05 сарын 21, Мягмар
°C
USD 3,381.28
USD 3,381.28
EUR 3,676.47
JPY 21.71
GBP 4,292.20
RUB 37.25
CNY 467.55
KRW 2.49

Хууль бүхнээс дээгүүр буюу сэтгэлгээний ялгаа

(үндэстний удирдагч асан Н.Энхбаяр л хурц асуудлыг шийдэж чадна)

Манай бараг л бүх нийтлэлчид Б.Хурц хэмээгчийг хамгаалан өрнөдийн орнууд руу дайрч давшилж эхлэлээ. Зарим нь олон улсын дипломат ёс заншлыг зөрчсөнд буруутгахаас эхлээд Лондонгийн хөрөнгийн биржийг Монголын хөрөнгийн биржэд хөрөнгө оруулахад нь боох, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин сөхөж үзэх гээд ч байх шиг яг л хүйтэн дайны аргаар барууны орнуудтай тэмцэлдэхэд уриалан дуудаж байгаа аятай. Бүр Оросын жишгээр дипломатуудын барьж хориод, хөөх гээд байгаа юм уу даа. Монголчууд түүхэндээ анх удаа хүйтэн дайн дэгдээх гэж буй бололтой!

Би тэгвэл алив түр зогсоорой “хүүхдүүдээ” гэж хэлье. Бид Монголчууд дэлхийн хэмжээнд юу билээ, хэн билээ , хаашаа хөгжлийн замаа залж байна вэ? гэж хэлмээр, асуумаар санагдчихлаа. Өнөөдөр манай нийтлэлч гээд байгаа “сахалтай хүүхдүүд” бол дэлхийн хэмжээний сэтгэлгээнээс хол хоцорчээ. Үнэндээ эд нар дотор мэдлэг боловсролтой хүн бараг алга. Гайхуулаад, магтаад байдаг Баабар, Цэндоо нар нь ч гэсэн үнэхээр хоцрогдож гологдоод байгааг гадаадад байдаг эрүүл сэтгэлгээтэй хүмүүсийн шүүмжүүд, сүүлийн хэдэн жилийнх нь бичсэн нийтлэлүүд дэх сэтгэлгээний цар хүрээ нь харуулдаг юм. Хөгжингүй орнуудад боловсрол олсон хүмүүсээ болъё гэхэд ядаж тэнд жирийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хэмжээнд хүртэл сэтгэж чаддаггүй нь үнэн билээ. Монгол оронд өнөөдөр сэтгэлгээний маш том зааг ялгаа үүсжээ.

Нэг хэсэг нь баруунд ажил хөдөлмөр эрхлэх зэрэг нийгмийнх нь янз бүрийн харьцаанд орчихсон тэр далайцаараа сэтгэдэг, ханддаг болчихсон. Нөгөө хэсэг Монголын масс олонхи нь хорвоо ертөнцийг Монгол дахь намаг балчиг шиг бохирооор төсөөлдөг ажээ. Харамсалтай нь энэ хэсэгт бүр заримдаа тэргүүний зарим оронд боловсрол олсон хүмүүс байх юм билээ. Тэд багахан хугацаанд сурч боловсрохдоо нийгмийнхээ харьцаанд бүрэн орж үзэлгүй, ойлголгүй буцсанаас үүддэг байх.

Өнөөдөр барууны нийгмийн харьцаанд ордог ямар ч хүн хууль бүхнээс дээгүүр байх ёстой гэдгийг тайлбарлалтгүйгээр ойлгодог бол Монголд бараг ихэнхи хүмүүс дэлхий ертөнцийг Монгол шигээ бодож бүх зүйлийг аргалж, луйвардаж, хуурч, мөнгөөр хэмжиж, ёс зүйн наад захын ойлголтгүй байдгийн бодит жишээг нь Б.Хурцын асуудлаар бичиж буй манай нийтлэлчид харуулж байна. Тэгвэл дэлхий ертөнц ондоо шүү, бид ядаж Орос, Иран шиг том орон биш шүү эдгээр зарим орон шиг дэлхийн ёс зүйгээс гажаад явж чадахгүй шүү гэдгийг Б.Хурцын жишээн дээр гадаадад байдаг Монгол хүний нүдээр тайлбарлая л даа.

