05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Монгол зураг-7

Нэг дэхийн өглөө бол Галаагийн хувьд хамгийн дургүй өдөр. Учир нь хагас, бүтэн сайны урт амралтын дараа өглөө эрт босож ажилдаа явна гэдэг бие, сэтгэлийн хувьд хүндрэлтэй өдөр шиг санагддаг. Яагаад ч юм энэ өглөө нэг л хамаг бие нь хүндэрсэн, сэтгэл санааны хувьд тааламжгүй санагдана. Манай хүний хувьд томиллолтоор явж байгаа болохоор заавал өглөө эрт сэрэх албагүй байсан ч нэг дэх өдрийн өглөө эрт сэрчихдэг дадлынхаа дагуу нэг л босох дургүй нүдээ анисан чигээрээ хагас зүүдлэх, бодохын завсар сэрүүн хэвтэж байлаа.

Ямар ч байсан өнөөдөр өөр рүү нь “Гео систем” –ийн Давид утасдах болно гэдгийг тааварлаж, түүнтэй ямархуу тактикаар юу ярих уу, тэдний зүгээс ямар нөхцлүүд ирж болохыг тааварлан бодно.

Галаа ямагт хүнтэй хэлэлцэхийн өмнө юу ярихаа бодонгоо эсрэг талаасаа ямар хариу үйлдэл гарч болохыг тооцоолохыг хичээдэг нь, түүний аливаа ажил үйлсээ амжилттай бүтэх үндэс нь болдог.

Заншил болсныхоо дагуу хамгийн түрүүнд лаптопоо асаан имэйлүүдээ шалгаж эхлэв. Дараа нь шаардлагатай гэсэн мэдээллүүдээ өөрийн орох дуртай сайтуудаас авлаа. Өглөөний цайгаа уунгаа энэ бүхнээ амжуулна. Боссоос нь имэйл иржээ. Хэрэв “Гео систем” дахин асуудлыг хэлэлцэхээр бол баримтлах ерөнхий зааварчилгаа, зөвлөгөө явуулжээ.

Хоёр цагийн дараа гэхэд “Гео систем”-ээс утасдсаны дагуу мань хүн хүлээлгийн танхимд нь зогсчихсон Монгол зургаа харсан шиг зогсож байлаа. Жонтэй тохиролцсоны дагуу Монгол зургийн үзэсгэлэнг Австралид зохион байгуулж болох юм байна. Тэгвэл татварын чөлөөлт, хөнгөлөлт олж авдаг тухай Жоны яриаг бодонгоо өөртөө хэр ашигтай байж болохыг тооцоолох гэж хичээж байв. Хэрэв Жоны ярьсанаар өнөө үед Монголыг сонирхох сонирхол нэмэгдэн, Монгол зургийг дундаж давхаргын дээд хэсэг нь сонирхож байгаа бол яагаад дуудлага худалдаа зохион байгуулж,  хаусын үнэ хүргэж чаддаггүй юмаа гэхэд машины үнэд хүргэж болохгүй гэж. Гол нь зөв менежмэнт, сайн сурталчилгаа, хаа газар бизнес амжилттай явахад сайн танилууд хэрэгтэйг бас бодоод амжив. Жон харин энэ талаар туршлагатай нэгэн гэдгээ хэлж, хожим нь гэртээ урин уугуул Австралиудын зураг хэрхэн үнэ хүрдэг тухай ярьж өгсөнсөн. Жоны хэлснээр бол түүнд байгаа зарим зураг $300,000 гаран Австрали долларт хүрдэг ажээ.

Жонтэй, Галаа анх буудлагын клубт танилцсан юм. Галаа хааяа уйдахаараа буудлагын клубт очин шиддэг тавгийг shotgun –аар (Монголчуудын нэрлэдэгээр дарвинк буюу шувууны буу) буудаж байхдаа танилцсан. Жон бол өндөр нуруутай бүдүүн эр байлаа. Галаагийн хажууд  “BERETTA” фирмийн ойролцоогоор $10,000-20,000 үнэтэй мөнгөн  сийлбэртэй  хоёр амтай буугаар буудаж байсан нилээн чинээлэг маягийн хүн харагдаж байв. Тун ч сайн буудаж байсан. Удалгүй уйдсан бололтой Галаатай яриа өрнүүлэн танилцаж бууны тухай жаал хуучилж билээ. Үнэндээ Галаа бууг нь сонирхон асууж яриа эхлүүлсэн л дээ. Галаагаас ихэнх Ози (Австрали) хүний адилаар хятад уу? япон уу? солонгос уу? гэж асуусан аа алин ч биш гэхийг сонсоод асуулт нь мухардав. Галаа өөрийгөө Монгол гэж хэлээд Монголын тухай дуулсан уу? гэж асуухад Монголын тухай бага зэрэг ойлголттойгоо хэлэн, улмаар уран зургийн сэдэв рүү халин орж билээ.

