05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бизнесийн соёл (Business culture)

Одоогоос жил гаруйн өмнө манай компани дээр нилээн ширүүн зөрчил, тэмцэл болсон юм. Үнэндээ энэ тэмцэл, маргааны үндэс нь бизнесийн соёлын ялгаанаас болсон гэж хамт ажилдаг Бритиш нөхөр минь хожим дүгнэж билээ. Манай компани нь орчин үеийн глобал компаний жишгээр олон үндэстний бүрэлдхүүнтэй л дээ. Тиймээс заримдаа хүмүүс хоорондын соёлын ялгаа харагдаж бага зэрэг зөрчил үүсдэг л юм.

Харин энэ удаа бол миний таавраар глобал өөрчлөлт, чичирхийллийн төв нь Техсасын Аустин хот орчимоос үүсэлтэй байсан байх. Тэнд Делл компаний төв удирдлага оршдог.

Майкл Делл 2004 онд компанийхаа удирдлагыг өөрийн дотны хамтран зүтгэгч Роллинс-д өгснөөс хойш Делл-ийн байр суурь компьютерийн ертөнцөд хүчтэй ганхаж хамгийн том компани гэсэн нэр сүрээ хүчтэй өрсөлдөгч HP-д алдаж улмаар хувьцааны үнэ ханш нь доошилж эхэлжээ. Албан ёсны тайлбарт өгүүлснээр хувьцаа эзэмшигчдийнхээ шахалтаар Майкл удирдлагаа 2007 онд буцааж авав. Мэдээж бизнесийн соёлын дагуу гэрээнээсээ өмнө Роллинсын ажлыг авсан тул нилээн хэмжээний мөнгө түүнд өгчээ.

Нилээн хэдэн сарын дараа Техсасаас манай салбарт удирдлагын ажилд туслах нэртэй Левай нэртэй ноёнтон хэдэн сарын томиллолттой түр хугацаагаар заларлаа. Удалгүй ноён Левай гартаа санаачлагыг авч маш олон өөрчлөлт шинэчлэлт хийхээр болсныг зарлав.

Энд цалинг нэмэхээс гадна, маш олон цалингаас гадуур нэмэлтийг өөрчилснөө мэдэгдэв. Эхлээд хүмүүс чимээгүй байлаа. Удалгүй манайхан эсэргүүцсэн емайл шидээд эхэллээ. Гол нь үнэндээ цалин нэмж байгаа дүртэй ч бидний орлого үнэн чанартаа буурсанд байлаа. Мөн олон төрлийн өөрчлөлт нь манайхны санаанд нийцсэнгүй. Ингээд хурал боллоо. Манайхан босож ирээд л удирдлага руугаа үг хэлээр довтолж гарлаа. Ер нь хурал энэ тэр дээр хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө уг гарал үүслээсээ (culture background) хамаараад янз бүрээр илэрхийлдэг юм. Бритишүүд болохоор гомдол мэдүүлсэн маягтай ярьдаг бол, зүүн европынхон бараг хараалаа урсгах дөхнө. Азиуд ихэвчлэн дуугүй, Австралиуд бусад европуудаа бодвол харьцангуй дуу цөөтэй тайван байх гэх мэт.

Эцэст нь манайхан ажил хаялт зарлахаар шийдлээ. Ажил хаялт хэсэг хугацаанд үргэлжилсэн бөгөөд удирдлагын зүгээс нүд хуурсан ганц хоёр буулт хийсэн юм. Үндсэндээ ажил хаягчид зорилгоо биелүүлж чадаагүй ба энэ ажил хаялт нь санхүүгийн хувьд бүгдэд маань хүндрэл үүсгэсэн байх. Хамгийн түрүүнд эхнэртэй улсууд нь ажилдаа буцаж оръё гэж эхлэв. Үндсэндээ энэ үед удирдлагын зүгээс хүн болгон луу биечилж утасдаж ажилдаа буцаж орохыг боловсон маягаар ятгаж, бас зарим буулт хийхээ амалж, арга ядвал өөр ажиллах хүч хайхаас аргаүй гэдгээ эвтэйхэн илэрхийлж байсан. Тэгээд л гэр бүлтэйнүүд нь эхнэр болон удирдлагын хүч хавсарсан ятгалганд автагдаж түрүүчээсээ ажилдаа орсон доо. Харин гэр бүлгүйчүүд нь тун шазруун үзэлцэж, бусдыгаа тэмцэлээ үргэлжлүүлэхийг ятгаж байв.

