04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

Бидний хоцрогдол зан араншингаас маань үүдэлтэй

Гадаадад байгаа орчин үеийн Монголчуудыг авч үзье. Учир нь гадаад дахь Монголчуудыг Монголын нийгмийн жижигхээн хуулбар гэж үзэж болно. Тиймээс Монголын нийгэм, хүмүүсийн зан, орчинг судлая гэвэл гадаад дахь Монголын нийгмийн жижигхэн загваруудыг харвал тун сонирхолтой. Яагаад гэвэл харийн нутаг дэвсгэр дээр Монголчуудын зан төлөв онцгой тод ялгаран харагддаг. Тэд дотроо нийлдэг нийлдэгээрээ ч гэждээ зүгээр архины хамсаатнуудаараа хэсэг бүлэг болно. Тэнд Монголчуудын төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг ямар нэгэн байгуулага бий болбол зөвхөн түүнийг эсэргүүцэх зорилгоор л эсрэг бүлэглэл  заавал бий болж садаа болдог. Энэхүү хэсэг бүлгийн цорын ганц зорилго нь яаж нөгөө хэсгийнхээ үйл ажиллагааг унагаах вэ? гэсэн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд ингэхдээ хов жив, гүтгэлэг, мушгин гуйвуулга зэрэг амаар хийж болох бүх нүглийг үйлдэнэ. Хэдүүлээ юм болохоороо бие биенийх нь амьдрал, айл гэр, авгай хүүхэд нь бараг ил харагдах тул харийн нутаг дахь хийх ажилгүй, харьцах нийгэмгүй шахуу авгайчуудын хов живний сэдэв болж Монголд байдгаас илүү хурц асуудал үүсгэх аж. Монголд яахав олуулаа бужигнаад нэг нэгнийхээ хувийн амьдралыг харах сөхөөгүй шахам тул ажил дээр ярьдаг хов живнээсээ цааш хэтрэхгүй тул бас ч гайгүй. Иймэрхүү нөхцөл гадаадад байдаг бүх Монголчуудад тархсан үзэгдэл байдгийг гадаадад байсан хэнбугай ч үгүйсгэхгүй дээ.

Эхлэл...

Саяхан “National Geography” сувгаар хүний хоёр өөр төрөл Неандартал болон Хомосапиенс хүмүүс  Европе тивд их мөстөлтийн үеэр зэрэгцэн оршиж байсан тухай үзлээ. Неандартал хүн нь Хомосапиенсийг бодвол хүйтэн агаарыг бүлээсгэх зориулалттай хамар томтой, хөл богинотой тул дулаан бага алддаг, бат бөх, том ястай, булчинлаг зэрэг хүйтэн уур амьсгалтай мөстлөгийн үед хомосапиенс буюу орчин үеийн хүнээс бие бялдарын хувьд байгаль орчиндоо илүү дасан зохицсон атлаа яагаад мөхөж орчин үеийн хүн үлдсэн юм бэ? гэсэн судалгааг  эрдэмтэд хийжээ.

Судалгаагаар орчин үеийн хүний оршин сууж байсан бууцнаас хэдэн зуун км-ийн алсаас ирсэн элдэв далайн зүүлт, багаж хэрэгслүүд гарсан байна. Харин неандарталуудын булшнаас хүн хүнээ барьж идэж байсны ул мөр хүний ясыг мөлжиж байсны илрэл болох хурц мэсүүдээр зүсэгдэж хэрчигдсэн нь илэрхий хүний ясны үлдэгдлүүд олджээ. Мөн тэдний ясанд хийсэн судалгаагаар ч гэсэн тэд өлсгөлөн, хангалттай хоол тэжээлгүй байсан нь илэрч.
Ингээд эртэмтэд хомосапиенсүүд хоорондоо харилцаа холбоотой байж, бараа солилцдог, нэгнийхээ хийж чаддаггүй, хийх бололцоогүй зүйлсийг нөгөөх нь хийж улмаар хоорондоо харилцаа сайтай байсны ачаар наймаа солилцоо хийн нийгэмшил, харилцаа сүлжээнийхээ эх үүсвэрүүдийг тавьсан байсан учир их мөстлөг, түүнийг дагасан өлсгөлөнг даван туулж, техник технологийн түвшингээ хөгжүүлж амьдрах чадвараа сайжруулж ирсэн байна гэж дүгнэлт хийсэн байна. Гэтэл неандарталууд хоорондын харьцаа муугаас үүдэлтэй харилцан солилцоо сул байснаар техник, технологийн түвшингээ олигтой ахиулаагүй, бүтээгдэхүүнээ наймаалцдаггүй гэх мэтээс болж хүнс тэжээлийн дутагдалд орж өлсгөлөнд автаж мөхөх, бие биенээ идшэнд хэрэглэх явдал газар авснаас устаж алга болсон гэж  тэдгээр эрдэмтэд үзжээ.
Бид өөрсдийгөө дүгнэж хоорондоо ярихдаа багийн спортоор амжилт гаргах боломж муутай, хамтарч ажиллаж чаддагүй, тамын тогооны онигоо гэх зэргээр ярьдаг. Монголчууд маань хувь хүний спортоор л амжилт гаргаад, багийн спортод амжилт муутай байдаг нь энэхүү яриаг нотлох мэт.