 

...Удалгүй Давид инээд алдсаар гарч ирлээ. Түүний үл ялиг ихэмсэг, үл тоомсорлосон анхны харьцаа нь ул мөргүй арилж, аль болох нөхөрсөг найрсаг хүний дүрийг үзүүлэхийг хичээнэ. Аргагүй л дээ. Дэд ерөнхйилөгчөөсөө ажлынхаа чиглэлийг авч, түүний Галаад талтай, хэлцэл байгуулах сонирхолтой байгааг ойлгосон, дээр нь магадгүй Галаатай баз хүргэний холбоотойг мэдсэн бол амиа аргацаан, эвтэйхнээр байдлаас мултарч чаддаг ихэнх хүмүүсийн адилаар саймширч байлаа. Үүдний ресипшн хүүхний хүсэлтийн дагуу ёс төдий visitor card-ийг бөглөөд энгэртээ нааснаар уулзалтын өрөө рүү нь зүглэв.

Одоо болтол цагаан арьстан хүн бусад улс үндэстнээс дээгүүр гэсэн бодолтой зарим хүмүүс байх бөгөөд үүнийгээ ил гаргахгүй нуухыг хичээдэг боловч аяндаа ярианы хандлага, үйлдлээрээ илэрхийлээд байдаг. Мань хүний байдал нь зарим цагаануудын адилаар ази хүнээс давуу, тэд дуугүй ноомой гэж үздэг нь харагдаж байлаа. Ер нь гадаадад байдаг ихэнх зүүн азиуд нь  Хятад цагаач нар. Тэд нь голдуу “номын” томоотой, дуугүй, хүлцэнгүй хүмүүс байдаг болохоор ихэнх цагаанууд, харууд ази хүнийг тэгж төсөөлдөг. Учир нь нэгд: орчин үеийн хятад цагаач нарын ихэнх нь боловсролтой, их дээд сургуулиар дамжиж ирсэн. Хоёрт: эрт дээр үеээс Хятад орноос амьдралын эрхээр маш ядуу ноомой барлаг хүмүүс Америк зэрэг оронд төмөр зам тавих зэрэг хүнд хэцүү ажилд бараг хагас боолын маягаар ирсэн аж. Тэр үедээ ч Хятад хүн тийм байхаас өөр аргагүй нь Манж-Монголын хамтарсан дарлал, булаан эзлэлтэд автан эх нутаг дээрээ хавчигдан ядуу зүдүү явсантай холбоотой байх. Гуравт: ази хүн нь бусад арьстангуудыг бодоход илүү тайван, дөлгөөн сэтгэлийн хөдөлгөөн багатай, дуугүй шинж чанартай.  Энэ шинж чанараасаа болдог юм уу? гэмт хэрэг хийгээд байх нь харьцангуй бага сэтгэлийн хурц хөдөлгөөн илэрхийлж огцом аашилдаггүй. Дөрөвт: ихэнх зүүн азийнхан бие бялдарын хөгжлөөр сул дорой байдаг. Дээрх шалтгаануудын улмаас зүүн азийн зарим хүмүүс өөртөө итгэлгүй мэт харагдана. Иймээс зарим цагаанууд энийг буруугаар ойлгон азиудад дээрэнгүй хандах гэсэн оролдлого гаргадаг.