1. Аливаа ёс зүйтэй нийгэмд хуулийг дээдэлдгийг өнөөгийн хөгжингүй орнууд алхам тутамд харуулж байдаг юм. Тэнд хуулиа дагаж явсан нь хождог болохоос хуулиа аргалах гэвэл илүү их хохиролтой байдаг гэдгийг хэн нэгэнд тайлбарлавал магад намайг тэнэгт тооцох биз. Харин Монголд энэ талаар нийтлэл бичиж тайлбарлаж чадах нийтлэлч ер нь ховор юм шиг. Тэнд хуулиа зөрчсөн хэнд ч хариуцлага тооцдгийг сөрөг намаа тагнаад огцорсон АНУ-ын ерөнхийлөгч асан Ричад Никсоны Уатергейт-ийн хэрэг, Франц, Германы, засаг төрийн тэргүүн асан Жак Ширак, Гелмут Коль, Солонгосын ерөнхийлөгч асангуудын авилгалын хэргүүд харуулдаг. Тиймээс олон улсын хууль эрх байтугай өөрийнхөө хууль дүрмийг ч зөрчөөд Д.Энхбатыг баривчилж ирсэн нь орчин үеийн соёлт ертөнцөд гэмт хэрэг мөн.

2. Хүний эрх бол ардчиллын тулгуур бөгөөд энэ эрхийг зөрчвөл хэн бугай ч нэхэл хатуутайгаар шийтгэгдэх ёстой нь ийм учиртай юм. Түүхийн жишээ авъя л даа. Гитлер ч бай Сталин ч бай ялгаагүй тэд эхлээд нийгмийн хог шаар болсон янхануудыг, архичдыг гэх мэтчилэн баривчлан устгаж байсан түүхтэй. Тухайн үед нь хүмүүс энэ үйлдлийг нь дэмжин сайшааж, хууль, хүний эрх зөрчиж буйг нь үл тоомсорлож нийгмээ цэвэршүүлэх зөв үйлдэл гэцгээж байсан. Дараа нь тэд үндэсний цөөнхүүд, тэрс үзэлтэнгүүд, улс төрийн өрсөлдөгч нараа гээд л шат дараалалтай устгасаар байгаад л дарангуйлагч дэглэмээ байгуулсан юм шүү дээ. Монголд ч гэсэн эхлээд Бодоо тэргүүтэй цөөхөн хүнийг, дараа нь арай олон хүнийг, дахиад олон хүнийг гайтуулж баривчилсаар байгаад н эг мэдэхэд л хэдэн арван мянган хүнээ цааш нь харуулаад эхлэхэд юун эсэргүүцэж тэмцэх, дуугарах ганц ч хүнгүй болчихсон МАХны машиндаа хонь шигээ хэзээ баригдаад явах бол гэсэн айдастайгаар, ээлж дарааллаа хүлээгээд л алуулдаг болчихсон юм даа. Иймээс хэдий Д.Энхбат өөдгүй амьтан, гэмт хэрэгтэн байж болох ч гэсэн хууль зөрчиж, хүний эрхийг үл тоомсорлосон үйлдэл бол яасан ч зөвтгөж болохооргүй явдал юм.

3. Англичуудыг олон улсын дипломат ёсыг зөрчиж Монголын эрх бүхий дипломат паспорттай хүнийг барьсан нь олон улсын хууль, ёс зүйг зөрчиж, Монгол улсыг доромжиллоо гэж манайхан шуугиж байна. Өнгөц харахад тийм боловч хүнийг доромжилсон хүн өөрөө бас хариугаа авдгийн адилаар бид өөрсдөө эхэлж олон улсад тогтсон дэгийг эвдэж, дипломат хуурамч паспорт, дипломат дугаартай машин ашиглаж, дипломатуудаа оролцуулан хүн хулгайлсан учраас тэд бидэнд яг адилхан хариуг нь барьж манай дипломат паспортыг нулиман албан тушаалтанг баривчиллаа. Ингэснээр муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг гадаад ертөнц дэхь Монгол улсын нэр сүрийг бид унагаачихсан байсныг улам батжууллаа шүү дээ. Бид л эхэлж олон улсын ёс зүй, дипломат харьцааг уландаа гишгэж, Монголын дипломат пасспортыг үнэ хүндгүй болгосон байгаа биз дээ. Хайран улс орны минь нэр хүнд! Дипломат паспорт, дипломат дугаартай машинаар контр-банд хийж тамхи, хар тамхи зөөдөг байсан бол сүүлдээ даварсаар хүн хулгайлж зөөжээ! Улс орны хөгжил, хувь хүний амьдралд нэр төр, имиж (image) маш чухал. 1990 оноос хойш бид олон улсын тавцанд гарах гэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж яаж зовлоо! Товчоор хэлбэл нэр хүнд, имижээ өсгөх гэж зүдэрсэн шүү дээ. Монгол орны тухай эерэг имиж манайх шиг хоёр их гүрний завсар хавчуулагдсан улсад маш чухал үүрэгтэй гэдгийг гадаадад байгаа мань мэт нь маш сайн мэдэрдэг.

