05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Зүүдний дуудлага (өгүүлэг)

Нэгэн шөнө би зүүдэлсэн юм. Тэнд миний эмэг эхийн маань дээд эмэг эх хэрхэн хайр сэтгэлдээ хөтлөгдөн дээд өвөгтэй минь хамт босож зугтаасан тухай ярьж байсныг бодитоор харлаа. Дээд эмэг эх минь баян айлын ганц охин байсан юм гэнэлээ. Тухайн үедээ том лам байсан миний дээд өвөгт дурлан тэд  аргагүйн эрхэнд эцэг эх, сүм хийдийн эсэргүүцэл, заналхийлэлээс зугтан хос хөтөлгөө морьтой орон нутгаасаа оргон зугтсан гэдэг. Тун эрдэмтэй лам байсан тул дээд өвөг маань мөрдөн хөөгчдийн ойртон ирснийг мэдэн одоо тэд тун ойрхон ирсэн байна гээд үе үе “юм” үлээгээд (шившээд) хаяад явсан гэсэн. Хаясан “юм”-нуудын хүчээр мөрдөн хөөгчдийг төөрөлдүүлэн зугтаж чадсан гэж эмээ ээжид минь ээж нь хожим дурсжээ.

Дараа нь нийслэл хүрээнд ирсэн боловч баян эцэг эх нь хүч хөрөнгө хаян мөрдөн мөшгөж байгааг дуулсан хосууд улам цаашилан хойд зүг рүү алслан зугтаан мултарсан аж. Харамсалтай нь дээд өвөг аав минь удалгүй насан эцэслэж хоёр охинтойгоо үлдсэн залуу бүсгүй (дээд эмэг эх минь) ихэд ядуу амьдарсан гэнэ. Харин ганц охиноо оргуулан алдсан дээд эмэг эхийн минь ээж нь хожим ихэд уйлан гашуудаж байсан гэж замын хүнээс дам сонсогдсон юм гэлээ. Монгол эмэгтэйчүүдийн эрх мэдэл 150 гаруй жилийн өмнө иймэрхүү байв. Тэд хүний наад захын эрх хайр сэтгэлээрээ сонголт хийх эрхгүй, бас эцэг эхийн эд хөрөнгөө залган захирах эрхгүй байжээ.

Урд шөнө хар дарж зүүдэллээ. Түүнтэйгээ дахин уулзлаа. Тэр минь надад төрөлх хэлээрээ “нэг юм” хэлээд байх юм даан ч би түүний ярьсаныг ойлгосонгүй. Тэгээд өөрийг нь ойлгохгүй байгаа намайгаа харан улам гуниглангуй төрхтэй болсоор аажмаар замхран одлоо. Үгүй ээ би зүүдлээгүй байж. Болсон явдалд итгэхийг хүсээгүй учраас л надад зүүд мэт санагджээ. Ангийн андтайгаа утсаар ярихдаа түүнийхээ тухай сонсож, цагаасаа эрт цэл залуугаараа халин одсоныг дууллаа. Тэр минь аз жаргалгүй байсаар богинохон олдох насаан гээжээ.

Бид хоёр арван жилд хар багаасаа нэг ангид сурч, дунд сургуулиа дүүргэсэн билээ. Тэр нуруулаг, цовоо сэргэлэн, нүд нь гялалзуур үргэлж инээмсэглэсэн, сайхан хүрэн хар нүдтэй охин байсан. Бидний анхны хайр сэтгэл арван жилийн сургуулийн партнаас хамтдаа жигүүрлэн ниссэн юм. Бид хоёр хамтдаа байхдаа аз жаргалтай харцаараа бие биенээ харан ойлгодогсон. Залуу халуун насны гэнэн хонгор зангаараа тааварлаж таагдахын аргагүй саад учирч байгааг даанч төсөөлөхгүй явсан юм даа. Тэр маань казах охин байсанд хэргийн учир байлаа. Уул нь түүний эцэг нь өндөр боловсролтой тухай үеийн нам засаг, төрд өндөр алба хашдаг хүн байсан. Ер нь бидний сурч байсан сургууль цагтаа нэр хүнд сайтай хотын төвийн дарга голдуу сэхээтний хүүхдүүд сурдаг Монголын урдаа барьдаг сургууль билээ.