Гэвч Галаа Давидын санасан шиг тийм хүлцэнгүй ноомой, гарын аясаар хүн биш байлаа. Харин ч тун хэгжүүн, шазруун заримдаа довтолгооны шинжтэй ярьж, хэд хэдэн асуудлаар санал зөрж байгаагаа хэлж, өөрийн бодлоо хамгаалан зарим өөрчлөлтийг гэрээнд хийх санаатай байгаагаа тайлбарлаж байв. Пол тохиолдлоор дэмий хүнийг сонгож явуулаагүй юм. Эхний ээлжинд Галаа шиг цагаа тулахаар хатуу, шазруун хүнийг явуулж гэрээний босгуудаа өөрийнхөө талдаа өндрөөр тавьж эхлүүлэх нь, дараагийн нарийн хэлцэлд буулт хийж байгаа дүрээр оролцож, бага зэргийн ашигтай зүйлүүд тусгахад хэрэгтэй гэж үзсэн тактик хэрэглэжээ. Галаа ч гэсэн өөртөө итгэлтэй  байсан нь, баз хүргэнийхээ дэмжлэгт найдаж байгаа тул сайн мод атгасан хөзөрчин шиг зоригтой, итгэлтэй дуугарч байв. Аливаа гэрээ хэлцэл гэдэг нь нэг талаасаа сэтгэл зүйн хүнд хүчир тулаан, зарим талаар өөрийнхөө санаа үйлдлийг нуусан жүжиглэлт байдаг. Галааг ерөнхий тохиролцоонуудыг хийн гэрээний араг ясыг босгосны дараа түүний компаны босс Пол юм уу эсвэл, хууль болон бизнесийн зөвлөхүүд гэрээнийхээ үг, үсэг, цэг таслал болгоны төлөө хатуугаар хэлбэл байлдах, зөөлнөөр хэлбэл нягталж үзэх болно. Цаг нь тулаад хууль, шүүх болоод ирвэл заримдаа цэг, таслал яаж тавьсанаас шалтгаалан гэрээний утга агуулгыг тайлбарлан ялалт ялагдлаа шийдэх нягууртай.

Давид үндсэндээ хуучин Канадын компанитай байгуулсан гэрээг үндэс болгон ярьж, хэлцэл хийж байгаа гэж хэлсэн ч, Галаа мань хүнийг тэрнээсээ илүү өөрийнхөө компанид ашигтай гэрээ хийх нөхцлөөр үзэж байгаа байх гэж сэжиглэж, эхнээсээ хатуувтар байлаа. Мөн анх уулзахад ихэмсэглэж байсныг нь санагалзаж, жаал шазруун байж “хандыг нь” дарахгүй бол болохгүй хүн гэж бодов. Нөгөө талаар дээр дурдсанчлан түүнд тэдний компаний дэд ерөнхийлэгчийн дэмжлэг гэсэн том хөзөр түүний гарт атгаастай байсан.

Галаа босоод өрөөн дотор жаал холхисноо нэг талын хана дүүргэсэн цонхны өмнө очиж зогсон, түр бодолд автагдлаа. Ер нь жаал тавгүйтэж бухимдахаараа манай хүн өрөөндөө холхиж нааш цааш алхах заншилтай. Цонхоор тээр доор хүн, машинууд өчүүхэн жижиг тоглоомууд мэт бужигнана. Хэрвээ энэ компанитай манай компани гэрээ байгуулвал хоёр компаний хувьцаа хэр өсөх бол, одооноос хувьцаа худалдаад авбал ашигтай байх бол уу гэж бодов. Хүн ямар ч тохиолдолд өөрийнхөө эрх ашгийг бодож явдаг аж.  Өнөөгийн ертөнцөд хүний хүч хөдөлмөрөөр бий болсон баялгийг цөөн тооны санхүүчид хийсвэрээр өсгөн, буруулж тоглож байх нь заримдаа учир нь үл ойлгогдох мэт. Дөнгөж өчигдөрхөн хувьцаа нь үнэ хүрч ашигтай ажиллаж байсан компани, далдын хүчирхэг санхүүгийн ертөнцийн нөлөөгөөр хувьцаа нь унаснаас дампууран модоо барьж байдаг нь гайхалтай. Гэтэл тэр компаний ажиллагсад, үл хөдлөх хөрөнгө бүх юм л хуучнаараа байж л байдаг. Гэнэт ашигтай ажиллах аргагүй мэт болон үнэлгээ нь хэд дахин буурах нь хачирхалтай бөгөөд тэр их хувьцаа болон бусад оруулсан хөрөнгө мөнгө хаачваа гэмээр. Тэгэхлээр нэг талаар энэхүү хувьцааны үнэлгээнүүд хуурамч хийсвэр мэт. Бас нөгөө талаар асар том тоглоом явагдан, өнөөгийн ертөнцийн үй олон хүмүүсийн шоргоолжийн мэт хөдөлмөрөөр босгосон эд баялагийг тэдгээр санхүүгийн ертөнцийн далд хүчин зохицуулаад байгаагаараа тэдгээр ажиллагсад мөн бусад жирийн хүний аж амьдралын эх үүсвэр, цаашлаад хувь заяаг нь өөрчилж зохицуулдаг бурхад юм уу гэлтэй. Ямар ч байсан Карл Маркс “Капитал” зохиолдоо капиталист системийг шүүмжлэн бичиж байсан нь зарим талаар үнэний хувьтай ч юм шиг. Гэхдээ Галаагийн бодлоор тэдгээр хувьцааны уналтаар алга болсон мөнгө хөрөнгийг энергийн хэлбэрээр алга болсон гэж тайлбарлаж болмоор. Яагаад гэвэл маш их шатахуун, цалин хөлс (шууд утгаараа нэг хэсэг нь хоол хүнсэнд зарцуулагддаг), цахилгаан энергид тэдгээр мөнгө, хөрөнгө шингэн алга болдог билээ.