Магадгүй Монголчууд бид хувь хүнийхээ хувьд зарим суурин иргэншилтэй хүмүүсээс хүчирхэг байж магадгүй. Энэ нь бидний нүүдэлчин ахуйгаар олон зуун жил явсан орчингоос улбаатай. Цөөн бүлгээр, заримдаа ганц гэрээр нүүдэллэж явсан хүмүүс ийм байхаас өөр яалтай билээ. Улмаар энэ ахуй байдал маань зан төлөв, дадал заншилд маань олон зуун жил дамжин, зарим тохиолдолд удамшлаар дамжин хэвшсэн байж болох талтай. Жишээлбэл: Олон зуун жил хүчирхэг соёл иргэншил байгуулж ирсэн дундаж Хятад хүнээс дундаж Монгол хүн бие бялдар, ганцаар амьдрах чадвараар ерөнхийдээ илүү байсан мэт. Монголчууд дайны аюулын үед бие хамгаалах зөн билгийнхээ дуудлагаар нэгдэн хүчирхэг цэрэг эрс болон хувь хүнийхээ хүчирхэг давуу талд тулгуурлан жаахан зохион байгуулалт хийгээд өгөхөд л давуу тоотой өрсөлдөгчидөө хиар цохидог байжээ. Гэтэл дайн тулаан маань хүн төрөлхтөний түүхэнд ихээр тэмдэглэгдсэн болохоос харьцангуйгаар өчүүхэн цаг хугацаанд явагдаж, хүний түүхийн ихэнх хугацаа энх цагт явагддаг. Тиймээс Монголчууд ихэнх цаг үеээ мөр мөрөө хөөн нүүдэллэж тус тусдаа амьдралаа хөөдөг байсан.   

Харин энх цаг үед, түүхэн дайн тэмцэлд голдуу ялагдаж байсан урд хөрш маань суурин амьдралын дагуу биднээс илүү нийгэмшиж багаар, хамтаар амьдрах зарчимтай тул илүү ихийг бүтээж хүн төрөлхтөний соёл иргэншилд том хувь нэмэр оруулсан юм.
Монголчууд хүний түүхэнд агуу гүрнийг ирт мэсний хүчээр байгуулсан ч үлдэж хоцорсон юм асар бага. Учир нь хувь Монгол хүн бусад улс үндэстэний хувь хүнээс илүү ихийг бүтээж чадна гэхээ больё гэхэд тэднээс дутахгүй байтлаа 10 юм уу 100 ч юм уу, бүр 1000 Монгол хүний хамтын бүтээмж ижил тоотой бусад улс үндэстэнгээс тоо нь ихсэх тусам урвуу хамаарлаар улам дорддог. Бодвоос бид багаар ажиллах чадвар муутай байгаа нь манай Монголын хоцрогдлын гол үндэс, суурь юм биш үү гэж хэлж болмоор.  
Ингээд л Монгол үндэстэн, улс орон, нийгэмлэг, хамтлаг, багууд  маань ямагт хоцрогдон өрсөлдөх чадвар муутай болжээ. Бидний хоцрогдлын гол шалтгаан нь бид багаар ажиллаж чаддаггүй цаашилбал, нийгэмшиж чаддаггүйтэй холбоотой гэж үзэж байгаагаа батлах гэж би масро түвшингээс микро түвшин, эртний түүхээс өнөөгийн үе хүртэл хангалттай жишээ, баримт дурдаж чадна.

