05 сарын 21, Мягмар
°C
USD 3,381.28
USD 3,381.28
EUR 3,676.47
JPY 21.71
GBP 4,292.20
RUB 37.25
CNY 467.55
KRW 2.49

Тэд буруутай гэж үү?

Монголын “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн галт зэвсгийг эцсийн аргаа болгон сонгожээ. Яг л хууль ёс хэрэгждэггүй байснаас өөртөө л найдан галт зэвсгээрээ хууль сахиулдаг 200 гаруй жилийн өмнөх америкийн ковбой нар шиг. Тэд байгаль дэлхийнхээ төлөө, нутгийн жирийн иргэдийн хувийн бизнес болох мал аж ахуйгаа хэвийн эрхлэх эрхийн төлөө, ирээдүйн үр хүүхдийнхээ амьдрах орчны төлөө боссон. Эдгээр залуус бол өнөөгийн Монголын жинхэнэ эх орончид. Хууль ёсыг уландаа гишгэсэн харийн тонуулчин дээрэмчин луйварчдын эсрэг, тэдэнд худалдагдсан засаг, төрийн хоёр нүүртэн бялдууч ноёдуудын эсрэг өөрсдийнхөө аж амьдралаа золиослон байж тэмцэж байна. Тэд хууль ёс хэрэгжихгүй байгааг эсэргүүцэж хуулийг өөрсдийн гартаа авахаар шийджээ. Хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, “Тосон заамар” хөдөлгөөний тэргүүн Д.Энхтөрийн хэлснээр бол “Ерөнхий сайдад 12 удаа, УИХ-ын даргад зургаан удаа санал хүсэлт, шаардлага хүргэжээ. Мөн бусад бүх боломжийн хууль ёсны арга хэмжээ авахуулах гэж оролдсоны дараа арга тасрахдаа ийм эцсийн алхам хийсэн байна.[1]

Өнөөдөр Монголын төр, засаг хууль зөрчин байгаль орчныг эвдэн сүйтгэн үйл ажиллагаа явуулдаг компаниудын эсрэг өчүүхэн ч арга хэмжээ авдаггүй мөртлөө энэхүү балмад үйлдлийг нь эсэргүүцэн босож хууль сахиулахыг шаардсан ард түмнийхээ эсрэг хэрхэн шуурхай хөдлөн дарж авдгийг Увсын Өмнөговь сумын Орлогын голд болсон хэргээс авахуулаад хамгийн сүүлд Сэлэнгийн Түнхэл голын үйл явдлууд харуулж байна. Засаг төр маань гадаадын хувийн компаниудын эд хогшил эвдэрч, үйл ажиллагаа нь зогсоход түүнийг хамгаалахаар хэрхэн шуурхай, хурдан ажиллаж санаа зовдгийг бид үзлээ. Энэ сайн үйлдэл мөн үү мөн.

