байнга л орж ирдэг болчихлоо.

Гэхдээ би өөрийнхөө боломжийг үнэлж үзэхээр тэднээс хамгийн гол юм болох Англи хэлээр хол дутуу тэдний хувьд Англи хэл бол эх хэл нь байхад миний хувьд өөр юм. Тэгээд дээр нь эдийн засгийн болон үнэт цаасны арилжааны тухай Англи дээр уншиж судална гэдэг надад амаргүй мэт санагдана. Бас тэгээд байнга улс төр, эдийн засгийн мэдээ уншиж, харж сууна гэдэг залхуутай ч юм шиг.

Хамгийн эхний танил маань намайг ComSec -ээр хувьцааны арилжаагаа хийвэл зүгээр талаар зөвлөлгөө өгч өөрөө эндхийн том дэлгүүрийн сүлжээ болох David Jones болон Myer -ийн хувьцааг голдуу барьдаг байлаа.

ComSec гэдэг Австрали-д байдаг эндхийн тэргүүлэгч банкнуудын нэг Commonwealth bankны (http://www.commbank.com.au/) үнэт цаасны арилжаа хийдэг хэсэг юм. ComSec -ээр арилжаа хийхийн тулд тус банканд данстай байвал илүү амархнаар асуудлыг шийдэж болох бөгөөд "application" буюу мэдүүлэг бөглөөд л ComSec -ээс данс, нууц үг, хэрэглэгчийн нэрээ авчихна л даа.

Бусад танилууд маань Их Британиас гаралтай санхүүгийн компаниар дамжуулж арилжаа хийдэг байв.

Ер нь аль ч тохиолдолд интернетээр мэдүүлгийн бөглөөд хандаж болох ч тэд хэрэгтэй гэж үзвэл утсаар эргэж холбоо барин нэмэлт материалууд шаардах бөгөөд эцэст нь таныг шаардлагыг нь хангасан гэж үзвэл тантай CFD байгуулна. CFD гэдэг нь Contracts For Difference гэсэн үг юм. Энэ нь нэг ёсны мөнгөн барьцаа хийж үнэт цаасны арилжаа хийх эрхтэй болж байгаа билээ.

Ер нь арилжааг заавал өөрийн биеэр дилертэй уулзан байж хийх албагүй бөгөөд утсаар дилертэйгээ ярьж эсвэл интернет ашиглаж хувьцаагаа зарах, авах үйл ажилгаа хийж болдог. Гэвч зарим компаний эсвэл хөрөнгийн биржийн үнэт цаасны зах зээлийн мэдээлэл 20 минутаар саатдаг тул заримдаа шууд утсаар дилерүүдтэй ярьсан дээр байдаг. Ингэснээр та дэлхийн хаана ч байсан, хаана ч байгаа компанийн хувьцааг ямар нэгэн томхон улсын хөрөнгийн биржд бүртгэлтэй бол худалдаж авах бололцоотой боллоо гэсэн үг юм. Энд Энэтхэг, Сингапураас авхуулаад Америкийн хөрөнгийн биржүүд ордог. Мөн түүнчлэн та зөвхөн хувьцаагаар хязгаарлагдахгүй алт зэрэг үнэт металл, нефть, кофений наймааг хүртэл хийж болно. Эдгээрээс гадна хөрөнгийн бирж үнэт цаас болох Wall Street cash, ASX cash зэргийг авч ашиг орлого хийж, валютийн ханшны хэлбэлзэл дээр тоглож болох юм.

Ингээд хэрхэн яаж арилжаа хийдэг байсан тухайгаа ярихаасаа өмнө, үнэт цаасны зах зээлийн арилжааны зарим нэр томьёог тайлбарлая.

ASX - Australian Securities Exchange - Австралийн хөрөнгийн бирж (http://www.asx.com.au/) бөгөөд топ 200 компаний индексээр тодорхойлогддог. Би Австрали-д байдаг болохоороо энэ хөрөнгийн биржийн онцолж байгаа юм.

DJIA - Dow Jones Industrial Average. Хамгийн том 30 компаний хувьцааны индексээр өсөлт бууралт нь тодорхойлогддог.

