04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Сүүлчийн боломж

Цахим өртөө төрийн бус байгууллагынхан “хөх гэрэгэ” гэсэн төсөл хэрэгжүүлж зарим орнуудын туршлагаар гарал үүсэл нэгтэй Монгол ахан дүүсээ авчран суурьшуулах зорилт тавьж байна.

Үндэстэн маань дахин хүчжин босож ирэхийг Монгол хүн болгон хүсдэг, мөрөөддөг байх. Үүний энгийн жижигхэн нотолгоо бол тамирчид, соёл урлагынхан маань амжилт (үнэндээ бол дэлхий дахинд анзаарагдам л зүйлүүд ) бидэнд баяр бахдал, улс үндэстнээрээ баярлан, бахархах сэтгэгдэл, урам зориг, омогшил төрүүлж өгдөг. Хүмүүс бид өөрийнхөө сайн үйлсээр бахархан урамшин, сэтгэл дүүрэн амьдрах дуртай. Хүн өөрийнхөө харьяалагддаг улс үндэстний нэг хэсэг учраас аливаа улс, үндэстний хөгжил дэвшил, ухрал доройтол хувь хүний үйлдлээс шууд болон дам хамаардагийн адилаар, хүний хувь заяанд ч бас шууд болон дам утгаараа эргээд асар их нөлөө үзүүлдэг.

Энгийнээр хэлэхэд баян, амгалан, хууль цаазтай эрх чөлөөт улс орны иргэд, ядуу буурай, хууль цаазаа дагадаггүй орны иргэдээс хамаагүй илүү аз жаргалтай, сайн сайхан амьдрах магадлалтай гэдэгтээ хэнбугай ч маргахгүй биз. 

Өнөөдөр тэгвэл улс үндэстний маань дорой байгаагийн үндсэн гол шалтгаануудыг тоочих юм бол нилээн хэдэн юм байж болох ч, хамгийн гол шалтгаан нь Монгол улсын иргэд дөнгөж 2.7 сая байгаатай холбоотой юмаа гээд хэлчихэд хэнд ч буруушаагдахгүй байх гэж найдаж байна.

Үндэсний хүч чадлын гол үндэс нь хүн, хүний тоо билээ. Бид хүн ам олонтой бол өнөөдөр ядуу байв ч цаг нь ирэхээр дорохноо л хүчиж чадна. Хэдий ядуу дорой байвч хүн ам олонтой бол барагийн улсуудад дээрэлхүүлээд байдаггүйг Хятад, Энэтхэг, Бразил гэх мэтчилэн ойрын жишээ харуулдаг. Өрсөлдөгч улсаа доройтуулъя гэвэл газар нутаг, хүн амыг нь цөөлөх юм.

Монгол үндэстэн нэгдмэл, бид өвөр Монгол, буриад зэрэг ахан дүүстэйгээ хамт нэгэн улс байсан бол биднийг бусад улс гүрнүүд тийм амар дээрэлхэж чадах уу? Ядаж хамгийн наад захын жишээ гэхэд л өнөөгийн Орос, Хятадыг хүчирхэгжүүлж байгаа асар их баялаг бүхий нефть, байгалийн хийн орд газрууд манай нутаг байсан хил орчмын бүсэд байдгийг та бүхэн анзаарсан уу? Энэ хоёр улсыг хүчирхэг болгоход мэддэгээс тэдэнд дагаж орсон өчнөөн Монгол гаралтай хүмүүс  цэрэг, улс төр, соёл шинжлэх ухаанд нь нэмэр болсон бол мэдэгдээгүй, нууцлагдсан  байгаа нь бүүр ч олон байгаа биз ээ.  

Монголчууд бидэнд ажиглагддаг хувь хүн ирээдүйдээ итгэлгүй байгаа байдал нь хүртэл нилээд хэмжээгээр өнөөгийн улс үндэстний маань дорой буурайгаас үүдэлтэй.

Одоо тэгвэл би үндсэн санаагаа хэлье. Монгол улс хүчирхэгжэе гэвэл хүн амаа олшруулахаас өөр аргагүй. Яагаад гэвэл жинхэнэ ёсоор хүн хүчний өрсөлдөөн, аж үйлдвэржилт, зах зээлээ тэлэхийн тулд бидэнд хүн хүч, хүмүүс хэрэгтэй.  Аж үйлдвэржэе, технологи хөгжүүлье, хүмүүсийнхээ өрсөлдөх чадварын сайжруулъя гэвэл дотооддоо л энэ асуудлаа эхэлж шийдэх гэхээр хүн хүч харьцангуй дутагдалтай байдаг нь илэрхий. Өнөөгийн хурдаар Монгол ядаж  5 сая хүнтэй болъё гэхэд Үндэсний статистикийн газрын (2012 оны 4сарын 8-нд хандав. http://www.nso.mn/v3/index.php?page=news_more&;id=723) мэдээгээр жилийн 1.5 хувийн өсөлтөөр тооцоход 40-өөд жил болох аж.