Гэвч олон нийтийн дургүйцэл, тэмцлийн хөлд хохирсон "Жи Си Си-Айр" , “Пураам” гэх зэрэг компаниуд 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр баталсан “Гол мөрний урсац, ойн сав бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох, хайхыг хориглох тухай” гэх мэт олон хуулиудыг зөрчиж байхад яагаад хурдан шуурхай арга хэмжээ авч хуулиа хэрэгжүүлдэггүй байсан юм бэ? гэсэн асуулт гарч ирж байна. Өнөөдөр Монголын ариун дагшин гол мөрнүүд ямархуу болчихсоныг сонин сэтгүүл бүрийн дугаар болгонд нийтлэгдэж байхад Монголчууд бид хий дэмий халаглан сууж байх ёстой юу? Тэгээд босож тэмцсэн нэгнээ хувийн өмчид халдлаа гэж буруутгах нь зөв үү? Тэгвэл тэдний балгаар малчин ардуудын хувийн өмч болсон мал сүрэг нь хордож үхэж байгааг бас л хувийн өмчид халдаж хохироож байна гэж үзэж болох уу? Хамгийн ноцтой нь хувийн өмчөөс илүү үнэт зүйл болох бүх нийтийн, хувь хүний эрүүл мэндийн хохирлыг яах вэ? Уул уурхайн компаниуд хууль зөрчсөн үйлдэл хийн, байгаль орчин болон Монголын ард түмний нийтийн эзэмшил, ирээдүй хойч үр хүүхдүүдийн маань амьдран байх эрүүл орчин, нутгийн ард түмний амжиргаагаа залгуулах эх үүсвэр болсон гол мөрөн, булаг шанд, ой хөвчийг сүйтгэсний улмаас ус унднаасаа хордон эрүүл мэндээрээ хохирч буй үй олон хүнийг хохино гэх үү? Нутгийн иргэд амьдрах орчингүй, хувийн өмч хөрөнгө болох мал аж ахуйгаа өсгөн үржүүлэх арга замгүй болсноос арга ядан босоход хууль ярин цагдаа цэргийн хүчийг ашиглан залхааж байгааг шударга явдал гэх үү? Эндээс Монголын төр засаг бол ард түмнийхээ эсрэг төр, засаг байна гэж дүгнэгдэхээргүй байна гэж үү? Засаг төр харийн шунахай олз ашиг хайгчид, дотоодын хэдхэн луйварчин баячуудын эрх ашигт л үйлчилж байна. Иймд энэ төр Монголын ард түмнийг төлөөлөх төр биш ажээ. Дээдсүүд бие биенийгээ ардчилсан, ху нам эсвэл Н.Энхбаярын тал мөн бишээр л дуудаж байгаа болохоос хэн нь ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө өнөөдөр дуугарч үйлдэл хийж байна вэ? Эрх баригч намынхан бүгдээрээ л адилдаа адил годилдоо годил. Тэдэнд эдийн засаг, мөнгөний эрх ашгийн нэгдэл байдаг болохоос улс төрийн нам хүчний тусдаа зорилго үйлдэл байхгүй тэгж ярих нь ч утгагүй болчихсон хуурамч жүжиг гэдгийг нь ухаалаг сэхээлэг Монгол хүн болгон ойлгодог мэдэрдэг болчихоогүй гэж үү? Өнөөдөр Монголд засаглал алга. Иймээс ард, иргэдийн бухимдаж босох нь хууль ёсны шударга үйлдэл байна гэж дүгнэгдэхээр боллоо.

Ер нь өнөөдөр Монгол орон ардчилсан орон биш гэж би дараахи нотолгоог гарган тавьж байна.

1. Ардчилсан сонгууль бус мөнгөний сонгууль болдог болсон гэдгийг олон нийт төдийгүй, эрх баригчид удаа дараа хүлээн зөвшөөрлөө. Тэгэхлээр өнөөгийн Монголын засаг, төр бол хууль ёсны бус гэж тооцогдохоор байгаа.

2. Монголын төр олон түмний төр бус хэдхэн гэр бүлүүдийг төлөөлөх төр гэдгийг Монголд хэдхэн хоносон гадны судлаач Параг Ханна хүртэл анзаарч хэлж л байна.[2] Олон түмнийг төлөөлөөгүй төрийг ардчилсан төр гэх үү?

3. Хууль зүйн яамны сайд нь хүртэл хуулиа зөрчиж бүр УИХ-ынхаа гишүүний халдашгүй дархан эрхэнд халдчихаад хариуцлага тооцогдохгүй байгаа нь Монголыг хууль ёст орон биш гэдгийг нотоллоо.

4. Дөрөв дэх засаглал хэмээх хэвлэл мэдээллүүд нь дээрхи хэдхэн гэр бүлүүд болох олигархи баячуудын хувийн өмч бөгөөд тэдний дуу хоолой болон худалдагдсан гэдгийг учир ойлгодог хүн болгон ярьдаг биш үү? Тиймээс хэвлэлийн эрх чөлөө ч байхгүй байна.

Эдгээр бодит үнэнг мэдэхгүй хэдэн гэнэн гадаадынхан, Монголын олигархиудын болон улс дамнасан панзчин компаниудын хөлсний бичээч хэдхэн хүмүүс л Монголд ардчилал байна гэж ярьж итгүүлэхийг оролдох нь өдрөөс өдөрт инээдмийн эмгэнэлт хошин жүжиг шиг л үзэгдэх боллоо. Монгол дахь ардчилал гэдэг бол дотоодын боловсрол муутай гэнэн давхарга болон гадаад ертөнцийг хуурч цаг хожих гэсэн хэсэгхэн хүний тоглоом ажгуу. Ардчиллын зарчим болсон юу бидэнд байгаа юм бэ?