Nasdaq 100 - National Association of Securities Dealers Automated Quotations голдуу санхүү, банкны салбарыг хамарсан дэлхийн хамгийн том электрон хөрөнгийн бирж юм.

S&P 500 - Standard and Poor's 500 - 500 голлох компаниудын индексээр тодорхойлогддог.

FOREX - Foreign exchange - 24 цагийн валютийн арилжаа хийдэг дэлхийн хамгийн том зах зээл юм. Өдөрт $2000 миллиард доллар эргэлддэг юм.

Одоо яаж үнэт цаасны, хувьцааны наймаа хийдэг байсан туршлагаасаа хуваалцая. Эдийн засгийн бага зэрэг ойлголт өгөх гэж бага зэрэг юм бичсэн чинь би өөрөө хүртэл залхаад төөрөлдөөд ирж байгаа тул намайг энэ талын мэргэжлийн хүн биш гэдгийг харгалзаж үзнэ үү!

Эхлээд та бага зэрэг юм уншиж судлах хэрэгтэй. Онлайн хичээлүүдийг http://www.asx.com.au/-аас үзэж болно. Хэрэв та барууны оронд байгаа бол санхүүгийн компаниуд ийм төрлийн лекц, хичээлийг үнэ төлбөргүйгээр зохион явуулдаг тул та тэрэнд хамрагдаад явж болно.

Дээр дурдсан найз, нөхөд маань өгүүлснээр $100,000 -ийг эргүүлж байхад л амьдралаа аваад явж болж байгаа юм л даа. Ингээд та хүсвэл зөвхөн компаний хувьцаа худалдах юм уу зараад зогсохгүй үнэт металлын зах зээл дээр металл авах юм уу зарж болно. Эсвэл хөрөнгийн биржийн үнэт цаас, нефть, кофе, валют худалдаж авах эрхтэй боллоо.

Хувьцааны наймаа

Хэрэв та ямар нэгэн компаний хувьцаа худалдаж авах бол үүнийг long position гэж нэрлэдэг ба мэдээжээр та үүнийг өснө гэж тооцоолж авч байгаа билээ.

Жишээ нь, "Trade" гэдэг компаний хувьцаа ASX дээр $2.81/$2.82 байна гэж үзвэл энэ $2.81 -ээр зарагдаж, $2.82 -оор худалдаж авч байгаа гэсэн үг юм. Хэрэв та 10,000 ширхэг хувьцаа худалдаж авна гэвэл $28,200 оор авна. Гэхдээ та наймаа хийх болгондоо ойролцоогоор 0.1% -ийн суутгал төлнө.

Энэ тохиолдод нээлтийн суутгал 0.1/100*10,000*$2.82=$28.20 юм.

За тэгээд 35 хоногийн дараа "Trade" компаны хувьцаа $3.33/3.34 болсон, тэгээд зарлаа гэж үзвэл $3.33 -аар зарна.

Хаалтын суутгал 0.1/100*10,000*$3.33=$33.30 болно.

Эндээс ($3.33-$2.82)*10,000=$5100 -ийн зөрүү хожих бөгөөд

Хувьцааны ноогдол ашиг нь хувьцаа тутам $0.05 байна гэж үзвэл 10,000 * $0.05=$500

Засгийн газрын хувьцаа эзэмшлийн жилийн суутгалыг нь 8.75% гэж тооцвол

10,000*2.83*8.75/360=$6.88 байна.

35 хоног хувьцаа эзэмшсэн болохоор 30*$6.88=$262

Эндээс цэвэр орлого: Хувьцаан наймаанаас $5100

Нээлтийн суутгал -$28.20

Хаалтын суутгал -33.30

Хувьцаа эзэмшлийн суутгал -$262

Хувьцааны ноогдол ашиг $500

Цэвэр ашиг $5276.50

Short position

Энэ нь хувьцааг буурна гэж зарж ашиг олохыг хэлэх ба цэвэр ашигийг тооцохдоо хувьцааны ноогдол ашигийг тооцохгүй бөгөөд хувьцаа эзэмшлийн суутгалыг ашиг дээрээ нэмж тооцно.