Хэдий ингэж удирдлагатайгаа ширүүн зөрчилдсөн боловч манайхнаас хэнийг ч энэ шалтгаанаар ажлаас халах байтугай дарамталсан зүйл удирдлагаас гаргаагүй ээ.

Дээр дурдсанчлан хожим болсон нэгэн хурал дээр манай нэг Бритиш энэ талаар хэлэхдээ "Америкын бизнесийн соёл (business culture) манайхнаас (Австралийн бизнес соёл) ялгаатай учраас энэ зөрчил гарсан юм" гэхэд манайхан бүгд хүлээн зөвшөөрч байсан. Сүүлд бодоод байхад ноён Левайн олон санаачлага, өөрчлөлт, ажлын удирдамж зөв байсан боловч энэ ялгааг харгалзаагүй учир эсэргүүцэлтэй тулгаржээ. Хөөрхий минь сүүлд нь буцахдаа үдэлтийн үдэшлэгт биднийг (farewell party) урьсан боловч манайхнаас удирдлагын хэдэн хүнээс өөр хүн очоогүй байх.

Эндээс бодоод байхад аливаа бизнест бизнесийн соёл, тухайн орчны онцлогыг тооцоолохгүй бол хичнээн зөв зүйл хийсэн ч саад бэрхшээлтэй тулгарч, бүтэлгүйддэг юм шиг. Мөн би өөрөө Монгол хүн болохоороо ямарч зүйлийг Монголтойгоо харьцуулж бодож явдаг л даа. Эндээс надад манай Монголд өөрийн гэсэн бизнес соёл байна уу? байвал бидний давуу болон сул тал юу байна вэ? гэсэн бодол төрж билээ.
Одоо би барууны бизнес соёлоос ажигласан өөрийн ажиглалтаа биднээс ялгаатай талуудыг уншигч та бүхэндээ танилцуулая. Энэ ажиглалт нь шинжилгээ, судалгаа биш зөвхөн миний хувийн бодол, санаа тул алдсан оносон зүйл гарвал уншигч танаас хүлцэл өчье. Түүнчлэн зөвхөн Англи хэлтэй орнуудын бизнес орчинд ажилсан тухайгаа л бичих болно.

Хүмүүс хоорондын харьцаа

Биднээс ялгаатай нь хүмүүс хоорондоо илүү элгэмсэг харьцах ба тааралдах болгондоо мэндлэх юм уу үг сольдог. Ер нь их нээлттэй, чөлөөтэй харьцдаг болохоор хоорондоо хувийн асуудлаас эхлээд янз бүрийн сэдвээр чөлөөтэй ярина. Тоглоом наргианы үг байнга бие бие рүүгээ чулуудна.

Байгууллага дотор бүлгэрхэх, бүлэглэх үзэгдэл байдаггүй юм. Хувь хүний дотоод асуудалд хамаагүй оролцохгүй. Биенээ хамаагүй муулж яриад явдаггүй, үнэхээр гарцаагүй тохиолдолд уурлаж бухимдсан үедээ л тиймэрхүү зүйл гаргана.

Ерөнхийдээ бие бие лүүгээ байнга инээмсэглэж хардаг, заавал нэг нэгэндээ тусалж, анхаарал хандуулж байх ёстой гэж үздэг.
Хоорондоо зөрчилд орлоо гэхэд асуудлаа удирдах ажилтнаараа шийдүүлэх ба ер нэг их дарга, цэрэггүй тийм амархан өсөрхөж хонзогноод байдаггүй.
Удирдах ажилтан нь доод ажилтандаа голдуу хүссэн маягтай үүрэг өгдөг ба илүү цагаар ажиллуулах бол тэр ажилтнаасаа заавал зөвшөөрөл аваад хөлсийн голдуу 2 дахин нугалж төлнө.
Гаднаас ирсэн хүнд хэн нэгэн заавал анхаарал тавьдаг ба хаа хүрч хэнтэй уулзахыг эелдэгээр лавлаад заавал тусална.

