05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Монгол Понзи схем

Өнөөгийн дэлхий ертөнцийг хөрөнгийн биржийн үйл ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Энэхүү ертөнцөд асар том луйвар үе үе явагдаж ирсэн түүхтэй бөгөөд харин үүнтэй төстэй үйл явдал Монгол орны маань улс төрд хэрхэн өрнөж байгаа тухай өөрийн бодлоо уншигч таньтай хуваалцахаар энэхүү бичлэгээ бичиж суунаа.

Хүмүүсийн хамгийн их сонирхдог сэдвийн нэг нь хэрхэн их мөнгийг хурдан шуурхай олох вэ? гэдэгт байдаг юм. Хэрвээ хэн нэгэн маш хурдан, амархан аргаар мөнгө олж баяжуулж чадна гээд л зар  тавих юм бол бусдын сонирхолыг асар их татна. Орчлон ертөнц уужим юм болохоор одоо ч, ирээдүйд ч амар хялбар арга замаар хурдан мөнгө олж болно гэдэгт итгэдэг хүмүүс зөндөө байсаар ирсэн, байсаар ч байна, байсаар ч байх болохоороо баланд шунах зөгий мэт олныг шавуулдаг амттай сэдэв аж. Чухамхүү энэ гэнэн хүсэл, шунал дээр нь үе үеийн луйварчид тоглосоор иржээ.

Энэхүү луйвар хийдэг аргуудын нэгийг орчин үеийн санхүүгийн ертөнцөд Понзи схем гэж нэрлэдэг болно.

Тэгэхлээр Понзи схем гэж юу юм бэ? гэдгээ товч тайлбарласуй.

Хүн төрөлхтөн капиталист эдийн засгийг байгуулахдаа санхүүгийн хэд хэдэн чухал систем бий болгосон билээ. Хамгийн эхэнд банк байгуулж, мөнгө төвлөрүүлэн, хөрөнгө оруулалт хийдэг болсон нь чухал ололт байсан боловч шинээр бий болсон нийгмийн мөнгөний болон хөрөнгө оруулалтын эргэлтэд энэ нь хангалттай байсангүй.   Тиймээс дараагийн шатанд хөрөнгийн биржийг бодож олсноор мөнгө, хөрөнгө оруулалт хоёрыг шууд холбон өгч, орчин үеийн капиталист нийгмийн хөгжилд том түлхэц болжээ. Гэвч их мөнгийг дагаж, хүний хүсэл шунал, шуналыг дагаж луйвар, гэмт хэрэг явдгаас хойш санхүүгийн зах зээлд луйврын хэрэг байнга гарах магадлал ихтэй билээ.

