05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Монгол зураг-8 (үргэлжлэл)

Буудалдаа байхдаа Галаа хачин их ганцаардаж ганхирч байгаагаа мэдэрлээ. Энхээ бодогдон түүнтэй уулзахыг асар ихээр хүсэн мөрөөдөж байгаагаа ойлгожээ. Дурлачихлаа гэж үү? Яагаад юунаас болоод түүнд дурлачихдаг байна аа гэж гайхширав. Өдий насны насандаа амьдрал зохиож үзэж, бишгүйдээ авгай хүүхэн эргүүлж явсан хүн ийм амархан сэтгэл алдсандаа өөртөө гайхаж байв. Дурлал, хайр гэдгийг 18-20-оод насныхны гэнэн томоогүй үйлдэл гэж боддог болсоор уджээ. Анхны харцаар дурлана гэдгийг шоолон инээж, ном зохиолд байдаг үлгэр мэт санаж гэнэт хүн хараад дурласан тухай уншихаар инээд нь хүрээд, шоглоом тоглоом болгодог нь саяхансан. Хүний сэтгэлд, бодолд орохгүй бодол гэж алга юм даа. Дөнгөж саяхан л янхан аваад аргалчих юм бодож байснаа бодохоор инээд хүрэх шиг, гайхах шиг.

 

Хүн толгойдоо орсон элдэв бодлуудаа хянаж, шүүж байхгүй бол тэнэг байдалд ордог ажээ. Удаан ингэж шаналан өөрийгөө зовоож байхаар Энхээтэй яриад үзье гэж шийдлээ. Мөөгий рүү залгалаа. Мөөгий метронд (train) гэртээ харих гэж явж байлаа.

Мэнд усаа мэдэлцэн хэдэн үг солилцон ярьж байснаа Энхээгийн утсыг асуув. Мөөгий галт тэрэгний түжигнээнээс болсон уу, эсвэл утасны сүлжээ нь түр унаснаас болсон уу  дахиж лавлаж асуун дугаарын өгөнгөө чи яах гэж байгаа юм гэж гайхав. Галаа нэрэлхэн зүгээр л ярьдаг юм уу гэсэнд Мөөгийгийн инээх сонсогдож чамд таалагдаа юу? Нилээн чанга талдаа хүүхэн ш дээ. Мэр сэр залуучууд эргүүлээд байдаг юм билээ. Гэхдээ нэг их нүүр өгөөд байдаггүй гэсэн. Чамайг түүний утсыг авна гэж бодсонгүй. “Нилээн дээгүүр “жаалдаг гар” болсон гэж бодож байлаа” хэмээн утасны цаана инээд алдах нь дуулдав. Галаа дугаарын авангаа салахын түүс болон “за дараа зав гарахаараа чам руу залган уулзанаа” гээд утсаа салгалаа.

Орой нь тохирсон ёсоороо казино явлаа. Казино нь бохир мөнгийг хуульчлан угааж цэвэршүүлдэг хамгийн тохиромжтой газар билээ. Хууль , татварын систем өндөр хөгжсөн улсад их хэмжээний мөнгө бэлнээр авч явах, байрлуулах нь гэмт хэрэгтэй холбоотой эсвэл адаглаад татвараас зайлсхийсэн хэрэгт унадаг бол Галаагийн хайрт Монгол оронд хэдэн зуун мянган долларыг улс төрч, бизнесмэн гэх хүмүүс нь бэлнээр нь тоолон байшин худалдаж авах ерийн үзэгдэл аж. Элдэв аргаар олсон мөнгөө цэвэршүүлэх хамгийн сайн арга нь казино тул мафи, казино хоёр ихэр төрсөн ах дүү нар юм гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Галаагийн хувьд хэлэлцээ, тохироо хийх гэж байгаа компаныхаа удирдлагуудтайгаа ойртож танилцана гэдэг тун завшаантй учрал нь ойлгомжтой.

Адам энэ удаа Феррари (Ferrari) дээд хэсэг нь онгойдог (convertible) загварын уламжлал нь болсон улаан өнгөтэй машинтай ирж Галааг авав.  Казино нь хөлөг онгоц дээр байрлаж байлаа. Тус мужийн хуулиар “газар” нутаг дээр нь казино байгуулахыг хориглосон боловч зөвхөн “газар” гэсэн үгийн утга дээр тоглон хуулийн цоорхой ашиглан гол, нууранд байрлах усан онгоц дээр казино байгуулснаараа хууль зөрчөөгүй үйлдэл болон хувирчээ. Кент аль хэдийнээ ирчихсэн бүдүүн навчин тамхи зуун, пиво уунгаа покерийн ширээнүүдийг ажиглан хаана аль ширээнд суухаа сонгох гэж зогсож байв.