Хориотой зүйлс:

Илэрхий садар самуунд өдсөн хандалт (Sexual harassment)
Төрөл бүрийн ялгаварлан гадуурхах үзэл (discrimination)
Үйлчлүүлэгчтэйгээ зүй бусаар харьцах

Анхаарууштай зүйлс:

Томоохон уралдаан тэмцээний үед ажил хэргийн уулзалтаа товлоод хэрэггүй. Жишээ нь, Нэгэн удаа би анзааралгүйгээр жилд нэг удаа болдог Melbourne cup хэмээх морин уралдааны үер уулзахаар очих үед бүгд сэтгэлийн хөдөлгөөнд автаад надтай ярилцах сөхөөтэй хүн байхгүй болчихсон байж билээ. Учир нь тэд энэ үедээ албан болоод албан бусаар бооцоо тавьчихдаг юм билээ. Хэрэв оройхон тийшээ бол пиво барьчихсан телевизийнхээ урд бүгдээрээ хөөрчихсөн сууж байна.

Хувцаслалт:
Өмд, цамц, гутал нь албан маягтай л байвал боллоо. Заавал костюм, пиджак өмсөх хэрэггүй. Хэрэв өмсөх бол хуульчид, томоохон захирал, улс төрчид, албан ёсны томоохон хурал зөвлөлгөөн, үдэшлэгт орох хүмүүс л өмсдөг.

Хүн хүчний бүрэлдхүүн:
Олон үндэсний бүрэлдхүүнтэй. Хятадууд, энэтхэгүүдтэй ямарч албан тушаалд элбэг тааралдаж болно. Баруунд байгаа хүмүүс мэдээлэл авах маш их бололцоотой тул их юм, уншиж харсан байдаг. Ялангуяа бизнес зөвлөхүүдийн (business consulting) ярихыг сонсохоор манай Монголын нийтлэлч нараас илүү мэдлэгтэй, цэгцтэй ярьдаг хүмүүстэй тааралдахад гайхаад байх зүйлгүй ээ.

Бизнесийн тактик болон стратеги

Би энд бас л жирийн амьдралын түвшиний ажиглалтаа дурдах бөгөөд онолын асуудал оруулаагүй болно.

Эхлээд уулзаад ярилцахдаа, тэд танилцсаныхаа дараа шууд ажил хэрэг ярихын оронд нүүр хагарах маягаар Is today a busy day? nice weather, isn't it? гэх мэт үг хэрэглэнэ. Мөн болж өгвөл хошигнох, тэдний хошигнолыг сайн ойлгож байвал дуртай байна. Уулзалт голдуу уулзалтын өрөөнд болох болов ч зарим тохиолдолд кофе, цайны газар урих тохиолдол бий. Мэдээж урьсан тал нь даана л даа. Хэрэв ширээнийхэн хавьд очвол ширээн дээр тавьсан гэр бүлийнхэн зургийнхан дагуу хэдэн эвтэйхэн үг, асуулт тавьчихад тэд дуртай. Энэ үед хаа хамаагүй өөр ширээний хүн хажуугаас чинь оролцож ярих, хошигнох бол өөдөөс нь бас хошигноод авчихад гэмгүй.
Одоо би үндэстэн дамжсан компаниуд хөгжиж байгаа оронд хэрхэн үйл ажиллагаагаа явуулдагийг онцолж дурдая!