Жишээ нь: манай улсын түүх бол хоорондоо тэмцэлдсээр ирсэн түүх бөгөөд түүхэнд ганцхан жинхэнэ ёсоор Монголыг нэгтгэж чадсан Чингис хаан маань хүртэл насныхаа ихэнхийг Монголчуудтайгаа дайтаж явсаар үрсэн. 1165 онд төрсөн хаан маань 1206 он хүртэл улс  төрийн нас бие гүйцсэн амьдарлынхаа, физиологийн хувьд идэрхэг хүчирхэг явсан 30 гаруй жилээ Монголчуудтайгаа дайтаж хүн амынхаа бараг талын устгаж байж шинэ нэгдмэл улс гүрэн байгуулсан түүхтэй. Дагаар ордогүй, татаарыг тэргэний тэнхлэгээр хядсан. Урваж босоод байдаг авга нарынхаа бараг бүгдийн “учрын олсон”. Мэргэдийг мохол мөшгөлгүй болгосон, Найман, Хэрэйдийг сөнөөсөн, Жүрхэнийг тарааж цацсан, садан төрлийн Тайчуудыг бүрэн дарсан. Тангаргаасаа няцсан найз нөхдөө тэнгэрт илгээсэн. Эсэргүү овгуудыг задалж хаясан гээд бичээд байвал их юм бий. Хожим эдгээр хуучны их овог аймгаас бараг юу ч үлдээгүй нь энэ бүхний үнэнг гэрчилнэ. Гэтэл мань хүн ази, европийн их гүрнүүдийг эзлэхдээ 1206 оноос 1227 он хүртэл 21 –хэн жилийг эрч хүч нь байгалийн жамаар доройтож эхлэсэн өвгөн буурал өтөл болсон хойноо хийжээ. Хэрвээ Чингис харьцангуй залуудаа улс гүрнээ нэгтгэж, Монголчууд хоорондоо бага цус урсгасан бол тэр үеийн дэлхийг бараг бүгдийн эзлэх ч хүч бололцоо байсан ч юм уу?

Харамсалтай нь хожим Монголчуудаа нэгтгэх гэж тэмцэж байсан их хааны үр сад маань л хоорондоо тэмцэлдсээр харийн гүрний боол болсныг түүх гэрчилдэг.
За ийм түүхтэй байдаг юм байж. Орчин үеээ харвал 1990 оны ганзагын наймааны үеэр дээрэмчид Монгол хүнийг дээрэмдэж байхад бие биенээ хамгаалахын оронд хаяж зугтах, надад хамаагүй хэмээн үл тоож анзаараагүй дүр үзүүлэх бол жирийн үзэгдэл байлаа.  Бүр зарим нь харийн дээрэмчидтэй үгсэн Монголчуудаа дээрэмдэх байтугай алж хяддаг байсан гээд бод.
Тэр үеэр ч, одоо ч гэсэн ямар нэгэн зүйлийг хүлээж тэвчилгүй хаалга байвал цөөхүүлээ ч байсан хамаагүй заавал дайран, чихцэлдэн орохыг харвал бие биеэндээ найр тавин хүлээцтэй хандан, зохион байгуулалттай байх зэрэг ойлголт байдаггүйг гэрчилнэ.  Энэ нь Улаанбаатарын гудамжаар машин барьж явахад  бас илрэх бөгөөд заримдаа замын бөглөрлийг энэхүү замбараагүй байдлаараа өөрсдөө үүсгэдэг.

