05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

БИ ДУРТАЙ

Би ядарчээ. Амгалан тайван сайхан амьдралдаа ядарчээ. Бүх юм бэлэн зэлэн, уурлаж уцаарлаад байх зүйлгүй, цалин мөнгө хангалттай, ирээдүй маань төсөөлөгдөн харагдаж байвч би ядарсан залхснаа мэдэрч байна. Бүх юм өөрчлөгдөхгүй хэвийн сайхан байх ч бас ядаргаатай ажгуу.

Адал явдал тохиолдож, амьдрал нь буцлан, дөрвөн улирал нь ээлжлэн солигдож, өвөрмөц мэдрэмж төрүүлдэг эх орноо санажээ.Өвлийн сэнгэм агаараар цээж дүүрэн амьсгалж, зуны дэлгэр цагт цэцэг ногооны анхилам үнэрийг цээжээ дүүргэн таашаахыг зөвхөн Монголдоо л мэдэрдэг байсан.

Чимээгүй цас хаялах өвлийн дүнсгэр өдрийг нь би сонсох дуртай байлаа. Хаврын нялх ногооны үнэр анхилсан сэтгэл хөдлөм өдрүүдэд нь би алхах дуртай. Зуны шаргал нар шарсан, бүртийх ч үүлгүй цэлмэг хөх тэнгэрийг нэвтлэн харах гэж оролддогсон. Намрын навчис гундан, шажигнасан шаргал өдрүүдийг хөнгөн гуниглан харах гоёхон байдагсан. Үлгэр, домгийн баатар амилах мэт хөвөн цагаан үүлүүдийг ажиглах би бас л дуртай.

Наадмын тоосоор амталсан, дэлхийн газрын зурагийг санагдуулам, тосондоо шажигнан, шаргалтсан дугуй хуушуураа дугаарлан авч идэх таашаалтая. Уул тал нь өнгө, өнгийн эрээн цэцэгсээр хучигдсан хөндийнүүдийг би хаа ч харсангүй ээ. Улаанбаатарын гудам шиг адал явдлаар дүүрэн ертөнцийг хаана ч мэдэрсэнгүй ээ.

Хэд алхаад л хэдэн танилтайгаа тааралдан зөрөнхөн, хууч хөөрч болдог Улаанбаатарын гудамж сайхан шүү. Улс орнуудын өчнөөн сайхан хүүхнүүдийг харж явсан ч, Улаанбаатарын гудманд зөрөх гоолиг сайхан хүүхнүүд шиг хүсэл тачаалын гал, дөлийг бадрааж чаддагийг хэзээ ч мэдэрч байсангүй ээ. Зөрөөд өнгөрөхөд л эргээд харахгүй байхын аргаүй Монголын сайхан бүсгүйчүүд минь цаанаа л нэг өөр шүү. Идэр есийн хүйтэнд уур савсуулан морин дэл дээгүүр хийсгэж, эмнэг хангалыг ганцхан чихдэж аваад мухар тонгороод унагадаг, эр бор царай дундаасаа цасан цагаан шүдээ ярс гээд л инээх хүдэр бор эрчүүдээрээ би бахархах дуртай.

Царцам өвлийн хүйтэнд хөл нүцгэн гүйлдэн тоглох хүүхдүүдийн цангинааг сонсох бас л гайхалтая.

Мориор аялаад, даваад байхад дахиад л цаана нь дүнсийж байх зах хязгаарүй хөхрөн дүгнийх хөглөгөр их нуруудыг уулын орой дээрээс харах сайхан. Ам болгоноос нь горхи урсан, жимс бөртийсөн хөвчийн хөглөгөр их тайгадаа би хайртай. Нарс, хуш солбин ургасан намрын ойн шивнээг сонсох сайхан. Үе үе сэржигнэх салхины тоогоор шуугих моддын орой нь лус савдаг байдаг тухай өвгөдийн домог яриаг нотлох мэт шивнэлдэж, үнэнхүү хэн нэгэн үл үзэгдэх аварга биет яваад байгаа мэт найгах сонихон. Хэдэн зууны турш сүглийн ургасан хөвчийн ноён аварга модыг харахаар хэн нэгэн аварга баатар шиг санагдах нь сонирхолтоё. Өөрийн эрхгүй бөө, удганы далдын ид шидийн тухай бодол бишрүүлэм гоолиг цагаахан хус модон ойгоо санаж байна. Зуны халуун өдрүүдэд давирхаагийн түүгээд л зажилахад ямарч бохиноос дутахгүй санагддаг аварга, аврага хар модон ойд байсан хүүхэд насаа дурснам би.

