05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хөрөнгийн биржээр арилжаа хийсэн миний туршлага II

Хөрөнгийн биржээр арилжаа хийсэн миний туршлага хоёрдугаар хэсэг

Одоогоос хоёр сар орчимийн өмнө бичсэн хөрөнгийн биржийн наймааны тухай эхний хэсэгтээ хүмүүсийг залхаахгүйн тулд аль болох товчилж дурдсан. Иймд их олон мэдээллийг орхисон юм. Энэ нь уншигчдын зүгээс надад олон асуулт тавихад хүргэсэн тул энэ сэдвийг үргэлжлүүллээ.
Тэгэхлээр танд хамгийн түрүүнд та ямар брокер дилерийн компани сонгох хэрэгтэй вэ? гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой.

Арилжааны компаниа сонгох:
Хэрэв та зөвхөн хувьцаа худалдаж авах хэмжээнд оролцоё гэвэл брокер дилерийн компанид хандаж биеэр уулзаж зөвлөлгөө авахаас гадна шууд интернэтээр данс нээлгэж болно. Жишээ нь, http://www.etrade.com гэх зэрэг хаяг руу хандаад данс нээлгэж болох юм. Энэ сайт нь их алдартай бөгөөд та өндөр хөгжилтэй аль нэг улсын банкинд данстай бол асуудалгүйгээр мөнгөө шилжүүлээд дансаа нээлгэж болно. E-trade (етрайд) нь дэлхийн 40 гаруй улсыг хамардаг ба 4.5 сая данс эзэмшигчтэй. Мөн бусад http://www.igmarkets.com , http://www.scottrade.com зэрэг сайтуудад хандаж болно.
Эндээс онцлоход http://www.igmarkets.com нь сургалт сайн явуулдагаас гадна та 30 өдөр демо данс (үнэгүй сургалтын хийсвэр данс) үүсгэн мөнгөөр наймаа хийж байгаа мэт хийсвэрээр худалдаа хийлгэдгээрээ эхлэн сонирхогч нарт тун боломжийн анхан шатны мэдлэг, мэдээлэл олгодог. Интернэт (онлайн) данс нээлгэхийн ач холбогдол нь цаг хугацаа хэмнэхээс гадна брокер дилерийн компаний элдэв хураамжаас зайлсхийх давуу талтай.

Мэдээлэл олж авах:
Арилжаа хийхэд хамгийн гол зүйл бол мэдээлэл дээр дүгнэлт, үнэлэлт гаргах чадвар юм.
Мэдээлэл бол мөнгө гэдгийг XYIII-аар зууны анхны улс дамжсан капиталист мангасуудын нэг Nathan Mayer Rothschild (Ротшилд) бүрэн төгс харуулж чадсан түүхтэй. Тухайн үед Ротшилдын гэр бүлийн ах дүү тав Лондон, Франкфурт, Парис, Виена, Наплес-д бизнес эрхэлж байхдаа байнга мэдээлэл солилцох сүлжээ байгуулжээ. Ингэснээр алдарт Ватерлоогийн тулаанд холбоотны цэрэг Наполеоны армийг ялсан мэдээг Нейтан Ротшилд бүтэн өдрийн өмнө Английн засгийн газрын мэдээ хүргэгч авч ирэхээс өмнө мэдэж чадсан юм. Тэр үед Английн засгийн газар дайныг санхүүжүүлэх зорилгоор ихээхэн бонд гаргасан байлаа. Хөрөнгө оруулагч нар тухайн үед энэ мэдээг хүлээн харзнаж байтал гэнэт Нейтан Ротшилд Английн засгийн газрын бондыг яаралтайгаар худалдаж эхэлсэн мэдээ тарж, тэдний гэр бүлийг Европ даяар мэдээлэл дамжуулах хүчирхэг сүлжээтэйг мэдэх бонд эзэмшигч нар сандралдан бондоо хямд үнээр борлуулж гарчээ. Удалгүй бондын үнэ шалдаа унахад Нейтан Ротшилд хямдхан хувьцаануудыг буцаагаад худалдаад авчихсан гэдэг. Ингээд маргааш нь Английн засгийн газрын мэдээ хүргэгч ялалтын тухай мэдээ авчирмагц засгийн газрын бонд өсөлгүй яахав. Энэ үйл ажилгаагаар Ротшилдийн гэр бүл хөрөнгөө хэд дахин өсгөснөөр орчин үеийн ертөнцөд мэдээлэл гэдэг ямар их ач холбогдолтойг харуулсан түүхтэй.