Мөн багаар ажиллаж чаддагүйн сонгомол жишээ багийн спортоос гадна, энд тэнд ажиллаж байхдаа харахад Монголчууд бид “мест местэн” дээрээ бие биендээ томроод бараг л гуйлтаар ажлаа явуулах бөгөөд  эндээс улбаалаад танилгүй, арын хаалгагүй, хамаатан садангүй бол ажил бүтдэггүй. Иймээс Монгол хүн ажил хөөцөлдөхдөө хууль дүрмийг харахаас илүүгээр эхлээд тэнд байж болох танил талыгаа судалж ажил үйлсээ явуулдаг онцлогтой!
Гадаадад байгаа орчин үеийн Монголчуудыг авч үзье. Учир нь гадаад дахь Монголчуудыг Монголын нийгмийн жижигхээн хуулбар гэж үзэж болно. Тиймээс Монголын нийгэм, хүмүүсийн зан, орчинг судлая гэвэл гадаад дахь Монголын нийгмийн жижигхэн загваруудыг харвал тун сонирхолтой. Яагаад гэвэл харийн нутаг дэвсгэр дээр Монголчуудын зан төлөв онцгой тод ялгаран харагддаг. Тэд дотроо нийлдэг нийлдэгээрээ ч гэждээ зүгээр архины хамсаатнуудаараа хэсэг бүлэг болно. Тэнд Монголчуудын төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг ямар нэгэн байгуулага бий болбол зөвхөн түүнийг эсэргүүцэх зорилгоор л эсрэг бүлэглэл  заавал бий болж садаа болдог. Энэхүү хэсэг бүлгийн цорын ганц зорилго нь яаж нөгөө хэсгийнхээ үйл ажиллагааг унагаах вэ? гэсэн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд ингэхдээ хов жив, гүтгэлэг, мушгин гуйвуулга зэрэг амаар хийж болох бүх нүглийг үйлдэнэ. Хэдүүлээ юм болохоороо бие биенийх нь амьдрал, айл гэр, авгай хүүхэд нь бараг ил харагдах тул харийн нутаг дахь хийх ажилгүй, харьцах нийгэмгүй шахуу авгайчуудын хов живний сэдэв болж Монголд байдгаас илүү хурц асуудал үүсгэх аж. Монголд яахав олуулаа бужигнаад нэг нэгнийхээ хувийн амьдралыг харах сөхөөгүй шахам тул ажил дээр ярьдаг хов живнээсээ цааш хэтрэхгүй тул бас ч гайгүй. Иймэрхүү нөхцөл гадаадад байдаг бүх Монголчуудад тархсан үзэгдэл байдгийг гадаадад байсан хэнбугай ч үгүйсгэхгүй дээ.

Иймэрхүү нийгэмшиж чадаагүй байдал маань хүн хоорондын соёлын харьцаанд түгээмэл ажиглагдан баярлалаа, уучлаарай гэх мэт найрсаг, хүндлэлийн харьцааны үгийг хэлсэн хүнээ сул доройд тооцох шинжтэй байдаг. Иймээс хүмүүс хоорондоо найрсаг харьцахаа болж аль болох догшин түрэмгий харагдаж явбал ажил үйлс нь ахихаар болжээ. Бас Монгол хэлэнд англи хэлний “please” гэдэг үгийн утгыг орлуулах үг байхгүй нь нэгийг хэлнэ.
Эдгээрээс  үүдэлтэйгээр  Монгол хүний бүтээлч сэтгэхүй (lateral thinking)тааруу байдаг. Ихэнхдээ бүтээлч сэтгэхүй нь оргүй хоосноос юм бүтээдэггүй. Заавал бусдаас санаа сэдэл авч бүтээдэг. Монголчууд юм мэддэг бол бусаддаа зааж хэлэх дургүй. Туршлагаа солилцвол өрсөлдөгчөө бэлдэнэ гэж явцуу санаалдаг.  Дээр нь социализмаас авч үлдсэн бүтээлч, шинэлэг, өөр өнцөгөөс харж санаачилсан зүйлсийг хүлээж авахдаа хойрго. Юм хийсэн нь хэрэгт ордог. Хүн алдаж онож юм бүтээж, хийх гэж зүтгэж байж амжилтанд хүрдэгийг хааж боон алдаа талаас нь дүгнэдэгээс Монголчуудын бүтээлч санаа унтардаг.
Нэг нэгнээ хүндэлж хүлээн зөвшөөрдөггүй, багаар ажиллах битгий хэл, харилцан дайсагнах хандлагатайгаас Монгол хүн өөрсөддөө итгэл алдах тэр байтугай хувь хүн өөрөө өөртөө итгэх итгэл муутай байдгаас гадаад хүнийг илүүд үзэх хүндлэх нь Монголд их түгээмэл болсон. Энэ нь цаад утгаараа Монголчууд бие биенээ жигших сэтгэхүйнээс улбаатай.