Тэд янз бүрийн үндэсний хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг сайн мэддэг бөгөөд яагаад гэвэл хар багаасаа янз бүрийн үндэстэн, ястангуудтай хамт өссөн байдаг. Мөн урьд нь янз бүрийн оронд үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай. Оффист нь мэдээжээр янз бүрийн үндэстнүүдээр дүүрэн байна. Үндэстэн дамжсан компаниуд нь хөгжиж байгаа орны хүмүүсийг тухайн орчноос нь илүү хөлс төлж өөрийнхөө салбарт ажиллуулдаг болохоор улс төр, эдийн засаг, бизнесийн мэдээллийг тухайн орны тэдгээр хүмүүсээрээ өндөр түвшинд гаргуулаад авчихна. Эдгээр хүмүүсийг бүрдүүлэхдээ тухайн бизнес эрхэлж байгаа орны эсвэл салбарынхаа нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүдийг авах дуртай. Жишээ нь, НҮБ -ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны хүү НҮБ -ийн гэрээгээр Иракт хүнс-нефть гэсэн хөтөлбөрөөр бизнес хийдэг компанид ажиллаж байсан (2009/04/04-нд хандав. http://www.nysun.com/foreign/annans-son-took-payments-through-2004/5372/) хэргээр шуугиан дэгдэж байв. Түүнчлэн Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкэрийн хүү Айвонху Майнз-д ажилладаг байсан ба үнэндээ энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх зорилгоор Жеймс Бейкэр Монголд ирж байлаа. Мөн манай нөлөө бүхий томчуудын хүүхдүүд гадны томоохон энэ мэт компаний Монгол дахь салбарт ажиллаад байгаа нь тохиолдол биш байх гэж би сэжиглэдэг юм.
Компаниуд нь өөрсдийн үйл ажилгааныхаа тухай илтгэл, танилцуулга (presentation) хийх үед энэ талаар нь асууж лавлахгүй бол сайн ойлгосонгүй эсвэл сонирхсонгүй гэж үзэх талтай. Харин энэ тоо баримт судалгаагаа хаанаас авсан, ямар аргачлалаар гаргасныг нь сайн анхаарч үзэх хэрэгтэй юм. Ямар нэгэн ашгийн бус сан энэ тэрээс дээрхи судалгаа тооцоог гаргасан гэвэл тэр байгууллага нь хаанаас санхүүждгийг асууж судлах хэрэгтэй. Яагаад гэвэл зарим иймэрхүү сан, судалгааны газар гэдэг нь цаад санхүүжилт авсан байгууллагынхаа таалалд нийцэж судалгаа гаргадаг ба түүнчлэн зарим их дээд сургуулийн докторын хамгаалалт ч гэсэн хөрөнгө мөнгө өгсөн газрынхаа таашаалыг харгалзсан байдаг. Үүнийг баруунд doctrinaire гэх бөгөөд ихэнх хөгжиж байгаа орнуудын хууль, эдийн засгийн тухай судалгаа иймэрхүү байх жишээтэй. Мөнгөтэй нь хөгжимөө захиалдаг хойно яая гэхэв.

Бас нэг үйлдэл нь тухайн салбарын нөлөөтэй хүмүүсийг худалдаж авах замаар тархи угаалт хийнэ. Жишээ нь, Африкт 1970 оны сүүл хүртэл Nestle хүүхдийн сүү тэжээлээ зарахын тулд хүүхдийн эмч, сувилагч нараар дамжуулан эхийн сүүний оронд Netsle хүүхдийн сүү, тэжээлээ сурталчлуулж, олон хүүхдүүдийг хөхний сүүний оронд тэжээлийн сүүгээр тэжээснээс болж Африкт олон хүүхдийн нас баралтанд буруутгагдаж байлаа. (2009/04/04-нд хандав. http://boycottnestle.blogspot.com/2007/10/nestle-burma.html)

Харин жижиг, дунд бизнес эрхлэгчид голдуу шударга үнэнч хүмүүс байдаг. Тэд ам тохиролцоондоо (verbal agreement) заавал хүрэхийг эрмэлздэг. Таньтай тохиролцсон байхад дараа нь өөр хүн ирээд илүү үнэ хэлсэн ч гэсэн танаас урьдчилаад өөр хүнтэй тохирсон юмаа гээд хэлж байгаа нь бахармаар шүү! Энэ нь тэд анхны тохиролцооноос буцах энэ тэрийг үзэхгүй, хүний итгэлийг эвдэх зэргийг ёс суртахуунгүй новшийн зан гэж үздэгт байгаа юм.

Энэ бүхний эцэст би барууныхныг магтах гэсэнгүй муулах гэсэнгүй. Өөрийн бодол саналаа илэрхийлэлээ. Тэднээс сурах юм, авах юм их бий. Гэхдээ бид аливаа асуудалд бодолтой хандах хэрэгтэй. Тархи угаалт, үзэл суртлын асуудал аль ч нийгэмд байна. Би энэ өгүүллийг барууныг утга учиргүй буруутгадаг хуучны болон одоогийн Оросын үзэл сурталд автагсдад, ялангуяа сүүлийн үед манайд гарч ирээд байгаа барууныг сохороор бишрэн дагаад байгаа туйлшрагч нарт зориулав. Ямар ч байсан бидний Монгол улс өөрийн гэсэн бизнес соёл, дүр төрхтэй болох хэрэгтэй мэт.

Ё. Гантулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.