4. Хүн хулгайлах ажиллагаа тун чадварлаг байсан, гүйцэтгэх ажилтангууд нь тушаал биелүүлсэн хэмээн манайхны хэдэн хоцрогдсон, өөрийн үеийнхээ өвөгчүүл, юм үзээгүй пацаан нарын магтдаг, хар массын од Баабар бичжээ. Үнэндээ хил хязгааргүй болсон европоор дипломат паспорт, дугаартай машинтай хэдэн залуучууд тамхи мэтийн хориотой зүйлсийг улс хооронд зөөвөрлөн, дамладаг уламжлалт замаараа яваад ирсэнд тийм их ур чадвар шаардаагүй бол уу? Тэр үед эрх биш Монголын дипломат ёс гээч ямархуу шатандаа хүртэл унаж ялзарсныг мэдээгүй европынхан өөрсөд шигээ санаад, итгээд дипломат ёс журмаа бариад халдалгүй өнгөрөөсөн биз. Тэгээд үндэсний ганц агаарын тээврийн компаниараа зөөчихсөн үү? МИАТ-ын нэр хүндийг, бизнесийг давхар хөөдчихөөд. Ийм ичмээр болхи үйлдлийг гадаадынхан магтсан гэж ичихгүй яаж худал бичиж байна аа. Өөрөөсөө бусад хүнийг тэнэг гэж боддог юм байхдаа хөөрхий. Монголынхоо харанхуй масстаа од болон гялалзаж гийгүүлдэг эрхэм суут нийтлэгч, баруунд бестсэллэр болсон түүхийг зохиогч гуай. Эдгээр инээдтэй магтаалуудаасаа ичдэггүй юм байхдаа. Цэргийн хүн тушаал биелүүлэх ёстой ч гэсэн илэрхий хууль зөрчөөд, хүний эрхэнд халдаад, тарчлааж, залхаах үүрэг хүлээх ёсгүйгээ ухамсарлах ёстой. Ямар робот биш дээ. Энэ логикоор бол фашист Германд тушаал өгсөн ганц Гитлер буруутай гэх үү? Дашрамд хэлэхэд тэр үед Германы армид байсан жирийн цэргүүд хүртэл зохих шийтгэлээ амсаж холбоотнуудын хорих лагерьт ялаа эдлэсэн ш дээ.

5. Зарим нийтлэлчдийн сөхөж тавиад байгаа Монголын хөрөнгийн биржэд Лондонгийн биржийн оролцоо, Оюу толгойн асуудал зэргийг Б.Хурцын хэрэгт сөргүүлэх юм бичиж байгаа нь маш овилгогүй санаа гэдгийг хэлчихье. Тэд бидэнгүйгээр оршиж чадна, харин бид барууны ертөнцтэй сөргөлдөх замд орвол сүйрлээ л гэсэн үг. Оюу толгойн гэрээг шүүмжилж болох ч, Хөрөнгийн бирж дээр барууныхныг оруулах гэж байгаа ерөнхий сайдын маань хичээл зүтгэл маш их алсыг харсан Оюутолгойн гэрээнээс хамаагүй илүү Монголын ирээдүйн хөгжилд түлхэц болохуйц түүхэн ач холбогдолтой юм ш дээ. Монголчууд сүүлийн хорин жил хөрөнгийн биржээ хэвийн ажиллуулах гээд барсангүй. Түүнийг ойлгодог, мэддэг, ач холбодлыг нь хардаг хүн цөөхөн байх шиг байна. Иймээс ерөнхий сайд маань мэддэг, чаддаг хүмүүсээр нь хөрөнгийн биржээ босгох гэж үзэн тарж байна. Ингэснээр нэгд. Гадны хөрөнгө оруулалтыг төдийгүй дотоодын хөрөнгө оруулалтын урсгалыг хөрөнгийн биржээрээ дамуулан нэмэгдүүлэх гэж байна. Хоёрт. Монголын хөрөнгийн биржэд гадны олон жилийн туршлагатай менежмент хийснээр гадаад ертөнцийн Монголд оруулах хөрөнгө оруулалтанд итгэл төрүүлж, компаниудын тайлан тооцоог үнэн зөв, хариуцлагатай гаргадаг болгох, жирийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, далд эдийн засгийг хязгаарлах үндсүүд дээр авилгалыг багасгах асар их ач холбогдолтой юм аа.