Эндээс хаанаас, яаж, ямар мэдээллийн хэрэгслийг ашиглах вэ? гэсэн асуулт ургаж гарч байна. Минийхээр бол телевизийн сувгуудаас Bloomberg зах зээл үнэт цаасны, CNN улс төрийн мэдээлэл их өгдөг. Хэрэв та Windows Vista -тай бол gadget (онлайн мэдээлэл өгдөг булан гэх юм уу даа) дээрээ Reuters News болон бусад хэрэгтэй санхүү мэдээлэлтэй холбоотой gadget-ууд нэмчих хэрэгтэй. Техник талаасаа таны компьютер дор хаяж хоёр дэлгэцтэй зэрэг ажилладаг байвал танд график зургуудтай ажиллахад хялбар бөлгөө.

Мөн түүнчлэн хэрэв валютын ханш хармаар, мөн худалдаж авмаар байгаа бол http://www.fxcm.com/ энэ сайтаар ороод үзээрэй. 30 өдөр үнэгүй демо дээр нь үзэж болно.
Хувьцааны үнэ ханш сонирхвол http://www.incrediblecharts.com/ орж үзэж болно. Үнэгүй авсан тохиолдолд мэдээллэл нь 20 минутаар хоцорч ирдэг юм шүү! 20 минутад нилээн мөнгө алдаж болно, олж болно гэдгийг та бүү мартаарай!

Хувьцаа болон үнэт цаас худалдан авах:
Танд хэлэхэд хамгийн сайн мэддэг компанийхаа хувьцааг ав гэж зөвлөе. Мэддэггүй компаний хувьцаагаар наймаалцаад хэрэггүй!
Тухайн компаний хувьцааг авахдаа тус компаний санхүүгийн тайлан тооцоо болон ирээдүйд орж ирж магадгүй ашиг, үйл ажиллагаа зэргийн хүчин зүйлүүдийг үндэслэн худалдаа хийх компаниа сонгох хэрэгтэй.
Жишээ нь, доорхи зургуудад BHP Billiton Ltd -ийн санхүүгийн нөхцлийн тухай мэдээллийн Reuters -авсныг харууллаа.

Зураг 1. Ерөнхий мэдээлэл. Ажилчдын тоо, одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гэх мэт.

photo2

Зураг 2. Санхүүгийн тайлан.

photo3

Зураг 3. Үнэт цаасны үнэлэмжүүд.

photo4

Зураг 4. Summary - хураангуй дүгнэлт.

Та бүхэн анзаарсан байх би энэ тохиолдолд http://www.igmarkets.com.au компаний программ хангамжийг ашиглан интернэтээр орж байгааг.
http://www.igmarkets.com/ -ийн бас нэг давуу тал нь демо-той юм шүү!
Дараагийн чухал наймаа хийхэд баримтлах арга бол график зургуудтай ажиллах хэрэгтэй. Зүгээр хувьцаа худалдаад авсан тохиолдолд энд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй мэт.
Харин та үнэт цаасны арилжаанд оролцож өсөлт, бууралт дээр ашиг хийж байгаа үед их чухал

photo5

Зураг 5. Графикаа сонгох

photo5

Зураг 6. Энэ тохиолдолд би Volume, MACD, Williams %R зэрэг графикуудыг 5 минутийн үечлэлтэйгээр сонгосон байна.

Хамгийн доод талд нь Williams %R эндээс та бас дундажлах маягаар хувьцааны өсөлт бууралтыг тааварлаж болно.
Дараагийнхан MACD энэ хөх, улаан зураасууд нь өсөлт бууралтын шугамууд бөгөөд энэ 2 огтолцохоороо хувцааны өсөлт бууралтын дохио болох магадлалтай.

photo6

Зураг 7. Japanese candle stick

Энэ миний хамгийн дуртай графикийн зарчимыг би түрүүчийн өгүүлэлдээ дурдсан болохоор энд зөвхөн сонирхуулах журмаар түүх бичье. Анх япончууд загасны зах зээлийн үнэ ханшийг тодорхойлоход үүнийг хэрэглэдэг байсан. Сүүлд Европууд их сонирхож одоо нэлээн өргөн ашигладаг болжээ.

photo7

Зураг 8. Хэрхэн арилжаа хийх гэж байгааг харуулсан байна.