Орчин үеийн хурд эрч хүч шаардсан өнөөгийн нөхцөлд дөнгөж 5 сая хүнтэй болохын тулд 40 жил шаардана гэдэг бол дэндүү удаан байгаа юм. Гэтэл үнэндээ бид тийм цөөхүүлээ гэж үү гэсэн асуултанд сүүлийн үеийн судалгаа ч, эх түүх маань ч гэсэн үгүй гэсэн хариулт өгдөг.

Гадаадад буй ахан дүүсээ дуудаж ирүүлэх нь чухал болохыг зарим хүмүүс нилээн хэдэн нийтлэлүүдээрээ янз бүрээр тайлбарласан байдаг тул өөр зүйл нуршаад яахав. Харин энэхүү санаа оноог дутуу буруу ойлгон, эсэргүүцэж явдаг хүмүүст зориулаад хэлэхэд:

Өвөр Монголчууд болон буриад зэргийг уусаад бараг л Хятад, Орос болсон учраас үндэстний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө гэх айдас байна аа. Огт үйгүйсгэж болохгүй л дээ. Тэгвэл харийн хүн манайх байсан юмыг өөрийн болгож чадаж байхад, Монгол  үндэстэн байсан ахан дүүсээ буцаагаад  өөрийн болгож чадахгүй гэж үзвэл Монгол үндэстэн амьдрах чадваргүй, сөнөх тавилантай хэмээн үзэж байгаагаас ялгаагүй юм биш үү?

Давхар иргэншил, гадны иргэдэд байнгын оршин суух эрхийг хангаснаар ахан дүүсээ авчирч хүч чадлаа нэмэгдүүлэх түүхэн боломж одоо л байгаа юм шиг. Жаахан удвал оройтоод  харьд суугаа Монгол ахан дүүс маань Монголын гэсэн “үнэрчгүй” болох аятайг сүүлийн үеийн судалгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дүгнэлтүүд харуулж байна.

Орчин үед хүнийг цусаар нь (генээр)  нь шинжилж авчирваас арьс, үндэстний үзэлд орчих гээд байдаг. Гэтэл хүн гэдэг чинь заримдаа мах цусаараа бус сэтгэл зүрхээрээ үндэстэндээ харьяалагддаг. Иймээс энэхүү хоёр гол хүчин зүйлийн аль алийн харгалзах хэрэгтэй. Хэрвээ генийн судлаад, эсвэл Монголоор уран цэцэн яриад хүн уяраасныхан зоргоор үнэмшээд “хөх гэрэгэ” олговол гэнэн явдал болж онигоонд орох буй заа. Чингисийн удмын цэвэр Монгол цустай гэмээр хүн цагаа тулбал улс, үндэстнээсээ урваад харьд зүтгэж байхад, өдий төдий харь цустай хүмүүс Монгол төрийн төлөө зүтгэж явсан түүх бий. 

Иймээс “хөх гэрэгэ” өгөх онооны систем бий болгоод тэр шалгуур босгыг нь давсан хүнд олговол зүгээр мэт агаад иймэрхүү системийг Канад, Австрали гэх мэтчилэн улсууд хэрэглэдэг. 

Жишээлбэл “хөх гэрэгэ” авахын тулд нийлбэр дүнгээрээ  90 оноо  авах ёстой гээд зааж өгье. 

  1. Монгол хэл гээд. 0-30 оноо өгнө. Огт Монгол хэлгүй бол 0 оноо авах нь мэдээж . Хамгийн дээд оноог нь буюу ярианы хэл нь Монгол хүнээс дутахгүй, бичгийн чадвараар албан бичиг, захидал зэргийг хөтлөөд ажил явуулах чадалтай хүн авч чадахаар байх мэт. Үүний тулд Монгол хэлний түвшин тогтоох тестийн системийг IELTS, TOEFL зэрэг шалгуурын жишгээр бий болгох ажлыг манай Монгол хэлний эрдэмтэд маань  юуны түрүүнд зохиох хэрэгтэй.
  2. Гарал үүслээр нь (ген) 90 хүртэлх оноо өгнө.
  3. Эцэг, эх нь гурван үеэрээ  Монгол улсын иргэн байсан бол 90 оноо, аль нэг нь байсан бол 45 оноо, эцэг эх нь хоёулаа  Монгол гаралтай (буриад, халимаг, өвөр монгол гэх зэрэг) бол 40 оноо гэх зэргээр явагдана.
  4. Хэрэв устаж уусах аюулд өртсөн Монголчуудын 100,000 хүрэхгүй хүнтэй газар оршин суудаг бол 60 оноо гэх мэтчилэн дэд бүлэгжүүлээд явж болно.
  5. Монгол улсад зайлшгүй шаардлагатай мэргэжил боловсрол эзэмшсэн бол 10 хүртэлх оноо, 100 дээш ажилтантай Монголын албан газар, байгууллагад ажилдаг, уг газар нь тухайн хүнийг ажилуулах сонирхолтой бол 10 оноо гэх мэтээр
  6. Эрүүл мэндээр тэнцсэн, сүүлийн хэдэн жил суурьшсан газрынх нь цагдаагийн газрын тодорхойлолт гэх зэрэг нь зайлшгүй байх шалгуур болно.
  7. Монгол улсад  ₮300,000,000 –аас дээш хөрөнгө оруулж, ажлын 4 дээш байр бий болгосон бол 20 оноо.
  8. Олон улсын тавцанд өндөр амжилт гаргасан бол ( Монгол дандаа одоогийнх шигээ ядуу байхгүй биз. Олимпын аварга, шинжлэх ухааны нээлт хийсэн, Нобель, Оскарын шагналтангууд гэх хүмүүс ирээдүйд Монгол баян болоход ирэх ч юм бил үү) шууд 90 оноогоо хангасан гээд “хөх гэрэгэ”-ийн өгөх.
  9. Дэлхийн өндөр хүндтэй их сургуульд багшлан професор цол хүртэж, Монголын их сургуульд багшлах гэж байгаа бол шууд  90 оноо өгөөд “хөх гэрэг” олгоно