Хүн бүхэнд хүсэл мөрөөдөл байдаг. Тэр мөрөөдлийн хамгийн түгээмэл нь хурданаар амархан баяжих хүсэл аж. Энэхүү хүний хүсэл, шуналыг сайн ажиглаж ойлгосон хүмүүс л анхны мурийтай тоглоомуудыг санаачилсан биз ээ. Гэхдээ хүн болгоны мөрөөдөл биелэх хэцүү, мөрөөдлөө бүтэхгүйг мэдэх бүр хэцүү байдаг. Хүн хүсэл мөрөөдлөө биелэхгүйгээ ойлгохоороо хэнэггүй нэг нь хувь тавиландаа даатгаж зөнд нь орхидог, хямарсан нөгөө дэх нь хурцадсан үедээ гунин гутарч амиа хорлодог бол, өөдрөг үзэлтэй хэсэг нь ирээдүйдээ итгэн хүсэл найдвар тээж явдаг. Энэ хэсэгт голдуу залуу хүмүүс орох боловч энэхүү бүлэг хэсгийн итгэл найдвараар нийгэм оршин тогтож хөдөлж хөгжиж байдаг мэт. Иймд энэ далдхан хүсэл мөрөөдлөө биелүүлэх аз таарч магадгүй гэж гэнэхэн хэсэг нь казиног зорьдог. Харин Галаа мэтийн хувьд зүгээр л зугаацаж цэнгэх гэж явж байлаа.

Галаа $100-аар хэдэн нэгтийн болон тавтын чипүүдийг (казинод хэрэглэдэг дугуй пивар тооцооны нэгж) авлаа. Тэрнээс дээш мөнгө гарлагадахгүй. Мөнгөний гарз, хүн хамаагүй улайран хорсож шаралхахаараа илүү мөнгөө тавьж туудагийг Галаа өөрийнхөө туршлагаас анзаарсан.  Өөрөө ч гэсэн тоглоомонд муу гэдгээ мэднэ. Хамт явж байгаа нөхдүүд нь ойролцоогоор $500—аар чип авах шиг болов. Галаа чаддагаараа Black Jack буюу Монголд “21” татах гэж дэлгэрсэн хөзөр тоглохоор шийдлээ. Газар газарын заншил өөр гэгчээр газар газрын казиногийн Black Jack- ийн дүрэм үл ялиг ялгаатай тул эхлээд хүмүүсийн тоглож байгааг жаал харзнах нөгөө талаар үл ялиг мухар сүсгийн гэмээр бодлоор өөртөө ээлтэй байж магадгүй ширээ болон таарах тоглогчдыг хайн ажиглан зогсов.

Нэг мэдэхэд мань хүний чипүүд нь дуусах дөхөж байхыг анзааран рулет дээр тавьж сүүлийн азаа үзье уул нь тоглоом эхлээд овоо хожиж явсан юмсан гэж бодсоор ширээнээсээ босонгоо нөгөө хоёроо хайлаа. Адам, Кент хоёр хоюулаа зэргэлдээ покерийн ширээнд суучихсан үзэж тарж байлаа. Адам нилээн алдаж байгаа бололтой нүүр нь улайчихсан хор шар нь хөдөлсөн аятай сууна. Галааг дэргэд нь ирэхийг анзаарах сөхөөгүй байв. Хүн алдаад ирэхээрээ шархаа нөхөх гэж улам улайран тоглож бүр ихийг алддаг сэтгэхүйн онцлогийг ашиглан казино мөнгө хийдэг юм шиг. Галаа ч гэсэн алдасан мөнгөө олж авмаар санагдан дахиж нэмж чип авах санаа төрсөн ч өөрийгөө хүчээр хорин, бага чипээр тоглодог автоматууд дээр тоглодог ч юм бил үү гэсэн шүү юм бодон зогсов. Харин Кент тун сэтгэл хангалуун навчин тамхиа зуусан шиг суун, ийшээ тийшээ харангаа Галааг олж хармагц гар дохин мэндчилэн дуугарлаа. Кентийн дууг сонссон Адам гэнэт Галааг олж харан хэдүүлээ ганц хоёр пиво уухуу даа гэхэд Галаа тэгж онгодоо оруулахгүй бол болохгүй юм байна гэж хэлээд инээмсэглэв. Адам удалгүй улайсан царайтай юм босож ирээд Галааг дагуулан Кент дээр очин түр завсарлаж пиво уух уу? гэв. Кент одоохон гэснээ та хоёр пиво ууж бай би удахгүй та нартай нэгдэе гээд үлдлээ.

Покэр тоглоход сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, эсрэг талын дарамт, довтолгоог ажрахгүй өнгөрөөх, бусдын эсрэг сэтгэл зүйн тоглолт хийх зэрэг чадварууд их чухал билээ. Түүнчлэн мэдрэмж, совин, гүйлгээ ухаан, математик сэтгэлгээ, заль, харааны тогтоолт, луйвар, мэдээж аз гээд олон зүйл болон чадварууд хэрэгтэй.