Энэ бүхнийг бичсэнээрээ би гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцсэнгүй. Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй нь үнэн. Гэхдээ бид яах гэж гадаадын хөрөнгө оруулалтыг хүсдэг юм бэ? гэж асуумаар байна. Монголчууд өөрсдийн аж амьдралаа дээшлүүлэхэд л гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болохоос эсрэгээрээ дан ганц тэдэнд ашиг хийлгэх гэж, тэднийг даган баясагч цөөн тооны Монголчуудыг баяжуулах гэж, байгаль орчноо сүйтгүүлж хүн амьдрах нөхцөлгүй болгох гэж гадныханыг оруулж ирлээ гэж үү? Бидэнд хүн эрүүл саруул хэвийн амьдрах орчин чухал болохоос байгалийн баялгаа ухаж гаргачихаад үнэн хэрэгтээ өөрсдөө хоосорчихоод суух утгагүй байна. Байгалийн баялаг түр зуурын ашиг авчирж буй мэт болохоос, үнэндээ авдраа ухаж хоосолж байгаа бизнэс, бүтээлч шинээр юм бүтээж байгаа бизнэс биш. Өнөөдөр байгалиа сүйтгэснээр бид, бидний хойч үе амьдралгүй, ирээдүйгүй болох нь ойлгомжтой.

Харин хожим хэдхэн баячууд, гадаадын ашиг завшаан хайгч нар бидний эцэг өвгөдөөс өвлүүлсэн газраас олдсон баялгыг ховх сорсон мөнгөөрөө хилийн чанад дахь тансаг амьдралдаа ташууран баярхаж ядуу дээрээ, байгаль орчны бохирдлоос үүдэлтэй өвчин зовлонд баригдсан бидний тэнэг мангууг шоолон хөхөрч хэвтэх биз. Тиймээ, Монголын баячууд хэмээх луйварчидад ч гэсэн Монголын ирээдүй хамаагүй нь гарцаагүй үнэн гэдэг нь илэрхий болж эхэллээ. Яагаад гэвэл тэдний үр хүүхдүүд нь асуудал гараад ирвэл гадаадад байрлах тансаг байрандаа нүүгээд л очино. Харин үлдсэн хөөрхий олон Монголчууд ширгэж бохирдсон гол мөрөнтэйгээ, улаан тоос шороо манарсан, утаа униарт автагдсан газар нутагтаа үлдэж хуучин ядуу, дорой байсан бол одоо дээр нь байгаль орчины бохирдлоос нөлөөтэй өвчин зовлонд нэрвэгдэж, газар дээрхи гашуун тамд үлдэх бололтой.

Гадаадад байгаа Монголчуудаа зудын эсрэг идэвхигүй тэмцэж, малаа алдсан сул хүмүүсийг дэмжиж хандив цуглуулснаас газар, ус нутгийнхаа төлөө идэвхитэй тэмцэж буй хөдөлгөөнүүдээ дэмжицгээе. Жил болгон болдог зуд зэрэг олон гамшигууд газар устайгаа буруу харьцсантай холбоотой гэдгийг та бүхэн мэдэрч байгаа биз ээ. Газар усаа хамгаалан тэмцэж буй идэвхи зүтгэлтэй хэсгийг маань хуулиа хэрэгжүүлдэггүй хоёр нүүртэй төр засгийнхан, шүүх цагдаагийнхан хуулиар далайлган нухчиж байна. Газар усаа хамгаалах хөдөлгөөнийхэнд ядаж өмгөөлөгч хөлслөхөд нь туслах мөнгө хандивлая. Газар усаа хамгаалагч хөдөлгөөнүүдээ та нар гадаад дахь Монголчууддаа хандаж хандивийн данс нээвэл гадаадад байгаа Монголчууд маань та нарыгаа дэмжиж хөдөлнө шүү. Яагаад гэвэл та нар зөвхөн өөрсдийнхөө төлөө бус Монгол орныхоо ирээдүйн төлөө, байгаль орчныхоо төлөө тэмцэж байгаа юм.

 

1. http://www.news.mn/content/27782.shtml

(2010 оны 9 дүгээр сар 6-нд хандав.)

2. http://economy.news.mn/content/23634.shtml (2010 оны 9 дүгээр сар 6-нд хандав.)

 

Ё. Гантулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.