Тэр цагт хэдий социалист нийгэм оршин байсан ч гэсэн казах үндэсний соёл заншил маш хүчтэй хадгалагдаж ирсэн ба Монгол хүнтэй казах бүсгүй суухыг казахууд их эсэргүүцдэг,  суусан тохиолдол ч тун цөөхөн. Суулаа гэмээж  нь бүсгүйн ах дүү, амраг садан нь тангараг тасран, аав ээжтэйгээ ч уулзах эрхгүй болдог байв.

Бидний хайр сэтгэлтэй болсныг мэдсэн эцэг эх, ах дүү нь маш их дургүйцэж хориг тавьж байсан ч бид хоёр уулзсаар. Гэтэл нэг удаа хайрт минь надад хайртай болов ч гүнзгийрүүлэхийг хүсэхгүй байгаагаа хэлдэг юм байна. Хэрэв тэр надтай суух юм бол эцэг, эхээсээ тангараг тасран тэдэнтэйгээ хэзээ ч уулзахгүй болно гэдгээ хэлж, ах дүү хамаатан саднаасаа бүрмөсөн холбоо тасрах тухайгаа учирлав. Хамаатан садныхан талаас ч гэсэн намайг занаж бараг л алах талахдаа тулсан юм байх. Миний хувьд залуу гэнэн томоогүй байсан болохоор тэрхүү занал сүрдүүлэг нь юу ч биш цаас саржигнах төдий л санагдана. Харин энэ талаар сураг сонссон миний эцэг, эх сэтгэл түгшин намайг холдох хэрэгтэй дахиад охид бүсгүйчүүд олдоно гээд л ятгаж эхлэв.  Би өөрийнхөө хайр сэтгэлийн төлөө бат зогсон, бух мэт зүтгэж түүнийгээ ятган дагуулж чадсан хэдий ч тэр минь нэг л өдөр санаагаа хувирган хоёулаа болъё хэмээн дахин битгий ирээрэй гэсэн нь намайг галзууруулах дөхөж, ихэд хорсон гомдоож билээ. Тэр маань надаас няцсан, урвасан мэт санагдаж би түүнийг, ер хорвоогийн бүх бүсгүйчүүдийг худалч, хуурамч амьтан хэмээн үзэн ядаж зүхэж явсанаа нуухгүй ээ.  Дөнгөж хэдхэн хоногийн өмнө хамгийн ихээр хайрлаж, сайн сайхан хүн гэж төсөөлөн, түүнийхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн явсан хүн, түүнийгээ “үхтэлээ” үзэн яддаг болсон нь хорвоо ертөнц ямар сонин өнгө будгаар алаглан сүлжиж оршдогийг ухааруулах мэт.

Гэтэл удалгүй тэрний минь аав, ээж нь өнгөрч ах, дүү нар нь түүнийг Баян-Өлгийн казах залууд нөхөрт гарган өөрсдөө Казахстан руу гарсныг сүүлд хүнээс дуулж билээ. Тиймээ заримдаа эцэг эхээс илүү үнэтэй эрдэнэ байхгүйг тэрийг нь ямарч сайн найз залуу орлож чадахгүй гэдгийг үндэслэн бусдын төлөө биеэ, сэтгэлээ зориулж чаддаг эмэгтэй хүний уяхан өрөвч сэтгэлээр,  ах дүү нарынхаа ятгалганд автан намайгаа болон өөрийгөө золиосолсон байх гэж хожим би боддог болсон. Нөгөө талаар бид дөнгөж арван найман нас хүрч байсан болохоороо дэндүү гэнэн ах дүү хамаатан садан нараасаа хараат тэдний үгээр явдаг байжээ.