Адам, Галаа хоёр пиво уунгаа өөрсдийн намтар түүхээ ярилцав. Адам бол еврей (жүүд) эхтэй учраас еврейн заншилын дагуу эцгээрээ биш эхээрээ баримталж явдаг учир аав хэдий еврей биш ч еврей хэмээн тооцогддог аж. Ер нь еврей нар нь дотроо шашин үзэл, гарал үүслээрээ ялгардаг боловч Ашкенази жүүдүүд  хэмээгчид нь хамгийн хүчирхэг нь юм. Адам бол  Ашкенази жүүд гаралтай байв. Сүүлийн үеий IQ –ийн судалгаагаар бол  Зүүн азийнхан  (Хятад, Солонгос, Японууд) 105, цагаанууд 100, латин америкууд 85, Өмнөд Азийнхан болон Хойд Африкууд 85, Сахарын цөл хавийнхан болон Карибийн тэнгисийнхэн 70 оноотой. Гэтэл Америкийн Ашкенази жүүдүүд 103-110, Өмнөд Африкийн Бушмэнүүд 60 оноотой байгааг харахад сонирхолтой. Монголчуудын IQ-г эдгээр судалгаануудад тухайлан нарийвчилж хийгдээгүй боловч Хятад 100, Орос 96 оноо авсаныг харгалзан энэ хоёрын дунджаар авч үзэн 98 гэж үздэг. Хэрвээ бид зүүн азийн ард түмэн мөн бол бидний оноо тэднийхтэй адилаар 105 байж болох талтай. Гэвч  Р. Линн, Т. Ванхэнен нарын “IQ ба үндэстнүүдийн баялаг” (“IQ and the wealth of nations” By Richard Lynn, Tatu Vanhanen) номонд бичсэнээс дүгнэлт хийхэд оюуны чадавхи улс орны хөгжил хоёр шууд хамааралтай юм шиг. Энэ утгаар нь аваад үзвэл өнөөгийн ядуу зүдүү Монголчуудын оюуны чадавхи өндөр бус гэж үзэн IQ нь доогуур байх талтай. Тийм боловч хүний оюун ухааныг бүрэн хэмждэг хэмжүүр хийх нь боломжгүй. Яагаад гэвэл хүн олон талтай сэтгэдэг, боддог ажээ. Хүний ухааныг математик сэтгэлгээ, хийсвэр сэтгэлгээ, хөгжмийн сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ гэж олон ангилж болох тул тэр болгоноор нь үнэлбэл өөр өөр дүн гарах. Тэгэхлээр IQ нь өнөө үеийн хамгийн боловсронгуй үнэлэмж боловч дан ганц IQ–аар хүний оюун ухааныг хэмжих нь учир дутагдалтай гэж Галаа боддог.

Ямар ч байсан өнөөгийн ертөнцийг барууныхан тэр тусмаа Америкууд авч яваа нь үнэн билээ. Америкт дотроо эдгээр Ашкенази жүүдүүд эдийн засаг, улс төрийн асар их нөлөөтэй. Тэд тоглоомийн дүрмийг зохиож энэ дүрмээс гарсан хэнийг ч далдын хүчирхэг гараараа няц даран сөнөөж байгаа бус уу? Энэхүү тоглоомын дүрмэнд дургүйцэж өөрийн байр сууриа эзлэн өөрийн дүрмээрээ тоглох гэсэн Герман, Япон улсууд нь дэлхийн 2-р дайнд навс цохиулан хэрээ мэдрэн АНУ-ыг үг дуугүй аялдан дагагч болжээ. Тийм боловч эдгээр улсууд нь ухаан заран өөрийн бодлоор яван АНУ тэргүүтэй Англо-Сакс гаралтай улсуудын зохиосон өөрсдийнхөн дүрмээр тэдний эсрэг тоглолт амжилттай зохион байгуулан зарим талаар тэднийг хожин баян гүрний зиндаанд эргэн суужээ.

Удалгүй Кент хүрээд ирлээ. Өнөөдөр түүний азтай өдөр байжээ. Покерч муугүй тоглодог бололтой ямарч байсан авч ирсэн мөнгөө хоёр дахин өсгөсөн гээд л тун баяртайгаар пиво залгилав. Одоо л Галаагий хөдөлдөг цаг ажээ. Манай хүн Давидтэй тохирохгүй байгаа асуудлаа Кентийн зан сайтай байгаа энэ үед цухуйлган гүйцэлдүүлэх хэрэгтэй. Мэдээж баз хүргэн нь байсаны хувьд Адам “нэг их юм” хэлэх нь гайгүй байх гэж бодов. Галаа Кентэд хандаж “өнөөдөр их сайхан аз хиймортой өдөр байна шүү” хэмээн “энээ тэрээ” үг хэлэн тал засан дэмжихэд Кент тийм шүү “өнөөдөр чиний ажил хэрэг хэр явж байна даа” хэмээн ёс төдий асуухад Галаа өлгөж аван нэг их сайнгүй байнаа танай менежер Давидтэй нэг л сайн хэл амаа ойлголцохгүй байна.