6. Орос мэтийг дуурайж дипломатуудаар нь оролдох гэсэн санаа гаргаж байгаа нь галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэгчийн үлгэрээр Монголчуудыг олон улсын тавцан дээр ганцаардуулж Орос, Хятад, Иран гэсэн цөөхөн хэдхэн найзтай болгох зам. Тэд том гүрнүүд тул олон улсын эсрэг хэсэг хугацаанд л тэсэж чадах бол Монгол тэгвэл юу болох нь тайлбарлалтгүй ойлгомжтой.

Асуудлаас гарах арга зам буюу шийдэл:

Ямар ч байсан Б.Хурцыг шилжүүлж авах арга зам хайх нь зөв боловч асуудлыг хурцатгаж сөргөлдөх маягаар бус харин Монгол улсын засгийн газар уучлал гуйн буруугаа хүлээх замаар хөөцөлдөх хэрэгтэй болов уу? Б.Хурцын сайн, муу нь, ямар үйлдэл хийсэн нь хамаагүй. Нэгдүгээрт энэ хүн бол Монгол улсын иргэн. Хоёрдугаарт. Нууцын зэрэглэл бүхий төрийн албан хаагч гэдэг утгаар нь Монголчууд санаа зовж түүнийг шилжүүлэн авах нь зүй ёсных боловч авчирч ирсэн хойноо хуулийн дагуу асуудлыг нь шийдэж энэхүү ажлыг гүйцэтгэсэн болон үүрэг өгсөн хүмүүстэй нь хариуцлага тооцох нь шударга ёсны хувьд ч, хууль зүйн талаасаа ч, улс орныхоо нэр хүндийг бодсон ч хийх ёстой алхам байх.

Нэмж хэлэхэд нэгэн хэсэг олон улсад нэр хүндтэй, гадаад харилцаандаа чадварлаг, англи хэл сайтай хэмээн хэвлэлээр шуугиулаад байсан ерөнхийлөгч агсан Н.Энхбаярыгаа энэхүү тулгамдсан асуудлыг шийдүүлээхээр Англи явуулах нь хамгийн оновчтой хувилбар байна гэж мөхөс би мунхаглаж байна.

Учир нь:

1. Н.Энхбаяр өөрийгөө улс төрөөс залуугаараа явчихлаа, өөрийнх нь мэдлэг чадварыг нь Монгол улс ашиглах хэрэгтэй гэж үздгээ удаа дараа илэрхийлсэн. Энэ хүний мэдлэг чадварыг туршлагыг, олон улс дахь нэр хүндийг нь одоо л нэг ашиглая.

2. Олон улсад иргэдийнхээ асуудлаар төрийн тэргүүн байсан хүмүүсээ маргалдагч улс орон руугаа явуулдаг туршлага байна. Жишээ нь: Хойд Солонгосд баривчлагдсан иргэдээ АНУ ерөнхийлөгч агсан Ж.Картераа илгээн суллуулж байсан туршлагатай.

3. Хүн хулгайлах үед ерөнхий сайд байсан Н.Энхбаяр л нөхцөл байдлыг сайн мэдэж байсан байх. Иймд ур чадвараа ашиглан нөхцөл байдлыг сайн тайлбарлаж хүнээ авчирж ирэх найдлагатай.

4. Өөрийгөө эх оронч хүн гэж үздгийн хувьд, тухайн үед засаг тэргүүлсэн хамгийн том хүн байсны хувьд Н.Энхбаяр ёс зүйг баримталж Англид очин уучлал гуйн, хариуцлагыг өөртөө авбал үнэхээр улс орныхоо төлөө санаа зовдог хүн байна гэж ард түмнийхээ өмнө одоо л өөрийгөө нотлох алтан мөч түүнд иржээ. Үндэсний удирдагч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй гэж хэвлэлээр магтагдаж байсан ерөнхийлөгч асан минь Монгол орны нэр хүндийг аварч, хөөрхий цэрэг Б.Хурцыгаа хамгаалаач.

Эцсийн эцэст дахиад хэлэхэд хууль бүхнээс дээгүүр, хүний эрх хамгийн эрхэм гэсэн ардчиллыг бид үнэхээр байгуулсан юм гэдгийг батлан олон улсад унасан нэр хүндээ аврах цаг болжээ.

 

2010 оны 10 дугаар сар 9

Ё.Гантулга /Австрали/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.