Уудам ногоон хөндийд цайрах хэдэн гэр, ногоон дэвсрэг дээр асгаад хаячихсан сувд мэт хонин сүрэг, алсад хөхрөх араараа модтой уулс зэргийг зөвхөн тэнд л харж байлаа. Аливаа нэгэн уулын оройд гараад харахад зөвхөн таниас өөр хүн урд хожид энэ онгон зэлүүд байгальд яг таны явсан газраар мөрөө үлдээж байсан юм болов уу? гэмээр жигтэй сэтгэгдэл төрдөгийг, явсан мөрөөр чинь хэн нэгэн хэдэн жилийн дараа л гишгэж магадгүй эс бөгөөс үгүйч байж магадгүй тийм л эзгүй хээр уул, тал нутаг үргэлжилдэгийг мартамгүй.

Ургах улаан нар урдаас минь ургаад гараад ирэв үү? гэмээр зах хязгаар нь үл харагдам, өвс, ногооны түрүү нь салхины аясаар найганхан тэнгисийн давалгааг санагдуулах дорнын их тал нутаг минь ээ.

Сансрын гэмээр төрх будагтай говь нутаг минь. Замын хүндээ тоосоо өргөсөөр байгаа болов уу?

Өн цагийг дурсах эртний балгас туурь, хөшөөнүүд, өвгөдийн аман яриагаар домогжсон уул, ус хадад маань хэвээрээ болов уу?

Эрх чөлөөтэй дүүлэн нисэх шувууд, хаа нэгтээ өдөн булталзах мэрэгчид, зам хөндөлсөн цахилах зээр энэ бүгд хаана байна вэ?

Тал нутгаараа давхин, зорин байж таана амтагдсан хонины мах идэх таашаалаа хаанахын ч өндөр зэрэглэлтэй зочид буудалд би захиалж чадахгүй ээ. Хорхог, боодог гээд нэрийн сонсоод шүлс асгарам сайхан хоолыг тэр нэр цуутай баячууд нь амталж үзсэн гэж үү? Намрын аагтай айрганд халамцахын жаргалыг, аатаахан эрчүүдийн аяны дугарааг тэд сонссон болов уу?

Тооноор нь од тодрон харагдах Монгол гэрт унтах сайхныг тэд мэдэрсэн болов уу? Орчлонгийн бүх оддоор чимсэн зуны шөнийг минь ширтэн элдвийн бодол таавар, үлгэр оньсого шиг явдлыг төсөөлөн унтаж үзсэн гэж үү?

Одод тэнгэрийнх нь доор олон шөнийг хулжааж, орчлонгийн элдвийг эргэцүүлж бодож явснаа санаж байна. Манай нутгийн тэнгэрийн од маш олуулаа, их л ойрхоноос тод гялалздаг байсныг, тэргэл мөнгөлөг сартай шөнийнх нь саруулыг, сарных нь дэвсгэр дээр байдаг бараан дүрсүүдээ гайхшран дурсаж байна.

Би сэргэлээ. Эх орныхоо сайн сайхныг, давташгүйг бодох тусам сэтгэл минь сэргээд баяр баясал төрөх шиг болдог билээ. Бие, сэтгэл маань дараагийн амьдралын дуудлага, сорилгыг хүлээн авч чадахаар цэнэглэгджээ.

Ё. Гантулга

2009 оны 6 дугаар сар 21


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.