Жишээ нь; утсаар хэрэглэгчидэд туслалцаа, дэмжлэг өгөх төвийн асуудал буюу дуудлагын төв (Call centre) дээр танайхан Австралид зах зээлээ өргөжүүлсэн тохиолдолд орон тоо, хүн хүчээ нэмэгдүүлж. тэр оффисоо өргөжүүлэх зардал гаргах нь мэдээж боловч тэртэй тэргүй зах зээл чинь өргөжиж танай орлого нэмэгдэх байтал энэ талын зардалын асуудлыг манайтай байгуулах гэрээ хэлэлцээ дээр тусгаж биднээс мөнгө саах, эсвэл биднийг өөрсдөө Австралид  Call centre –ээ байгуул гэдэг чинь жаал тийм байна. Уул нь нэг л газраа төвлөрөөд хэрэглэгчидэд дэмжиж туслах дуудлагын төв байвал зүгээр ш дээ.  Танай дуудлагын энэ төв чинь Энэтхэгийн Бангалор хотноо байдаг юм байна. Хямдхан оффисийн түрээс, маш бага мөнгөөр цалинжуулсан буюу бараг самраар л төлбөр төлөн (paying nuts) тэднийг ажиллуулж байгаа шүү дээ гэв. Ер нь 1990-ээд оны дунд үес интернэт телефоны хөгжилтэй холбоотойгоор Филлипин, Малайз, Энэтхэгт барууны орнуудын дуудлагын төв байгуулж ажилуулах болжээ. Ингэснээрээ хуучин баруунд байдаг дуудлагын төвүүдээс хамаагүй бага зардлаар ажиллуулах болсон бөгөөд энийгээ бас нэг төрлийн outsourcing гээд хөөрхөн нэр өгчихнө.  Хөгжиж байгаа орнуудын голдуу залуучуудыг англи хэлний түвшингээр нь шалгаж аваад хэдэн сарын англи хэлний дуудлага засах хичээлд суулгаад л тавьчихна. Тэдэнд эрхэлж буй алба үүргээс нь шалтгаалаад $200-$500-ийн цалин өгнө. Энэ нь тэндээ тун дажгүй цалинд тооцогдон олон залуусыг татдаг ажээ.

Кент Галаагийн нүд рүү эгцэлж хэдэн хором харсанаа зүгээрээ энэ асуудлаа шийдсэн гэж тооцоороо гэж хэлэв. Галаа баярласнаа илэрхийлж хэлэнгээ дотроо аргагүй л капиталист байна шүү энэ асуудал дээр дуртай дүргүй л шийдэж байна даа гэж бодов. Харин Кент дотроо зальтай ази гэж бодонгоо, Галаа ажлын асуудлаа офистоо шийдэж байвал яасан юм бэ? хэдүүлээ одоо хэрхэн сайхан хөгжихөө бодоцгооё гэв.

Тэрүүхэн хавьд бөөн шуугиан дэгдээд л явчихав. Хэн нэгэн ихээхэн мөнгө хожиж байгаа бололтой баярлаж хөөрсөн хүмүүсийн дуу хадаад эхлэлээ. Галаа сониучирхан очтол казиногийн хамгаалалтын албаны хүмүүс нь тэр хавьд аль хэдийнээ ирчихсэн байдлыг ажиглаж байлаа. Тэдний толгойлогч бололтой хацар дээрээ сорвитой, хүйтэн харц, цоохор царайтай, өмнөд Европын төрхтэй, туранхайвтар эр байдлыг нэвт шувт ширтэх мэт нүд алгасалгүй харан элдэв луйвар булхай байгаа эсэхийг шалгаж байгаа мэт дилер, азтай тоглогч хоёрын үйлдэл болгоныг анхааралтай харж байлаа. Үе үеийн казиногийн түүхэнд элдэв ов мэх, хууралт гарч байсан. Үүнийг шалгах, хянаж байх нь тэндхийн хамгаалалтын албаны бас нэг үүрэг мэт боловч иймэрхүү хүйтэн царайтай эрс байдагийг бодоход казино нь мафитай холбоотой нь нотлогдох мэт.  Гэхдээ казинотой холбоотой луйвар ямагт дотор талаасаа холбоотой байдаг түүхтэй.

Ё. Гантулга

2009 оны 11 дүгээр сар 12


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.