Жишээ нь, ноднин 5 сард та бидний сайн танил Rio Tinto -гийн хувьцаа $150 хавьцаа пижэгнэж байсан бол 8, 9 сард $30 гаруй хүртэл шалдаа унаж байсныг урьдчилж харж чадсан бол ашиг хийж болох байжээ.

Хэрэв өнөөдөр $50 хүрэхийн мэдээд 8, 9 сард худалдаж авсан бол (long position) бас л ашиг хийнэ шүү дээ.

Валютийн наймаа

Spot FX буюу Forex нь валютын ханшны өсөлт буурал дээр явагддаг бөгөөд дэлхий хавтгай биш бөөрөнхий болохоор энэ наймаа 24 цагийн турш тасардаггүй. Дэлхийн хаана ч гэсэн олон улсын наймаа, банк хоорондын наймаа явагдаж байгаа учиртай юм.

Гэхдээ танийг энэ төрлийн наймаа хийгээд хэрэггүйг хувийн зүгээс зөвлөхөд:

Ханшны зөрөө маш их хэлбэлзэлтэй байдаг тул энэ нь маш их эрсдэлтэй юм.

Хийвэл mini contract гэсэн хэсгээр хийвэл зүгээр байх.

Металлийн наймаа.

Бас л эрсдэл ихтэй мини бага гэсэн нэгжээр хийвэл зүгээр. Алт, мөнгө, зэс зэрэг металлын арилжаа хийдэг.

Хөрөнгийн биржийн үнэт цаас

Та Wall street cash, ASX 200 cash зэргийг худалдаж авч болох ба эдгээр нь contract-аасаа хамаараад янз бүрийн үнэтэй байх ба жишээ нь ASX 200 cash нь mini contract $2 байдаг.

Ер нь хөрөнгийн бирж гэдэг маань нэг төрлийн хөрөнгө оруулалт, мөнгө төвлөрүүлэлт бөгөөд ингэснээр эдийн засагт, асар их мөнгийг эргэлтэнд оруулж байгаагаар ач холбогдолтой юм.

Жишээлбэл, Бразилд байгаа кофены фармер тариалалт хийх мөнгөө үнэн хэрэгтээ таны хөрөнгийн биржээс оруулсан мөнгөөр олж авч байгаа бөгөөд та тэрийг урьдчилж төлснөөр 5 сард тарьсан үр 9 сард хураагдаж зарагдснаар та 5 сард мөнгө хэрэгтэй үед нь хямдхан кофей аваад 9 сард үнэ хүргэж зарж ашиг олж байгаа гэсэн үг л дээ. Ингэснээр танд ч гэсэн, кофейний фармерт ашигтай бөлгөө.

Бусад наймаанууд:

Орон сууц, шатахуунд бас хөрөнгө оруулж болдог.

Crude Oil гэвэл америкийн зах зээл дэхь нефть, Brent Oil гэвэл Их Британи зах зээл дэх нефть гэж ойлгож болно. Бас гэрээний (contract) хэмжээнүүд янз бүр байдаг.

График харж үнэлгээ, таавар хийх

Энэ бол бас л эдийн засаг, улс төр, технологийн мэдээ сайн уншиж байхаас дутуугүй ач холбогдолтой юм.

Энд янз бүрийн аргачлалаар хийсэн графикууд байдаг бөгөөд доор тавьсан график зургийг бага зэрэг тайлбарлая.

japancandle1

Энэ зурагт Spot Gold- алтны үнийн өсөлт бууралтыг долоо хоногийн үечлэлээр харуулжээ.

1. Japanese candle stick - Японы лаан савхны график

Улаан нь тухайн долоо хоногийн бууралт, ногоон нь өсөлтийг харуулж байгаа юм.Дээр, доор нь байгаа шугамууд нь хэр их дээш, доош хэлбэлзснийг харуулдаг. Жишээ нь, энэ зураг дээр 5 сарын сүүлийн 7 хоногт алтны үнэ огцом унсаныг харуулжээ. Түүнээс гадна дээд, доод шугамууд нь их урт байвал зах зээл эргэхийн дохио болж байгааг таамаглаж болох талтай.