Дүгнэлт:

Гаргалгаанууд:
Бидний хоцрогдол бидний зан араншинтай маань холбоотой юм байна. Зан араншин маань нүүдэлчин ахуйгаас үүдэлтэй. Монголчууд нүүдэлчин болсон нь байгаль, цаг уур, газар зүйн шалтгаантай. Нүүдэлчин болсноор өвөрмөц соёл (culture) бий болгосон ч соёл иргэншил(civilization) бий болгож Монголчууд нийгэмшиж чадаагүй. Улмаар энэ нь бидний зан араншин, сэтгэлгээ, түүх соёлд цаашилбал генд нөлөөлсөн. Иймээс Монголчууд багаар ажиллах чадвар султай. Энэ нь хүн хоорондын харьцаанаас улбаатай. Нүүдэлчин амьдарлын шаардалгаар хувь хүн хүчирхэг бие даасан байх хэрэгтэй. Гэтэл энэ нь суурин соёл иргэншилд орохдоо бусдынхаа эрх ашгийг тоодоггүй, бие биенээ хүндэлдэггүй, хэт амин ч үзэл маягтай болчихжээ. Эдгээр хэт аминч үзэл санаа манай үндэстний бүтээлч сэтгэлгээнд бас нөлөөлж байна. Аливаа бүтээл голуу хамтынх байдаг. Эсвэл өнгөрсөн, одоо үеийнхний мэдлэг туршлага дээр үндэслэгдэж хийдэг. Мэдээлэл туршлага солилцох хамгийн гол зам бол хүн хоорондын харьцаа байх нь мэдээж. Зөвхөн нэг бүтээлч уран дархан ч юм уу, нэг хэсэг хүмүүс мэддэг чаддагаа хадгалаад бусаддаа дамжуулахгүй өнгөрвөл мэдлэг туршлаг дээр үндэслэгддэг техник, технологи яахин хөгжих билээ. Эндээс дахиад ургуулаад дараахь үндэслэл гаргаж болно. Нүүдлийн амьдрал нь цөөн хүнийг шаарддаг. Гэтэл олон хүнтэй байснаар нийгмийн харилцаа улам нарийсч хүний сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг. Тиймээс хот суурин газар өссөн хүүхэд хөдөөний хүүхдээс илүү сэтгэн бодох чадвартай байх магадлал өндөр. Учир нь дээд дурдсан шалтгаанаар хүүхэд олон хүнтэй харьцах тусмаа илүү сэтгэлгээ нь хөгждөг. Мэдээж бас олон хүнтэй байх нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж мэргэжлийн ур чадварыг сайжруулах, илүү олон туршлага солилцох бололцоог өгдөг.  Мөн Монголчууд мал аж ахуй, ан агнуурыг голлож эрхэлж байсан нь “өвсөн тэжээлт” суурин хүмүүсээс илүү түрэмгий харьцаатай байх үндэслэл бий болгодог. Энэ нь ч хүн хоорондын харьцаанд нь нөлөөлж Монгол Монголдоо дургүй, мод хударгандаа дургүй гэсэн хэллэг бий болгосноор харуулдаг.

Гарах арга, замууд:
Гадны дэвшилтэд боловсролын стандартыг хэрэгжүүлэхээс гадна боловсролын систем маань сайн мэргэжилтэн бэлднээ гэхээс илүүгээр нийгэмд хувь хүнийг бэлдэж байна гэдэгтээ түлхүү анхаарах. Хүүхдүүдийг багаас нь багаар ажиллаж сургахын тулд даалгавар өгөхдөө хамтарч багаар хийх бяцхан бүтээлч төслийг хийлгэх маягаар өгч байвал зүгээр болов уу?
Хүн хүнээ дээдэлсэн нийгмийг амаар биш ажил хэргээр байгуулж бүх зүйлд тухайлбал хуулиас эхлээд албан журмаа  хүндээ зориулж зохиодог байх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд  л Монголын жолооны дүрэм хүнд юм сургахаасаа илүүгээр хүнийг яаж будилуулж шалгалтанд унагаах вэ? гэсэн зарчимаар зохиогдсон байдгийг Америк, Австрали, Монгол жолооны туршлага, үнэмлэхтэй миний бие мэдэрсэн билээ. Би унаган Монгол хэлтэй мөртлөө Америк, Австралийн жолооны дүрмийг хялбархан уншиж ойлгож байсан атал Монгол жолооны дүрэм уншихад маш ойлгомж муутай зориуд хүнийг будилуулж, мангартуулахаар бичсэн мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун.
Эцэст нь хэлэхэд нэгэн ухаант ах хүүгийн маань хэлсэнчлэн тамын тогооны үлгэрийг давж гарсан шинэ үеийнхэн ирж байгаа гэдэгт би итгэдэг. Тэр үед л Монгол орон маань жинхэнэ ёсоор хөгжиж тэргүүний улс гүрнүүдтэй мөр зэрэгцэн хөгжлийн замдаа алхах байхдаа.

Ё.Гантулга 
Австрали
2011 оны 5 дугаар сар 26


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.