Гэхдээ заримдаа яг авах үед үнэт цаасны үнэ яльгүй өөрчлөгдсөн байдаг нь наймаа тасралтгүй явагддагтай холбоотой.
Ер нь хурдан мөнгө хийе гэвэл Форекс эсвэл алт зэрэг дээр үзэх хэрэгтэй л дээ. Гэхдээ эрсдэл ихтэй учраас түүгээр оролдоод дэмий гэж зөвлөх байна.Арилжаа хийж байгаа хүмүүсийг хараад байхад ойролцоогоор $AUS100,000-аар наймаа хийж байна. Ийм мөнгө байхгүй ч гэсэн та хэрэв итгэлтэй гэж үнэлэгдэх юм бол тодорхой мөнгөний дэнс тавиад $AUS100,000 хүртэлх мөнгийг IGmarkets зэрэг газраас зээлдэж болдог.

Дүгнэж хэлэхэд үнэт цаасаар арилжаа хийнэ гэдэгт судалгаа тооцоотойгоор хандахаас гадна зөн мэдрэмжиндээ найдах хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй бол жишээ нь, өнгөрсөн жилд бараг бүх томоохон эдийн засагч нар баррель нефть $200 хүрнэ, металлуудын үнэ улам өснө гэж айлдаж байсан. Гэтэл одоо ямар байна. Тэгэхлээр заримдаа энэ арилжаанд мөрийтэй тоглохтой төстэй чанар байгаа биз!

Нөгөө талаар том гарын арилжаачид үнийг өсгөх буулгах мэтээр тоглодог мэт. Жишээ нь, 1990 оны үеийн Азийн эдийн засгийн хямралын үед тэр үеийн Малайзийн ерөнхий сайд асан Мохатир, хөрөнгийн биржийн аварга загас Жорж Соросыг үнэт цаасны арилжаан дээр зориуд тоглож, энэ хямралын шалтгаан болсон гэж буруутгаж байлаа.

Ер нь арилжаачид бие биетэйгээ их мэдээлэл солилцдог. Жижиг арилжаачдын хувьд тэд их болгоомжтой, аймхай байдаг ба яг хархнууд сүйрч байгаа хөлөг онгоцноос зугтааж байгаа юм шиг бага зэргийн донсолгооний үед амархан хувьцаагаа зарж зайлдаг. Энэ онцлогийг нь мэддэг учраас томчууд нь зориуд ханшийг дээш, доош хаяж тэдний сэтгэл зүй дээр тоглоод байгаа юм уу даа гэж санагддаг. Түүнчлэн ажиглаад байхаад ихээхэн уналт, өсөлтийн дараа заавал эсрэг гэдрэг үйлдэл явагдаж эсрэгээр бага зэрэг өсөх буурах тал бас харагддаг.

Эдгээр үйлдэл нь жирийн хүнд бараг анзаарагддаггүй. Учир нь гаднаас харахад үнэт цааснуудын үнэ 1/100 эсвэл 1/10 хувь дээр өөрчлөгдөх нь бага мөнгөнд юу ч биш шүү дээ. Гэтэл үнэт цаас, хөрөнгийн биржийн их мөнгөн дээр бол их том тоо л доо.

Миний алдаа юу байв?

Сүүлд эрэгцүүлж бодон ном, сургалтын материал уншиж суухад:
1. Ажлын зав чөлөөгөөр үнэт цаасны арилжаа эрхэлснээр улс төр, эдийн засгийн үйл явдлууд, ханшийн хөдөлгөөн зэрэгт байнга үнэлэлт, хяналт тавьж чадаагүй.
2. Туршлага хангалттай байгаагүй.
3. Эдийн засгийн хямрал болохыг урьдчилан таамаглаж чадаагүй.
4. Эрсдэл ихтэй алт зэрэг үнэт металлууд дээр ихэвчлэн оролцсон.
5. Зөвхөн ганц, хоёрхон компаний хувьцаа барьж байснаар эрсдэлээ нэмэгдүүлсэн
юм байна лээ.

Эцэст нь хэлэхэд би яагаад алдсанаа онцлоод байна гэвэл зарим хүнд амар, хялбар аргаар Forex болон бусад металлын наймаагаар мөнгө хийж болох тухай ойлголт төрчих вий! гэж сэрэмжлүүлсэндээ бичлээ. Түүнчлэн амар, хялбар аргаар мөнгө олно гэдэг хаана ч байдаггүй, хэн нэгэн танд тэгж хэлбэл үлгэр гэдэгт итгээрэй! Хөрөнгийн биржийн арилжаа нь мөнгө олж болох арга зам ч гэсэн тийм хялбархан эд биш ээ!

Ё. Гантулга
Австрали


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.