05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Зүрхний шивнээ

Анх тэрэнтэй харц тулгараад нэг л сонин мэдрэмж төрсөнсөн. Тэр хэдхэн агшинд хүсэл, тэмүүлэлийн дуудлагыг надад тэр бэлэглэсэн байжээ. Гэвч тухайн үедээ би юу болж байгааг бүрэн гүйцэд сайн ойлгоогүй байлаа. Зүгээр л сайндаа хэн хэнээ сонирхсон эсрэг хүйстний сониуч зан. Эсвэл аль охид, бүсгүйчүүд надаа таалагдахыг тэр вэ гээд өнгөрөөсөн дөө. Гэхдээ яагаад ч юм тэр бүсгүйд би их таалагдлаа гэсэн совин надад үлдсэн байлаа.

Удалгүй түүний харц оюун бодлоос минь мартагдахгүй байгааг мэдэрч эхлэлээ. Түүний харцаар дамжин зүрх сэтгэлийг нь тэмтэрсэн ажээ. Нэгэн далдын урсгал бидний нүдээр зүрх сэтгэлд минь орон шингэжээ. Миний зүрх сэтгэл хэн нэгэнд харьяалагдаж эхлэж байгааг надад шивнэж эхлэв. Зүрх минь тийшээ тэмүүлэн уусан одохыг хүсэн булгилахыг тэр мэдэрсэн болов уу? Зүүд нойрондоо, хүсэл мөрөөдөлдөө түүнтэй би учирч байна гэж мөрөөдсөн. Түүний зүрх надад харьяалагдах тэр цаг мөчийг хүсэн хүлээсэнсэн. Зүрх зүрхэндээ уусан нийлдэг ажээ. Чиний зүрхний булгиаг мэдрэн, чи бидний зүрх нэгэн хэмнэлээр цохилж байгааг мэдрэх сайхан.

Сэтгэл зүрхэндээ тэмүүлэлтэй хүсэл мөрөөдөлтэй явахыг чамаасаа би авлаа.

Зүгээр байсан зүрх сэтгэл маань яаж ингэж өөрчлөгдөж чадваа. Хайр сэтгэл, дурлал гэдэг нь дуутай шуутай энэ орчлонд чимээгүй хэнд ч мэдэгдэлгүй ирдэг ёстой юм бол уу? Дурласан хүн өөрөө ч мэдрэлгүйгээр сэтгэлийн галаа асаалгадаг юм уу? Ухамсараас давж гарсан энэхүү мэдрэмжийг юу гэж тайлбарлах вэ? Хайр, дурлал, сэтгэл эсвэл хайр дурлал гэдэг үгүүд чинь тус тусдаа өөр утгатай юу? Эсвэл нэг л утгатай юм болов уу? Хэрэв нэг л утгатай юм бол яагаад өөрөөр нэрлээд байна вэ?  Хэн? Юу? Ямар хүчин зүйлс? энэ бүхнийг шийдэн зохицуулж хэрхэн хүмүүсийг дурлуулдаг юм болоо?

Хүн сэтгэл зүрхээрээ шийдэн хайртай ханиа сонгох нь зөв үү? Үгүй бол олонхийн ярьдагаар ухамсараараа, ухаалгаар тооцоотойгоор асуудлыг судлан үзэж байж хүмүүс гэрлэх нь зөв үү? Хэрвээ ухамсар, тооцоо, зиндаа, эд баялаг, нийгмийн байр сууриа тооцоолон гэрлэх нь зөв ухаалаг алхам юм бол хайр сэтгэл гэдэг чинь ухамсарт үйл ажиллагаа мөн гэж тайлбарлах уу? Гэтэл огт танихгүй хүмүүс бие биенээ огтоос мэдэхгүй байж дурладаг чинь ухамсар гэж үзэж болох уу? Анхны харцаар дурласан тохиолдолыг юу гэж үзэх вэ? Ухамсарт үйлдэл гэх үү? Эсвэл байгалийн зөн билэг үү? Дурлал, хайр сэтгэлийн сэдэл нь юу вэ? Үүний далдын өдөөгч нь юу байж таарах вэ? Яагаад ямар тохиолдолд дурлаад, хайртай болдог. Ямар тохиолдолд хайр сэтгэл үүсэхгүй байдаг тухай тайлбар байж болох уу? Эсвэл зүгээр сексийн сэдэлттэй гэж үзэх үү? Тийм юм бол секс хийгээгүй байж дурладагыг яах вэ? Бас сексийн харьцаатай хүнээсээ таашаал авдаг мөртлөө дурлахгүй байдагийг юу гэлтэй билээ. Гэвч сексгүйгээр дурлал гэдэг чинь дутуу чанагдсан мах шиг л амттай болох биш үү?

Хайр дурлал гэдэг бол хүн төрөлхтний мөнхийн мөртлөө хэзээ ч хүмүүсийг уйдаж залхаадагүй ямагт шинэлэг байдаг цорын ганц сэдэв билээ. Дурлаж яваа, дурлалаа хүлээж байгаа андууд нартаа болон хайр сэтгэлтэй хосууд та нартаа энэ бичлэгээ зориуллаа.

Хэрвээ таны хайр сэтгэл бүтээгүй бол битгий сэтгэлээр унаж шаналаарай! Энэ насандаа учирч чадаагүй юм бол хойд насандаа заавал учирч эрх дураараа хамтдаа амьдрахын ерөөлийг тавья даа.

 

Ё. Гантулга

2009 оны 10 дугаар сар 17

 

Австрали

 

http://gantulga.wordpress.com

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.