Хожим цагийн эрхээр дурсамж сэтгэгдэл минь холдож би ч эхнэр хүүхэдтэй болсон. Миний нас амьдралын туршлага нилээн явж юмыг наад цаадахтайгаа ойлгохоор болж надаас хагацахаар шийдсэн шийдвэрийг нь зарим талаар ойлгож хүндэтгэн хүлээн авдаг болсон доо. Гэхдээ л би харамссан. Анхны минь хайр бүтэлгүйтэж тэр минь хайр сэтгэлгүй хэн нэгэнд яг л богтлогдож  байгаа мэт дундад зууны ёс заншил, өв уламжлал хэмээхийн дагуу нөхөрт гарсанд нь түүндээ би харамссан. Хотын төвийн, шилдэг дунд сургууль, гадны нэртэй их сургууль төгссөн сайхан охин Баян-Өлгий хэмээх зах хязгаарын аймгийн эхнэр болон очиж тэндээ амьдран айлын авгай төдийхөн болон гэрийн мухар сахин суусан амьдралынх нь төлөө би түүнийгээ үнэнхүү өрөвдсөн дөө. Хожим сонсоход хамт сурч байсан найз охиндоо түүний нөхөр нь түүнийг зодон дарамтлах гол шалтгаан нь ердөө л онгон охин биеэрээ түүнд ирээгүй байсны төлөө өширхөн байнга сануулан дарамтлан гар хүрдэг гэж хэлсэн байж билээ. Түүнийг сонсоод миний сэтгэл зүрх урагдах шиг болж билээ. Хайр дурлалынхаа төлөө, хайртай бүсгүйнхээ төлөө хангалттай тэмцэж чадаагүйгээ мэдрэн өөрийгөө буруутгасан.

Дараа нь би түүнтэйгээ болон түүний нөхөртэй тааралдахдаа нөхрийг сэтгэлдээ аль хэдийн барьж авч балбаж зодон, багалзуурын шахсан байсан боловч өнгөн дээрээ тун тайван түүнтэй нь мэндлэн юу ч болоогүй мэт тайвнаар хэд гурван үг солиж билээ. Тиймээ, түүнийг барьж аван балбаж зодож эсвэл хүн явуулж дэглүүлж чадах байсан  авч хэрэв ингэвэл тэр түүнийг минь гэртээ харьсан хойноо улам ихээр дарамтлан шаналгаж зодож нүдэх болно гэдгийн мэдэрч байсан тул яаж ч чадахгүйдээ хий дэмий л дотроо бачимдан галзуурч байсан. Түүний минь нөгөө багын цовоо сэргэлэн, нүүрэмгий өөртөө итгэлтэй зан нь нүүрнээс нь арчаад хаясан мэт алга болж нүдэнд нь нэг л гуниг хурсан, сүүдэр тусч, хиргүй тунгалаг нүднийхэн оронд номхон дөлгөөн ноомой ядрангуй дүр төрхтэй харц тогтжээ. Хүний өөдөөс эгцэлж харахаа больж нүдний харцнаас доогуур түвшинд харан, харц тулгарахаас зайлсхийх аж. Урьдынх шигээ ганган дэгжин хүүхэн биш нэг л сонин донж өнгө нь таараагүй хувцасууд өмссөн байлаа.

Цагаа тулахаар хүн гэдэг амьтан чинь өчүүхэн байдаг юм байна. Хайртай дотно явсан хүнээ харсаар мэдсээр байж хамгаалж чадахгүй арчаагүй байдалд ордог аж. Нөхөр нь ч түүнийг мэдэж байгаа мэт цаанаа л нэг намайг дооглон тохуурхсан мэт харж байсныг мартамгүй.

Хайр дурлалтайгаа учирсан боловч түүнийхээ төлөө хангалттай тэмцэж чадаагүйн төлөө шийтгэлээ би амссан ажээ.  Энэ ертөнцөд байдаг эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг, эрчүүдийн ноёрхсон худал хуурмаг ертөнцийн эсрэг, тэдний эрэгтэй хүн эмэгтэй хүнээс давуу гэж ахуйн түвшингээс эхлээд ёс заншил, соёл урлаг, нийгмийн сэтгэлгээнд шингэсэн тэр бүх үзэл суртлын эсрэг тэмцэж түүнийхээ өшөөг авахаар шийдлээ. Тиймээ би зүүднийхээ дуудлагаар эмэгтэйчүүдийн тэгш бус эрхийн эсрэг хөдөлгөөнд нэгдэн, сайн дурын гишүүн болсон.

Дараагийн удаа зүүдэндээ чамтайгаа, дээд эмэг эхтэйгээ баяртайгаар уулзая.

Ё. Гантулга

2009 оны 9 дүгээр сар 17

Австрали


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.