1920 оны эхэн үед Америкийн эдийн засаг тун хурдацтай хөгжиж байлаа. Энэхүү хөгжилтэй холбогдон хүмүүс ч хувьцааны наймаа ид сонирхож байв. Гэтэл Чарлиз Понзи (Charles Ponzi) хэмээх итали гаралтай цагаач 90 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг 2 дахин өсгөж чадна гэж зар тараан өөрийн компаниа ажиллуулж эхэлсэн байна. Төлөөнийхөө хүмүүст ч гэсэн сайн мөнгө төлж байлаа. Хэрхэн мөнгөө арвижуулах үйл ажиллагаагаа тайлбарлахдаа International reply coupon (IRC) хэмээх тэр үеийн шуудангийн улс хоорондын төлбөрийн системийн үнийн зөрүүгээс ашиг хийж хурдан хугацаанд мөнгө өсгөж болно гэжээ. Одоогийн Монголынхоор бол валютийн “чэнж” арай боловсноор тайлбарлах юм бол FOREX дээр тоглох гэх юм уу даа. Тухайн үеийн нэртэй сонины нэг the Boston Post энэ тухай нийтлэл тавьсанаараа мань хүний бизнесийг улам гааруулав.
Гэвч өнгөрсөн зууны эхээр түүнийг Америкт цагаачилж ирснээсээ хойш удаа дараа санхүүгийн луйварт хутгалдаж байсныг нь илчлэн нийтлэснээрээ the Boston Post сонин 1921 оны сэтгүүл зүйн дээд шагнал болох Pulitzer Prize авсан түүхтэй. Үнэндээ мань хүний ажиллуулах систем их энгийн байлаа. Аль болох олон хүнд өндөр амлалт өгөөд, хөрөнгө мөнгө цуглуулан, түрүүчийн хүмүүст нь өгөх маягаар санхүүгийн пирамид босгох замаар явагджээ. Анх хөрөнгө оруулсан цөөхөн хүн хожиж, ( тэд нь өөрсдөө ч мэдэлгүй энэхүү луйврын сурталчилгаа болж байсан юм) үлдсэн олонхи нь юу ч үгүй хоцорсондоо. Энэ үйлдлээрээ ноён Понзи нэрд гарч түүхэнд үлдсэн ба хожим энэхүү луйврыг Понзигийн схем, санхүүгийн пирамид гэж нэрлэх болсоон. Яг ийм үйлдэл хожим 1990-ээд оны сүүлээр Монголд давтагдаж, “Жавхланг бүрдүүлэх сан” гэх зэрэг хэдхэн сарын дотор мөнгийг хэд дахин өсгөдөг, дэлхийд хаана ч байдаггүй Монгол ген, ухаанаараа бодож олсон, дэлхийд хаана ч байдаггүй ашигтай бизнесийн зарын дагуу олон хүн луйвардсаныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Хамгийн сүүлд Понзи схемийн дээд амжилтыг Нью-Үоркийн еврей хорооллоос гаралтай Бернард Мадоф   (Bernard Madoff) тогтоож, зарим эх сурвалжийнхаар бол $40 миллиард долларыг олон арван жилийн турш хууран мэхлэж луйвардсан нь 2008 оны үед илэрч, том шуугиан дэгдэж билээ. Бернард Мадоф NASDAQ мэтийн  орчин үеийн анхны электрон биржийг ашиглан асар их мөнгө завшиж, тун тансаг амьдралаар амьдарч байснаар барахгүй санхүүгийн ертөнцөд тун нэр нөлөөтэй байж, сарын тогтмол нэг хувийн хүүгийн өсөлтийг зарлаж байсан юм.  Цаг хугацааны хувьд эдгээр луйврууд нь эдийн засгийн их хямралын өмнө болж байсныг анхаарахгүй өнгөрч болохгүй мэт.
Тэгвэл өнөөгийн Монгол орон дахь Понзи схем нь улс төрийн хүрээнд явагдаж улс төрчид, нам нь сонгуулиар их мөнгө амлан сонгогчдыг худалдан авч сонгогч олны бэлэн мөнгөнд шунах гэнэн сэтгэлгээн дээр тоглон, өнөөдрийг аргацаан ирээдүйг аргалж байгаа нь ноён Понзигийн арга замаар л явж байна гэсэн үг. Монголчуудынхаа амар хялбар аргаар мөнгө олох хүсэл шунал дээр тоглон, өнөөгдрийн мөнгөөр маргаашыг аргацаан улс төр хийж байгаа эдгээр улс төрчид Монгол улсын маань ирээдүйд цохилт өгөн нурааж, улс орноо сүйрлийн зам руу хөтөлж байна. Та бидний татвар, төсвийн мөнгөөр л сонгогчдыг өөрсдийг нь худалдаж авч байгаа юм шүү дээ! Хэрэв энэ мөнгөөрөө өнөөдрийн тулгамдсан олон асуудлуудыг шийдэх замаар зарцуулсан бол энгийн хүмүүс ч , улс орон ч хожих байсан бус уу? Жишээ нь: Эрүүл мэндийн тогтолцоо болон даатгалын систем муугаас олон Монголчууд гадаадад эмчлүүлэн, өнгөц харахад хувийн мөнгө  үнэн хэрэгтээ улс орныхоо баялгийг гадагшаа зөөж байна. Хэрэв орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг ядаж нэгийг барьсан бол өчнөөн хүн эрүүл мэндээрээ, цаг хугацаагаараа хожоод зогсохгүй тэр хүмүүсийн гадагшаа барьж явсан мөнгө Монголдоо үлдэн байр байшин, эсвэл ямар нэгэн бараа үйлчилгээ болон хувирч Монголчууд нийтээрээ хожих байлаа.

За тэгээд сонгуулиар мөнгө амлахаас гадна мөнгө өгдөг нь бүр улаан цагаандаа гарч, хүлээн зөвшөөрөгдсөн үйлдэл болчихсоныг аймшигтай юу, эмгэнэлтэй юу гэдгийн аль алинаар нь хэлэхэд хэцүү л байна.
Санхүүгийн хямрал нэг л өдөр гэнэт бий болоогүй юм. Олон жилийн санаатай, санаагүй буруу дутуу бодлого нэг л өдөр анхны чичэргээгээр тэсрэн илэрч томоохон сүйрэл авчирдагийг хүн төрөлхтөний түүх харуулсаар ирсэн байдаг.
Эцэст нь хэлэхэд Понзи гуай шоронгоос суллагдан гарч ирээд, ихэд ядуу зүдүү, хүнд амьдрал дунд зовж нас барсан бол Мадофт оноосон ялаар бол хэзээ ч шоронгоос гарч ирэхээргүй юм байна лээ. Харин энэ маягаар бусдын итгэлээр тоглон, өнөөдрийг аргацаан, ирээдүйн их хямралд бэлдэж байгаа манай улс төрчид болон намуудад ард түмэн тэр үед ямар ял оноох бол? Дахиад хувьсгал хийх юм бол ч Монгол орон тэсэхгүй биз ээ!

Ё. Гантулга
2009 оны 10 дугаар сар 28

http://gantulga.wordpress.com

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.