 Жишээ нь: Хөх нуурын Монгол хүн 2-ын “b”-д заасны дагуу 60 оноо, Монгол хэлээ сайн мэддэг бол 30 оноо аваад нийлбэр дүнгээрээ “хөх гэрэгэ” авах эрхтэй болчих юм. Монгол хэлний онооны систем өгөхдөө заавал Улаанбаатараар төлөвлөсөн Халх аялгуу гэж эрхэм Монгол эрдэмтэд явцуурахгүй гэж найдаж байна.

Тэгээд 90 онооны болзлыг хангасан хүнээс хамгийн сүүлд албаны хүмүүс нь ярилцлага аваад шийдэж болмоор юм шиг. 

Давхар иргэншлийг “хөх гэрэгэ” –тэй хамт шийдчихвэл зүгээр биз ээ. Уул зорилго нь бараг л нэг юм шүү дээ.  Ингэхдээ доорхи байдлаар шийдвэл болох мэт.

1.“Хөх гэрэг” авсаны дараа 3-5 жилийн дараа уг хүн өргөдөл гаргаад, албаны хүмүүсээр нь шалгуулаад, нөгөө орон нь давхар иргэншлийг зөвшөөрдөг ахул өгнө.   

  1. 3-н үеэрээ Монголын иргэн байсан хүн, үр хүүхэд нь давхар иргэншил  авч болно гээд заачихвал шийдэж болмоор юм. Харин давхар иргэншлийг зөвшөөрдөггүй орнуудын иргэн болсон хүмүүст 2-ын “a” заасны дагуу 90 оноогийн өгөөд “хөх гэрэгэ”-ийн өгвөл болчихно гэж үзэж байна.

Манайхан давхар иргэншлээс яагаад болгоомжлоод байдаг вэ? гэхээр хоёр хөршөөс их хэмжээний цагаачид орж ирээд үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх бий гэж айдаг. Гэтэл дээрхи хоёр шаардлагыг,  дээр нь хүсвэл зарим шалгуур нэмчихэд хоёр хөршөөс тийм олон хүн дээрхи шаардлагуудыг даваад Монголд цагаачилж чадахгүй л болов уу.

Харин 6 болон 7-ээр зүйлд заасны дагуу бүр Монгол цус ч үгүй, хэл ч үгүй хүмүүс орж ирэх боломжтой ч үнэхээр дээрхи болзлуудыг хангасан авьяаслаг хүмүүс манайд тун цөөн ирэх (одоохондоо тоож ирэхгүй биз дээ) бөгөөд манай гений санд сайнаар нөлөөлсөн бага хэмжээний цус сэлбэлт болохоос өөр гавьтай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц зүйл үзүүлэхгүй нь ойлгомжтой билээ.

Эцэст нь гарчиг тавьсан санаагаа хэлэхэд одоо л бид элэг нэгт ахан дүүсээ татаж, тусалж дэмжихгүй бол түүх биднийг хүлээхгүй. Тэд бүрмөсөн харийнх болно. Ингэснээрээ Монгол үндэстэн хүчирхэгжин босож ирэх сүүлчийн боломжоо алдах болно. Бид олуулаа болохгүйгээр хэзээ ч хүчирхэг хөгжилтэй гүрэн болохгүй. Эс тэгвэл хэзээ нэгэн цагт Ар Монголын дэвжээн дээр байгаа цөөхөн тоотой, бүл муутай бид  яг л жижиг давжаа биетэй  сумогийн бөх шиг бусад хүчирхэг гүрнүүдэд түлхэгдэн түүхийн тавцан, Ар Монголынхоо дэвжээнээс түрэгдэн гарах болно.

Англи улс XYII –ээр зуунд 5 сая хүнтэй болж байж л аж үйлдвэрийн хувьсгал хийн дэлхийд манлайлах гүрэн болсныг сануулахад гэмгүй гэж бодож байна.

Монголын үрс маш олон болтугай!

Ё. ГАНТУЛГА

АВСТРАЛИ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.