1. MACD нь candle stick -ийн доод талын график бөгөөд улаан , хөх огтлолцол нь зах зээлийн өөрчлөлтийн дохио болдог.

Энэ бүгдийн дараа миний төрсөн сэтгэгдэл:

За ямар ч байсан орчин үеийн зах, зээл, хөрөнгийн биржийн арилжаа гэдэг юу байдгийг мэдрээд авлаа. Миний хийж чадах зүйл биш гэдгийг энэ хямрлын үед худалдаж авсан хувьцаануудын минь ханш хэрхэн хэдхэн хоногт унаж шатаж байж мэдэрсэн. Энэ арилжаа нь хүн гаднаас нь харахад компьютерийн ард суугаад амархан мэт төсөөлөгдөх боловч байнга компьютерийн ард суун графикт дүн шинжилгээ хийх, мэдээ сонсож, үзэн үнэлэлт, дүгнэлт, таавар хийнэ гэдэг бол хэцүү юм. Ялангуяа чи өөрийн мөнгөө эргүүлж байгаа үед бол сэтгэл зүй хувьд дарамттай, физиологийн хувьд гэсэн олон цаг сууна гэвэл бас л амаргүй ээ. Тэгээд өглөө босоход чинь, эсвэл хэдхэн цаг, минут, секундын хооронд чиний мөнгө шатна, өснө гэдэг үү! Энд л цаг бол алт гэдгийг бодит утгаар нь мэдрүүлдэг.

Нөгөө талаар наймаа хийж байгаа хүн өөр шигээ олон хүмүүстэй холбоотой байх хэрэгтэй ингэснээр санал мэдлэгээ солилцох зэрэг ач холбогдолтой юм.

Эцэст нь хэлэхэд: Орчин үеийн ертөнцийн далд эзэд бол санхүү, бизнесийн томчууд бөгөөд бид бол тэдний нүдээр зүгээр л ажилч шоргоолж нар юм. Жирийн хүмүүс хөдөлмөрлөж хамаг баялгийг бүтээдэг боловч, тэдний бүтээгдхүүний үнийн өсөлт, уруудалт, тэдний цалин хөлс ямар байх вэ? Үйлдвэр нь дампуураад ажилгүй болгох уу? Эсвэл бүтээгдхүүний үнэ нь өсөөд компани нь цаашид хөгжих эсэхэд үнэн хэрэг дээрээ хөрөнгийн биржийн наймааны далдын хүчин ихээхэн нөлөөлдөг бөгөөд эдгээр хүчин зүйл нь заримдаа кофе ууж, сонин уншиж, үдэшлэг хэсч, хурал семинар, лекцэнд хамрагдаж явдаг хэсэг бүлэг хүмүүсийн компьютерийн гар, утасны яриагаар шийдэгдээд зогсохгүй заримдаа дэлхийн улс төр эдийн засгийн амьдралд хүчтэй нөлөөлөө тусган Монгол мэтийн ядуу буурай зэс, алт зэрэг хэдхэн төрлийн бүтээгдхүүнээс хараат байдаг хэдэн арван магадгүй хэдэн зуун сая хүний амьдралд нөлөөлж үүний үр дүнд улс орнуудын хувь заяанд нөлөөлдөг нь аймшигтай бөгөөд хачирхалтай сэтгэгдэл төрүүлэх юм. Дахин хэлэхэд: Бид зүгээр ажилч шоргоолж амьд явах, идэхийн төлөө олуулаа асар их баялаг бүтээдэг боловч өөрсдөө хувь заяаныхаа эзэд үнэхээр байж чаддаг уу? Тэр баялгийг чинь хэдхэн хүн зохицуулаад шийдээд байгаа юм биш үү? Тэд өнөөгийн ертөнцийн бурхад, далд эзэд юм биш үү? гэсэн асуулт өөрийн эрхгүй төрөх юмаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.