Давид: Галаа чи тэгээд дээрхи асуудлуудыг дахиж судалж үзээд, төв оффистойгоо холбогдсоны дараа маргааш хоюулаа дахин ярилцвал яасан юм бэ? гэснээр Галаагийн бодлыг тасалдуулав.

Галаа ч бас тэгж бодож байв. Өрөөний утас дуугарснаар мань хоёрын яриа тасалдлаа. Дэд ерөнхийлөгч Адам нь утасдаж, Галаатай уулзах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Арваад минутын дараа гэхэд Галаа Адамын өрөөнд яваад орсон байлаа. Адам дотноор инээмсэглэсээр босож ирээд Галааг суухыг урив. Ханандаа янз бүрийн сэртификатуудаа өлгөжээ. Ширээн дээр нь Женнигээс авхуулаад ойр дотны хүмүүсийнхээ зургуудаа байрлуулж. Галаагийн ажил хэргийн талаар ярилцсанаа хоюулаа Кент Конлонтой ( компаны ерөнхийлөгч) уулзая гэв. Кентийн өрөө рүү дагуулан явангаа Кентийгээ сайн залуу өөрийнхөө сайн найз чамд таалагдах болно гэлээ. Явсаар хаалгыг нь ёс төдий тогшсон болоод өрөө рүү нь зөвшөөрөл өгсөн хариу хэлэхтэй нь зэрэгцээд орлоо. Кент өргөн цэлгэр өрөөнийхөө алс хойморт заларч байснаа босч ирэн, Галаатай гар барив. Хар үстэй, хар хүрэн нүдтэй, дунд зэргийн нуруутай, махлагдуу газар дундын тэнгисийн орчимын царай төрхтэй эр байлаа. Тун найрсаг аятайхан эр аж. Ер нь баруунд том босс болох тусмаа л инээмсэглэсэн найрсаг зан нь нэмэгдээд байдгаараа, Монголд том дарга болох тусмаа ихэмсэг дээрэнгүй болон ярваганаж бусдыг үл ойшоон дээрээс хардагаараа эрс ялгаатай. Кент бол ирланд эцэгтэй, итали эхтэй католик шашины гаралтай хүн байлаа. Өөрийн хамтрагч Адамын худ ургын холбоотой хүн гэсэн утгаар Галаад ач холбогдол өгөн найрсаг хандаж байв. Уран зураг, хурдан морины уралдаан зэргийг сонирхдог гэнэ. Хааяа зугаагаа гаргах төдий покер тоглодог ажээ. Мань гурав буу халснаар Галааг орой хийх юмгүй уйдаж буйг сонсоод, казино явъя гэж тохиролцов.

“Гео систем”-ээс гараад Галаа эртхэн буудал руугаа харихаар шийдэн алхаж явахдаа, өөрийн эрхгүй Энхээг бодож явлаа. Яагаад түүнийг бодоод уулзах гэж хүсээд байгаагаа эргэцүүлж байлаа. Энхээ шиг хүүхэн уул нь Галаагийн тооцоонд орох ёсгүй байв. Мань хүн эхнэр хүүхдээсээ салсанаас хойш дахиж хайр сэтгэлийн асуудал дээр няхуур үзэх хэрэгтэй болсон. Болж өгвөл авгай авахгүй байх, хэрэв авгай авбал урьд нь гэр бүл зохиож, амьдрал үзсэн хүүхэдтэй хүүхэн биш, хуучин эхнэр Аннаасаа хамаагүй залуу сайхан хүүхэн авна даа гэж бодож байсан. Тиймээс ингэж таалагдаад байгаа Энхээг аюултай хүн, гай болоод дурлаж орхивол хяналтаа алдаж магадгүй учраас дахиж уулзахгүй, холбоо барихгүй бол удахгүй мартагдана гэж бодон аль болохоор бодохгүй байх хэрэгтэй гэж шийдлээ. Бүр арга ядвал адилхан төстөй царай, зүстэй янхан авч асуудлыг шийдэн тэр хүүхнийг мартах хэрэгтэй гэж дотоод сэтгэлдээ үүрэг өгөв.

 

Үргэлжлэл бий...

 

Ё. Гантулга

 

2009 оны 10 дугаар сар 28

 

http://gantulga.wordpress.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.